Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2977

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02977

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,520,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Г.Э надаас иргэн Б.М 24,000,000 төгрөгийг зээлэн авч, сарын 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ, өөрийн өмчлөлийн байр болох гэрчилгээний дугаар 000492707, улсын бүртгэлийн дугаар Ү-2203000907 гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай 63.67 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ, зээлийн гэрээг 3 сарын хугацаатай хийсэн. Гэвч тэрээр огт мөнгө төлөөгүй ба гэрээний хугацаа 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөнгөө төлөхийг шаардахад зээлээ би төлнө гэдэг ба удахгүй мөнгөтэй болно гэсээр 6 сар орчим огт мөнгө төлсөнгүй. Үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 5,040,000 төгрөг, хоногийн алданги 9,480,000 төгрөг, нийт 38,520,000 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагч Б.Мээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд өнөөдрийн байдлаар нийт 38,520,000 төгрөгийг олон сараар хугацааг өнгөрөөж, сайн дураар өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж байна. Учир нь хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлага болох 38,520,000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дансаар 30,000,000 төгрөгийг бидэн рүү шилжүүлсэн. Иймд хариуцагчаас үлдэх 8,520,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М миний бие иргэн Г.Эоос 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 24,000,000 төгрөгийн зээл авч, сарын 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ, өөрийн өмчлөлийн байр болох гэрчилгээний дугаар 000492707, улсын бүртгэлийн дугаар Ү-2203000907 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв орон сууцны зориулалттай одоогийн зах зээлийн үнэлгээгээр 96,000,000 төгрөгийн ханш бүхий үл хөдлөх хөрөнгөө 3 сарын хугацаатай барьцаалж зээл авсан нь үнэн болно. Г.Эын мөнгийг өгөхийн тулд байраа зарах шийдвэрт ч хүрч байсан. 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагатай байраа хурдан хугацаанд заруулах гэрээ хийсэн боловч одоогоор зарж чадаагүй байна. Мөн олон банк бус санхүүгийн байгууллагаар явж зээл сонирхсон боловч бүтээгүй. Үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн гэрчилгээний эх хувь байхгүй шалтгаанаар маш олон газар татгалзсан хариу авсан. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийсэн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцох алдангийг буруу олйгсон ба 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Г.Этой ярилцаж нийт үнийн дүнг 30,000,000 төгрөг болгож тохиролцсон болно. Иймд тус мөнгөн дүнг 30,000,000 төгрөгөөр тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Э болон Б.М нар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “зээлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 24,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 25 дугаар байр, 6 тоотод байршилтай 63.67 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцсэн, шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. 

 

Дээрх гэрээнүүд хуулийн шаардлага хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, гэрээний дагуу зээлдэгч 24,000,000  төгрөгийг хүлээн авсан, үүнээс хойш ямар нэг эргэн төлөлт хийгээгүй талаар маргаагүй.

 

Хариуцагч Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй гэж Г.Э шүүхэд хандсан ба тэрээр хариуцагчаас үндсэн зээл 24,000,000 төгрөг, 3 сарын хүү 5,040,000 төгрөг, 79 хоногийн алданги 9,480,000 төгрөг, нийт 38,520,000 төгрөгийг анх нэхэмжилсэн. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэг болох 38,520,000 төгрөгийн дүнг 8,520,000 болгон багасгаж байна.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгасан үндэслэлээ “...хариуцагч Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн” гэж тайлбарласан ба  үндсэн зээлийн хүү болон алдангийн үлдэгдэл 8,520,000 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцов.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй ба зээлийн гэрээгээр талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх учиртайг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд заасан тул нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “зээлийн гэрээ”-ний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

 

Иймд 8,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 8,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эод олгосугай.

  

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000907 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                                Н.ХАНГАЛ