Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00347

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2018/00347

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: НБ  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох

Хохирол 7.850.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, иргэдийн төлөөлөгч Б.Ураншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НБын даргаар ажиллаж байсан Д.Д нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, Б/57 дугаар тушаалаар машинист Д.Б, Э.Б нарыг ажлаас халсан боловч Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд нь буцаан томилж, Э.Бд 2.746.236 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49.607 төгрөг, Д.Бд 2.579.904 төгрөгийн цалин олгож, НДШ-д 49,333 төгрөг төлсөн байна. Мөн сантехникийн механикч ажилтай Б.Бийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны Б/42 дугаар тушаалаар ажлаас халсныг Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд нь буцаан томилж, Б.Бт 2.250.000 төгрөгийн цалин олгох, НДШ-д 175.500 төгрөгийг төлж байгууллагыг 7.850.580 төгрөгөөр хохироосон болох нь Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 САГ-2017/370/СТА-ТШЗ актаар тогтоогдож "Төлбөр барагдуулах тухай” актаар нотлогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж тус тус заасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн дагуу Д.Доос /Д.Б, Э.Б, Б.Б/ нарт нөхөн олгосон 7.850.580 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр НБын даргаар томилогдон ажиллаж байхдаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б/55, Б/56 тоот тушаалаар машинист Д.Б, механикч Э.Б нарыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан. Эдгээр хүмүүсийг ажлаас халах тушаал гаргах гэж байхад нь битгий ажлаас нь халаарай гэж хэлж байсан боловч Б/55, Б/56 дугаартай тушаалуудыг гаргаж байсан. Мөн Б.Б гэх НБд механикчаар ажиллаж байсан хүнийг мөн л үндэслэлгүйгээр ажлаас нь халж байсан. Үүгээр ч зогсохгүй Д.Д нь Иргэний нисэхийн ерөнхий газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх явцдаа ажилтнуудыг өөрт нь таалагдахгүй бол үндэслэлгүйгээр халж оронд нь өөр хүн авч ажиллуулдаг, нэхэмжлэлд дурдсан эдгээр гурван хүнээс ч өөр бусад хүмүүс байсан. Нэхэмжлэлийн шаардлагад ороогүй болохоор энэ талаар дахин дурдаад хэрэггүй байх. Хууль бус дээрх үйлдлүүдийг гаргасан үндэслэлээр Д.Дийг ажлаас нь чөлөөлсөн. Д.Д нь ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн шүүх Д.Дийг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж шийдвэр гаргасан. Д.Дийн иймэрхүү хийсэн үйлдэл, ажиллаж байх явцдаа ажилтнуудын эрх ашгийг хэрхэн яаж хөндөж байсан, байгууллагын үйл ажиллагаа яаж хэвийн явагдах боломжгүй болж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн Нисэх буудлын үйл ажиллагааг шалгасан баримтаар тогтоогдож байгаа. Мөн Үндэсний аудитын газрын акт гарсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан энэ актын төлбөрийг барагдуулахыг  НБд үүрэг болгосон учраас Үндэсний аудитын газраас гаргасан актыг биелүүлэхийн тулд шүүхэд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулахаар Д.Дид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахынхаа өмнө Д.Дтой удаа дараа уулзсан. Тэгэхэд Д.Д нь би төлөхгүй, явдаг газраар нь яв гэсэн хариуг өгч байсан. Мөн хариуцагч нь өмнөх шүүх хурлууд дээр юу гэж тайлбар гаргадаг вэ гэхээр энэ актыг мэдээгүй гэдэг. Мэдээгүй юм бол шүүх хуралд ирээд хавтаст хэрэгтэй танилцах явцдаа мэдсэн байж таарна. Гэтэл энэ актыг мэдсэнээс хойш хүчингүй болгуулах юм уу, хүлээн зөвшөөрөхгүй талаараа эрх бүхий байгууллагад хандаж, уг актын талаар маргасан маргаан байдаггүй учраас тухайн актыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Хяналтын шатны шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэсэн зүйл яригдсан. Иймд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ хоёрыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд Д.Д нь хувийн үйлдлээр байгууллагад хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна гэсэн зохицуулалт байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд Нисэх буудлын санхүү аж ахуйн зохион байгуулалт, үйл ажиллагааг хууль зүйн хүрээнд явуулна гэсэн гол үүрэг байгаа. Тэгэхлээр байгууллагад ажиллаж байх явцдаа санаатайгаар байгууллагад хохирол учруулсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу бүрэн хангаж өгнө үү гэв.  

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч НБын зүгээс надад холбогдуулан тус шүүхэд гаргасан, гэм хорын төлбөрт 7.850.580 /Долоон сая, найман зуун тавин мянга, таван зуун наян/ төгрөг төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, доорх тайлбарыг хүргүүлж байна.

Хариуцагч нь 2016 оноос 03 сарын 10-ны өдөр Б/50 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл НБын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг мөрдөж, үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Нэхэмжлэгч нь намайг тус байгууллагын ажилтан Д.Б, Э.Б, Б.Б нарыг хууль бусаар ажлаас халж, байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг тус тус үндэслэн гэм хорын нөхөн төлбөрт 7.850.580 /Долоон сая, найман зуун тавин мянга, таван зуун наян/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Миний зүгээс дараах үндэслэлүүдээр дээрх шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нисэх буудлын газар нь энэ хэргийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, мөн тус зүйлийн 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж гус тус заасан байдаг. Эндээс үзэхэд албан тушаалтнаар хохирол төлүүлэх асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрөө биш, харин дээд шатны байгууллагын дотоод аудит, хэрэв байхгүй бол, төрийн аудитын байгууллага хариуцдаг байна. Гэвч, манай тохиолдолд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас хохирол амссан гэх НБын газар нь өөрөө нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд энэ асуудлын хувьд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх нь зүйтэй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-ийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй. Бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг гол үндэслэлээ болгож байна. Тус хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”гэж заасан байдаг.

          Өөрөөр хэлбэл 498.5-ыг хэрэглэх гол шалгуур, урьдчилсан нөхцөл нь тухайн хохирол учруулсан этгээдэд шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл байх гэсэн нөхцөл юм. Тодруулбал, хариуцагч хууль бусаар нэхэмжлэлд дурдагдсан 3-н ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь хангалтгүй бөгөөд, тухайн хууль бус гэх шийдвэрийг хариуцагч нь илтэд болгоомжгүй эсхүл санаатайгаар гаргасан гэсэн үйл баримт тогтоогдох ёстой юм.

          Гэвч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогддоггүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн урьдчилсан нөхцөлийг хангагдаагүй гэж үзэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, гэм хорын төлбөрт 7.850.580 төгрөг гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-н 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НБ нь Д.Дид холбогдуулж хохирол 7.850.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НБын даргын ажлын байр /албан тушаал/ -ын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч Д.Д нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын даргаар ажиллаж байсан болох нь дээрх баримтуудаар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “Ажилтан өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг үл харгалзан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагыг хүлээнэ” гэж, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1.-д “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээг зөрчсөн ажилтанд байгууллагын техникийн комиссын дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус тохирч талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 26-33-р тал/   

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Хариуцагч Д.Д нь НБын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар тус байгууллагад сантехникийн механикчаар ажиллаж байсан Б.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 132 дугаар зүйлийн 132.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам” –ын 2.8.6.2, 3.3.6.6, 3.10.2 дахь заалт, Зам тээврийн сайдын 2016 оны “ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаартай албан бичгийг үндэслэж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/56, 57 дугаартай тушаалуудаар галчаар ажиллаж байсан Э.Б, Д.Б нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 23-25-р тал/

Б.Б, Д.Б, Э.Б нар нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай магадлалаар Б.Бийг НБын сантехникийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаартай шийдвэрээр Д.Б, Э.Б нарыг НБын уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож, Д.Бд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.2559.904 төгрөгийг, Э.Бд 2.543.944 төгрөгийг НБаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Хариуцагч Д.Д нь Иргэний нисэхийн ерөнхий газар, НБын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 680 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/07 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НБуудын захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн даалгавар гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул хариуцагч Д.Доос хохирол 7.850.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НБд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Д.Доос 7.850.580 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 140.559 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч Д.Д нь өөрт олгогдсон эрхийг эдэлж шүүхэд нотлох баримтаа гарган өгч, хэргийн материал танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд шүүх ямар нэгэн байдлаар саад болоогүй төдийгүй түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүйг дурдаж байна.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 06, 2018 оны 02 дугаар сарын 15, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд түүний 99054405 дугаарын утсаар тус тус холбогдож мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Д.Доос 7.850.580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа НБд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Доос 140.559 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН

         

                  ШҮҮГЧИД                          Б.ОТГОНБЯМБА

  

                                                       Г.ДАВААХҮҮ