Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, * овогт М.Ц /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, * овогт Б.С /РД:*/-т холбогдох

 

Зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нас гүйцсэн сувай гүүний үнэ 700 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, гэрч Ч.Э, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь 2014 оны 11 дүгээр сард надтай уулзаад мөнгө зээлэх хүн байна уу, мөнгө зээлж хүүтэй нь буцааж өгье гэсний дагуу би найз Төмөрчөдөрөөс 3 000 000 төгрөгийг 1-3 сарын хугацаатай зээлж, С-ийн гэрийн гадаа найз Т-ийн хамт байж байгаад 3 000 000 төгрөгийг өгсөн. Б.С нь уг мөнгийг 1-2 сарын дараа өгнө гэсэн боловч өгөхгүй удаад байхаар нь охин Б.Э-тэй уулзахад “та зээлсэн 3 000 000 төгрөгийг хүүтэй нь хамт төлчих, би дараа нь төлж өгнө” гэхээр нь би Төмөрчөдөрт үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сард буюу мөнгө зээлсэнээс хойш 5 сарын дараа төлж дуусгасан. Мөн 2016 оны 11 дүгээр сард нас гүйцсэн, сувай, тарган хүрэн зүсмийн гүүгээ авчирч өгсөн. Үүний үнэ болох 700 000 төгрөгийг гаргуулж авна. Намайг энэ адууг Б.С-т өгсөнийг Х.О мэднэ. Иймд Б.С-с зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нас гүйцсэн сувай гүүний үнэ 700 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч М.Ц-с 3 000 000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг зээлж авахдаа хэлцэл хийсэн ба хэлцэлд заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй. Б.С нь чулуу болон мөнгө өгсөн талаар ярьж байна. Үүнийг нотлох үүрэгтэй. Шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш их хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гүүний махыг үнэлсэн үнэлгээн дээр гомдол санал гаргаагүй, чулууны өгсөн талаар нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. 1 300 000 төгрөгний чулуу гэж хэдэн ширхэг, ямар чулуу болох, Б.С нь М.Ц 300 000 төгрөгийг 2 удаа өгсөн гээд ярьдаг боловч нотлоогүй. Хэдэн жилийн дараа тэр мах аль хэдийн алга болчихсон байсан. 70,000 гаруй төгрөгний мах болсон гэж байсан, одоо 140,000 гаруй төгрөгөөр зарагдсан байх боломжтой зүйл ярьж байна. Тэр махыг нь хүн худалдаж аваад байна. Адууны шулсан мах 50 хувь болдог юм. Аливаа малын мах 50 орчим хувь гардаг юм. Тэгэхээр адууны махнаас 150,000 орчим төгрөгний ашиг олсон гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ адуу 300 кг орчим жинтэй адуу байсан. 150,000 төгрөгний мах гарсан бол 300,000 төгрөгний яс хаягдана. Энэ нь бодитоор 650,000 төгрөг байх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага 1 050 000 төгрөгөөс татгалзаж, зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, гүүний үнэ 650 000 төгрөг, нийт 3 650 000 төгрөгийг Б.С-ээс гаргуулж авмаар байна гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бор-Өндөрөөс ширхгийн чулуу хүнээс худалдаж авсан юм. Гоёл чимэглэлд хэрэглэдэг чулуу юм. Тухайн үед тохиролцож үнэлж авдаг чулуу юм. Ширхэгээр авдаг юм. Энэ чулууг Эрээн хот руу гаргаж Хятад хүмүүст зардаг юм. М.Ц бид хоёр хамт Бор-Өндөр явсан. Бор-Өндөрөөсөө Сайншандад ирээд маргааш нь М.Ц Эрээн хот явна гэж байхаар нь би худалдаж авсан чулуугаа өгөөд, 200,000-300,000 төгрөгний ашигтай зарж борлуулаад ир гээд өгч явуулсан. Би өөрөө М.Ц-т өртэй болохоор эргүүлээд хэдэн төгрөг болсон, ямар ханшаар өгсөн талаар асуугаагүй, мөнгөө нэхэж чадаагүй, өрөндөө авч байгаа гэж бодоод нэхэж чадаагүй юм. Би 1,300,000 төгрөгөөр авсан чулуу юм шүү гэж хэлж өгөөд явуулсан юм. Би төв аймгийн Баянжаргалан сумын иргэнээс 2016 оны 04 дүгээр сард 2,000,000 төгрөгийн авлагатай байсан юм. Тэр авлагандаа би гүү аваад Сайншандад авчраад тэжээгээд байж байтал М.Ц манай адуунд тавих уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Хүргэн маань байхгүй, адуунд чинь тавъя гэж М.Ц-ын найз С гэж хүнтэй хамт адуунд нь аваачиж тавьсан юм. 2016 оны 04 дүгээр сард адуунд нь тавьсан юм. 2016 оны 09 дүгээр сард надад М.Ц гүүгээ алж идэхгүй бол онд орохгүй юм шиг байна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би рүү ярьж авсан гүү чинь онд орохгүй гээд байна гэж хэлэхэд тэр хүн би танд хурдан удмынхаа гүүг өгсөн, тэр ямар ч байсан онд орно гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр  М.Ц  над руу ярьж гүүний чинь махыг янзлаад аваад ирсэн шүү та гүүнийхээ махыг ирж ав гэж хэлсэн. Тэгээд гүүний махыг хэзээ янзлаад аваад ирсэн юм бэ гэхэд, ирээд 2, 3 хоног болж байна гэсэн. Би охин, хүргэн 2-ыг явуулж авуулъя гэж хэлсэн. Манай охин, хүргэн 2 гүүний махаа авахаар очоод надад гүүний мах биш дааганы мах байна гэж хэлж байсан. Шороотой холилдсон юм байна гэж хэлж байсан. Би өөрөө 2,000,000 төгрөгөнд авсан болохоор ямар ч байсан зараад махыг нь шулаад ясыг нь хая гэж хэлээд махыг нь шулж аваад хиаман цехэд өгч мөнгө болгоод авъя гэж хүүхдүүддээ хэлсэн. Тэгээд хиаман цехэд өгөх гэтэл шороотой мах байна. Шороотой махаар юм хийж болохгүй, авах боломжгүй байна гэж хэлсэн байдаг. Манай дүү 75 худалдааны төвд мах зарж байсан. Шороог нь арилгаж байж дүүдээ өгөхөд 70,000 гаруй төгрөгний мах зарсан. Би М.Ц-г энэ адууг янзлаад аваад ирээрэй гэж хэлээгүй. Өөрөө янзлаад аваад ирсэн. Би өөрт нь хэлэхээр би танд оронд нь өөр гүү янзлаад аваад ирье гэж хэлсэн гээд байдаг. Энэ хүн худлаа хэлж байгаа юм. Тэгэхээр нь би адууныхаа ширийг авъя гэхэд ченжүүдэд өгчихсөн, толгойг нь авъя гэхэд толгойг нь нүхэнд булчихсан, хавар аваарай, хавраас наашгүй гэж хэлсэн. Тэр адууны махыг зарахад 72,000 төгрөгний мах болсон гэжээ.  

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхэд:Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-т холбогдуулан зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нас гүйцсэн сувай гүүний үнэ 700 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь хохирол 1 000 000 төгрөгөөс татгалзаж, гүүний үнэ 700 000 төгрөгөө багасган 650 000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага 4 700 000 төгрөгөө багасган, хариуцагч Б.С-с зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, нас гүйцсэн сувай гүүний үнэ 650 000 төгрөг, нийт 3 650 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилжээ.

 

Хариуцагч Б.С нь зээлийн гэрээний дагуу нийт 600 000 төгрөгийг бэлнээр,  1 300 000 төгрөгний үнэтэй чулуу зараад ав гэж өгсөн, нийт 1 900 000 төгрөгийг төлсөн тул одоо 1 100 000 төгрөгийг төлнө.

 Мөн М.Ц-н өвлийн идшэнд авчирч өгсөн адууны махыг 72 000 төгрөгөөр борлуулсан, манай гүүг авчирч өгсөн гэж намайг залилсан тул төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Б.С нар нь 2014 оны 11 дүгээр сард харилцан тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар    3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 Хариуцагч Б.С нь зээлийн төлбөр 3 000 000 төгрөгөөс 600 000 төгрөгийг бэлнээр, 1 300 000 төгрөгийн үнэтэй чулуу, нийт 1 900 000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй тул түүнийг 1 900 000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-с 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-т олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ц нь гүүний үнэ 650 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Б.С нь гүү биш даага байсан, уг дааганы мах нь шороотой мах байсан тул худалдан борлуулж 72 000 төгрөг олсон, мөн манай гүүг авчирч өгсөн гэж намайг залилсан тул төлөхгүй гэжээ.

 Гэрч Ч.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ”... гүүний мах байгаагүй бага мах байсан, мах нь ченжэд өгөхөд 70 гаруй мянган төгрөг болсон, жаахан цул мах байсан Улаанбаатар хүнд өгч явуулсан тэр нь бас 70 000 төгрөг болсон. Нийт 140 гаруй  мянган төгрөг л болсон, хадам ээжийн адуунд нь тавьсан гүүний мах бол биш...” гэжээ.

Хариуцагч  Б.С нь гүү биш даага байсан, уг дааганы мах нь шороотой мах байсан тул худалдан борлуулж 70 000 төгрөг олсон гэж маргаж байгаа боловч түүний тайлбар нь бусад нотлох баримтаар нотлогдохгүйн гадна гэрч Ч.Э мэдүүлгээс зөрүүтэй, эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Б.С нь гүүний мах биш дааганы мах байсан гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 Харин нь хариуцагч Б.С-т 2016 оны өвлийн идшинд гүүний мах өгсөн гэсэн нэхэмжлэгч М.Ц-н тайлбар нь  гэрч Б.Т-н “... Би М.Ц-н малыг малладаг. М.Ц нь үүцэнд адуунаасаа хүрэн гүү авсан. Уг гүүг хуурай эгчдээ өгнө гэж хэлж байсан. Намар байсан, дээр нь сувай гүү байсан учир тарган л байсан. Уг хүрэн гүү нь даагатай, сувай, 9 настай гүү байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-20-21 дүгээр тал/, гэрч  Х.О-н “...  Үүцэнд авсан 1 адуу нь хүрэн гүү байсан. Тарга тэвээргийн хувьд гайгүй байсан. Ямар ч байсан даага бол байгаагүй, гайгүй л том адуу байсан. Би машин дээр махыг эмхэлж ачсаны хувьд мэдэж байна. Тухайн үед М.Ц бид нар хөдөө явахдаа Истарикс машинтай явсан ба машиндаа эрээн машины бүтээлэг дэвсээд махаа ачсан. Махаа ачсаны дараа дахиад эрээн бүтээлэгээр бүтээж ачсан. Адууны махыг Б.С эгчид өгнө гэж ярьж байсан. Өгсөн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-22-23 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /хх-29-дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэж заажээ.

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-т гүүний махыг шилжүүлсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.С-с гүүний махны төлбөр  650 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 73 350 төгрөгийг хариуцагч Б.С-с гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-с зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, адууны махны үнэ 650 000 төгрөг, нийт 3 650 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-т олгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 73 350 төгрөгийг хариуцагч Б.С-с гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ