Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0113/Э |
Дугаар | 107 |
Огноо | 2016-10-13 |
Зүйл хэсэг | 096.2.1, |
Улсын яллагч | С.Болорчулуун |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Г.Чулуунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч С.Болорчулуун
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа
Хохирогч У.Уранжаргал нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяад холбогдох эрүүгийн 201610010152 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1950 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, Соёмбын гудамж 3-12 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяа. РД:/ЕЦ50021175/
Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч Д.Адъяа нь согтуурсан буюу мансуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын гудамжны 3-12 тоот өөрийн гэрийнхээ хашаан дотор иргэн У.Уранжаргалын хэвлийн хэсэгт хутгалан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тэтгэврийн мөнгөний зөрүүг авчихаад гэртээ уусан. Гэртээ согтуу байхдаа ийм хэрэг хийсэн байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Миний буруу.” гэв.
Хохирогч У.Уранжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Д.Адъяа гуайгаас хохирлын мөнгөнд 380000 төгрөг авсан. Одоо надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Гэрч Ц.Цогтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай ах Д.Адъяа үдээс хойш гэрээсээ гарч яваад 17 цаг арай болоогүй байхад Содном гэдэг эмэгтэйг дагуулчихсан хоёулаа согтуу орж ирээд ax хойд талын орон дээр унтсан. Харин Содном гэрийн зүүн талын орон дээр унтаад өгсөн. Би гэртээ байж байгаад хойд талын айл руу орж зурагт үзэх гээд 21 цагийн үед орсон. Тэгээд намайг айлд суугаад зурагт хараад байж байтал 22 цагийн өнгөрч байхад нэг танихгүй залуу орж ирээд Адъяа гуай хүн хутгалсан гэж хэлэхээр нь гараад иртэл манай хашаанд гэрийн зүүн урд талд нэг мотоцикль байсан ба яг хажууд нь нэг залуу дээшээ харчихсан хэвтэж байхаар нь очоод хартал бүтэн нэрийг нь мэдэхгүй Уранаа гэдэг залуу гэдэснийхээ дээд талд өвчүүний доор хутгалуулсан түүнээс нь цус гараад тогтохгүй байсан. Хажууд нь байсан шилтэй архиар угааж эмнэлэг дуудсан. Гэрт байсан шар иштэй хутгаар хутгалсан гэсэн. Тэр хутгыг нь цагдаагийхан ирээд хураагаад аваад явсан...” гэx мэдүүлэг /хx-ийн 24-25-р тал/
Гэрч М.Цэдэнсодном мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед хойно гэр байранд айлын гадаа найз Ганаатай улаан бөглөөт гэх Хятад архи 1 шилийг хувааж уучихаад цагийг нь санахгүй байна гэрлүүгээ явах гэж байгаад болиод Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбо гудамж 3-12 тоот Адъяа ахынд очиж гэрт нь унтсан. Намайг унтаж байхад гаднаас манай хүү Эрдэнэбаяр, Уранжаргал нар орж ирээд явъя гээд гарах гэж байхад гадаа Адъяа ах хэвтэж байсан ба Уранжаргалын хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж цус гаргасан. Уранжаргал гадаа гэдсээ бариад доошоо суухаар нь би очиж харсан чинь У.Уранжаргалын хэвлийн тус газраас цус гарч байсан...” гэx мэдүүлэг /хx-ийн 26-р тал/
Гэрч Ц.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед хөдөөнөөс Замын-Үүд суманд орж ирээд аав Цэнд-Аюуш, хойд ээж Цэдэнсодном нарыг авч хөдөө явах гээд Нямдав гэх өвгөнтэй уулзаад байж байхад Уранжаргал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мөн 0.75 литрийн 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд Нямдав Уранжаргал бид 3 нийлж уг 0.75 литрийн архийг хувааж ууж байхдаа хөдөөнөөс аав Цэнд-Аюуш, хойд ээж Цэдэнсодном нарыг авах гээд ирсэн талаараа ярихад Уранжаргал ах аав, ээж хоёрыг чинь хаана байгааг би мэднэ гэхээр нь би надад заагаад өгчих гээд Нямдавын гэрээс мотоцикльтой Уранжаргал ах бид 2 гарсан. Уранжаргал ах бид 2 Замын-Үүд сум 3 дугаар баг Соёмбо гудамж 3-12 тоот буюу Д.Адъяа гэх айлд очсон. Бид хоёрыг очиход Адъяа гуай гэрийн гадаа хэвтэж байхаар нь би аав Цэнд-Аюуш ирсэн үү гэхэд ирээгүй гэж байсан. Тэгээд би Адъяа гуайн гэрт ороход хойд ээж Цэдэнсодном согтуу хэвтэж байсан. Гэрээс гарахад Уранжаргал ах гэдсээ бариад газар сууж, Адъяа намайг хутгалчихлаа гэж байсан. Хэрэг болох үед Адъяа, Уранжаргал хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон болоогүй...” гэжээ. /хх-ийн 27-р тал/
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 334 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн дүгнэлтэнд: ” У.Уранжаргалын биед хэвлийн хөндийн хутгалж нэвтэрсэн шарх, элэгний баруун дээд хэсгийн зүсэгдсэн шарх, дотуур цус алдалт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь хэрэг болох цаг хугацаатай тохирч байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. Тухайн гэмтлийг авсан тохиолдолд ухамсарт үйлдэл хийх боломжтой...” гэх дүгнэлт /хx-ийн 40-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4899 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48-р тал/
- Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 51-р тал/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р тал /
- Д.Адъяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60-р тал/
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61-р тал/
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 62-р тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяа нь согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын гудамжны 3-12 тоот өөрийн гэрийнхээ хашаан дотор хохирогч У.Уранжаргалын хэвлийн хэсэгт хутгалан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн шар өнгийн иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах, хорих ял оногдуулсан дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бажиг овогт Дамбадаржаагийн Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96..2.1-т зааснаар шүүгдэгч Д.Адъяаг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адъяад оногдуулсан 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Адъяад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Б.НАРМАНДАХ