Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 09

 

М.Ц-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 136/ШШ2018/00058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  М-ийн  Ц -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б-ийн С -т холбогдох

Зээлийн төлбөр 3000000 төгрөг, хүү 1000000 төгрөг, гүүний үнэ 700000 төгрөг, нийт 4700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С- нь 2014 оны 11 дүгээр сард уулзаад “мөнгөний хэрэг гарлаа мөнгө зээлэх гэсэн юм, уг мөнгийг хүүтэй нь буцаагаад өгнө. Тийм хүн байна уу туслаач” гэхээр нь би найз Төмөрчөдөрөөс 3 сая төгрөгийг 1-3 сарын хугацаатай зээлж аваад С-ийн гэрийн гадаа машин дотор найз Төмөрчөдөрийн хамт байж байгаад 3000000 төгрөг өгсөн. Б.С- мөнгөө авахдаа “удахгүй 1-2 сар болоод өгнө” гэж авсан атлаа өгөхгүй удаад байхаар нь охин Б.Энхчмэгтэй уулзахад “та зээлсэн 3000000 төгрөгийн хүүг нь төлчих, би дараа нь төлж өгнө” гэхээр нь би Төмөрчөдөрт уг 3 сая төгрөгийг 1 сая төгрөгний хүүгийн хамт нийт 4 сая төгрөгийг 2015 оны 04 сард буюу мөнгө зээлсэнээс хойш бараг 5 сарын дараа төлж дуусгасан.

Мөн 2016 оны 11 дүгээр сард нас гүйцсэн, сувай, тарган хүрэн зүсмийн гүүгээ алж авчирч өгсөн. Үүний үнэ болох 700000 төгрөгийг гаргуулж авна. Намайг энэ адууг алж янзлаад Б.С-т өгсөнийг Х.Одбаяр хамт явсаны хувьд гэрчилнэ.

Дээрх 3 сая төгрөгийг Б.Сарангэрэлийн нөхөр талийгаач Батчулуун ахтай танил байсан учраас сайхан сэтгэл гаргаж “зээл өгөх хүн байна уу” гэхээр нь би өөрөө хүнээс зээлж өгсөн мөнгө. Гэтэл эдгээр зүйлээ нэхэхээр “чи одоо шүүхдээд авахгүй юу” гэсэн. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч элдэв худлаа ярьж эвлэрээгүй тул шүүхэд хандаж байна. Би Б.С-ээс 3 сая төгрөгнөөс нэг ч төгрөг буцаан аваагүй болно. Иймд Б.С-ээс 4700000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн журмаар шийдвэлүүлэхээр нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: Анх 4700000 төгрөг нэхэмжилсэн. Ашид билгүүн ХХК гүүний махыг 650000 төгрөгөөр үнэлж, махны үнэ буурсан тул махыг 650000 төгрөгөөр үнэлж  нэхэмжилж байна. Мөн хүнээс авч өгч зээлдүүлсэн 3000000 төгрөгийг Ц өөрөө хүүтэй нь 4000000 төгрөг болгож төлсөн боловч хүү 1000000 төгрөгөө нотолж чадаагүй учраас үндсэн мөнгө 3000000 төгрөг, махны үнэ 650000 төгрөг, нийт 3650000 төгрөгийг  Б.С-ээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан тайлбартаа: 4 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хувьд би 2014 оны 11 дүгээр сард биш 2015 оны 10 дугаар сард М.Цаас 3 сая төгрөг зээлсэн. Тухайн үед найз Төмөрчөдөрийн хамт биш ганцаараа манай гэрт авчирч өгсөн болно. Энэ мөнгөнөөс 300000 төгрөгөөр 2 удаа нийт 600000 төгрөг өгсөн. Мөн 2016 оны 8 сард 1300000 төгрөгөөр худалдаж авсан чулуунуудаа М.Цт өгч, эрээн хотод борлуулахаар явуулсан. Чулуугаа болон чулууныхаа мөнгийг аваагүй. Би өөрөө өглөгтэй болохоор нэхэж чадаагүй. Тиймээс би энэ шаардлагаас 1100000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.  Сувай тарган гүүний үнэ 700000 төгрөгийн хувьд би Төв аймгийн Баянжаргалан сумын иргэнээс 2016 оны 04 дүгээр сард 2000000 төгрөгний авлаганд хөхүүртэй сар наран тамгатай хөх бор зүсмийн гүү авч, Сайншандад авчраад хөдөө адуундаа тавьж амжаагүй байтал М.Ц мэдээд манай адуунд тавьчих гэсэн. Тэгээд 2016 оны 04 сарын 27-ны үед М.Цын адуунд аваачиж тавьсан. Тэгтэл 2016 оны 09 дүгээр сард М.Ц надад гүүгээ идэхгүй бол гүү чинь онд орохгүй шүү дээ гээд байсан. Би авсан хүндээ хэлтэл тийм муу гүү биш, онд орно, би танд хурдан удмын гүү өгсөн гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сард над руу Сараа эгчээ гүүг чинь янзлаад аваад ирсэн гэж ярихаар нь охин хүргэн 2-тоо хэлээд авахуултал охин хүргэн 2 маань очиж жижигхэн дааганы мах байна гэж хэлж байсан. Тэр үед би юм санаагүй байж байтал миний хөхүүртэй сар наран тамгатай хөх бор гүү М.Цын адуунд унага, даагатайгаа явж байна гэж сонсоод манай хүргэн 2017 оны 09 дүгээр сард очиж даагатай, унагатай гүүгээ авсан.

Энэ бүхнээс харахад би адуунд нь итгэж тавьсан, миний гүүг худлаа хэлж завшиж байсан асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж хардаж байна. Иймд уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-ээс зээлийн төлбөр 3 000 000 төгрөг, адууны махны үнэ 650 000 төгрөг, нийт 3 650 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Цт олгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 73 350 төгрөгийг хариуцагч Б.С-ээс гаргуулж нэхэмжлэгч М.Цт олгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.С- давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх 2018.02.07-ны өдөр Цогттбаярын нэхэмжлэлтэй Б.С- надад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч надаас 3650000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ. Миний хувьд зээлж авсан 3 сая төгрөгнөөс 1300000 төгрөгний үнэтэй чулуу өгсөн боловч шүүхэд нотолж чадаагүй учир уг мөнгийг хариуцахад татгалзах зүйлгүй.

Харин шүүхээс адууны махны үнэ 650000 төгрөгөөр намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг зөвөөшөрхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь миний гүүг өөрийн болгох зорилгоор гүү чинь онд орохгүй учир нядлаад явууллаа гэж ойлгуулж надад өөр адууны мах явуулсан болохоор л уг махыг авсан болохоос биш Цт гүү маань онд орохгүй бол нядлаад явуулаарай гэж хэлээгүй. Нэхэмжлэгч нь миний гүүг өөрийн болгох зорилгоор худлаа хэлж онд орохгүй туранхай мэтээр эртнээс ойлгуулж идэшний цаг болонгуут намайг хүсэлт гаргаагүй байхад өөрөө гүүг чинь хийгээд явууллаа гэж мах явуулсан. Миний бие уг махыг өөрийн гүүний мах гэж бодож төөрөлдөж авсан ба сүүлд нь уг хийгээд явуулсан гэх гүү нь онд орчихсон явж байхыг мэдэж буцааж авсан талаар гэрч Энхбат шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Ц нь надад өгсөн махаа өөрөө санаачлагаараа худлаа хэлж өгчихөөд одоо тэр махаа нэхэмжилж, анхан шатны шүүх намайг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар уг адууны махаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С- 3000000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 650000 төгрөгөөр буюу гүүний махаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх  гүүний махны маргаан юунаас болж гарсан бэ гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Ц С-т ямар зорилгоор гүүний махыг өгсөн бэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой байсан. Энэ гүүг анхнаасаа хувьдаа ашиглах, завших зорилгоор бэлдээд яваад байсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Энхбат нь С-ийн хүргэн нь байгаа. Энхбат нь Цын адуунд нөгөө гүү нь амьдаараа явж байгааг мэдээд, гүүгээ очиж авсанаас болоод гүүний маргаан үүссэн байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар С- нь гүүний махаар үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа юм уу, үгүй юм уу гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1 дэх хэсэгт анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэдгээр шаардах эрхээ алдаж байгаа юм биш үү гэдэг дүгнэлтийг хиймээр байгаа юм. Хэзээ нэгэн цагт С-ийг энэ гүүгээ мэдэхгүй гэж бодож Ц ийм зорилгоор гүүний мах чинь гээд С- рүү явуулсан. Гэтэл С-тэй хамт гүүг очиж авсан Энхбат нь гүүгээ таниад авсанаас болоод энэ маргаан болсон байдаг. Тийм учраас энэ гүүний махаар С- үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3000000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна гэж ойлгож байна. Гүүгээ идье гэхэд нь Ц гүү туранхай байгаа шүү, оронд нь тарган гүүний мах явуулъя гэж хэлээд явуулсан байдаг. Хүний явуулсан гүүний махыг авч идчихээд 1 жилийн дараа унагатай гүүгээ очоод авчихсан. Нэхэмжлэгч юу хэлдэг вэ гэхээр би танд тарган гүүгээ нядлаад явуулсан шүү дээ. Та гүүгээ авчихсан учраас би танд өгсөн гүүний махныхаа үнийг гаргуулъя гэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Хүний махыг авч идсэн мөртлөө дараа нь үнийг нь төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-т холбогдуулан зээл 3000000 төгрөг, хүү 1000000 төгрөг, гүү буюу адууны махны үнэ 700000 төгрөг, нийт 4700000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 1000000 төгрөг, махны үнээс 50000 төгрөгийг хасч, нийт 1050000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3650000 төгрөг болгон багасгаж өөрчилсөн байна.

            Хариуцагч Б.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлд нийт 1900000 төгрөг төлсөн, үлдэх 1100000 төгрөгийг төлнө, адууны мах нь бүдүүн гүү байгаагүй, туранхай дааганы мах байсан тул үнэ 650000 төгрөг төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.С- эс зөвшөөрч “... адуууны махны үнэ 650000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нь талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч М.Цаас 3000000 төгрөг зээлж тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх ба анхан шатны шүүх хариуцагч Б.С-ийг 1900000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болохоо нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, хариуцагч энэ талаар давж заалдсан гомдол гаргаагүй байна.

Улмаар хариуцагч Б.С- нь адууны махны үнэ 650000 төгрөгийг төлөхгүй тухай үндэслэлээ “гүү биш дааганы мах байсан, мөн надад миний өөрийн өмчлөлийн адууг өгсөн гэж залилсан тул үнийг төлөхгүй гэж” тайлбарласан байх ба анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.

Учир нь зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч М.Цын адуунд байсан өөрийн өмчлөлийн адууг махалж, махыг нь авахыг зөвшөөрсөн нь тогтоогдсон байх ба тухайн үед хариуцагч Б.С- нь өөрийн адуу гэж төөрөгдсөн хэдий ч дараа нь өөрийн адууг төлийн хамт биетээр буцаан авсан тул нэхэмжлэгч С.Ц нь түүнд адууны мах өгөх үүрэггүй болохын гадна ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, харин хариуцагч Б.С-ийг адууны махны үнийн хэмжээгээр түүнийг хөрөнгөжсөн гэж үзэх тул тэрээр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үнийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн давж заалдсан гомдлын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д үндэслэж, нэхэмжлэгчийг хөрөнгөө буцаан шаардах эрхгүй гэжээ.

Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т “... ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй” гэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасан нөхцөлд хамааралтай  зохицуулалт гэж үзнэ.

Тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхой үйлдэл хийлгэх буюу хийхгүй байх нөхцөлтэйгээр хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д зааснаар анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг мэдэж байсан гэсэн үндэслэлээр хөрөнгөө буцаан шаардах эрхгүй гэж  ойлгогдох бөгөөд ийм үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч Б.С-ийн “... адууны махны үнэ 650000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 136/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                                                  Х.БАЙГАЛМАА