Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1051

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00337 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МЗ, М.О, “ЗЗД” ХХК нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 201 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч МЗы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн МЗд 100 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч нь хөрөнгийн хувьд 100 000 000 төгрөгийг бэлнээр өгөх бололцоотой. Уг мөнгийг МЗд бэлнээр олгосон. Үүнээс хойш хариуцагч МЗ 14 000 000 төгрөгийг зээлийн хүүнд буцаан төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй. Хариуцагч хөөрөгний мөнгө өгсөн гэж байгаа боловч баримтгүй. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн МЗээс үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 34 000 000 төгрөг, алданги 67 000 000 төгрөг, нийт 201 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч М.О, “ЗЗД” ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

   Хариуцагч МЗ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 100 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Нотариатч нь 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг баталсан боловч 100 000 000 төгрөг өгсөн үйлдлийг нь нотлоогүй. Нотариатын тухай хуульд зааснаар үйлчлүүлэгч нь Монгол хэл мэдэхгүй бол нотариатч нь орчуулагч оролцуулах үүрэгтэй. Хариуцагч МЗ нь Монгол хэл мэдэхгүй ба юун дээр зурж байгаагаа ойлголгүй гарын үсгээ зурсан. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй, харин 100 000 000 төгрөгийг өгсөн, хариуцагчид шилжүүлсэн талаар маргадаг. Учир нь мөнгө өгсөн гэдгээ, 100 000 000 төгрөгийн эх үүсвэрээ нэхэмжлэгч нотолж чадаагүй.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон БНХАУ-ын иргэн Лөү Жин тайлбартаа анх “Жавхлант групп” ХХК-д барилгын арматур төмөр авахад 100 000 000 төгрөг хэрэгтэй болж, хариуцагч МЗаас зээл олж өгөхийг гуйсан. Түүний хүсэлтээр МЗ өмнө нь хамтарч бизнес хийж байсан Н.Т-тай холбогдож зээл хөөцөлдөн зээлийн барьцаанд тавихаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж байсан. Гэтэл “Жавхлант групп” ХХК арматур төмөр авах шаардлагагүй болсон тул талууд байгуулагдсан бүх гэрээг устгасан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь хуулийн байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд 2 жилийн дараа гэнэт гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэгч нь анх зээлийн хүүнд 8 000 000 төгрөг төлсөн гэж байснаа одоо болохоор 14 000 000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбар өгсөн. Н.Т-, МЗ нарын хооронд өмнө нь өөр төрлийн мөнгөн шилжүүлэг олон удаа хийгдсэн. Эдгээр гүйлгээг нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. 8 000 000 төгрөгийн шилжүүлэг нь хөөрөгний мөнгө байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч МЗ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Энэхүү зээлийн гэрээ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан “хувийн байдлыг тогтоох”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “орчуулагч оролцуулах”, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасан “тэмдэглэл үйлдэх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Хэрэгт өгсөн орчуулгын тамга тэмдэгтэй нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг сүүлд өгсөн, хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт юм. Нотариатч нь гадаад иргэнийг оролцуулж гэрээ, хэлцэл байгуулсныг нотолж байгаа бол заавал орчуулагч оролцуулна. Гэтэл орчуулагчгүйгээр гэрээг баталсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Н.Т- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч МЗ нь Монгол Улсад 20 гаруй жил амьдарсан, монгол эхнэртэй, 2 хүүхэдтэй тул монгол хэлийг сайн мэддэг. Хэл мэдэхгүйгээс гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нь худлаа. Нотариатч Б.Гийгиймаатай холбоотой хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж нотариатчийн үйлдэл хууль зөрчөөгүй талаар тогтоол гарсан гэжээ.  

 

   Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч М.О болон “ЗЗД” ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн МЗаас 201 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч МЗы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 163 000 төгрөг, хариуцагч МЗы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗаас улсын тэмдэгтийн хураамжид 1 163 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч МЗ, М.О нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч МЗ, М.О бид анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч МЗ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй" гэжээ. Гэтэл МЗ нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн зээлийн гэрээний хувьд Н.Т- нь МЗд 100 000 000 төгрөгийг хэзээ, ямар эх үүсвэрээр, хэрхэн өгсөнийг нотолж чадаагүй байхад шүүгч хэтэрхий нэг талыг баримтлан хууль зөрчин баталсан хуурамч гэрээг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан.

Нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний ар талд бичигдсэн "мөнгө авсан" гэх бичилтүүд нь бүгд монгол хэл дээр хийгдэж, түүнийг нотариат баталсан. Шүүх шинжилгээний газар монгол хэл дээр бичигдсэн "мөнгө авсан" гэсний дор зурсан гарын үсгийг хариуцагч МЗы гарын үсэг мөн гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч МЗ нь Хятад Улсын иргэн бөгөөд монгол хэл мэдэхгүй. Зээлийн гэрээ болон зээлийн гэрээний ард бичигдсэн үгсийг яагаад Хятад хэл рүү орчуулаагүй, өөрийн төрөлх хэлээр эрх зүйн үр дагаврыг ухамсарлах боломж олгоогүйгээр гэрээ хийгдсэн, мөн нотариат яагаад үүнийг баталсан зэрэг асуудлыг анхан шатны шүүх нь тодруулахгүйгээр шийдвэрлэсэн.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэлгүй зөвхөн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "зээлийн хүүгийн төлбөрт 14 000 000 сая төгрөг төлсөн..." гэсэн боловч бодит байдалд бид зээлийн хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлж байгаагүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн дансны баримтад 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр М.Огоос Н.Т- руу 8 000 000 сая төгрөг шилжүүлсэн гэсэн нь МЗ Түмэнжаргалаас авсан хөөрөгний мөнгө. Хэрэв энэ нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа зээлийн хүү байсан бол шилжүүлгийн утга дээрээ "зээлийн хүү..." гэх байсан. Мөн цаг хугацааны хувьд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэрэв зээлийн хүү гэж мөнгө шилжүүлсэн бол 3 сарын хүү 12 000 000 төгрөгийг шилжүүлэх байсан. Анх нэхэмжлэлд дурдагдсан төлсөн гэх 14 000 000 төгрөг, шүүхийн явцад яагаад 8 000 000 төгрөг болсоныг шүүх тодруулсангүй.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч М.Огоос татгалзсан ба улмаар хариуцагчаас татгалзсантай холбогдуулан хариуцагч МЗаас нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн ба нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргах боломж олгоогүй.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд

            МЗ нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Т-тай
зээлийн гэрээ байгуулаагүй. Нэгэнт шүүхэд нотлох баримтаар уг нотариатаар батлуулсан
зээлийн гэрээ ирсэн тул бид энэхүү зээлийн гэрээг баталсан нотариатын үйлдлийг хууль бусад тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь тус зээлийн гэрээг баталсан нотариатч Нотариатын тухай хуулийн 21.2.1 дахь заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэг, 4.1 дэх хэсэгт заасан "нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэггэй бөгөөд үйлчүүлэгч монгол хэл мэддэггүй тохиолдолд түүнд орчуулагчаар дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ", Мөн гэрээний орчуулсан хувийг шаардаагүй, 100 000 000 сая төгрөг өгсөн, авсан эсэхийг асуулгүйгээр зээлийн гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2.1., 32.1, 34, 35 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх заавар зэргийг тус тус зөрчсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" байхад хууль зөрчсөн гэх үндэслэлгүй хэмээн дүгнэж зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч МЗ /Ma Zhenjun/, “ЗЗД” ХХК, М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаар МЗыг тодорхойлон түүнээс дээрх үүргийг шаардаж, хариуцагч “ЗЗД” ХХК, М.О нараас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцсэн байна. Хариуцагч МЗ нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжилжээ.

            Н.Т- нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр МЗд 100 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх-4-12 дахь тал/ Зохигчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаг. 

Хэргийн баримтаас үзвэл зээлийн гэрээний үнэн зөвийг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Гийгиймаа гэрчилсэн бөгөөд нотариатчийн үйлдэл хууль зөрчөөгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоогджээ. /1хх-4, 2хх-33-34 дэх тал/

Уг зээлийн гэрээний ар талд нэхэмжлэгч Н.Т-, хариуцагч МЗ нар 100 000 000  төгрөгийг хүлээлгэн өгч авсан тухай баримт үйлдэн гарын үсгээ зурсан байх ба энэ баримтыг нотариат гэрчлээгүй тул хариуцагчийн, нотариатч үйлдэл хийхдээ хууль зөрчсөн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Зохигчид мөнгө хүлээлцсэн тухай баримтад зурагдсан гарын үсгийг хариуцагч МЗы гарын үсгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд шүүхийн журмаар шинжилгээ хийлгэхэд шинжээч “ ... 2014 он 06 сар 10 өдөр гэсэн огноотой зээлийн гэрээ гэх баримтын арын нүүрний зүүн доод талд “Хүлээн авсан” гэсний ард ... зурсан шинжилж буй гарын үсгүүд нь МЗы гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт туршилтын загвартай тохирч байна” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-22-28 дахь тал/ Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Т-ыг хариуцагч МЗд зээлийн гэрээгээр тохиролцсон 100 000 000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэгэнт зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч МЗаас үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 34 000 000 төгрөг, алданги 67 000 000 төгрөг нийт 201 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байх тул хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 201 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэд хэдэн хариуцагчаас татгалзаж, нэг хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсхүл ихэсгэсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 163 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД