Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2460

 

П.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02617 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 500 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би энэ компанид 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр захирлын туслахаар анх ажилд орж, 7 дугаар сараас нь эхлэн хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажилласан. Гэтэл 2016 оны 12 сараас эхлэн хүний нөөцийн албаны даргын зүгээс дарамт шахалтыг үзүүлэх болсон. Би 2017 оны 4 сард албаныхаа даргад “жирэмсэн” гэдгээ хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж, 2 удаа эмнэлэгт хэвтсэн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр намайг ажилдаа ирэхэд ажлаас халах тухай тушаалын төсөлтэй танилцуулж, чиний гаргасан зөрчлийн актууд хангалттай гэж хэлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн маягтуудтай танилцаж, уг тушаалыг харсан. Өөрөөр хэлбэл ажиллаж байх хугацаанд надад арга хэмжээ авсан нэг тушаалыг өгсөн болохоос биш өөр тушаал гараагүй. Ингээд намайг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн захирлын 17/396 тоот тушаалаар ажлаас халсан. Надад уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 500 000 төгрөг гаргуулж, 5 дугаар сарын үр дүнгийн цалин 300 000 төгрөг, мөн ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Нгийн гаргасан зөрчилд 2016 оны тушаалын төслүүд, зөрчлийн актууд тавигдсан ба энэ нь хувийн хэрэгт нь байдаг. Тэрээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, түүнд 5 зөрчлийн акт тавигдсан. Нэхэмжлэгч нь зарим актуудтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн, амаар тайлбар хийсэн. Ажлаа хийж чадахгүй байгаа учраас өөр ажил санал болгож байсан. П.Н нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирсэн. Маргааш өдөр нь эмнэлгийн магадлагаагаа ирүүлсэн бөгөөд 6-7 хоногтой жирэмсэн гэдгээ мэдэгдсэн. Дахин зөрчил гаргасан нь жирэмсэн байхтай нь холбоогүй учраас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан өмнө нь эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус компанид захирлын туслахаар ажилд орсон ба 2015 оны 7 сараас намайг хүний нөөцийн албаны хүний нөөц бүрдүүлэлтийн менежерээр томилсон. Удирдлагаас  хүний нөөцийн 2 ажилтны ажил үүргийг нарийн зааглан ялгаж би хүний нөөц бүрдүүлэх, ажлын байрны захиалга авах, зар өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй болсон. 2017 оны эхээр дахин шинэчилсэн ажлын байрны тодорхойлолтыг 2 хүний нөөцөд тус бүрт нь өөр, өөрөөр гарган танилцуулж, гарын үсэг зуруулан авсан боловч үүнийг хариуцагч тал үгүйсгэж, эх хувиар нь гаргаж өгөөгүй. Сүүлд гарсан ажлын байрны тодорхойлолтоор би удаа дараа ажлын тайлангаа өгч, үр дүнгээ тооцуулж байсан. Үүнийг нотлох баримтыг шүүх харгалзан үзээгүй.  Хүний нөөцийг бүртгэж авах ажлыг журмын дагуу хийж, тайланг бичгээ болон, амаар тавьсан боловч удирдлагын зүгээс үл тоодог байсан ба үүнийг нотлох баримтууд байна. Хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт их тавьдаг тул ажилд орохоор ирсэн хүмүүст бүрдүүлэх ёстой материалын жагсаалтыг өгч, бүртгэн авч, хувийн хэргийг нь бүрдүүлдэг. Би тухайн үед тус байгууллагын хүний нөөцийн албаны ажилчдыг дутуу дулимаг ажиллаж, хувийн хэргийн бүрдлийн хангалтгүй байдлын талаар хэлж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, анкетгүй ажилчид байдаг нь шалгалтаар илэрч байсан бөгөөд тэр бүгдийг нөхөн авч, бүрдүүлэх хүндхэн ажлыг би хийсэн. Үүнийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зөрчлийн актад хавсаргаж өгсөн боловч шүүх үүнийг үнэлээгүй.  Мөн 4 сард хүний нөөцийн менежер А.М нь амралтаа авахаа мэдэгдэж, улмаар ажлаас гарах хүсэлтээ өгсөн нь ганц надад маш их ачаалал ирсэн бөгөөд тушаалууд танилцуулаагүй гэдгийг үгүйсгэж байгаа болно. Миний бие 2017 оны 4 сараас 5 сар хүртэл ганцаараа ачаалал аван ажиллахдаа хүний нөөцийн захиалгаа авах, зараа өгөх, анкетаа ялгах, ажил горилогчидтой уулзах, ажилд орогчдын бичиг баримтын бүрдлийг шалгах гэрээ байгуулах, тушаалын төсөл боловсруулах, гарч буй тушаалтай холбогдолтой ажилчдыг шаардах бүрт тушаалыг шалгуулах, танилцах хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг дагуулж явуулах зэрэг олон ажлыг зэрэг хийж эхэлсэн. Удирдлагын ажлаас шалтгаалан тушаалууд удаан хугацаанд хойшилж гардаг. Гэхдээ тушаалаа танилцуулах ажлыг орхигдуулаагүй бөгөөд зарим ажилчдад утсаар хэлэхэд ирэх нь ховор байх, орон нутгийн дайвраар өгч, явуулах, интернет орчин ашиглан явуулах зэргээр танилцуулж байсан бөгөөд үүнийг хүний нөөцийн албаны дарга шалгаж хянадаггүй, хэлэхээр үл тоодог байсан. Хариуцагч Д ХХК намайг 2013 онд ажилд орсон цагаас хойш оны эхэнд нэгдсэн ажилчдын амрах хуваарьгүйгээр 11 сар болоод амрах эрх үүссэн ажилчид өргөдлөө өгч орлох хүнээ зохицуулан амардаг байсан. Намайг ажлаад 2 дахь жилээс нь 6 сар болоод өргөдлөө өгч амардаг болсон. Сар бүр ээлжийн амралтын тушаал гардаг байсан бөгөөд 2017 онд хүний нөөцийн албаны дарга Н.О нь ХХХХ бид хоёроос хэн нь ээлжийн амралтын мөнгө гаргаж өгч чадах вэ гэж асуухад би сайн дураар гаргаад өгье гээд үүрэг хариуцлагыг үүрч, эхний жагсаалтыг гаргаж өгсөн. Эхэндээ алба, нэгж бүрийн дарга нарын өгсөн шалгалтаар гаргасан бол дараагийн удаад албаны даргын хүссэн загвараар дахин гаргаж өгсөн. Тус байгууллагын дарга зөвлөн шалгалт гарган өгөхийг хүссэн тушаалаа төлөвлөн батлуулна гэсэн. Мөн хүүхдийн баярын жагсаалтыг нийт алба, нэгжийн дарга нар болон орон нутгаас авсан баримт нотолгоогоор 5 сарын эхээр цуглуулж, бүртгэж өгснийг үгүйсгэсэн нь гомдолтой байна. Хүний нөөцийн албаны дарга зөвхөн нэрсийн жагсаалтыг авна, бусад ажлыг өөр алба, нэгжтэй харьцуулан хийлгэнэ гэсэн бөгөөд 2016 онд мөн адил жагсаалтыг гарган өгч, 2 өөр алба, хүүхдийн баярыг зохион байгуулсан. ХХХХ нь 5 сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгөхөөр ирэхэд нь хэдий эмнэлэгт хэвтэж байсан ч миний бие хүүхдийн нэрсийн жагсаалтыг лавлаж асуухад нээх асуудал гаргахгүй, зарим алба нэгжийн дарга нар илүү дутуу нэрс өгсөн байна гэж асуусан. Олон зүйлд хийж буй ажлуудыг үгүйсгэж, өөрт хамааралтай материалуудыг тамга тэмдгээр дайлаалган өгч, улмаар хэдэн ч хоногоор шүүх хурлыг хойшлуулж, тус хойшилсон хугацаанд холбогдох материал өгөхгүй, шүүх хурлаас 20-30 минутын өмнө материалуудаа гаргаж өгч, нэхэмжлэгч надад танилцах боломж олгоогүй. 2017 оны 4 сард хүний нөөцийн албаны дарга ХХХ нь надад хэлэхдээ ХХХХ нь ажлаас гарах хүсэлттэй байгаа тул цаашид нэг хүнтэй хамт ажлаа хийхийг зөвлөж байсан бөгөөд ажлаас халах талаар нэг ч удаа хэлж байгаагүй. Гэтэл тэр олон зөрчлийн актад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж бичсэн байсан. Үүнийг би 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анх олж уншсан. Би танилцсан зөрчлийн актуудад тайлбараа өгсөн. Мөн 4 сард би жирэмсэн гэдгээ албаны даргадаа хэлсэн. Би гэрч ХХХ-д “... эмнэлэгт үзүүлчихээд ирээд үлдсэн ажлаа хийнэ” гэж хэлсэн боловч худал мушгин, өөр мэдээлэл өгсөн. Тэрээр ажилд ороод удаагүй байсан. Би 5 дугаар сарын 20-ны өдөр түргэн тусламжаар эмнэлэгт хэвтсэн бөгөөд маргааш өдөр нь амралтын өдөр байсан тул магадлалаа өгөөгүй. Эмнэлгээс гарч ирээд эмнэлгийн магадлагаагаа өгсөн бөгөөд түүнд 6-7 хоногтой жирэмсэн гэж бичиж тэмдэглээгүй байсан тул намайг худал гүтгэж буруутгасанд гомдолтой байна. Мөн намайг тушаалаа авна гэхэд 5 дугаар сарын 20-ны өдөр ч юм уу, он сар засвартай, зөрчлийн актад гарын үсэг зурах тушаалыг өгнө гэх мэтээр олон зөрчлийн шалгалтуудад иймэрхүү маягаар тайлбар бичүүлж дарамталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шинэчлэн байгуулсан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг зайлшгүй эх хувиар гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч П.Н, Д ХХК-д холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговорт 3 500 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаардсан байх бөгөөд шүүх хуралдааны үеэр 2017 оны ээлжийн амралтын олговор болон 5 сарын цалингаас хассан үр дүнгийн урамшуулал 300 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх сүүлд гаргасан шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “... нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй ...” гэснийг зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийн хэмжээнд шийдвэр гаргах тухай мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ёстой бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дахь хэсэгт ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийхээр журамласан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Учир нь шүүх, шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг тусгасан атлаа талуудыг энэ шаардлагын хувьд мэтгэлцүүлээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулж, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, үндэслэх хэсэгтээ юу гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байх тул зохигчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзнэ. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй ээлжийн амралтын тооцоо хийсэн эсэх талаар мэдээлэлгүй, мөн ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 1-4 сарын цалин хөлсний шимтгэл төлсөн бичилт хийгдсэн баримт хэрэгт авагдсан байгаагийн улмаас давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговрыг “Ээлжийн амралт олгох заавар”-ын дагуу тооцон гаргах боломжгүй байна.

Түүнчлэн ажил олгогчоос, ажилтны ажлаас буруу халсан гомдлын шаардлагатай холбогдуулан түүнд 2 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах болзол тавьсан нөхцлөөр олгосон сургалтын зээлийн гэрээний үүрэг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь  хэсэгт нийцээгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                  

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Ч.ЦЭНД