Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ТӨААТҮГ-т холбогдох

Гэрээний үүрэгт 48,812,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Г” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-тай “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131,886,700 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу график ёсоор: суурийн материал-11,094,325 төгрөг,  карказны үнэ-47,718,000 төгрөг, тээврийн хөлс-8,000,000 төгрөг, кран түрээсэлсэний хөлс-2,000,000 төгрөг, бүгд 68,812,325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20,000,000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. Одоо гэрээнд заасан бараа материалын үнийн үлдэгдэл болох 48,812,325 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Б” ТӨҮГ хариуцахгүй, Батлах хамгаалахын их сургууль хариуцна гэж боловч санхүүжилтийн мөнгө нь “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын данс уруу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98,000,000 төгрөг орохдоо Б, 261,000,000 төгрөг орохдоо Шонхор хүүхдийн зуслан, Б гэсэн утгатай шилжин орсон байдаг. Гэтэл энэ мөнгийг авчхаад хариуцахгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Олон шатны шүүх хариуцагч мөн гэж заагаад байхад ингэж байгаа нь ойлгомжгүй байна. Бид 11,094,325 төгрөгийн барилгын суурийн материал, 47,718,000 төгрөгийн хана, дээврийн материал тус тус өгсөн дээр тээврийн зардал 8,000,000 төгрөг, кран түрээсэлсэний төлбөр 2,000,000 төгрөгийг нэмж, төлсөн 20 сая төгрөгийг хасаж, нийт  48,812,325 төгрөгийг нэхэмжилж байна. Д.Сүхэнхүү нь хувиараа барилга барьдаг, “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-тай гэрээ хийгээд барилгыг угсарч барьж байсан хүн юм. Гэрээнд санхүүжилтийг хийх дүнг тодорхой заасан. Биднээс 58,812,325 төгрөгийн материал, тээврийн зардал 8,000,000 төгрөг, нийт 66,812,325 төгрөг гарсан байхад хариуцагч тал 20,000,000 төгрөг төлөөд үлдсэнийг нь төлөхгүй байсан учир бид гэрээний заасан үлдэгдэл бараагаа нийлүүлээгүй. Мөнгөө төл гэж удаа дараа шаардахад төлөхгүй байсаар сүүлдээ “Б” ТӨААТҮГ болсныхоо дараа манайх хариуцахгүй гэсэн учир гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. 2013 оны 7 сарын 23-ны үед “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирал М.Жаргалтай уулзаад гэрээний үнийн саналаа өгөөд гэрээ байгуулахаар тохирсон, тэр үед М.Жаргал “манай байгууллагын нэр, тамга өөрчлөгдөх гэж байгаа гэж хэлж байсан”, гэрээнд “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын тамга дарагдсан, нэр нь өөрчлөгдсөн эсэх нь хамаагүй, бид гэрээ байгуулсан нь үнэн, бараа материалаа нийлүүлсэн нь үнэн, барилгын суурь, карказ одоо байгаа нь үнэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч Б ТӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Монгол цэрэг констракшн” ТӨҮГ нь “Г” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн барилгын ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй учир барилгын ажил санхүүжилтгүй улмаас зогссон байгаа. “Г” ХХК-иас өгсөн гэх барилгын материалуудын зарлагын баримт болон материалын түүвэрт  “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-аас хүлээн авсан хүний гарын үсэг, тооцоо нийлсэн акт байдаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн “Б” ТӨҮГ-т ажилладаггүй. Мөн Батлан хамгаалан яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер дэслэгч Д.Содномдорж нь уг ажилд хяналт тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол цэрэг констракшн ТӨААТҮГ-ын захирал байсан генерал М.Жаргал төсвийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас ийм байдал үүссэн. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт байдаг "Шонхор зуслан" зуслан нь одоо Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын бус Батлан хамгаалах их сургуулийн өмчийн хөрөнгөнд бүртгэлтэй болсон бөгөөд энэ талаар Батлах хамгаалах яамны сайдын тушаал гарсан. Үүнээс үзэхэд, өөрийн бус өмчийн асуудалд мөнгө төлөх үүрэг үүсэхгүй.

“Г” ХХК-иас нэхэмжилж байгаа 68,812,325 төгрөгийн материалыг нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч Д.Сүхэнхүү “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ыг төлөөлөн тухайн үед бараа материалыг хүлээн авсан байдаг, 33,707,000 төгрөгийн барааг хүлээж авсан гэж тооцоо хийж өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбартаа гаргаж байгаа аудитын газар материалын үнийг 68,181,489 төгрөг гэж тогтоосон боловч энэ нь гэрээнд тохирсон үнийг биш зах зээлийн үнийг баримталсныг дээд шүүх тогтоосон. “Б” ТӨААТҮГ Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяанд 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тухайн аж үйлдвэрийн нэгдлийг удирдах дээд шатны байгууллага нь Монгол улсын Батлан хамгаалах яам бөгөөд төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлыг Батлан хамгаалах яамны сайд эрхийнхээ дагуу өөрийн тушаалаар томилдог. 1993 оны Батлан хамгаалахын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтын дагуу Батлан хамгаалах яамны  сайд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А/242 дугаар тушаалаар “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын нэрийг “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ болгон өөрчлөн, бүтцийг 3 дугаар хавсралт, дүрмийг 4 дүгээр хавсралтаар баталсан. “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын даргаар хошууч генерал Жаргалыг, тухайн тушаалын 4 дэхь хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан “Шонхор” хүүхдийн зусланг Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харьяалалд шилжүүлсүгэй гэж заасан. Үүгээр Батлан хамгаалах сайдын яамны тушаалаар Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн мэдэлд Шонхор хүүхдийн зуслан нэг мөр шилжсэн бөгөөд одоо ч мэдэлд нь байгаа. Шонхор хүүхдийн зуслангийн эрх үүргийг өөрийн харьяалалдаа авсан Батлан хамгаалахын их сургууль хэрэгжүүлж байгаа. Батлан хамгаалах яамны сайдын 2013 оны А/242 дугаар тушаалын дагуу “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын мэдлийн Шонхор хүүхдийн зусланг их сургуулийн мэдэлд хэрэгжүүлэх ажиллагааг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2013 оны 08 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн нотломж, үйлдсэн ажлын тайлан, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд энэ зуслан 2013 онд Үндэсний батлах хамгаалах их сургуулийн мэдэлд бүрэн шилжсэн нь нотлох баримтаас харагдаж байна. Хуулийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага эд хөрөнгийн талаарх бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлдэг. Сайдын тушаал хэрэгжиж зусланг шилжүүлсэн. Зуслантай холбооны гэрээний эрх үүрэг, тэр тусмаа зусланг Батлан хамгаалах их сургууль санхүүжүүлэх үүрэгтэй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1457 дугаар тушаалд заасан Батлан хамгаалах их сургуулийн харьяа Шонхор хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын 86,163,558 төгрөгийг Батлах хамгаалахын их сургууль, хошууч генерал Чойжамцад санхүүжүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн заалтаас харагдаж байна. Батлан хамгаалах яамны сайд хуульд заасан эрхийнхээ дагуу тушаал гаргаж “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ыг “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ болгон нэрийг нь өөрчилж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын мэдэлд байсан Шонхор хүүхдийн зусланг Батлан хамгаалах их сургуулийн мэдэлд шилжүүлснээр зуслантай холбоотой гэрээний эрх үүрэг мөн шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Мөн “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ыг Батлан хамгаалахын сайд 2013 оны 08 сарын 08-ны өдөр А/242 дугаартай тушаалаар “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ болгон өөрчилсөн байхад яагаад 2013.07.23-ны өдөр нэр нь өөрчлөгдөөгүй байсан  “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-тай гэрээ хийсэн бэ, энэ нь үндэслэлгүй байна  Иймд “Б” ТӨААТҮГ нь энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч “Б” ТӨААТҮГ-т холбогдуулан “48,812,325 төгрөг” гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч тал “манай байгууллага хариуцагч биш, Батлан хамгаалах их сургууль хариуцах ёстой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“Г” ХХК болон “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд худалдагч тал нь гэрээний хавсралт 1-д заасны дагуу 19 нэр төрлийн 95,168,700 төгрөгийн барилгын төмөр хийц, дээвэр, ханын материалыг, хавсралт 2-т заасны дагуу 25,938,000 төгрөгийн барилгын суурийн материалыг хүлээлгэн өгөх, 10,780,000 төгрөгөөр бараа материалыг тээвэрлэх, худалдан авагч тал нь бараа материалын болон барааг тээвэрлэхтэй холбоотой зардлыг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.

Дээрх гэрээг байгуулсны дараа “Г” ХХК болон “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ нарын хооронд 2013 оны 10 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн 90-57 УНМ улсын дугаартай крантай маяти авто машиныг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх өгөх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах, эд хөрөнгө хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”,

245 дугаар зүйлийн 245.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна”,

287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал болох “Г” ХХК нь худалдан авагч тал болох “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-т 2013 оны 10 сарын 28-ны өдөр гэрээний хавсралт 2-т заагдсан барилгын суурийн материалд багтсан 11 нэр төрлийн 11,094,325 төгрөгийн бараа, материал, 2013 оны 10 сарын 30-ны өдөр гэрээний хавсралт 1-д заагдсан бараа материалаас 6 нэр төрлийн 47,718,000 төгрөгийн бараа, материал, нийт 58,812,325 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэргийн 2-3-р хуудсанд авагдсан “Г” ХХК-ийн зарлагын баримт, гэрч Д.Сүхэнхүү, Д.Содномдорж, М.Жаргал нарын мэдүүлэг зэргээр болон хэргийн 117-118-р хуудсан дахь фото зургаар хангалттай тогтоогдож байна.

“Г” ХХК-иас 2013 оны 10 сарын 28-ны өдөр 11 нэр төрлийн бараа материал нийлүүлсний зарим нь хавсралт 2-т нэрээр нь тусгаагүй байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч .... уг бараа материалууд баганын суурь БС-1, баганын суурь БС-2 гэсэн материал болон үнийн дүнд орж байгаа... гэх тайлбар, гэрч Д.Сүхэнхүүгийн ... “Г” ХХК материалыг авч ирж өгсөн, маяти краныг нь ашиглаж карказаа 2 өдөр угсарсан. Нийлүүлсэн барааны хэмжээнд ажлаа гүйцэтгэсэн... гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл гэрээгээр тохирсон бараа материалыг “Г” ХХК хэсэгчлэн нийлүүлсэн, гэрээгээр тохироогүй бараа материал нийлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч тал маргаагүй.

Хариуцагч тал “58,812,325 төгрөгийн бараа материал хүлээн аваагүй болохоо” нотолж чадаагүйгээс гадна гэрч Д.Сүхэнхүү, Д.Содномдорж, М.Жаргал нарын мэдүүлэг болон “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын суурь болон карказ бодитоор байгаа үйл баримтаар няцаагдаж байна.

Гэрч Д.Сүхэнхүү худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш тул түүний хэрэгт өгсөн санхүүгийн анхан шатны баримт үндэслээгүй, “зах зээлийн ханшаар 33,707,000 төгрөг” гэсэн тооцооллоор болон мэдүүлгээр “Г” ХХК болон “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг 33,707,000 төгрөгөөр тооцох үндэслэлгүй юм.

Худалдах, худалдан авах гэрээний 3.-т “захиалагч нь барааны нийлүүлэлтийг 131,886,700 төгрөгөөр санхүүжүүлнэ” гэж зааснаас үзвэл урьдчилж 131,886,700 төгрөгийг “Г” ХХК-д төлөх, “Г” ХХК барааг 2013.09.26-ны өдрөөс 2013.10.26-ны өдрийн дотор нийлүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна.

2013.10.30-ны байдлаар “Г” ХХК-иас 58,812,325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн байхад худалдан авагч тал 2013 оны 9 сарын 27-нд 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 38,812,325 төгрөгийг төлөөгүй, төлөөгүйгээс шалтгаалан худалдагч тал үлдэгдэл бараа материалыг нийлүүлэхээс татгалзсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэсэнд нийцэж байна.

“Г” ХХК-иас худалдан авсан 58,812,325 төгрөгийн бараа материал “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын суурь, карказ болсон байх тул худалдан авагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн” гэх заалтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар мөнгөөр нөхөн төлөх үндэслэлтэй.

Худалдагч тал 58,812,325 төгрөгийн бараа материалыг худалдан авагч талын Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” хүүхдийн зусланд тээвэрлэж хүргэж өгсөн нь дээр дурдсанаар тогтоогдож байх боловч гэрээнд заасан бараа материалыг бүрэн хүлээлгэн өгөөгүй атлаа 8,000,000 төгрөгийн тээвэрлэлтийн зардлыг хэрхэн тооцоолж нэхэмжилж байгаа үндэслэл тодорхойгүй, хэдэн тонн ачаа барааг, хэдэн удаагийн тээвэрлэлтээр, хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг хэрэгт өгөөгүй тул нэхэмжлэгчийн барааг хүргэж өгөх тээвэрлэлтийн зардалд нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч талаас гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг хэрэгт өгөөгүй боловч 2013 оны 9 сарын 27-нд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хэн аль нь энэ талаар маргахгүй байна.

“Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилга нь дуусаагүй барилга болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн дуусаагүй барилгыг Батлан хамгаалах их сургуульд хүлээлгэн өгөөгүй болох нь 2013 оны 10 сарын 10-ны өдрийн “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын харьяа “Шонхор” хүүхдийн зусланг Батлан хамгаалах их сургуульд хүлээлгэн өгсөн нотломжоор тогтоогдож байх тул хариуцагч талын ... манайх гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй... гэж тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын Голомт банк дахь 3050003535 дугаартай дансанд “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын санхүүжилтэд зориулалтаар 2013.11.21-нд 98,000,000 төгрөг, 2013.12.30-нд 261,096,438 төгрөг тус тус шилжин орсон, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2015 оны 6 сарын 18-ны өдрийн А/173 дугаартай “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгыг 86,163,558 төгрөгөөр санхүүжүүлэх тухай тушаал гарсан зэрэг үйл баримтаар няцаагдаж байна. 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ыг Батлан хамгаалахын сайд 2013 оны 08 сарын 08-ны өдөр А/242 дугаартай тушаалаар “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ болгон өөрчилсөн байхад яагаад 2013.07.23-ны өдөр нэр нь өөрчлөгдөөгүй байсан  “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-тай гэрээ хийсэн бэ, энэ нь үндэслэлгүй байна ... гэсэн тайлбарт, нэхэмжлэгчийн төлөөлөгч ... 2013 оны 7 сарын 23-ны үед “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирал М.Жаргалтай уулзаад гэрээний үнийн саналаа өгөөд гэрээ байгуулахаар тохирсон, тэр үед М.Жаргал “манай байгууллагын нэр, тамга өөрчлөгдөх гэж байгаа гэж хэлж байсан”, гэрээнд “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын тамга дарагдсан, нэр нь өөрчлөгдсөн эсэх нь хамаагүй, бид гэрээ байгуулсан нь үнэн... гэсэн хариу тайлбар гаргаж байна.

2013 оны 7 сарын 23-нд “Г” ХХК-ийн захирал Б.Батсайхан, “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын захирал М.Жаргал нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсоны дараа “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ыг Батлан хамгаалахын сайд тушаал гарган “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ болгон өөрчилж, захирлаар нь М.Жаргалыг томилсон болох нь зохигчийн тайлбар, хэргийн 173-р хуудсанд авагдсан Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2013 оны 08 сарын 08-ны өдрийн А/242 дугаартай тушаалаар тогтоогдож байх ба “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ нь “Г” ХХК-тай тохиролцсоноо үндэслэн “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ гэх шинэ нэрээрээ бичгээр гэрээгээ байгуулсан нь Иргэний хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох “Г” ХХК өөрийн өмчлөлийн 90-57 УНМ улсын дугаартай крантай маяти машинаа хүлээлгэн өгсөн, хөлслөгч тал “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын суурийн карказ босгох ажилдаа ажиллуулсан, хөлс болох 2,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Сүхэнхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал краныг ашиглаагүй гэж маргаагүй, хөлсийг төлснөө нотлоогүй тул 2,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 63 дугаар тогтоолоор “Монгол цэрэг констракшн”, “Транссэргэлт” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Батпромимпекс” ХХК-г нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Б” ТӨААТҮГ болгон өөрчилж, Батлан хамгаалах яамны харьяанд байгуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 63 дугаартай тогтоол гарсан болох нь зохигчийн тайлбар, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2014 оны 3 сарын 19-ний өдрийн А/58 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.

“Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын эрх залгамжлагч нь “Б” ТӨААТҮГ мөн байх тул “Г” ХХК болон “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээний үүргийг “Б” ТӨААТҮГ хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээр дурдсанаас дүгнэж хариуцагч “Б” ТӨААТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38,812,325 төгрөг, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, нийт 40,812,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс тээврийн зардалд нэхэмжилсэн 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилоогүй, талууд худалдах, худалдан авах гэрээнд бараа материалын үнийг тодорхой тохиролцсон байх тул “Бэсгэ” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/04703 дугаартай захирамж гарч, шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилжээ.

“Бэсгэ” ХХК шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн ба шинжээчийн ажлын хөлс 2,560,000 төгрөг болсон, үүнээс 1,310,000 төгрөгийг нэхэмжлэгч тал урьдчилан төлсөн, хариуцагч шинжээчийн ажлын хөлстэй холбоотой ямар нэг төлбөр төлөөгүй талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр хуульчилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсний төлөгдөөгүй хувь болох 1,250,000 төгрөгийг хариуцагч “Б” ТӨААТҮГ-аас гаргуулж “Бэсгэ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ТӨААТҮГ-аас 40,812,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ТӨААТҮГ-аас 1,612,011 төгрөг гаргуулан, үүнээс 362,011 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 1,250,000 төгрөгийг “Бэсгэ” ХХК /РД:2581078/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ