Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2018/00083/и |
Дугаар | 284 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00083/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, *******-ны менежер ажилтай, ******* овогт ******* холбогдох,
6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өөр чиглэл рүү орох зорилгоор Л.******* уулзаад Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын зөвшөөрөл авах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үйл ажиллагааны зардал 6 сая төгрөг шилжүүлсэн. Лизензний үнэ гэж 2 удаа 250 000 төгрөгөөр буюу нийт 500 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч үр дүн гараагүй тул 6 500 000 төгрөгийг Л.******* гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* надад хандаж манай *******-д газар хэрэгтэй байна чи газрын лиценз хөөцөлдөж авах талаар туршлагатай хүн болохоор манай компанид Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын лиценз хөөцөлдөж гаргаж өгөөч гэж удаа дараа гуйгаад байсан тул миний бие энэ хүмүүст тус болох зорилгоор ашигт малтмалын хайгуулын лиценз хөөцөлдөж гаргуулж өгөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Гэрээнд заасан ёсоор миний бие энэ ажлыг хөөцөлдөхөд гарах зардалд тооцож 6 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авсан. Харин 500 000 төгрөгийг ******* өөрсдөө төрийн санд тушаасан. Ашигт малтмалын хайгуулын лиценз гаргах ажил нь олон шат дамжлагатай урт хугацаа шаардсан ажил байдаг бөгөөд зөвхөн кадастрын зураг гаргуулахын тулд тусгай зөвшөөрөлтэй компаниар газрын солибцол тогтоох, уулын ажлын урьдчилсан төлөвлөгөө, төсөл гаргуулах, нарийвчилсан кадастрын зураг гаргуулах ажлын хөлсөнд 3 500 000 төгрөг төлсөн. Мөн Газрын албанаас давхцал байгаа эсэхийг шүүлгэх, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрсөн тохиолдолд Геологи уул уурхайн яамны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах зэрэг шат дараалсан ажлуудыг хийхэд үлдэх 2 500 000 төгрөгийг зарцуулсан болно. миний бие *******-аас авсан 6 сая төгрөгөөс өөрийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд зөвхөн ашигт малтмалын хайгуулын лиценз гаргуулах ажилд мөнгийг зарцуулсан болно. Миний бие дээр дурьдсан ажлуудыг бүгдийг нь хийж гүйцэтгээд лиценз бичигдэх шатандаа явж байхад 2017 оны дундуур Засгийн газрын тогтоол гарч ашигт малтмалын лиценз гаргах ажлыг орон даяар түдгэлзүүлсэн юм. *******-ны хүмүүс энэ байдлыг мэдсээр байж ажил дуусгавар болоогүй байхад надаас өөрсдийнх нь ажлыг хийхэд зарцуулсан мөнгийг нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй болохоор ашигт малтмалын хайгуулын лицензийг ямар ч байсан гаргуулж өгнө тэгэхдээ энэ ажлыг хөөцөлдөхөд өөрийн зүгээс олон өдрийн ажлаа алдаж хүч хөдөлмөрөө зарцуулсны хөлсийг энэ компаниас авч байж лицензийг өгөх болно. ажил гүйцэтгэхэд хөөцөлдөж бүрдүүлсэн бичиг баримт, зардлын баримтыг гаргаж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 6500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.******* нь өөрөөс шалтгаалах зүйлгүйгээр лиценз гаргах ажил удааширсан, ашигт малтмалын хайгуулын лиценз гаргуулах ажилд мөнгийг зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан *******-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ******* овогтой ******* гүйцэтгэх захирлаар томилсон байх бөгөөд *******-ны гүйцэтгэх захирал Э.*******ээс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Л.*******т холбогдох 6500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт компаныг төлөөлөн нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Л.******* нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Орхон сумын 94 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг *******-ны нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэх, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 01 хүртэл, гүйцэтгэгч нь гэрээний хугацаандаа тусгай зөвшөөрлийн бичиг баримтыг хөөцөлдөж гаргуулах ба гараагүй тохиолдолд харилцан тохиролцож гэрээнд нэмэлтээр хугацааг өөрчлөхөөр, ажлыг нийт 6 сая төгрөгөөр гүйцэтгэж бэлэн болгох бөгөөд эхний шатны бичиг баримт бүрдүүлэхэд шаардагдах 3 сая төгрөгийг захиалагчид 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр өгч үлдсэн 3 сая төгрөгийг лиценз бэлэн болсон үед саадгүй төлөхөөр гэрээндээ тусгажээ.
Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 сая төгрөгийг Л.*******т Худалдаа хөгжлийн банкаар, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 250 000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан өгсөн баримт болон 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Л.*******т нийт 6 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар баримт ирүүлсэн байна.
Талууд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч ажлын үр дүн буюу лиценз гаргаж өгөх талаар тохироогүй, зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг *******-ны нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэхээр тохирсон нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дууссан байх бөгөөд гэрээний 2.3-т заасны дагуу гэрээнд нэмэлт хугацаа тохироогүй байна.
Хариуцагч Л.******* нь ашигт малтмалын хайгуулын лиценз гаргуулах ажилд мөнгийг зарцуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч Л.******* 6500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.******* 118950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА