Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 928

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00928

 

 

“ОИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ОИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.А-д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 24 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Б.Бадрах

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батнайрамдал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ нь Т.А-г зээлээ төлөөгүй улмаас шүүхэд хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Т.А- бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2014/03587 дугаартай, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар Т.А-гаас 130 255 215 төгрөг, гаргуулахаар шийдвэрлэсэн.

Т.А- нь дээрх захирамжид дурдсан төлбөрийг төлөөгүй тул зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байрны 95 тоот, Ү-2205018986 дугаартай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/ Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхар, 10 тоот хаягт байрлах авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 24 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 30м2 3 өрөө орон сууцаар төлбөр барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Хилчин хорооллын 2 үл хөдлөх хөрөнгийг 1 сарын хугацаатай итгэмжлэл авч зээлийн гэрээ байгуулсан. Бид нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрсөн ч гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөнө гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энхцэцэгийн өмчлөлийн байр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. М.Энхцэцэг өөрийн байр, гарааш зэргийг барьцаалж зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл хийлгэж өгсөн. Тухайн үед 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай итгэмжлэл хийсэн. Гэтэл М.Энхцэцэг нь Т.А-д итгэмжлэл өгснөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. М.Энхцэцэгийн тухайд 1 сарын хугацаанд байр барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн болохоос үүнээс хойш үүсэх үр дагаврыг хүлээхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийгдээгүй, итгэмжлэлийн хугацаа сунгагдаагүй. М.Энхцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө орон сууц, гарааш зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс М.Энхцэцэгийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-гаас 24 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ОИ” ХХК-д олгож, 126 405 215 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотын 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие энэ иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох талаар мэдсэн үеэс бие даасан шаардлага гаргасан боловч хүлээн аваагүй. Иргэн Т.А-д хариуцагдах иргэний хэргийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж тус шүүхийн шүүгчийн 3587 тоот захирамж гарч зохигчид хүсэл зоригоо илэрхийлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн учраас дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуудагдсан.

Хариуцагч Т.А- нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээрхи шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан “ОИ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээд миний байрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд миний эрхийг ноцтой зөрчиж байна.

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 тоот шүүгчийн захирамж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гарсныг хянасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2017/00664 тоот тогтоол шийдвэрүүд гарч хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд дээрхи шүүхүүдийн шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хэрхэн биелэгдэж байгаа талаар хэрэгт авагдсан зүйл алга байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 74 дүгээр зүйлийн 74.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан заалтыг зөрчиж шийдвэр гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж миний эрхийг ноцтой зөрчлөө.

Би иргэн Амарсанаад итгэмжлэл олгохдоо нөхрийн төрсөн эгчтэй хамт ажилладаг Т.А-д хадам эгчийн хүсэлтээр итгээд л нэг сарын хугацаатай итгэмжлэл олгосон билээ. Би энэ хүнийг огт танихгүй хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй бөгөөд хугацаандаа асуудлыг шийдээд өгнө гэсэн .

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Т.А-гийн өр зээлийг өөрөөр нь төлүүлэх бүхий л арга хэмжээг авах ёстой талаар МУ-ын Дээд шүүхийн тогтоолд тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ОИ” ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хохиролд 24 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

                       

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 129 851 610 төгрөг гаргуулах тухай “ОИ” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Т.А- хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

            “ОИ” ХХК болон Т.А- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13/2110 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 50 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.А-, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод оршин байрлах 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотод оршин байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод оршин байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалан 13/4103 тоот барьцааны гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуулиар тавьсан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж зөв дүгнэжээ.

 

            Барьцааны эдгээр гэрээнүүдтэй холбоотой асуудлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар шийдвэрлээгүй.

 

            Гуравдагч этгээд М.Энхцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотод оршин байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод оршин байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус зээлийн барьцаанд тавих, гэрээ хэлцэл болон барьцааны гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 1 сарын хугацаатайгаар хариуцагч Т.А-д олгосон ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Итгэмжлэлд олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байхаар хугацаа тогтоосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ хугацааны дотор Т.А- нь өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулжээ.

 

Итгэмжлэлд заасан хугацаа нь итгэмжлэлээр олгогдсон эрх хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон юм. Иймд итгэмжлэлд заасан хугацаагаар барьцааны гэрээний хугацааг тодорхойлогдохгүй тул гуравдагч этгээдийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Т.А- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129 851 610 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардалд 24 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг ойлгомжгүй тодорхойлсныг залруулах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Т.А-гаас хохиролд 24 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОИ” ХХК-д олгож, Т.А- нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129 851 610 төгрөгийг “ОИ” ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Т.А-, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод оршин байрлах 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотод оршин байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Энхцэцэгийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод оршин байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА