Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0240

 

 

2015 оны 6 сарын 05 өдөр

 

Дугаар 221/МА2015/0240

 

Улаанбаатар хот

 

 

 

Д.Г ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г ийн нэхэмжлэлтэй, ШШГЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ШШГЕГ-ын дарга Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг зөрчиж, ямар нэг зөрчил гаргаагүй, өөрөө хүсээгүй байхад цэргийн албанаас халсан тушаал гаргасан. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ удаа дараа танилцуулж байсан төдийгүй төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай удирдлагын зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан...

 

ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.Г  нь улсад 25-аас дээш жил ажилласан, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул дээрх хуулиудад заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь тушаал гарахад саад болохгүй учир төрийн албанаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал гаргасан. Иймд, ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Г ийг албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас бэлтгэлээр халсан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 19 дүгээр зүйлийн 19.4, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Г ийг өмнө нь эрхэлж байсан ШШГЕГ-ын харъяа Хорих 407 дугаар ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Г ийг ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан 4 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, уг хугацаанд ногдох эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, шийдвэрийг Улсын Дээд шүүхийн тогтоол баримтлан, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан.

 

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар: Шүүхээс ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1275 дугаар хүчингүй болсон тушаалыг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалтай хамт хэлэлцэж, хэрэв 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалыг хүчингүй болговол өмнөх тушаал үйлчлэлийн хувьд сэргэж, үр дагавар үүсэх боломжтой гэж үзэн хүчингүй болсон тушаалын хамт авч хэлэлцсэн нь үндэслэлгүй. ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалын 6 дахь хэсэгт Энэ тушаал гарсантай холбогдуулан ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/1275 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай гэж зааснаар өмнөх тушаал хүчингүй болж, дахин эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул тушаалыг хамт авч хэлэлцэх шаардлагагүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..., 3 дугаар зүйлийн 3.4-д Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй гэсэн хууль хэрэглээний зарчим үйлчилдэг байтал хүчингүй тушаалыг авч хэлэлцэж, илт хууль бус тушаал гэж шийдвэр гарган тушаалыг хамт авч хэлэлцсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэн Д.Г  нь ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангийн даргаар цэргийн хурандаа цолтойгоор ажиллаж байсан бөгөөд уг цэргийн цол нь Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар ахлах офицерт хамаарна...., тус хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар ахлах офицер 50 нас хүртэл гэж заасан хуулийн заалтыг үндэслэх хэсэгт хэрэглэсэн мөртлөө Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 32 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасан цэргийн албан хаагчийн насны дээд хязгаарт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3-д заасан цэргийн албан хаагчид хамаарна... гэсэн тайлбараар хуулийн заалтуудыг үгүйсгэж хуульд харшилсан тогтоол хэрэглэсэн.

 

Мөн тогтоолын 2 дахь хэсэгт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан генерал, комиссар, офицер, ахлагч байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалт саад болохгүй гэж заасан тайлбарыг баримтлан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах эрхтэй, түүний энэ эрхийг алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д ахлах офицер 50 нас хүртэл гэж зааснаар насыг хязгаарлахгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж хуулийг буруу хэрэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан.

 

Түүнчлэн тогтоолын 3 дахь хэсэгт заасан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэдгийг тухайн албыг хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд цэргийн албан хаагч өөрийн санаачлагаар тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж ойлгоно, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт нь хуулийн энэ заалтаар тогтоосон болзлыг хангасан тохиолдолд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрхийг олгосон бөгөөд заавал тэтгэвэрт гарахыг үүрэг болгоогүй тул Д.Г ийг захиргааны санаачлагаар тэтгэвэрт гаргах үндэслэл болохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргана. Төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй..., Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,3-д ахлах офицер 50 нас хүртэл ажиллах нь Цэргийн алба хаах насны дээд хязгаар байна..., тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ...офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална гэсэн тусгайлсан зохицуулсан хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг баримтлалгүй хуулийг буруу хэрэглэн, Улсын Дээд шүүхийн Шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын Шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагын 2 дугаар зүйлийн 1-д заасан Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн талаарх Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд ашиглах ба харин тэрхүү тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй гэсэн тайлбарт нийцээгүй шийдвэр гаргасан.

 

Шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 19 дүгээр зүйлийн 19.4, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус баримтлан албан тушаалд эргүүлэн томилох тухай шийдвэр гаргаж, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Иргэн Д.Г  нь иргэний байгууллага буюу энгийнээр ажиллаж байгаагүй, 60 нас хүрээгүй, Цэргийн байгууллагад 35 жил 9 сар ажилласан тул Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаараа тэтгэвэрт гарна.

 

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д ахлах офицер 50 нас хүртэл ажиллах нь Цэргийн алба хаах насны дээд хязгаар байна..., тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ...офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална.., Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... гэсэн заалтуудыг үндэслэн цэргийн албанаас бэлтгэлээр халсан ШШГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалын үндэслэх хэсгийн заалтууд хууль зөрчөөгүй байхад Улсын Дээд шүүхийн тогтоолоор хуулийн заалтыг үгүйсгэн тайлбарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, иргэн Д.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т ...төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ...төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана... гэж заажээ.

 

Нэхэмжлэгч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ ШШГЕГ-ын дарга С.Б болон Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэзээ илэрхийлж байсан. С.Б дарга мэдэж байгаа, ажлаа үргэлжлүүлэн хийж бай гэж надад хэлсэн хэмээн тайлбар гарган маргаж байх ба тэрээр 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэсэн байна.

 

Иймд, шүүх нэхэмжлэгчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт-ээ гаргасан эсэхийг шалгаж тодруулан нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

 

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарсан байх магадлалтай байх тул үзлэг хийх замаар дээрх байдлыг тогтоох,

 

-       тухайн үеийн ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Б-г гэрчээр асууж, Д.Г  түүнд хандаж үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргаж байсан нь үнэн эсэхийг тодруулахаас гадна амаар гаргасан хүсэлтийг нь баталгаажуулж авсан эсэх, уг хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэж ямар хариу өгсөн болох,

-       2014 оны 08 дугаар сард хуралдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргуулан авч Д.Г  нь хуралд хүсэлт гаргаж байсан эсэх, уг хурлаас ямар нэгэн шийдвэр гарсан болохыг тус тус тодруулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Офицерийн алба хаах журмын 11 дүгээр зүйлийн 11.6-д Халагдах болон тэтгэвэр чөлөөнд гарах офицерт хүний нөөцийн байгууллагаас нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хуудас өгнө. Мэдэгдэх хуудасны хугацаа дуусмагц захиргааны санаачлагаар зохих шийдвэрийг гаргана гэж заасныг иш татаж, тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Дээрх байдлаас дүгнэхэд мэдэгдэх хуудсанд заасан 7 хоногийн хугацаа 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусмагц захиргааны санаачлагаар зохих шийдвэр гарсан байх ёстой байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан байх тул энэ хүртэлх хугацаанд ямар нэгэн шийдвэр гарсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм.

 

Мөн нэхэмжлэгчид 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тэтгэвэрт гарах талаар Мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч дээрх баримт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангуулан авах нь зүйтэй.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Захиргааны хэргийн анхан шатны 20дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР