Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00636

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00636

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: “О И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.А-д холбогдох,                          

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 24.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ”О И ББСБ” ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх байхад 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Т.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.А нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 2014 оны 8 дугаар  сарын 01-ний өдөр 102/ШШ2014/03587 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу Т.Агаас 129.851.610 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 403.604 төгрөгийн хамт гаргуулахаар болсон ч төлөөгүй учраас “ О И ББСБ” ХХКнь Т.Агийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх хуудас бичүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа үнийн санал гаргасан боловч үүнд Т.А нь маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь гурван шатны шүүхээр яваад Улсын дээд шүүх эцэслэн шийдээд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр болон албадан гүйцэтгэх хуудсанд Т.Агийн барьцаалсан хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдэгдээгүй байхад шууд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ шүүхийн шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр 0001/ХТ2017/00664 тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Иймд тус банк бус санхүүгийн байгууллага нь дээрхи захирамж буюу анхны олгохоор шийдсэн захирамжаас үлдэх хэсэг болох 126.405.215 төгрөгийг тус банк бус санхүүгийн газрын барьцааны бүртгэлд байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байрны 95 тоот, Ү-2205018986 дугаартай орон сууц, М.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/ Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхар, 10 тоот хаягт байрлах авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн  7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Хариуцагч Т.А нь тайлбартаа нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг 3 сарын дотор төлж барагдуулна гэсэн байдаг. Уг хугацаандаа сайн дураараа биелүүлээгүй тул манай талаас ипотекийн зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэдэг үндэслэлээр мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол барьцаалуулагч нь үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэж тухайн захирамжид дурдсан төлбөрийг гаргуулахын тулд барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн  нэхэмжлэгч нотариатын төлбөр 24.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байгаа. Энэ нь Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд гурван шатны шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон шийдвэр, магадлал, тогтоол, анхан шатны шүүхийн төлбөр барагдуулах тухай захирамжуудын хуулбарыг нотариатаар батлуулсан. Шүүхэд хандахад манай талаас гарсан зардлыг нэхэмжилж байгаа гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн архиваас гаргуулсан нотлох баримт нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай тохирч байна. 129.850.610 төгрөг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж 807.210 төгрөг гаргуулж өгнө үү гэх шаардлага  нэхэмжлэлийн шаардлага биш болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулиар шийддэг. Барьцаа хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй, ойлгомжгүй байсан. Шүүхээс 129.850.610 төгрөгт иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 30м2 3 өрөө орон сууцаар төлбөр барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Хилчин хорооллын 2 үл хөдлөх хөрөнгийг 1 сарын хугацаатай итгэмжлэл авч зээлийн гэрээ байгуулсан. Энэ асуудлаар гуравдагч этгээд гомдол гаргачихсан учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчиж бид нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрсөн ч гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөнө гэж үзээд шүүхээс хариуцагчийн зөвшөөрөл батлахгүй учраас гуравдагч этгээдийн өмгөөлөгч энэ талаар тайлбар хэлэх байх гэж бодож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Эийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эийн өмчлөлийн байр, гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “О и ББСБ” ХХК-ийн захирал н.Б 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдолд гэрээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Т.Ад холбогдох барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шүүхээр шийдэж өгнө үү гэсэн байдаг. Үүнээс харахад  М.Эийн өмчлөлийн байр, гарааж зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэж нэхэмжлэл гаргаж байсан ч гомдолд Т.Ад холбогдох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч тал М.Э өөрийн байр, гарааж зэргийг барьцаалж зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл хийлгэж өгсөн. Барьцааны гэрээ байгуулах үед итгэмжлэл хүчин төгөлдөр байсан гэж тайлбарлалаа. Тухайн үед 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай итгэмжлэл хийсэн. Гэтэл М.Э нь Т.Ад итгэмжлэл өгснөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. М.Эийн тухайд 1 сарын хугацаанд байр барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн болохоос үүнээс хойш үүсэх үр дагаврыг хүлээхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийгдээгүй, итгэмжлэлийн хугацаа сунгагдаагүй. М.Эийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө орон сууц, гарааж зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс М.Эийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ О И ББСБ” ХХКнь хариуцагч Т.Ад холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 24.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “О И ББСБ”  ХХК нь хариуцагч Т.Атай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13/2110 тоот зээлийн гэрээ байгуулж, 13/4103 тоот хөрөнгө барьцаалах гэрээгээр Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотын 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан, 50.000 ам.долларыг сарын 5.0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 129.851.610 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. 

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч төлбөр төлөгч Т.А шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00664 дугаартай  Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Т.А 126.405.215 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25147 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдлоо.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь итгэмжлэлийн хугацаа дууссан тул М.Эийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасан “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан” гэх үндэслэл нь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн үйлдэлд хамаарахгүй болно.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай тул хариуцагч Т.А зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар 13/4103 тоот хөрөнгө барьцаалах гэрээний дагуу барьцаалсан                                          Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотын 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13/2110 тоот зээлийн гэрээний 3.2.6-д “Энэхүү гэрээний дагуу ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдон гарсан аливаа зардал болон урамшууллын төлөх” гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гарсан нотариатын зардалд 24.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан ба зохигчид гэрээндээ энэ талаар тохиролцсон байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн төлсөн 74.750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3,  175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Агаас 24.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгож, 126.405.215 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотын 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Эийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ