Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01227

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ТӨААТҮГ-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М констракшн ТӨААТҮГ-тай Ш хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131 886 700 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу график ёсоор: суурийн материал 11 094 325 төгрөг, карказны үнэ 47 718 000 төгрөг, тээврийн хөлс 8 000 000 төгрөг, кран түрээсэлсний хөлс 2 000 000 төгрөг, бүгд 68 812 325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. Одоо гэрээнд заасан бараа материалын үнийн үлдэгдэл болох 48 812 325 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б ТӨҮГ хариуцахгүй, Б их сургууль хариуцна гэх боловч санхүүжилтийн мөнгө нь М констракшн ТӨҮГ-ын дансанд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98 000 000 төгрөг орохдоо Б, 261 000 000 төгрөг орохдоо Ш хүүхдийн зуслан, Б гэсэн утгатай шилжин орсон байдаг. Гэтэл энэ мөнгийг авчихаад хариуцахгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Олон шатны шүүх хариуцагч мөн гэж заагаад байхад ингэж байгаа нь ойлгомжгүй байна.  Б ТӨААТҮГ болсныхоо дараа манайх хариуцахгүй гэсэн учир гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ТӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М констракшн” ТӨҮГ нь “Г” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ш хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн барилгын ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй учир барилгын ажил санхүүжилтгүй улмаас зогссон байгаа. “Г” ХХК-иас өгсөн гэх барилгын материалуудын зарлагын баримт болон материалын түүвэрт М констракшн ТӨААТҮГ-аас хүлээн авсан хүний гарын үсэг, тооцоо нийлсэн акт байдаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн Б ТӨҮГ-т ажилладаггүй. Сэлэнгэ аймгийн нутагт байдаг "Ш зуслан" нь одоо Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын бус Б их сургуулийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй болсон. “Г” ХХК-иас нэхэмжилж байгаа 68 812 325 төгрөгийн материалыг нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч Д.С М констракшн ТӨААТҮГ-ыг төлөөлөн тухайн үед бараа материалыг хүлээн авсан байдаг, 33 707 000 төгрөгийн барааг хүлээж авсан гэж тооцоо хийж өгсөн. Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Б яамны харьяанд 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Удирдах дээд  байгууллага нь Б яам.  Б яамны сайд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А/242 дугаар тушаалаар М жуулчин ТӨҮГ-ын нэрийг М констракшн ТӨҮГ болгон өөрчлөн, бүтцийг 3 дугаар хавсралт, дүрмийг 4 дүгээр хавсралтаар баталсан. Ш хүүхдийн зусланг Үндэсний Б их сургуулийн харьяалалд шилжүүлсүгэй гэсэн тушаал байдаг. Б яамны сайдын 2013 оны А/242 дугаар тушаалаар М констракшн ТӨҮГ-ын мэдлийн Ш хүүхдийн зусланг их сургуулийн мэдэлд хэрэгжүүлэх ажиллагааг Б яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2013 оны 08 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн нотломж, үйлдсэн ажлын тайлан, хэрэгт авагдсан нотлох баримт бий.  Зуслантай холбооны гэрээний эрх үүрэг, тэр тусмаа зусланг Б их сургууль санхүүжүүлэх үүрэгтэй.  Мөн М жуулчин ТӨҮГ-ыг Бын сайд 2013 оны 08 сарын 08-ны өдөр А/242 дугаартай тушаалаар М констракшн ТӨҮГ болгон өөрчилсөн байхад яагаад 2013.07.23-ны өдөр нэр нь өөрчлөгдөөгүй байсан М констракшн ТӨҮГ-тай гэрээ хийсэн бэ, энэ нь үндэслэлгүй байна. Б ТӨААТҮГ нь энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй  тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Б ТӨААТҮГ-аас 40 812 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ТӨААТҮГ-аас 1 612 011 төгрөг гаргуулан, үүнээс 362 011 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 1 250 000 төгрөгийг Бэсгэ ХХК /РД:2581078/-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр БЗД-ийн шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ үндэслэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн № /ХА-2013/01/ дугаар гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу байгуулагдсан. Хэргийн нотлох баримтад нэхэмжлэгчийн М.Жаргал “манай байгууллагын нэр, тамга өөрчлөгдөх гэж байгаа ” гэж хэлж байсан гэсэн тайлбар, хоёр тал тохиролцоогоо үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “М констракшн” ТӨААТҮГ гэх шинэ нэрээрээ бичгээр гэрээ байгулсан гэх үндэслэлд байгаа хоёр талын тохиолцоог нотолсон нотлох баримт байхгүй байна. Хуулийн этгээдийн нэрийг өөрчлөгдөнө гэж хуулиар баталгаажаагүй нэрээр гэрээ байгуулах эрх хуулийн этгээдэд байх ёсгүй. Хуульд заасны дагуу шинэ нэртэй болгох шийдвэр 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гарсан нь Бын сайдын А/242 дугаар тушаалаар нотлогдож байна. “М жуулчин” нэрээрээ эрх олж, үүрэг хүлээдэг, хуулинд заасан иргэний эрх зүйн чадвартай, хуулийн этгээдийн нэрийг шинэ нэртэй болно гэж өөр нэрээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймээс гэрээг хүчингүй болгож Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “нэхэмжлэлийг хариуцах этгээд нь Бын Их сургууль” гэж маргажээ. /1-р хх 1, 128-134 /

 

“Г” ХХК, “М констракшн” ТӨҮГ нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ш хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч буюу нэхэмжлэгч нь уг гэрээгээр нийт 58 812 325 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, “Г” ХХК-ийн зарлагын баримт, гэрч Д.С, Д.С, нарын мэдүүлэг, фото зургаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. / 1-р хх 2-3, 72-75, 117-118 /

 

Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн 90-57 УНМ улсын дугаартай крантай маяти маркийн авто машиныг хүүхдийн зуслангийн барилгад ашигласан, улмаар хөлсийг төлөөгүй, гэрээгээр нийлүүлсэн барааны үнэд худалдан авагч тал 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 38 812 325 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ. /1-р хх 44-48, 101-104/

 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан үүргийг талууд харилцан хүлээх учиртай. Иймд анхан шатны шүүхээс эрх зүйн харилцааны талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр бараа нийлүүлсэн худалдагч нь худалдан авагчаас үнийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь 58 812 325 төгрөгийн бараа материал хүлээн аваагүй болохоо нотолж чадаагүй байна.

 

Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор “М констракшн”, “Т” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Б” ХХК-ийг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ”Б” ТӨААТҮГ болгон өөрчилж Б яамны харьяанд байгуулсан байна. Иймд “Б” ТӨААТҮГ-ыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө хүлээн авсан “М констракшн” ТӨҮГ-ийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар эрх залгамжлалгүйгээр улсын бүртгэлээс хасагдсаны улмаас үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өмнөх татан буугдсан дээрх аж ахуй нэгжүүдийн өр, тооцоо, эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ТӨААТҮГ-ын давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД