Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0484/З |
Дугаар | 128/ШШ2020/0632 |
Огноо | 2020-10-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2020/0632
2020 оны 10 сарын 06-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Н.О өмгөөлөгч К.Жк, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Н.О нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яам.
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэгдүгээрт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Хоёрдугаарт. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Гуравдугаарт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,
Дөрөвдүгээрт. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,
Тавдугаарт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаалын 1 болон 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах,
Зургаадугаарт. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох
Долоодугаарт: Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.О 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Онь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 4 дүгээр сард зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгүүлж 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн.
Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/******* дугаар захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар томилж ажиллуулсан.
Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга өөрчлөгдөж шинээр томилогдсон Засаг дарга А.Г 2016 оны 9 дүгээр сарын *******-ны өдрөөс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэргийн шүүхэд хандсан ба 3 шатны шүүхийн шийдвэр миний талд гарч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/******* дугаар захирамжаар ажилд эргүүлэн томилсон. Үүнээс хойш үүрэг ажлаа одоо хүртэл гүйцэтгэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн суралцагчдын монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор манай сургуулийг лаборатори сургууль болгож сургуулийн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, урлагийн газар, сургуулийн захирал нарт тус тус үүрэг болгосон. Ингэхдээ намайг ажлаас чөлөөлсөн, өөрчилсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсрол лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зарыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас олж мэдээд энэ шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 2.1-д Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчаар албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлж Төрийн албаны зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлэхээр зохицуулсан. Мөн журмын 2.2-д Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг сонгон шалгаруулалт явуулах харьяаллын дагуу ирүүлэх ёстой.
Сул орон тоог нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн, цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй, энэ талаар хэн нэгэн албан тушаалтнаас надад мэдэгдэж байгаагүй. Миний бие одоо хүртэл Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаа. Томилох эрх бүхий албан тушаалтнаас намайг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, надад энэ талаар мэдэгдэж байгаагүй.
Би одоо 5 сартай жирэмсэн, эмчийн хяналтад явж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон.
Нөхцөл байдал ийм байхад сургуулийн захирлын сул орон тоо гарсан гэж захиалга өгч тэрний дагуу сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь өөрөө хууль бус юм. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан. Энэ нь хэдийгээр төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах нэмэгдэл баталгаа боловч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд нэгэн адил хамаарах ёстой.
Манай сургуулийн нэр өөрчлөгдөж лаборатори сургууль болсон боловч сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн. Энэ тохиолдолд өмнө нь зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа захирлыг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.
Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах тухай захиалга өгсөн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “... Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 2.2-т эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх 3.1-т Сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна гэж зааснаас үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь зөвхөн сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл нь сонгон шалгаруулалт зарлах бүрэн эрхтэй байна. Гэтэл сул орон тоо гараагүй буюу намайг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, чөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй байхад сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн сайдын шийдвэр, хууль бус захиалгыг хүлээн авч сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэр гаргасан нь хууль бус юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь лаборатори сургууль болж, яамны харьяалалд хамаарагдахаар болсон нь намайг ажлаас чөлөөлөх, шинээр сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн үндэслэл болохгүй. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр хууль бус миний хөдөлмөрлөх, төрийн алба хаах эрхийг зөрчсөн тул 2019 оны 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулагдах Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлах захиалга өгсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа “... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус болохыг тогтоолгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1б/7098 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* дугаар албан бичиг болон түүний хавсралт Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичиг болон түүний хавсралтын дагуу 2019 оны 7 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалт болсон боловч нэг ч иргэн тэнцээгүй гэх мэдээллийг хариуцагчаас ирүүлсэн ба эдгээр маргаан бүхий актууд хэрэгжиж, сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасантай нийцүүлэн маргаан бүхий актууд хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “ ... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаал 1 дэх хэсэг нь намайг захирлын албан тушаалын албан тушаалаас чөлөөлөх буюу захирлын албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэр бөгөөд миний үргэлжлүүлэн захирлын албан тушаалд томилогдон ажиллах эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 40 дүгээр зүйлийн 40.4, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохгүй байх, сонгон шалгаруулалт явуулах үндэслэл бүрдээгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаал болон намайг захирлын албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаалын 1, 7 дахь хэсгийг хүчингүй болгож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын намайг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, намайг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг Н.О нь бүрэн хангаж байгаа. Маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нэг ч иргэн сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн тайлбарыг хариуцагчаас ирүүлсэн. Захиргааны актууд болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 1/******* дугаар албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн сургуулийн захиралтай холбоотой акт хэрэгжсэн. Энэ захирамжийг хүчингүй болгосноор эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гарсан. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичиг болон түүний хавсралтын сургуулийн захиралтай холбоотой хэсэг хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явагдсан гэсэн үг.
Энэ 2 акт яагаад хууль бус вэ? гэвэл төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт явуулдаг журмыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан. Төрийн үйлчилгээний байгууллагын шууд захирагчийг сонгон шалгаруулах журам гэж байгаа. Үйлчилгээний удирдах албан тушаалтантай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой тухайлсан хэм хэмжээний журмын 2 дугаар бүлэгт сул орон тоог нийтэд зарлах гэсэн хэсэг байгаа.
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.2-т Эрх бүхий албан тушаалтан сул орон тоог гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн аймаг нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу явуулж дор дурдсан баримт бичгийг хавсаргана 2.2.1-т тухайн албан тушаалын тодорхойлолт, 2.2.2-т тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотолсон шийдвэр байна гэж заасан. Гэтэл сул орон тоо гарсан талаар нотолсон шийдвэр хэргийн материалд байхгүй. Сул орон тооны захиалга өгөх процесс нь сул орон тоо гарсны дараа яригдах ёстой. Гэтэл сул орон тоо гараагүй. Н.О нь ажиллаж байх үед сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь энэ журмыг зөрчиж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 2.3.1-т сул орон тоо гарсан нь хууль тогтоомжид нийцсэн байна гэж заасан байдаг. Сул орон тоо гарсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжоор түүнийг нотолсон шийдвэр байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн өмчлөгч өөрчлөгдөхөд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга томилдог байснаа сайд томилдог болсон нь тухайн ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Тусгай зөвшөөрлийг өөрчилж байгаа асуудал болохоос шинээр сургууль байгуулагдах, 2 сургуулийг нэгтгэж байгаа зүйл байхгүй.
Салбар зөвлөлийн шийдвэртэй холбоотойгоор шүүхээс үзлэг хийгдсэн. Энэ үзлэгээр юу тогтоогдсон гэхээр тухайн сонгон шалгаруулалтыг зарлах тухай шийдвэр гаргахдаа салбар зөвлөл огт хуралдаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн салбар зөвлөлийн ажиллах журмыг баталсан. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 5.1-т салбар зөвлөл нь хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 5.2-т хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг үндэслэн шийдвэрлэх зарчмыг баримтална гэж заасан боловч салбар зөвлөлийн нэг ч хуралдаан болоогүй. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонгон шалгаруулалт зарлах адилхан үндэслэлтэй актуудыг дахин гаргасан. Иймээс эдгээр актууд хууль бус юм. Нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд ажиллах, хөдөлмөр эрхлэх мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан ажлаас халагдахгүй байх гэсэн баталгаат эрхүүдийг ноцтойгоор зөрчсөн. Өмнөх шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Н.О ажлын байрны шаардлагыг хангаж байгаа гэсэн тайлбарыг гаргасан. Сонгон шалгаруулалт гэдэг нь хамгийн сайн ажиллаж чадах ур чадвартай, туршлагатай шаардлага хангах хүнийг томилох үйл ажиллагаа юм. Түүнээс зөвшөөрөл нь өөрчлөгдөхөөр дараагийн сонгон шалгаруулалт заавал явуулдаг асуудал байхгүй. Төрийн алба тогтвортой байх гэсэн зарчим алдагдаж байна. Нэгэнт ажлын байрны шаардлага хангаж байгаа хүнийг ажиллуулахгүй яагаад дахин сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн б/47 дугаар тушаалаар жирэмсэн болон амаржсаны 120 хоногийн амралтаа авч хүүхдээ төрүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Б ажилдаа орохыг хүссэн өргөдөл өгсөн. Уг өргөдлийг шийдвэрлэхдээ тус сургуулийн захирлаар биш албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Яагаад албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь тодорхой биш. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/412 дүгээр албан бичгийг тус шүүхэд ирүүлэхдээ Н.Онь жирэмсний амралттай байгаа. Сонгон шалгаруулалт явуулаагүй, албан тушаал хэвээрээ хадгалагдаж байгаа гэсэн албан тоот ирүүлсэн. Тэгвэл албан тушаал нь хэвээрээ хадгалагдаж байгаа бол захирлын албан тушаалд томилох ёстой. Яагаад түр орлон гүйцэтгэгч болгосны хуулийн үндэслэл тодорхой биш. Дахин сонгон шалгаруулалтад оролцох ёстой тиймээс түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж байгаа нь хууль бус юм. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилд орохдоо өмнөх албан тушаал хэвээр хадгалагдах ёстой учраас захирлын албан тушаалд томилогдох ёстой гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус юм. Иймээс хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдад даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан.
Уг гомдлын дагуу хянан шийдвэрлэсэн зүйл байхгүй. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/*******58 дугаар төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг хэрэгт авагдсан.
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 2.1-д Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Төрийн албаны зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-д “сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг”, 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан. Иймд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмаар зохицуулна гэсэн хариу өгсөн.
Тиймээс О заавал сонгон шалгаруулалтад орох ёстой гэсэн хариу өгөөгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр хууль бус байна. Иймд Н.О ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх”-өөр заасан байдаг.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг лаборатори сургууль болгох шийдвэр гарсан тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарласан.
Сургуулийн хэв шинжийг лаборатори сургууль болгосонтой холбоотойгоор тухайн албан тушаалд Боловсрол, шинжлэх ухааны сайдаас өмнө нь томилгоо хийж байгаагүй тул төрийн албан зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасан тухайн албан тушаалын сул орон тоог зарлана гэсний дагуу сонгон шалгаруулалтыг зарласан.
Мөн Төрийн албаны тухай шинэчилсэн хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам баталсан. Энэхүү журмын дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг батлан мөрдөж байна.
Энэхүү батлагдсан албан тушаалын тодорхойлолтод зааснаар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын ажлын байранд гүйцэтгэх чиг үүрэг нь ердийн сургуулийн захирлын ажлын байранд гүйцэтгэх чиг үүргээс ялгаатай бөгөөд Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтын дагуу “бага, дунд боловсролын сургалтын агуулга хөтөлбөр, хөгжлийн судалгаа, арга зүйн туршилтын сургуулийг хөгжүүлэх, харьяалах аймгийн хэмжээнд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлийн сургалт-дадлагыг зохион байгуулах, бусад сургуулиудад шинэ технологи арга зүйг түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах ажлыг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах, үр дүнг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах” гэсэн нэмэлт чиг үүргийг гүйцэтгэдэг.
Энэ утгаараа ажлын байрны тавигдах шаардлага нь өндөр байдаг. Хууль тогтоомжийн дээрх шаардлагуудын хүрээнд Баян-Өлгий аймгийн лаборатори сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарласан болно.
Иймд нэхэмжлэгч Н.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг лаборатори сургууль болгосонтой холбоотойгоор Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд Боловсрол, шинжлэх ухааны сайдаас өмнө нь тухайн албан тушаалд томилгоо хийж байгаагүй тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасан тухайн албан тушаалын сул орон тоог зарлана гэж, Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасан “... төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ” гэсний дагуу сонгон шалгаруулалтыг зарласан ...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Боловсролын тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа холбогдох заалтын дагуу арга хэмжээ явагдаж байгаа. Н.О ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Захирлын үүрэгт ажлаа эрхэлж байгаа. Цалин урамшууллаа авч байгаа. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт ерөнхий боловсролын лаборатори сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх гэж заасан. Үүний дагуу Н.О албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын хэмжээнд 45 лаборатори сургууль байдаг. Түүний нэг нь Баян-Өлгий аймгийн 2 дугаар лаборатори сургууль юм. Орон нутгийн харьяанд байсан сургуулийг яагаад лаборатори сургууль болгосон бэ? гэхээр монгол хэлний сургалтын асуудал маш доогуур, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу монгол хэлний багш нарын монгол хэлний арга зүй, сургалтыг сайжруулах зорилгоор лаборатори сургууль болгож өөрчилсөн. Боловсролын тухай хуульд лаборатори сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ? гээд тодорхой заагаад өгчихсөн. Захирал нь ямар шаардлага хангасан хүн байх вэ? захирлыг яаж томилж, чөлөөлөх вэ? захиргааны болон мэргэжлийн удирдлагаар яаж дэмжлэг үзүүлэх вэ? гээд зохицуулалтыг хийсэн.
Хөдөлмөрийн гэрээгээр захирлуудын үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэх талаарх зохицуулалт хийсэн. Төрийн албан хаагчийн тухай хуулиар сонгон шалгаруулалт яаж явуулах гээд эдгээр хуулиудыг баримталсан. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын тухайд өмнө нь орон нутгийн харьяанд байсан. Одоо яамны харьяанд ирсэн учраас энэ сургуулийн захиралд тавигдах шаардлага өөр болсон. Хэрэгжүүлэх чиг үүрэг мөн өөрчлөгдсөн. Томилдог эрх бүхий албан тушаалтан нь өөр болсон. Ийм гурван үндсэн шалтгааны улмаас ажлын байр сонгон шалгаруулах үндэслэл бий болсон. Яг сонгон шалгаруулалт зарлах үеэр би Н.О утсаар болон албан бичгээр зөвлөж байсан. Сонгон шалгаруулалтад ор, тавигдаж байгаа шаардлагад чи тэнцэж байгаа. Тэгээд захирлын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээд явъя гэж хэлсэн боловч Н.О сонгон шалгаруулалтад ороогүй. Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тоо гарсан эсэх асуудлаар судалгаа тайлбарыг тухай бүрд нь хүргүүлсэн. Тус сургууль нь аймгийн харьяанд биш яамны харьяанд шилжиж ирсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг зарлуулах хүсэлт гаргаж байсан. Н.О цалингаар нь албан тушаалаар нь ямар нэг байдлаар одоог хүртэл хохироогоогүй. Захирлын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээд явж байгаа. Цаашдын лаборатори сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлахад энэ удаагийн томилгоо хэрхэн шийдэгдсэн талаар бусад түр орлон гүйцэтгэж байгаа захирлууд харж байгаа. Иймд Боловсролын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Төрийн албаны салбар зөвлөл нь сонгон шалгаруулалт зарлах эсэх, судалгаа явуулах, албан бичиг явуулах эсэх нь заавал хуралдаанаар шийдвэрлэх албагүй. Төрийн албаны салбар зөвлөлийн дотоод ажлын хүрээнд явагдаж байгаа ажил юм. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтад оролцоорой гэж Н.О утсаар холбогдсон. Аль аль тал нь хуулиа хэрэгжүүлээд явсан нь дээр гэж бодож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд хандан анх “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах тухай захиалга өгсөн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаснаар хариуцагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна. Үүнд:
Нэгдүгээрт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Хоёрдугаарт. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Гуравдугаарт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,
Дөрөвдүгээрт. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах,
Тавдугаарт. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаалын 1 болон 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах,
Зургаадугаарт. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
Долоодугаарт. Намайг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад даалгах.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн “Н.О ажлаас чөлөөлөх тухай” Б/495 дугаар захирамжаар “... Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын *******-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн үндэслэлийг харьяалах шүүх шийдсэний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Н.О ажилд томилох тухай” Б/******* дугаар захирамжаар “... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолын дагуу Н.О Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлаар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн томилсон талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн гэтэл тус сургуулийн захирлын сул орон тоо гараагүй байхад захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах тухай захилга өгсөн, сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлээр зохицуулсан харилцааг зөрчсөн” хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахыг хүсэж байсан бол, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны байгууллага холбогдох шийдвэрийг гаргасан, хууль зөрчөөгүй хэмээн мэтгэлцэж байв.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны акт болон маргааны үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Маргаанд хамааралтай үйл баримт, хуулийн зохицуулалтын талаар.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/******* дугаар тушаалаар “... Баян-Өлгий аймгийн суралцагчдын монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг Лаборатори сургууль болгохоор” шийдвэрлэж, 2024 оны 5 дугаар сарын 09 хүртэл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0003551 дүгээр гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн 270001129 дүгээр гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг нь бүртгэжээ. Энэ нь Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14: “ерөнхий боловсролын лаборатори сургууль гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т: “... ерөнхий боловсролын лаборатори сургууль, ... байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4: “улсын бүртгэлийн байгууллага ... тусгай зөвшөөрөлд үндэслэн ... ангиллаар, ... хэв шинжээр нь нэрлэж бүртгэнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1: “тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэсэн заалтын хүрээнд байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдсанаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/282 дугаар тушаалаар “...Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг нэгдүгээр, “ерөнхий боловсролын тусгай сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг гуравдугаар хавсралт ёсоор” тус тус баталсан ба уг ажлын байрны тодорхойлолт нь энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Н.О тухайн албан тушаалд ажиллах шалгуурыг хангаж байгаа эсэхийг тогтоох баримт байна.
Энэ утгаараа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 354 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-ын тавигдах шаардлагад “бакалавраас доошгүй зэрэгтэй, боловсролын менежментээр мэргэшсэн, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх” гэж заасан байсан бол, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын тавигдах шаардлагад “бакалавр зэрэгтэй, боловсролын болон төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх, ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх”-аар тавигдах тусгай шаардлага нь заагдсан, энэ шалгуурыг хангасан хүнийг маргаан бүхий захирлын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулах нөхцөл байдал үүсчээ.
Шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд бичигт баримтын үзлэгийг явуулсан ба үзлэгийн тэмдэглэлд: “... Боловсролын тухайн хуулийн 28.1.12-т заасны дагуу сонгон шалгаруулалт зарладаг ба тэмдэглэл болон шийдвэр гаргадаггүй. Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлахдаа Төрийн нарийн бичгийн даргад захиалга өгдөг ба тухайн албан тушаалтан Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгч, үүний дагуу сонгон шалгаруулалтын комисс байгуулагдан ажилладаг. Сонгон шалгаруулалтад тэнцэж, томилох эсэх асуудал яригдахаас өмнөх шатанд хурлын тэмдэглэл, шийдвэр гардаггүй...” гэж тусгагджээ.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/*******58 дугаар албан бичигт “... Төрийн албан хаагчийн албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд шилжүүлсний улмаас орон тоо суларсан болон шинээр бий болсон орон тоог сул орон тоо гэж үзнэ. ...Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаг болно” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлийн талаар.
Нэхэмжлэгчийн зүгээс “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* албан бичгийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэгдүгээр шаардлага, “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 албан бичгийн хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу шийдвэр гаргуулахыг шүүхээс хүсэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/******* өдрийн албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандаж, хаяглан “... Хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох тогтоол дүгнэлтийг ирүүлнэ үү” гэсэн агуулгатай албан бичиг байна.
Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичиг нь Төрийн албаны зөвлөлд хаяглан “... сайдтай зөвлөлдсөний дагуу яамны харьяа байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах ажлын хугацааг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн саналаар хэрэгжүүлэхээр тогтлоо. Байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах ажлын зарыг цахимаар хүргүүллээ. Салбар зөвлөлд сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу зохион байгуулна” гэсэн агуулгатай ажээ.
Шүүх, маргаан бүхий энэ тохиолдолд “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа юу” гэдэгт анхаарлаа хандуулж дараах байдлаар дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэгч анх дээрх хоёр албан бичгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр шүүх нэгэнт хүлээн авсан, тухайн тохиолдолд шууд захиргааны актын шинжийг агуулаагүй, тухайлбал, нэхэмжлэгчид шууд хаяглагдаагүй, үр дагавар үүсгээгүй зэрэг шинжээр нь хүлээн авахаас татгалзахгүйгээр хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгах боломжтой гэж шүүх үзсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, холбогдох ажиллагааг шүүхээс явуулсан тул шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлд нь дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Дээр дурдсанаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас /хуучин нэрээр/ нэхэмжлэгчийн захирлаар нь ажиллаж байгаа сургуулийн эрх зүйн байдлыг Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар өөрчлөн тогтоож, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар төсвийн шууд захирагчтай /лаборатори сургуулийн захирал/ Төсвийн тухай 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан төсвийн удирдлагын талаарх харилцаанд оролцохын тулд нөгөө талаас Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх харилцаанд оролцохын тулд өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчид хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байхгүй байна.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлага буюу “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 албан бичгийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралд хамаарах хэсгийг”, нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлага буюу “Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичгийн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралд хамаарах хэсгийг” тус тус маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, хариуцагч тус бүрийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсэж байна.
Маргаан бүхий 1б/7098 албан бичиг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, хаяглаж гарсан ба агуулгын хувьд “яамнаас харьяа төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулах, дүнг сайдад танилцуулах, албан бичгийн хавсралтаар сонгон шалгаруулалт зарлах албан тушаалын нэрсийг жагсаалтаар хүргүүлж, жагсаалтын 8 дугаарт Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал” гэж байна.
Харин 20 дугаар албан бичиг нь Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б нэр дээр хаяглан “яамны харьяа 14 байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг цахим хуудсандаа байрлуулж өгөхийг хүссэн” агуулгатай байна.
Маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж байгаа энэхүү албан бичгүүд нь нэхэмжлэлийн нэг болон хоёрдугаар шаардлагын тухайд дүгнэсэн үндэслэлтэй ижил ба нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой бус хариуцагч захиргааны байгууллагаас хуульд зааснаар бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, хангуулахын тулд гарсан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчтэй нэгэн адил хэн ажиллаж байгаагаас үл хамаарч хариуцагчид маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх, шаардлага хуулиар бий болсон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн “М.А ажлаас чөлөөлж, Н.О ажилд түр томилох тухай” Б/******* дугаар тушаалын нэг дэх заалтаар “Н.О нь төрсний болон амаржсаны амралт дуусаж, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулах”-аар, долоо дахь заалтаар “Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах”-аар тус тус зааж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь энэ тушаалын дурдсан хоёр заалтыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх мөн үндэслэлгүй хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Яагаад гэвэл, нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ хүүхэд төрүүлэх, асрах чөлөө авсан, энэ байдал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Н.О жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай” Б/47 дугаар тушаалаар нотлогдож байгаа, түүнийг /нэхэмжлэгчийг/ үргэлжлүүлэн ажиллуулахын тулд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасан “захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох” хуулийн заалтыг хэрэгжүүлэх эрх, үүргийг хариуцагчаас зөрчих боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, буцаан түр томилсон гэж үзэхгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасан “хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” зохицуулалт маргаан бүхий энэ тохиолдолд хийгдээгүй, өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтыг шүүх хэрэглэж дүгнэхийн тулд эхлээд лаборатори сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон байх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд лаборатори сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн баримт байхгүй, тухайн албан тушаалын хэвийн үйл ажиллагааг хангуулахаар түр томилсон нь үндэслэлтэй, маргаан бүхий албан тушаалын орон тоог сонгон шалгаруулалтын дагуу нөхөхийн тулд хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сул орон тоо гэж үзсэн нь үндэслэлтэй, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д нийцсэн байна.
Нөгөө талаас хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дараа баталсан Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дараа маргаан бүхий албан тушаалын буюу Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталснаар уг тодорхойлолтод заасан шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулах нөхцөл байдал бий болсон, түүнийг хэрэгжүүлэхийн тулд гаргасан маргаан бүхий тушаалын холбогдох заалтууд нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид хаяглан дараах хариуг өгч байсан. Үүнд:
-Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9/7100 дугаар Н.О өргөдлийн хариуд “...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар тушаалаар танай сургуулийг лаборатори сургууль болгохоор шийдвэрлэсэн. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх”-өөр заасан.
Мөн Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу энэ оны 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэг ч иргэн тэнцээгүй тул дахин явуулахаар төлөвлөж байна. Танд дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан, сонгон шалгаруулалтад бүртгүүлж, оролцохыг зөвлөж байна” хэмээн тодорхой хариу өгчээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь маргаагүй, энэхүү хариуг авч байснаа тайлбарласан, үүгээрээ хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Хэрэв нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах байсан бол аймгийн Засаг дарга шийдвэрлэх байсан. Хариуцагч захиргааны байгууллага бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудлынхаа хүрээнд холбогдох захиргааны үйл ажиллагаа хэрэгжүүлсэн нь эс үйлдэхүй байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, хуульд нийцсэн байна. Ийм учраас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Шүүх, нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хангахаас татгалзсан тул даалгах шаардлагыг мөн адил хангах үндэслэлгүй. Хариуцагч захиргааны байгууллагуудаас гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгчид энэ тухай хариу өгсөн нь тогтоогдож байх тул шүүхээс даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1: “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12: “... ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, ...” бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд маргаан бүхий албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахаар захиалга өгсөн нь хуульд нийцсэн, улмаар тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргааныг шүүх шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаан биш тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтын талаар дүгнэх шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/******* тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 20 дугаар албан бичиг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/******* тоот тушаалын 1 болон 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б