Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00672

 

 

     

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00672

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Г ГХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БГД-ийн ЗДТГ холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 124 714 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ГХХК нь 2011 оны 6-р сард БГД-ийн ЗДТГай гэрээ хийж тамгын газрын хурлын заалны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 42 494 278 төгрөгийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, ажил хүлээлцэх комисс томилогдож актаар хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу төлбөрийн 5 хувийг чанарын баталгаат 1 жилийн хугацаа дууссаны дараа олгохоор заасан. Ажил гүйцэтгэх явцад 2011 оны 6-р сарын 27-ны өдөр 12 494 278 төгрөг, 2011 оны 8-р сарын 25-ны өдөр 27 875 286 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Үлдэх 2 124 714 төгрөгийг аваагүй байна. Гэтэл Нийслэлийн Аудитын газраас 2 124 714 төгрөгийг Баянгол дүүргийн төсөвт төвлөрүүлэхээр акт тавьсан. Энэ мөнгө нь төсвийн захиран зарцуулаагүй хөрөнгө биш бөгөөд харин ажлын хөлсний барьцаа болгож дараа авах байсан мөнгө юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2 124 714 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГД-ийн ЗДТГ-ын заалны засварын ажил гүйцэтгэхээр Г Г ХХК-тай 2011 оны 06-р сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй. Нийт 42 494 278 төгрөгийн ажил байсан, үүнээс 30 000 000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр, 12 494 278 төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011 оны 8-р сарын 02-ны өдрийн БГД-ийн ЗДТГ-ын хурлын заалны засварын ажлыг ашиглалтад оруулах комиссын акт” үйлдэн хүлээн авсан. Дээрх гэрээний тусгай нөхцөлд “Чанарын баталгаат хугацаа 365 хоног байх ба баталгаат хугацаа дуустал гэрээний үнийн дүнгийн 5 хувийг барьцаа хөрөнгийн дансанд байршуулна” гэж заасан бөгөөд баталгаат хугацаа дуусахад Г ГХХК нь барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаад авах боломжтой байсан. Гэтэл Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 01/126 дугаар актаар “2010-2014 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд 107 710 466 төгрөгийг буцаан олгоогүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Төсвийн тухай хуулийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд төсөвт төвлөрүүлэхээр шийдсэн. Манай зүгээс дүүргийн ЗДТГ-ын барьцаа хөрөнгийн дансанд байршсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь дүүргийн төсвийн хөрөнгө биш бөгөөд энэ данс нь он дамжин үлдэгдэлтэй байж болдог данс тул дээрх актыг үндэслэлгүй гарсан гэж үздэг. Дүүргийн 2018 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй тул Г ГХХК-ийн барьцаа 5 хувь болох 2 124 714 төгрөгийг буцаан олгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд төсвийн тодотгол хийж Г Г ХХК-ний мөнгийг шийдвэрлэх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г ГХХК нь БГД-ийн ЗДТГ холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 124 714 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

БГД-ийн ЗДТГ нь Г Г ХХК-тай 2011 оны 6-р сарын 10-ны өдөр тус тамгын газрын заалны засварын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 42 494 278 төгрөгийн ажлыг 38 хоногийн дотор гүйцэтгүүлэхээр /хх 4-5/  тохирчээ. 

 

Захиалагч ажлын хөлс 40 369 594 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, Г Г ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж актаар хүлээлгэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй байна.  

 

          Харин гэрээний 3-р зүйлд “...санхүүжилтийг гүйцэтгэлийн үе шатны ажлын хуваарийн дагуу хийх ба 5 хувийг гэрээний тусгай нөхцөлийн дагуу баталгаат хугацаа дуусахад олгох”- оор тохирсон, чанарын баталгаат хугацаа 1 жил, энэ хугацаанд ажлын доголдол илрээгүй, ажлын хөлсний 5 хувь болох 2 124 714 төгрөгийг гүйцэтгэгчид олгоогүй нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

            Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 01/126 тоот актаар 2010-2014 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд буцаан олгоогүй 107 710 466 төгрөгийг Баянгол дүүргийн төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон байх ба акт хүчинтэй байна.

 

Хариуцагч нь энэхүү актыг үндэслэлгүй гарсан гэх боловч төсвийн тодотгол хийх замаар Г ГХХК-нд олгох 2 124 714 төгрөгийг шийдвэрлэх боломжтой гэсэн нь буруу биш гэж дүгнэлээ.            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан БГД-ийн ЗДТГ –аас 2 124 714 /хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж Г Г ХХК-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 945  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч БГД-ийн ЗДТГ -аас 48 945 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА