Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2018/00032

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Я-ийн нэхэмжлэлтэй,

К-д холбогдох 

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай,

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын цалингийн урамшууллын 25 хувь болон олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын цалингийн урамшууллын 25 хувь болон олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, Засгийн газраас олгосон урамшуулал болох 300 000 төгрөг, нийт 480 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Я би Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид 2010 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Захиргаа, аж ахуйн менежер М нь ажлын байрны дарамт үзүүлж манай өрөөнд байсан цамц алга болчихлоо ураад хаячихсан биз олж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би чиний хиртэй цамцыг би яахлаараа мэддэг юм бэ, чи өөрөө нэг газар хаячихсан биз эсвэл янз янзын хүүхэн гэж явдагаарааа тэндээ хаясан байлгүй гэж би хэлсэн. Ингэж хэлсний төлөө цалингийн 20 хувиар, 2 сар шийтгүүлсэн. Миний шийтгүүлсэн үндэслэл заалтыг харахад би /3.2.1, 3.1.4, 6.5, 6.1/ гэсэн сургуулийн дотоод журмыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Я би Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид 8 жил ажиллаж байна. Би сахилгын шийтгэл авсантай холбогдуулан миний 12 дугаар сарын цалингийн 25 хувь болох 90 000 төгрөг, 1 дүгээр сарын цалингийн 25 хувь, 90 000 төгрөг, Засгийн газраас олгосон 300 000 төгрөг, нийт 480 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Би чиний цамцыг яагаад олж өгдөг юм. Чи өөрөө энд тэнд хонож өнжиж яваад хаясан байх гэдэг хариу тайлбар хэлсэн. Ингэж хэлсэн гээд надад цалингийн 2 сарын сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр нь би захирал руу ороод би ажлын алдаа гаргасан бол энэ сахилгын шийтгэлийг авахад надад гомдох зүйл байхгүй. Тэгтэл одоо сахилгын шийтгэл авснаар төрөөс өгч байгаа 300 000 төгрөг авах ямар ч боломжгүй болчихлоо гэж хэлэхэд, та хоёрын хувийн асуудалд би оролцоод яах юм бэ? та өөрөө М яриад учраа ол гэдэг хариу өгсөн. Тэгэхээр нь би М орж удаа дараа орж хэлэхэд таньтай ярих зүйл байхгүй гэж надад хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн хариу тайлбар дээр болохоор үндсэн үйл ажиллагаанаас гадуур ажил хийсэн хүнд урамшуулал олгодог гэсэн байгаа. Би өөрийн цэвэрлэх ёстой өрөө тасалгааны хүмүүсээр үнэлгээ хийлгэсэн нотлох баримтыг өгсөн байгаа. Би тэр үнэлгээн дээр муу гэсэн үнэлгээ авсан бол миний буруу байгаад би ямар ч урамшуулал авах эрх байхгүй. Зан харьцааны муу гэсэн дүгнэлтийг надад өгсөн байсан. Би хамт олноороо өөрийгөө ямар хүн бэ? ажлаа хийж чадаж байна уу? чадахгүй байна уу? гэдгийг хамт олноороо үнэлүүлээд бүх хүмүүсээр гарын үсэг зуруулсан. Үнэхээр үйл ажиллагаанаас гадуур хийсэн ажил гэдгийг би ойлгохгүй байгаа. Би үйлчлэгч хүн учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийх ёстой болохоос нэмэлт ямар ажил бид нараас шаардаж байгаа юм. Манай байгууллагын үйлчлэгч нар ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байдаг. Тэгтэл яагаад надад сонин байдалтай хандаж байдаг юм. Бид нарын гадуур хийсэн ажил гэх юм бол бүгд хамтарч цуг хийдэг. Манай байгууллага 8 үйлчлэгчтэй, өгсөн үүрэг даалгаврыг дор бүр нь биелүүлж байдаг. Ажлын байранд зааснаас өөр ажил гэдэг нь өрөө тасалгаагаа тохижуулах юм уу? гадаа гарч хогийг бүгд цэвэрлэж байдаг. Тэгтэл та хийсэнгүй гээд намайг хэлээд, надад иймэрхүү байдалтай яагаад хандаж байгаа юм. Үлгэр жишээ ажилласан хүнд урамшуулал олгодог гэж хэлсэн. Манай байгууллагын ажилчид бүгд урамшуулал авдаг. Үнэхээр нэг хүнд их ажил өгөөд хийлгэсэн зүйл бол харагдахгүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай эвгүй харьцаа гаргасан учраас би хариу тайлбар хэлсэн. Тэгтэл надад сахилгын шийтгэл ногдуулж байна. Тиймээс би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын алдаанаас болсон бол буруугаа хүлээнэ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан тайлбартаа:

Я нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг зөрчиж, “Хөдөлмөрийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, удирдах, удирдуулах ёс зүйг сахиагүй, багш ажилтан, удирдах албан тушаалтантай удаа дараа зүй бусаар харьцаж, хэрэлдэж, доромжилж, өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар үл биелүүлсэн болно. Иймд, Я нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллагад нэхэмжлэл гаргасан үйлчлэгч ажилтай Я 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Манай ажилтан албан хаагч нарт ур чадварын урамшуулал олгохдоо үндсэн үйл ажиллагаанаас гадуур хийсэн нэмэлт ажилд, үнэхээр сайн үлгэр жишээ ажилласан тохиолдолд олгодог. Мөн ямар нэгэн сахилгын шийтгэлтэй албан хаагчид ур чадварын урамшууллыг олгодоггүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариу тайлбар дээрээ хэлсэн. Я эгчийг та миний цамцыг харсан уу гэж асуухад дуугарахгүй байсан. Дараа нь хувцас алга болсон байна, өөр хүнд түлхүүр байхгүй. Та энд тэнд тавьсан юм уу? гэж асуухад тухайн үед гэрч байсан. Би өөрөө тэр зүйлийг мэдэж байгаа юм чинь гээд гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй. Тэгээд би Я эгчээс асуухад чиний тэр хиртэй хувцасыг хэн хаана хаядаг юм. Хаана банзалдаж, хэнтэй унтаж, аль буудалд хаясаныг чинь би мэдэхгүй гээд коридоороор орилоод гараад явсан. Тэгэхээр нь би зүй бус харьцсан гэж үзсэн. Би бол удирдах албан тушаалтан байтал эвээр ярьж болох байсан. Дараа нь манай гадаад ажил хариуцсан ажилтан, ерөнхий нягтлан хоёртой зүй бус харьцсан байдаг. Тэр хоёр хүн өрөө цэвэрлээд өгөөч гэхэд наад балиар өрөөндөө суу гээд цэвэрлээгүй шалтгаан байгаа. Дараа нь мөн ерөнхий нягтлантай хэл амны асуудал гаргасан. Тиймээс би удирдах болон бусад ажилчинтай зүй бус харьцаж байна гээд тухайн сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Хүмүүсийн гарын үсгийг тухайн сахилгын авсан өдрөөс хойш хэрэгт тулгуурлан бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Эвлэрэх талаар би захиралтай ярилцсан байсан. Энэ хүнийг бага зэрэг айлгахгүй бол хүмүүстэй зүй бус харьцаад, үүрэг даалгавар хэлсэн хүнийг өөдөөс нь хэл амаар доромжилж байгаа учраас айлгах маягтай эхний байдлаар тушаал гаргаж, төсөл танилцуулсан. Я нь энэ гаргасан үйлдэл дээрээ өөрөө гэмшээгүй. Шал өөр зүйл ярьсан. Юу гэж ярьсан гэхээр би гэр бүлд чинь нөлөөлнө шүү, чи нэг хүүхэнтэй мессэж бичсэн байсан, чи ажил дээрээ тарваганы мах зардаг юм байналээ, тэрийг би цагдаагийн байгууллагад хэлнэ шүү, энэ тушаалаа болиулах юм бол би тэрийг чинь ярихгүй, хэрвээ болиулахгүй бол чи үүнээс илүү хохирно шүү гэдэг зүйл ярьсан учраас би таньтай ярих зүйл байхгүй, тушаалаа хэвэнд нь байлгана гэсэн зүйл ярьсан. Тиймээс энэ тушаал гарсан нь зүй ёсны хэрэг гээд сахилгын шийтгэл ногдуулсан гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдуулан Уул уурхайн жишиг сургууль, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай,

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын цалингийн урамшууллын 25 хувь болон олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын цалингийн урамшууллын 25 хувь болон олгогдоогүй цалин болох 90 000 төгрөг, Засгийн газраас олгосон урамшуулал болох 300 000 төгрөг, нийт 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулахад “... 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр саруудын цалингийн урамшууллын 25 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

1. Ажилтан нь 2011 оны 02 дугаарын 21-ний өдрөөс эхлэн Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна ажилтныг ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөлөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.5, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.2, 3.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэсэн үндэслэлээр ажилтныг үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...М нь ажлын байран дээр хулгайд хардан, ажлын байрны дарамт үзүүлж, “... өрөөнд байсан цамц алга болчихлоо, олж өгөөрэй гэхээр нь би чиний хиртэй цамцыг яахлаараа мэддэг юм бэ ...” гэсний төлөө арга хэмжээ авсанд гомдолтой байна гэж тайлбарлана.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, удирдах, удирдуулах ёс зүйг сахиагүй, багш ажилтан, удирдах албан тушаалтантай удаа дараа зүй бусаар харьцаж, хэрэлдэж, доромжилж, өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар үл биелүүлсэн ...” хэмээн маргана.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

Дээрх хуульд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ёстой.

Хариуцагчаас Я хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, түүнийг нотлох талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн Б/135 дугаар тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын ши йдвэрээр тогтоогдох,  мөн дээрх тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн тухай баримт байхгүй байна.

Иймд, Уул уурхайн жишиг сургууль, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д “ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох” хэмээн заажээ.

Ийнхүү ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул түүний 2017 оны 12, 2018 оны 01 дүгээр саруудын цалингаас суутгасан 149 436 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэг сард 373 591 төгрөгийн үндсэн цалинтай, түүнчлэн сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож суутгал авсан болох нь цалингийн картаар нотлогдож байна. /373 591х20 хувь=74 718 төгрөг, 74 718х2 сар=149 436 төгрөг/

3. Монгол Улсын Засгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын 1-д зааснаар төрийн албан хаагчид 300 000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор заасан байх бөгөөд дээрх сахилгын шийтгэлтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид уг 300 000 төгрөгийг олгоогүй байх тул нөхөн олгох нь хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70 200 төгрөг+14 133 төгрөг/ нийт 84 333 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 2 сарын 20 хувь болох 149 436 төгрөгийг /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 563 /гучин мянга таван зуун жаран гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ажлын үр дүнгийн урамшуулал буюу нэмэгдэл хөлс болох 300 000 төгрөгийг /гурван зуун мянга/ гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 84 333 /наян дөрвөн мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.