Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00177

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М-т холбогдох

 

Зээл,хүү,алдангид нийт  38 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.М- нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 24 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар Г.Э-оос зээлж, улсын бүртгэлийн Ү-2203000907 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай 63.67 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.  Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 6 сар орчим хугацаа хэтрүүлж, мөнгөө буцаан төлсөнгүй. Иймд зээл 24 000 000 төгрөг, хүү 5 040 000 төгрөг, алданги 9 480 000 төгрөг, нийт 38 520 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.  Б.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дансаар 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэх 8 520 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээ байгуулж, 24 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Г.Э-той ярилцаж нийт үнийн дүнг 30 000 000 төгрөгөөр тохиролцсон тул 30 000 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 8 520 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-од олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000907 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс 420 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгөлдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг Г.Э-той тохиролцож  30 000 000 төгрөгөөр тогтоосон. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 30 000 000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болсон. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 175 дугаартай нотариатчийн 1119 дугаар бүртгэлд бүртгэгдсэн баримтыг нуун дарагдуулж, дуусгавар болсон гэрээнд үндэслэн 8 520 000 төгрөгийг  төлүүлэхээр шийдвэр гаргуулсан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 520 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 30 000 000 төгрөг буцаан төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж маргасан. 

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж Г.Э- нь Б.М-ийн өмчлөлд 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь 3 сарын хугацаанд сар бүр 7 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцлийг тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн  10 дугаар хороо, 25 дугаар байр, 6 тоотод байршилтай 63.67 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалуулжээ. Зээл, барьцааны дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 5-7/

 

Зээлдэгч Б.М- нь зээлд 24 000 000 төгрөг, хүү 5 040 000 төгрөг, алданги 9 480 000 төгрөг, нийт 38 520 000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 30 000 000 төгрөг төлөхөөр болсон гэх  боловч энэ талаарх баримтыг зохигчдын хэн аль нь шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгч нь 8 520 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэн гэх тайлбар, татгалзлыг үгүйсгэж байна. Иймд 8 520 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг төлж барагдуулсанд талууд маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзалын үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах нь хэргийн оролцогч буюу хариуцагч Б.М-ийн үүрэг бөгөөд “..,8 520 000 төгрөгийг төлүүлэхээс татгалзсан” тухай  баримтыг гаргаж өгөөгүй тул зээлийн гэрээг дуусгавар болгосон хэлцэл байгуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                              

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                               ШҮҮГЧИД                                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                      Ш.ОЮУНХАНД