Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0051

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 19 өдөр           Дугаар      0051          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: “БММ” ХХК,

           Хариуцагч: БДЗД,

           Гуравдагч этгээд: “Х-У” ХХК,

         Нэхэмжлэлийн шаардлага: “БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, “БММ” ХХК-ийн эрх ашигт нийцсэн захиргааны акт гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.П,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х*** банк болон “Ж А” ХХК-ийн хооронд  2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 12.5 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж нийт зээлийг “Ж А” ХХК авч ашигласан. Зээлийн өр төлбөрийг барагдуулах хугацаатай холбоотойгоор “Ж А” ХХК-ийн зүгээс зээлийн өр төлбөртөө “БММ” ХХК-ийн өмчлөх эрхийг Хадгаламж банканд шилжүүлсэн. Энэ өдрөөс эхлэн “БММ” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу банкны эрх хүлээн авагч нь төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу одоогийн “БММ” ХХК-ийг худалдан борлуулах замаар төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлтэй ажиллаж байгаа. “Х-У” ХХК-иас БДЗД-д холбогдуулаад 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 408 дугаар, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 тоот захирамжуудаар “Д г” ХХК-д, “Ж г” ХХК-д, “Х-У” ХХК-ийн  өмчлөлийн төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгоод 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/172 дугаартай захирамжаар “БММ” ХХК-д “Х-У” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын доорх төмөр замын газрын оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Уг маргаан нийт жил орчмын хугацаанд үргэлжилж Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол гарсан. Тус шийдвэрээр дундын ашиглалтын гэж нэрлээд байгаа төмөр замын доорх хэсгийг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3 сар хүртэлх хугацаагаар  түдгэлзүүлж, энэ хугацаанд БДЗД-аас талуудын эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу захиргааны акт гаргасан гэдэг тайлбарыг хариуцагч талаас өгдөг.

Анх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн алба руу бид уулзалт хийх гэж байна гэж мэдэгдсэн. Эрх хүлээн авагчийн ажлын алба нь маш цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй, эрх зүйн асуудал хариуцсан хоёр хүн байдаг. Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал тогтоогдсон үед ирж уулзах шаардлагатай гэж мэдэгдсэн. Үүний дагуу уулзах боломжгүй байна, мөн шүүх хурал давхацсан гэдэг тайлбар өгсөн. Мөн 12-ны өдөр яг ямар учиртай уулзалт болох гэж байгаа, хохирлын асуудал яригдаж байна. “БММ” ХХК-ийн төмөр замын урдуур татсан хашаа их өндөр үнэтэй байгаа үүнийг яаж шийдвэрлэх гэж байгаа вэ гэдэг талаар албан бичиг явуулаад хүсэлт тавьсан. Тэр өдөр 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт бэлэн байна уу гэсэн албан бичиг ирсэн. Үүнээс үүдээд ямар асуудалтай юм бэ гээд хариу тайлбаруудыг өгсөн боловч бидэнд эргээд тодорхой тайлбаруудыг өгөөгүй. Дараагаар нь 3 дугаар сарын 09-ний өдөр сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөөд 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирлын холбогдолтой асуудлаар албан бичиг явуулсан. 18-ны өдөр эргэлтийн цэг бэхжүүлэх ажиллагаа хийгдсэн байсан. Ингээд 3 дугаар сарын 20-ны өдөр захиргааны акт гаргаад 4 дүгээр сарын 09-ний өдөр  уг акт нь ирсэн.

Захиргааны акттай холбоотой тайлбар хэлье. БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А105 дугаартай эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А160 дугаартай захирамж нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Дээрх захирамжууд нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь сонсох ажиллагааг хийгээгүй. Сонсох ажиллагаа гэдэг нь хуульд заасан журмын дагуу ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа, ямар хууль зүйн үндэслэлтэй байсан гэх мэтийг тодруулж явагдах ёстой байтал утсаар сонсох ажиллагаа явагдах гэж байна гээд урд өдөр нь залгасан. Очих боломжгүй нөхцөл байдлаа тайлбарлаж хэлэхэд хүлээж авахгүй байсан. Мөн сонсох ажиллагаанд заавал биечлэн ирэх шаардлагатай гэж ярьсан. “Сонсох ажиллагааг олон төрлөөр явуулж болдог. Яг аль нэг төрлөөр нь сонсох ажиллагааг хийх боломж байна уу” гэж удаа дараа хандахад хүлээж авахгүй байсан. Бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй. Сонсох ажиллагааг нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулалгүйгээр хийсэн. Ингээд гарсан захиргааны актыг “БММ” ХХК-д холбогдуулан ярьж байна. Гэтэл маргаан бүхий захирамжид зүгээр “М м” ХХК гэсэн байсан учир захиргааны актыг ойлгомжгүй, хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “...газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол эзэмших эрх дуусгавар болно” гэж заасныг баримталсан байдаг. “БММ” ХХК болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн зүгээс ямар ч хүсэлт өгөөгүй. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших эрх, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг үндэслэж захирамж гаргасан байсан. Уг захирамж гарснаас үүдээд төрийн өмч хөрөнгөнд 170.000.000 сая төгрөгийн хохирол учрах бодит нөхцөл байдал үүсээд байна...” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариу тайлбартаа татгалзлаа бичиж өгсөн. Сонсгох ажиллагааг хийсэн гэдгээ баримт бичгээр шүүхэд гаргаж өгсөн. Сонсох ажиллагааг олон янзын байдлаар хийж болно гэдгийг утсаар мэдэгдэж, албан бичгээр нэхэмжлэгч компани руу явуулж байсан. Бид хийж байгаа бүх үйл ажиллагаагаа мэдэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс бид хүсэлт гаргах болно гэж хэлдэг хэдий ч цагийг нь тулгаад манай явуулсан бичгийг эргүүлж явуулдаг. Манай байгууллага олон янзын аргаар шийдвэрлэж болно гэдэг утгаар нь утсаар болон албан бичгээр мэдэгдэж байсан. Гэтэл манай байгууллагаас хүсэлт гаргах болно гээд манай явуулсан албан бичгийг нэхэмжлэгч буцаагаад манай байгууллага руу явуулдаг байсан.  Иймд Ковид-19 цар тахлын улмаас манай байгууллагаас хэд хэдэн удаа ажиллагааг хойшлуулж, холбогдох хүмүүстэй нь холбогдож, ярьж танилцуулж байсан. Нэхэмжлэгч байгууллагатай боломжтой бүхэл аргыг хэрэглэж холбоо барьж байсан. Аль болох боломжтой бүхий л аргыг хэрэглэж ярьж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Багануур дүүргийн шүүхэд хуралтай гэсэн учир Багануур дүүрэгт ирэх боломжийг нь хангах үүднээс сонсгох, танилцуулах ажиллагааг тэр өдрөөр нь болгож өөрчилсөн байсан...” гэв.

Гурав. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь “Б**” ХХК, нэхэмжлэлийн шаардлага нь БДЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А105, А106 гэх хоёр захирамж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр энэ компани улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа учир “БММ” ХХК нь нэхэмжлэгчийн хувиар шүүх хуралд орж байгаа. Энэ хоёр төлөөлөгч “Б**” ХХК-ийн газартай холбоотой эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж, яаж зөрчигдөөд байгааг нэхэмжлэгчийн өөрт хуулиар олгогдож байгаа эрхийн хүрээнд тайлбараа хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани маргаан бүхий актыг хүчингүй болгохдоо хоёр үндэслэл барьсан байсан. Нэгдүгээрт захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж хэлсэн. Гэвч ингэж хэлэхдээ бид юу ч мэдээгүй байхад сонсох ажиллагаа явуулсан гэсэн. Маргаантай актын хувийн хэрэг бүхэлдээ хавтаст хэрэгт авагдсан байна. Сонсох ажиллагаанд Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслээд “Х-У” ХХК-тай холбоотой захирамж, “Б**” ХХК-тай холбоотой захирамжууд зэрэг гарах байсан учир гуравдагч этгээдийн зүгээс сонсох ажиллагаанд байнга оролцож явсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг бүх хэлбэрээр хийсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчид эхлээд мэдэгдэхэд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр биечлэн очно гэж мэдэгдсэн. Дараа нь өөр аймаг сумуудад ажилтай байгаа учир хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байсан. Уг хүсэлтийг нь үндэслээд 3 дугаар сард дахин сонсох ажиллагааг зарлахдаа ямар хэлбэрээр хийхээ асууж байсан. Ингэж сонсох ажиллагааг зарлах бүрд гуравдагч компанийн захирал н.Н бид хоёр очдог байсан. Ингэж очих болгондоо нэхэмжлэгч компанийг хүрээд ирэх болов уу гэж харж, хүлээж байгаад буцдаг байсан. Гурав дахь удаагаа банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Багануур дүүргийн шүүхэд иргэний хэргийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх гээд 3 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээдийн төлөөлөгч өмгөөлөгчтэйгөө, нэхэмжлэгч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч очиж бүгд нэг дор цугласан. Ингээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хурал нь хэдэн цагт дууссан байсан ч хамаагүй бүгд хүлээж байгааг сонсох ажиллагааг хийхээр хүлээж байсан. Хурал нь дууссаны дараа Засаг даргын Тамгын газарт очиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаад би биечлэн оролцохгүй, та нарын юу ярих гэж байгааг мэдэж байна гэсэн эвгүй үг хэлээд бидэнтэй зөрөөд гараад явсан. Энэ байдлаар сонсох ажиллагаанаас өөрсдөө зугтаагаад байсан. Гэвч сонсох ажиллагааг хуульд заасан хэд хэдэн хэлбэрээр явуулж болно. Ингээд 3 дугаар сарын 12-ны өдөр бичгээр тайлбар саналаа гаргаж өгсөн байдаг. Ингэж гаргаж өгсөн байж нэхэмжлэгч одоо тайлбар саналыг маань аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Уг бичгээр гаргаж өгсөн тайлбар саналыг нь үндэслээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцагч байгууллага өгсөн тайлбар саналыг нь яагаад дурдаагүй тайлбараа өгөөд захирамжаа бие даан гаргана гэсэн заалт байдаг.          Өнөөдөр “Б**” ХХК захиргааны хэргийн шүүхэд энэ захирамжтай холбоотой нэхэмжлэл гаргачхаад байгаа нь уг захирамжийг өөрт нь хандсан гэдгийг ойлгож мэдсэн гэж бодож байна. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “захиргааны актыг бичилт болон тооцооны алдаа түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсвэл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй” гэж заасан байдаг. Багануур дүүрэгт байгаа “Б**” ХХК-ийг “М м” гэж бичсэн бол үүнийг бичилтийн алдаа гэж үзнэ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан бичилтийн алдааг захирамжийн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр засах эрх нь захиргааны байгууллагад байна. Засаад өгөөч гэх хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгчид байна.

Хуульд заасан үндэслэл хангаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Геодези, зураг зүйн газрын  даргын 2008 оны 83 дугаар тогтоолыг хэрэглэх ёсгүй байсан гэсэн. Энэ хуулийн заалт болон журмын агуулга, маргаан бүхий захирамжууд нь гуравдагч этгээд компанийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Гэтэл энэ асуудал нь энгийн нэг маргаан биш шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслээд захиргааны байгууллага шийдвэр гаргаж байгаа юм. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тогтоолыг үндэслээд захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй,  мөн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Ямар ч үндэслэлгүй шийдвэр гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий захирамж нь захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан. Дээрх шүүхийн шийдвэрт маргасан актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг магадлал тогтоолын хянах хэсэгт шүүхийн магадлах хэмжээнээс хэтэрсэн байгаа учир газрын хэмжээгээ тогтоогоод шийдвэрлээрэй гэдэг агуулгаар түдгэлзүүлсэн. Ямар ч үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 350 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “БДЗД нь анх “Д г” ХХК-д газрыг “Х-У” ХХК-иас эзэмшүүлээд газрын хэмжээг нэмэгдүүлэх болон багасгах тухай 2005 оны 442, 2008 оны 515 дугаар шийдвэрийг гаргахдаа уг газар нь бусдын эрх бүхий газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн буюу “Х-У” ХХК-ийн эзэмшил газарт давхцал үүсгэсний улмаас нэхэмжлэгч эзэмшил газар дээр байрлаж байгаа салаа төмөр замаа ашиглах боломжгүйд хүргэсэн байна” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 02 дугаар тогтоолын мөн энэ хэсэгт “хариуцагч БДЗД-ын Тамгын газрын алба нь “Д г” ХХК-иас “Х-У” ХХК-д газар шилжүүлэхдээ хүнсний агуулахын цогцолбор объектын доорх газрыг тус компанид эзэмшүүлэх мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх, багасгах тухай шийдвэр гаргахдаа газрын байршил эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүйгээс “Х-У” ХХК-ийн өөрийн өмчлөлийн салаа төмөр зам, түүний доорх газрыг эзэмшиж ашиглах эрхийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ дээрх дүгнэлтэд газрын хэмжээг шинжлэн тогтоох нь шүүхийн шинжлэн судлах эрх хэмжээнээс хэтэрсэн байгаа учир энэ дүгнэлтийн дагуу БДЗД бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрээ гурван сарын хугацаанд шинээр гаргахыг даалгасан. “БММ” ХХК ямар ч үндэслэлгүйгээр дээрх шийдвэрүүдийг гаргасан байна гэж үзэх үндэслэл байхгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох, “Б**” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргахыг даалгах” гэж тоорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Нэг. “БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлагын тухайд:

Нийслэлийн БДЗД 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Эзэмших газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М м” ХХК-ийн  үйлдвэрийн зориулалтаар эзэмшиж байсан 27177м.кв газар бусдын өмчийн доорх газартай давхацсан гэсэн үндэслэлээр 25000м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” А/106 дугаар захирамжаар “Х-У” ХК-ийн агуулах зоорины зориулалтаар эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг 22969м.кв болгон өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч талаас “...Засаг даргын хуульд заасан үүргээ зөрчиж гаргасан эрх зүйн актаас болж өмнө эзэмшиж, өмчилж байсан этгээдээс өндөр үнэлэн худалдан авсан газар болон 170,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөлөх эд хөрөнгө /хашаа/ нурааж төрд шилжих эд хөрөнгө онгорхой, хамгаалалтгүй болох нөхцөл үүсгэсэн гэж, хариуцагчаас “...Х-У ХК-ийн нэхэмжлэлтэй, БДЗД-д холбогдох хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийг үндэслэн захирамжаа гаргасан...” гэж маргажээ.

Анх БДЗД-ын1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Х-У ХК-д тус дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт 41629 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 17 дугаартай гэрчилгээ олгож, мөн 2004 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, дүүргийн Татварын хэлтэс болон Д г ХХК-иудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Х-У ХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолбор объект /дагалдах тоног төхөөрөмжийн хамт/-ыг дуудлага худалдаанд ялагчаар тодорсон Д г ХХК-д шилжүүлсэн, уг агуулахын цогцолборт 144х6 м өргөнтэй ачиж буулгах талбайтай 150 м урттай төмөр зам /2 салаа төмөр замын агуулахын талынх/ багтсан байх бөгөөд БДЗД-ын2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр захирамжаар, хөргөлтийн агуулах, конторын барилгын цогцолбор обьект байрлаж буй 25000 м.кв газрыг Д г ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байжээ.

Х-У ХК нь дээрх этгээдүүдэд газар эзэмшүүлэхээс өмнө маргаан бүхий газарт байрлаж байсан салаа төмөр замыг буюу одоогийн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн эзэмшлийн хашаанд байгаа 2 салаа төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын салаа төмөр замыг өмчлөх эрхтэй, мөн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар шийдвэрээр тус төмөр зам /баруун талын буюу барааны агуулах талын төмөр зам/-ыг Х-У ХК-ийн өмч мөн болохыг тогтоосон байна.

 БДЗД-ын2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар БММ ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн үйл баримтууд дээр маргаан үүсэж, шүүхээс БДЗД, газрын алба нь Д г ХХК-д шилжүүлсэн хүнсний агуулахын цогцолбор объект /дагалдах тоног төхөөрөмжийн хамт/-ын доорх газрыг тус компанид эзэмшүүлэх, мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх, багасгах тухай шийдвэрийг гаргахдаа газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүйгээс “Х-У” ХК-ийн өмчлөлийн салаа төмөр зам, түүний доорх газрыг эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн БММ ХХК-д холбогдох хэсгийн Х-У ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй болохыг, 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг хуульчилсан, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга, газрын алба нь газар эзэмшүүлэх, газрын хэмжээг өөрчлөн тогтоох, бусдад шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ заагийг газар дээр нь хянаж тогтоон, газрын мэдээллийн санд оруулах, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байна.

Иймд БДЗД нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч захиргааны байгууллагыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж маргаж байгаа үндэслэлийн талаар: БДЗД нь сонсох ажиллагаа хийх талаар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Х-У” ХК болон “Б**” ХХК-д утсаар мэдэгдэхэд нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай албан бичгээр хойшлуулахыг хүссэн хүсэлтийг ирүүлсэн тул сонсох ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагт хийхээр тохиролцсон боловч, банкны эрх хүлээн авагч талын Б.Э уулзалтад оролцохгүй хүсэлтээ бичгээр гаргана гээд явсан тул 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/49 дугаартай албан бичгийг [email protected]-д хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримттай талууд маргаагүй тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсож ажиллагаа явуулаагүй гэж буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “...БДЗД 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийг “БММ” ХХК-д хандаж гаргасан гэж үзэх үндэслэлгүй, харин “М м” ХХК гэж өөр хуулийн этгээдэд хандаж гаргасан гэж үзэх, захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх шаардлагад нийцэхгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй...” гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т захиргааны актын агуулга  ойлгомжтой тодорхой байхаар, 40 дүгээр зүйлийн 40.1-т захиргааны актыг амаар болон бичмэл бус хэлбэрээр гаргаж болохоор зааснаас бусад тохиолдолд бичгээр гаргахаар заасан маргаан бүхий акт нь хуулийн энэ шаардлагыг биелүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын алдаатай захиргааны акт гэж үзэхгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан захиргааны актын бичилтийн илэрхий алдаа гэж үзэж энэхүү алдаа нь актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засаж, оролцогчид мэдүүлэх үүрэгтэй байна гэж үзлээ.

Хоёр. “Б** ХХК-ийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

БДЗД 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай А/105, мөн өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/106  дугаар захирамжуудыг гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчөөгүй буюу уг захирамжийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар тогтоолыг үндэслэл болгон гаргасан байна.

Нэхэмжлэгчээс “...шүүхээс БДЗД-ын2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Х/172 дугаартай захирамжийн “Б**” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг түр түдгэлзүүлж, шинэ захиргааны акт гаргахдаа манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байхыг хариуцагчид даалгасан...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хариуцагчийн зүгээс БДЗД-ын2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Б** ХХК-д холбогдох хэсгийн Х-У ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг  нөхцөл байдлыг тодруулж, дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр БММ ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь “Х-У” ХК-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан болохыг тогтоож, энэхүү газар нь гуравдагч этгээдийн өөрийн  өмчлөлийн салаа төмөр замыг ашиглах боломжгүй болгожээ. Тодруулбал, Х-У” ХК нь “Б**” ХК-д эзэмшүүлэхээс өмнө маргаан бүхий газарт байрлаж байсан салаа төмөр замыг буюу одоогийн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн эзэмшлийн хашаанд байгаа 2 салаа төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын салаа төмөр замыг өмчлөх эрхтэй, мөн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 482 дугаар шийдвэрээр тус төмөр зам /баруун талын буюу барааны агуулах талын төмөр зам/-ыг Х-У ХК-ийн өмч мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн газрыг бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэж үзсэн хариуцагч БДЗД-ын2020 оны А/105, А/106 дугаартай захирамжууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А106 дугаартай захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б**” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БДЗД-д холбогдох “БДЗД-ын2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/105 дугаартай “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж, мөн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/106 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, “Б**” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд нийцсэн шинэ захиргааны акт гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ