Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

2019            4              25                                             2019/ДШМ/375

 

 

М.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтээр М.Сд холбогдох 1706010950068, 1709008980311 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г. овгийн М.н С, 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн . тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

 

М.С нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 6 дугаар байрны урд талын автомашины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Даваачулууны эзэмшлийн 53-38 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г. овогт М. Сыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Сыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор М.Сыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэсний дараа М.Сын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 1780 УНЭ улсын дугаартай, “Suzuki swift” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн М.Ууганганхүүтэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Тунелийн орчим хохирогч Б.Лувсандонойгийн “Samsung Note 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” байна.

Иймд М.Сын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1706010950068 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэнээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.С нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 6 дугаар байрны урд талын автомашины ил зогсоол дээр тавьсан иргэн Г.Даваачулууны эзэмшлийн 53-38 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө  М.С нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай, “Suzuki swift” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 1706008200170, 1709008980311 дугаартай хэргүүдэд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

М.Сыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

С.Сын үйлдсэн гэх хэргүүд нь цаг хугацааны хувьд нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой хэргүүд байх бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудал орхигдсон нөхцөл байдал үүссэн учраас хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой.

 

Түүнчлэн М.С нь 2017 онд хоёр удаагийн үйлдлээр бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийг өөр өөрөөр зүйлчилсэн байдалд анхаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах”, эсхүл 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн аль нь болох талаар шалгаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж зүйлчлэх нь зүйтэй.

 

Иймд прокурор  Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Сд холбогдох 1706010950068 дугаартай эрүүгийн хэргийг 1709008980311 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН