Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00120

 

 

 

2021 02 02 001/ХТ2021/00120

 

 

 

А.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1516 дугаар магадлалтай,

А.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* ХХК нарт холбогдох

 

2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2211, 2212 тоот павилоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл,

 

2211, 2212 тоот талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч С.Анастасия, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Урантогос, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Ж.Саранцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч нь 2211, 2212 талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч ******* ХХК-аас талбайг Н.Чимэддолгорт худалдсан гэсэн үндэслэлээр чөлөөлөхийг шаардсан. Н.Чимэддолгортой байгуулсан худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуульд заагдсан шаардлагыг хангаагүй байсан бөгөөд гэрээнд өөрийн өмчлөлдөө үл хөдлөх эд хөрөнгийг аваагүй, компанийн нэр бичсэн байдаг. Компани нь үл хөдлөх хөрөнгөө худалдах бол тухайн хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд авсан байхыг хуулиар шаарддаг бөгөөд гэрээг нь үзэхэд хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, зүгээр л сараачсан бичвэр байдаг. Талбайн үнэ 17.000 ам.долларыг компанид өгсөн гэж байгаа боловч мөнгө хүлээж авсан данс байхгүй. Мөн уг талбайг худалдаж авсан Н.Чимэддолгор гэдэг хүн нь орон сууц барьцаалан Хас банк ХХК-аас зээл авч, худалдаж авсан гэдэг. Зээл олгосон дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргахад Хас банкны Алтжин бөмбөгөр дэх тооцооны төв хуурамч баримт ирүүлсэн, үүнийг хувийн журмаар шалгуулж мэдсэн. Шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт байгаа материалууд үнэн зөв байхыг шаарддаг. Хуурамч гэрээ нь нотариатаар орж гэрчлэгдсэн байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор нотариатын үйлдлийн дэвтрийг нотлох баримтаар авсан. Үүнд мөнгө төлсөн тоо, бүх юм нь зөрүүтэй, ойлгомжгүй эргэлзээтэй байгаа. Хуурамч баримт нь анх үйлдсэн цагаасаа хүчингүй байдаг. Нотариатч хэн гэрээ хийж байгаа нь тодорхойгүй байхад баталсан байдаг. Худалдааны төв нь Алтангийнх, ******* ХХК-ийн эсхүл ******* ХХК-ийн өмч юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв Алтан гэдэг хүний өмч бол тэрээр бусдад иргэн хүний хувиар итгэмжлэл олгосон байх ёстой. Гэтэл Алтангаас олгогдсон итгэмжлэл компани болон иргэнд ч байхгүй байна. Тэгэхээр энэ худалдах үйл ажиллагаа нь Алтанд хамааралгүй. Алтангаас бусад субъектүүдэд худалдах эрх нь байгаа гэдэг нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заагдсан тухайн компани өөрийнх нь өмчлөлд эд хөрөнгийг авсан байхыг шаардана. Өөрийн өмчлөлд байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсдэг. Түрээсийн үйл ажиллагааг даалгаврын гэрээгээр явуулж болно. Түрээсэлж байгаа этгээд нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол хүчинтэй эсэх асуудал хамааралгүй болох бөгөөд А.******* нь түрээсийн гэрээг Алтантай хийсэн байна уу, ******* ХХК-тай байгуулсан байна уу, эсхүл Дорж, Гомбо хэн нь мэдэгдэхгүй хүнтэй байгуулж байна уу гэдэг нь хамааралгүй. Өмчлөгч нь хүлээн зөвшөөрч байгаа учраас асуудалгүй. Гэтэл нэхэмжлэгч А.Сэлэнгийг хөөж байгаа гэрээгээр шууд А.Сэлэнгийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. А.Сэлэнгийн лангууг өөр хүнд худалдаж, дундаас нь жоохон мөнгө идэх гэсэн шунахай хариуцагч нараас болж ийм асуудал үүсэх болсон. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасны дагуу Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2211, 2212 тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгаж, ******* ХХК-ийн Н.Чимэддолгортой байгуулсан 2018.04.04-ний өдрийн 2211, 2212 тоот павильоныг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: ******* ХХК нь иргэн А.*******тэй 2016.11.01-ний өдөр ХЖ83083065 дугаартай Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбай хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа дахин 2018.11.01-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлслөх гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш учраас үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.4, 4.1, 5.11-д тус тус заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсны дараа түрээсийн талбайг түрээслэгч хүлээлгэн өгөх, түрээслэгч нь хүлээн авах үүрэгтэй гэж тохиролцсон бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан учраас манай компанийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй. Хөрөнгийн эзэн өөрөө уг талбайг бусдад худалдан борлуулж байгаа учраас нэхэмжлэгч нь гэрээг сунгахыг даалгах, гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд А.Сэлэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ******* ХХК нь иргэн Н.Чимэддолгортой 2018.04.04-ний өдөр Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайг худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Н.Чимэддолгор нь гэрээний урьдчилгаанд 17.000 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон бөгөөд ******* ХХК болон А.******* нарын байгуулсан талбай хөлслөх гэрээний хугацаа дууссаны дараа уг талбайг худалдан авагчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон. ******* ХХК болон А.******* нарын байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь эд хөрөнгө буцаан өгөх үүрэгтэй байтал өмчлөгчийн эрхэд халдаж эд хөрөнгийг захиран зарцуулах худалдан борлуулах эрхийг хууль бусаар хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Манай компанийн Н.Чимэддолгортой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь бие даасан тусдаа хэлцэл учраас нэхэмжлэгч А.******* нь манай компанийн бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, гэрээ сунгахыг шаардах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Чимэддолгорын тайлбарт: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд өөрийн бизнесийг өргөтгөх зорилгоор Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2211, 2212 тоот лангууг худалдан авахаар ******* ХХК-тай 2018.04.04-ний өдөр ХА2-2211-180503 тоот худалдах- худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 17.000 ам.долларыг өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж Хас банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авч төлсөн бөгөөд А.Сэлэнгийн түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа үйл ажиллагаагаа явуулахаар талууд тохиролцсон байсан. А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас өөрийн худалдан авсан лангуун дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бизнесийн зээлийн өрийн дарамтад орох эрсдэлтэй болоод байна гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Гоулд плаза худалдааны төв нь анх баригдаж эхэлснээс хойш буюу 2011 оны 4 дүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний зориулалтаар павильон буюу талбайг худалдан борлуулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 250 гаруй иргэн, аж ахуй нэгжид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. Тус худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайг ******* ХХК нь иргэн Н.Чимэддолгортой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд худалдан авагч нь үнийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон болно. ******* ХХК болон А.******* нарын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, манай компани уг талбайг бусдад худалдсан учраас Гоулд плаза худалдааны төвийн 7.6 м.кв 2211, 2212 тоот талбайг А.Сэлэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ. 

 

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж хуульчилсан байдаг. ******* ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог бөгөөд өөрийн өмчлөлийн ямар нэгэн эд хөрөнгөтэй талаар би мэдэхгүй байна. Нөгөө талаар Алтан гэдэг хүн иргэнийхээ хувьд өмчилдөг объектоо захиран зарцуулах эрхийг ******* ХХК-д олгосон байх гээд үзэхээр түүний өмчлөлд Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Их тойруу 27 хаягт ямар ч өмч бүртгэлгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй субъект нь ******* ХХК мөн гэдгийг тогтоосон баримт байхгүй. ******* ХХК-ийг хэн төлөөлж гарын үсэг зурсан нь тодорхойгүй зүгээр л сараачсан бичилттэй худалдах, худалдан авах гэрээ гэсэн хуурамч баримтыг гаргаж ирээд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд өмчлөлдөө аваагүй хөрөнгийг шаардах эрх 1,000,000 төгрөгийн хөрөнгөтэй компанид олгогдоогүй учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 2211, 2212 тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай А.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу-27 хаягт байрлах Гоулд плаза худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайтайг А.Сэлэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.*******эс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөг, ******* ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.*******эс 70,200 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******эс 996,250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1516 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 182/ШШ2019/01139 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1516 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үндсэн Хууль, Шүүхийн тухай хууль болон ИХШХШТХ-ийн 5-р зүйлд Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах гэснийг ноцтойгоор зөрчсөн. Шүүх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуульд нийцсэн гэрээ гэж үзсэн. Худалдах, худалдан авах гэрээний худалдагч этгээдийн гарын үсгийг уншихад н.Оюунаа гэдэг хүн гарын үсэг зурсан байх ба н.Оюунаа гэдэг хүнд үл хөдлөх хөрөнгө худалдах эрх олгосон ямар ч баримт хэрэгт байхгүй байгаа. Гэтэл шүүх н.Оюунаа гэдэг хүн хэнээс ч зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн байхад Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн. Хамгийн хачирхалтай нь шүүх хурал дээр шүүгч нар Гэрээн дээр хэн гарын үсэг зурсан юм бэ? гэж асуухад н.Болормаа гэгч этгээд Би гарын үсэг зурсан гэдэг ба шүүгч н.Болормаа гэдэг хүн бусдад Алтан болон ******* ХХК-ийн эд хөрөнгийг худалдах эрх олгогдсон байна гэж үзсэн. Хавтаст хэргээс н.Оюунаа биш н.Болороо гэдэг хүнд үл хөдлөх хөрөнгө худалдах эрх олгосон нэг ширхэг ч баримт байхгүй. Өмчлөгч нь тодорхойгүй эд хөрөнгийг 1 сая төгрөгийн хөрөнгөтэй ******* ХХК худалдсан гэх ба ЧД-ийн 2-р хороо Их тойруу 27 тоот хаягт ямар ч үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байгаа гэсэн албан тоот ирсэн. Гэтэл огт бүртгэгдээгүй мөртлөө 102 этгээдийг бүртгэсэн гэсэн эсрэг утгатай албан тоот байгааг нь ойлгохгүй, тодорхойгүй байхад шүүх маргаангүй гэж үзсэн. Алтжин бөмбөгөр дэх Хас банкны тооцооны касс 60 сая төгрөгийн зээл олгосон гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч тал Хас банкны Алтжин бөмбөгөр дэх салбар нь ашиг сонирхлын зөрчилтэй учир Хас төв банкнаас дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангаж Хас төв банкнаас дансны хуулга гаргуулах захирамж гаргасан. Бид хувийн журмаар Хас төв банкны теллерээр шалгуулахад Чимэддолгорыг Алтжин бөмбөгөрөөс 60 сая төгрөгийн зээл авсан талаарх мэдээлэл байхгүй гэсэн учир цагдаад шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгсөн үндэслэлээр гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг учир дээрх хүсэлтийг гаргасан болно.

Гэтэл Хас төв банкнаас дансны хуулга ирээгүй, оронд нь ашиг сонирхлын зөрчилтэй Алтжин бөмбөгөр салбараас ирүүлсэн хуурамч дансны хуулгыг шүүх захирамжаа зөрчин байж үнэн дансны хуулга гэж дүгнэсэн. Н.Чимэддолгор нь ипотекийн орон сууцны зээлтэй учир орон сууцаа барьцаалах боломжгүй юм. Гэрээ байгуулсан гэх өдөр 60 сая төгрөгийг огт төлөөгүй гэдгийг мэдэж байсан учир дансанд нь орсон эсэхийг шалгуулахыг хүсэхэд шүүгч татгалзсан. Дээрх байдлаар 2011 онд ашиглалтад орсон гэдэг объект 2019 он хүртэл улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй, 60 сая төгрөг төлсөн гэх баримтыг хуурамч гэдгийг нь цагдаа тогтоогоод хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, Хас төв банкинд Н.Чимэддолгор зээл авсан гэх мэдээлэл байхгүй, н.Оюунаа ч юм уу, н.Болороо ч юм уу ямар ч гэсэн эрх олгогдоогүй этгээдийн байгуулсан гэх хуурамч гэрээг шалгахаас татгалзсан, гэрчээр орсон нотариатч юуг гэрчилснээ мэдэн будлиж байхад шүүх дээрх бүх үйлдлийг хуульд нийцсэн гэж үзсэн нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн зарчимтай зөрчилдөж байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 182/ШШ2019/01139 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1516 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ХХК, Даян-Өндөр ХХК-д холбогдуулан 2211, 2212 тоот павильоны түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн дээрх павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн гэрээний хугацаа дууссан, павильоныг бусдад худалдсан гэж маргажээ.

 

Хариуцагч Даян-Өндөр ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж, 2211, 2212 тоот талбай буюу павильоныг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.******* нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 27 хаягт байрлах Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 дугаартай 7.6 м.кв талбайг 2016 оны 11 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сард 760,000 төгрөг төлж, худалдаа эрхлэхээр хариуцагч ******* ХХК-тай гэрээ байгуулсан, гэрээний хугацааг 2018 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, хариуцагч Даян-Өндөр ХХК, ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Г.Алтан нь харуцагчид маргааны зүйл болж буй талбайг бусдад түрээслэх, худалдах эрхийг олгосон байна. /1хх-20-21,38,68-69,159-162, 232,233/

 

Маргааны зүйл болж буй 2211, 2212 тоот павильон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, Гоулд плаза худалдааны төвийн хэсэг буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийн талбайг түрээслэсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн үндэслэлээр гаргасан 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

2. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Өмчлөгч энэ эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

 

Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтоох бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 11 сарын 01-ний өдөр дуусгавар болсон буюу гэрээг цаашид сунгахгүй талаар нэхэмжлэгч А.*******д 2018 оны 07 сарын 20-ны өдөр 18/22 тоот мэдэгдлээр мэдэгдсэн, хариуцагч Даян-Өндөр ХХК 2018 оны 04 сарын 04-ний өдөр иргэн Н.Чимэддолгортой үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 2211, 2212 дугаартай 7.6 м.кв талбайг 76,000 ам.доллараар худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 17,000 ам.доллар авсан, үлдэгдэл 59,000 ам.долларыг 2018 оны 11 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 01 хүртэл төлөхөөр тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /1хх-20-21,38,68-69,70-72,233/

 

Хариуцагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээр худалдах-худалдан авах гэрээний зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар дуусгавар болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нь 2211, 2212 дугаартай павильоныг гуравдагч этгээдэд түрээслээгүй, харин худалдсан байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд талууд ийм үндэслэлээр маргаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2211, 2212 дугаартай павильоныг худалдан авах давуу эрхтэй гэж маргаагүй тул Иргэний хуулийн 270 дугаар зүйлд заасан эрхийн зохицуулалт энэ маргаанд хамааралгүй юм.

 

Нэхэмжлэгч нь ...2211, 2212 тоот 7.6 м.кв талбайтай павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэнгүй.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.

 

Хариуцагч нар нь маргааны зүйл болж буй 2 талбайг өөр этгээдэд түрээслээгүй тул Даян-Өндөр ХХК-ийн Н.Чимэддолгортой байгуулсан 2018 оны 04 сарын 04-ний өдрийн ХА-2-2211-180503 дугаартай 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайтай павильоны худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгч А.*******д үүсээгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагынхаа үндэслэлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж тайлбарласан ба тэрээр энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна. Шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

4. Cөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

 

Даян-Өндөр ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК болон А.******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, уг талбайг бусдад худалдсан үндэслэлээр Гоулд плаза худалдааны төвийн 2 давхарт байрлах 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайг А.Сэлэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан байх бөгөөд шүүх Даян-Өндөр ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан эрхтэй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

5. Шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3501 дугаартай захирамжаар Хас банкны төвөөс зээлийн дансны хуулга гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн, түүнчлэн зээлийн гэрээ, Хас банкны тооцооны төвөөс ирүүлсэн дансны хуулгыг хуурамчаар үйлдсэн гэх баримтгүй, худалдах- худалдан авах гэрээнд М.Болормаа гарын үсэг зурсан ч хэлцлээр илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг талууд хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1516 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,066,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ

 

   ШҮҮГЧ Д.ЦОЛМОН