Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0337

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

      Дугаар 102/ШШ2018/00337

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ма.З

 

Хариуцагч: М.О

 

Хариуцагч: З ХХК,

  

зээлийн гэрээний үүрэгт 201,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжун /Ma Zhenjun/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид  анх БНХАУ-ын иргэн Ма Зэнжун, М.Одноо, “Зуун Зи Ди” ХХК-иудад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид “Зуун Зи Ди” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан. Харин өнөөдрийн хуралдаанаар хариуцагч М.Одноод холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Ингээд бид хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжунд холбогдуулж гаргасан шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Н.Т нь БНХАУ-ын иргэн Ма Зэнжунд 100,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд талууд гэрээг нотариатаар баталгаажуулсан. Мөнгийг нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ма Зэнжунд бэлнээр олгосон. Үүнээс хойш хариуцагч Ма Зэнжун 14,000,000 төгрөгийг зээлийн хүүнд буцаан төлсөн. Уг төлбөрийг түүний эхнэр М.Одноо төлсөн. Өөр ямар ч төлбөр хийгээгүй байгаа. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжунээс үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 34,000,000 төгрөг, алданги 67,000,000 төгрөг, нийт 201,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.

Нотариатч Б.Гийгиймаатай холбоотой хэрэг маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд гэрээг гэрчилсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт Дээд шүүхээс гарсан. Бид гэрээний зүйлээ хэзээ ч нэхэмжилж болно. Тооцоогоо ахиж үзээд хариуцагчийн зүгээс зээлийн хүүнд 14,000,000 төгрөг төлсөн гэж үзсэн. Хариуцагч хөөрөгний мөнгө өгсөн гэж байна. Энэ талаар ямар ч баримтгүй. Хариуцагч Ма Зэнжун нь Монгол улсад олон жил амьдарч байгаа бөгөөд Монгол эхнэртэй, хүүхдүүдтэй. Тэрээр Монгол хэлийг сайн мэддэг тул хэл мэдэхгүйгээс болж гэрээнд гарын үсэг зурсан гэж байгаа нь худлаа юм. Нэхэмжлэгч нь өөрөө мөнгө, хөрөнгөтэй, 100,000,000 төгрөгийг бэлнээр өгчих чадалтай хүн. Тэгээд ч энэ талаар холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа гэжээ.

 

Хариуцагч Ма Зэнжуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ма Зэнжун нь 100,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Учир нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй холбогдуулж нотариатч Б.Гийгиймаад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Нотариатч Б.Гийгиймаа нь 100,000,000 төгрөгийг зээлэх тухай гэрээг баталсан боловч энэ нь гэрээний зүйл болох 100,000,000 төгрөгийг өгсөн үйлдлийг нь нотлогдоогүй. Нотариатын тухай хуульд зааснаар үйлчлүүлэгч нь Монгол хэл мэдэхгүй бол нотариатч нь орчуулагч оролцуулах үүрэгтэй. Хариуцагч Ма Зэнжун нь Монгол хэл мэдэхгүй ба өөрөө юун дээр ч зурж байгаагаа ойлголгүй гэрээн дээр гарын үсгээ зурсан, ингэж хууртаж гарын үсэг зурах боломжийг нотариатч нь олгосон. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж байхад гэрээний нэг тал болох БНХАУ-ын иргэн Ма Зэнжунд зориулж орчуулагч оролцуулаагүй нь энэхүү гэрээнд эргэлзээ төрүүлэх нөхцөл болж байна. Хариуцагчийн зүгээс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргахгүй, харин гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 100,000,000 төгрөгийг өгсөн, хариуцагчид шилжүүлсэн эсэх дээр маргаж байгаа. Учир нь мөнгө өгсөн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа. 100,000,000 төгрөгийн эх үүсвэр нь хаанаас ямар гаралтайг нэхэмжлэгч нотолж чадаагүй юм.  

Хамгийн анх өмнө нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож байсан БНХАУ-ын иргэн Лөү Жин нь “Жавхлант групп” ХХК-д барилгын арматур төмөр авахаар хөөцөлдөж, уг арматур төмөрийг авахад 100,000,000 төгрөг хэрэг болсон байдаг. Ийм ч учраас тэрээр хариуцагч Ма Зэнжунтэй ярилцаж, зээл олж өгөхийг гуйсан. Хариуцагч Ма Зэнжун нь түүний хүсэлтийн дагуу Н.Ттай холбогдож зээлийг хөөцөлдсөн байдаг. Учир нь хариуцагч Ма Зэнжун болон Н.Т нар нь өмнө нь хамтарч бизнес хийдэг байсан, бие биенээ таньдаг байсан хүмүүс юм. Зээлийг өгөхөд барьцаа хэрэгтэй байсан тул барьцаанд нь тавихаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл “Жавхлант групп” ХХК-д арматур төмөр авах шаардлагагүй болсон. Ингээд нэгэнт гэрээ цааш үргэлжлэхгүй нь тодорхой болсон тул талууд байгуулагдсан үндсэн бүх гэрээг авч устгасан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь хуулийн байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Хариуцагчийн хувьд тухайн үед гэрээ дууссан гэж ойлгож байтал нэхэмжлэгч гэнэт бүтэн 2 жилийн дараа шүүхэд гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсан нь сэжигтэй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс анх зээлийн хүүнд 8,000,000 төгрөг төлсөн гэж байснаа одоо болохоор 14,000,000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбарыг өгч байгаа нь мөн эргэлзээтэй. Н.Т болон хариуцагч Ма Зэнжун нарын хооронд өмнө нь өөр өөр төрлийн мөнгөн шилжүүлэг олон удаа хийгдсэн. Эдгээр нь талуудын шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогддог. Эдгээр гүйлгээг нэхэмжлэгч талын зүгээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8,000,000 төгрөгийн шилжүүлэг нь хөөрөгний мөнгө байсан бөгөөд хэрэв 2016 оны 9 дүгээр сард төлсөн хүү байсан бол 8,000,000 төгрөг биш харин 12,000,000 төгрөг шилжүүлэх байсан. Ингээд энэ бүхнээс үзэхээр нэхэмжлэгч Н.Т нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хэзээ ч хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжунд өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ма Зэнжуны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа. Энэхүү зээлийн гэрээ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан “хувийн байдлыг тогтоох”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “орчуулагч оролцуулах”, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасан “тэмдэглэл үйлдэх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Хэрэгт өгсөн орчуулгын тамга тэмдэгтэй нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг сүүлд өгсөн, хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт юм. Нотариатч нь гадаад иргэнийг оролцуулж гэрээ, хэлцэл байгуулсныг нотолж байгаа бол заавал орчуулагч оролцуулах ёстой. Гэтэл орчуулагчгүйгээр гэрээг баталсан байдаг. Иймээс зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ойлгож байна. Иймд талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Ма Зэнжун нь Монгол Улсад 20 гаран жил амьдарсан, Монгол эхнэртэй, 2 хүүхэдтэй. Тэгэхээр хариуцагч Монгол хэл мэддэг. Тэгээд ч нотариатч гэрээг батлахдаа хууль зөрчөөгүй талаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байгаа гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Одноо, БНХАУ-ын иргэн Ма Зэнжун, “Зуун зи ди” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч М.Одноо болон “Зуун зи ди” ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжун нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа “...талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл ба гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хэзээ ч авч байгаагүй” гэж тайлбарлаж, улмаар энэхүү үндэслэлээрээ сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Н.Т,  хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжун нар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Н.Т 100,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар БНХАУ-ын иргэн Ма Зэнжунд зээлдүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. 

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “зээлийн гэрээ”-ний дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 34,000,000 төгрөг, алданги 67,000,000 төгрөг, нийт 201,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн гэрээний дагуу нийт 48,000,000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 14,000,000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.  

 

Өмнө дурдсанчлан хариуцагч Ма Зэнжун талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэж маргасан.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус харилцан хүлээх ба зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд зохицуулжээ. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээн дэх “зээлдэгч Ма Зэнжун /Ma Zhenjun/” гэсний ард зурагдсан гарын үсэг болон тус гэрээний арын хуудсанд “100,000,000 төгрөгийг хүлээн авсан” гэсний ард зурагдсан гарын үсэг нь хариуцагч Ма Зэнжуны гарын үсэг мөн болох нь шүүхээс томилогдон ажилласан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 250 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийн “мөнгийг хүлээж аваагүй” гэх тайлбар үндэслэл муутай байна. 

 

Нэгэнт бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог тул нэхэмжлэгч Н.Т Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 100,000,000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар зээлийг ашигласны хариу үүрэг буюу дутуу төлөгдсөн хүү болох 34,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн зохигчдийн байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нь зээлж авсан 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт гэрээний хугацаа дуусахад төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна .

 

Иймд үндсэн зээл 100.000.000 төгрөг, гэрээний хугацаанд дутуу төлөгдсөн зээлийн хүү 34,000,000 төгрөг, нийт 134,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэн алдангид 67,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.  

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ма Зэнжун нь нэхэмжлэгч Н.Тд холбогдуулан зохигчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Т болон хариуцагч Ма Зэнжун нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бүртгэн гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан “хувийн байдлыг тогтоох”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “орчуулагч оролцуулах”, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасан “тэмдэглэл үйлдэх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн зүгээс тайлбарласан.

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч Ма Зэнжуны  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй байна.

 

Хэрэгт авагдсан Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2017/01662 дугаар тогтоолд  Н.Т болон БНХАУ-ын иргэн Ма Зэнжун нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатчын үйлдэл хууль зөрчөөгүй болон зээлийн гэрээг гэрчилсэн нотариатчын үйлдэл хүчингүй болох нь зээлийн гэрээг байгуулагдаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй талаар хийсэн дүгнэлт хүчин төгөлдөр байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М.Одноо болон “Зуун зи ди” ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Ма Зэнжунаас 201,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ма Зэнжуны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1,163,000 төгрөг, хариуцагч Ма Зэнжуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ма Зэнжунаас улсын тэмдэгтийн хураамжид 1,163,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 


               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ