Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 114

 

Ховд аймгийн Дуут сумын

Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулах хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2017/0065 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ховд аймгийн Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 161 дүгээр зүйлийн 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 07 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонгод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2017/0065 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Сонгуулийн хорооны дарга А.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Дуут сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонгыг нэр дэвшигчээр бүртгэн авч, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Сонгуулийн жил эхэлснээс хойш Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд тухайн үед Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг эмч Я.Ганболд эрхлэн гүйцэтгэж байсан болно. Гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго нь Дуут сумын Босго багийн иргэдийн олонхын санал авч, төлөөлөгчөөр сонгогдсон тул Дуут сумын Сонгуулийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаар тогтоолоор түүнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон. Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонгын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хороо нь гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонгыг нэр дэвшигчээр бүртгэх, төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон, Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолуудыг гаргасан.

Эдгээр тогтоолуудад нэхэмжлэгчээс маргахгүй байгаа атлаа зөвхөн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар л шүүхэд хандсан нь зөрчигдсөн эрх сэргээлгэх зорилгогүй, маргаан бүхий захиргааны актын улмаас эрх нь зөрчигдөөгүй байгааг нотолж байна.

Нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хороо нь хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байдаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Дуут сумын Ардчилсан намын хорооны дарга солигдсон, хуучин дарга нь Ховд аймгийн төвд амьдарч байсан нь яав ч хүндэтгэн үзэх шалтгаан биш. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-т заасан зохицуулалтыг баримтлан Дуут сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Сонгуулийн тухай хуулиар тогтоосон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ.

Энэ нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан шударга ёсыг сахих зарчмаас үүдэлтэй зохицуулалт юм.

Дуут сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, суралцагч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Б.Эрдэнэсолонго нь Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн мэргэжил дээшлүүлэх 2 жилийн хугацаатай сургалтад хамрагдсан.

Сонгуулийн жил эхэлснээс хойш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын дүн гарч, төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах хугацаанд Б.Эрдэнэсолонго нь Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлыг гүйцэтгээгүй, төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхдөө ямар нэг давуу байдал эдлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хороо нь хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Учир нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэсэн байдаг.

Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар Сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргах хугацаа нь уг тогтоолыг гарсан өдрөөс хойш тоологдох юм. Захиргааны хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хороо нь хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонго надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь нотлогддог. Дүгнэж үзэхэд нэхэмжлэгч сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргах 10 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

2. Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Дуут сумын Ардчилсан намын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад анхан давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж. гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго надтай өрсөлдөн ялагдсан нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ, Д.Алтанхуяг, Н.Найдан, Н.Нанзаддорж нарын хэн аль нь эрх зөрчигдлөө шүүхэд гомдол гаргаагүй байдаг.

3. Гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго намайг Дуут сумын Монгол Ардын Намын хорооны удирдлага, гишүүд итгэл хүлээлгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгуульд Босго багт өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж, материалыг сумын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн.

Дуут сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго намайг нэр дэвшигчээр бүртгэн авч, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдсөн.

Улмаар Б.Эрдэнэсолонго миний бие Дуут сумын Босго багийн иргэдийн олонхын санал авч, ард түмний итгэл хүлээсэн тул Дуут сумын Сонгуулийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго миний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, итгэж саналаа өгсөн Босго багийн иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байна.

Хариуцагч Дуут сумын Сонгуулийн хороо нь гуравдагч этгээд В.Эрдэнэсолонго намайг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх, төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон, Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолуудыг гаргасан байхад нэхэмжлэгчээс эдгээр тогтоолд маргахгүй зөвхөн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар л шүүхэд хандсан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчээс зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байна.

4. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалт нь  орон  нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой зохицуулалт юм.

Дуут сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, суралцагч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Б.Эрдэнэсолонго би Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн мэргэжил дээшлүүлэх 2 жилийн хугацаатай сургалтад хамрагдсан. Сонгуулийн    жил    эхэлснээс   хойш    сумын    Иргэдийн    төлөөлөгчдийн    хурлын сонгуулийн санал хураалтын дүн гарч, төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах хугацаанд Б.Эрдэнэсолонго миний бие сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажлыг гүйцэтгээгүй, төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болно.

Харин энэ хугацаанд Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг Я.Ганболд гүйцэтгэж, төсвийн шууд захирагчийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан нотлох баримтыг гарган өгсөөр байхад анхан, давж заалдах шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Б.Эрдэнэсолонго миний бие 2 жилийн өмнө Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан ажлаа хүлээлгэн өгсөн тул 2016 оны Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхдөө ямар нэг давуу байдал эдлээгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэдэгт албан үүргээ гүйцэтгэж буй этгээдийг л хамааруулан ойлгохоор байгаа бөгөөд үүний баталгаа нь нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх гэснээр тайлбарлагдана. Давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 заалтын ач холбогдол. зорилгод нийцээгүй тайлбарыг хийж, маргаан бүхий Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Дуут сумын Ардчилсан нам нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолын Б.Эрдэнэсолонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг тогтоолоор “олонхийн санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч”, төлөөлөгчдийн нэрсийг хавсралтаар баталсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхыг заажээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгсөн байх нь нэр дэвшигч этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд гуравдагч этгээд Б.Эрдэнэсолонго нь хуулийн энэхүү шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс “сургалтын чөлөөтэй байсан, албан үүргээ гүйцэтгээгүй” гэж маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, суралцахаар түр чөлөөтэй байсан нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргах үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөхгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Дуут сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн а/01 дүгээр захирамжаар эрхлэгч эмчийн ажлыг Я.Ганболдод хавсран гүйцэтгүүлсэн болохоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай захирамж гараагүй, энэхүү үйл баримт нь Сонгуулийн хуульд тусгайлан заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх тухай ойлголтууд нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх ойлголт бөгөөд ажил хавсран гүйцэтгэх үндэслэл нь тухайн ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа этгээдэд хамааралтай, харин эзгүй байгаа албан хаагчийн тухайд холбогдох хуулийг үндэслэн тусдаа ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гарах тул хариуцагч болон гуравдагч этгээдийн “албан үүргээ гүйцэтгээгүй байгааг харгалзаж үзээгүй” тухай гомдол үндэслэлгүй.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсэгт зааснаар нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийг бүртгүүлэхдээ хуульд тусгайлан заасан баримт бичгийг, тухайлбал төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга бол ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг хавсаргаж ирүүлэхээр зохицуулжээ. Гэтэл энэ тохиолдолд тус суманд эрхлэгч эмчээр ажиллаж байсан Б.Эрдэнэсолонгын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хавсаргаж ирүүлсэн баримтад байхгүй байхад Сонгуулийн хороо нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу шийдвэрлэх байтал нэр дэвшигчийг бүртгэж, хууль зөрчжээ.

Иймээс “өрсөлдөгч нараас ямар нэгэн давуу байдал эдлээгүй, хуулийн шаардлага албан үүргээ гүйцэтгээгүй байхыг шаардсан, энэ шаардлагыг хангасан байхад хуулийн зорилго, ач холбогдолд нийцээгүй тайлбар хийсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрэгжээгүй нөхцөл байдлыг орхигдуулах, хууль тогтоогчийн зүгээс шаардсан баримтыг бүрдүүлээгүй үйл баримтыг үгүйсгэж, хариуцагчийн зөвтгөх боломжгүй.

Тодруулбал, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байгаа нөхцөл нь өрсөлдөгч нарын гарааны тэгш, ижил түвшинд байх хуулийн шаардлагыг хангаагүй, “суралцахаар чөлөөтэй байгаа” гэх үйл баримт нь сонгуульд оролцохоор ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй, албан тушаалын байдлаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, давуу байдал үүсгэхгүй байх дээрх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн хороо нь шинээр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй атал төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж, өөрт олгогдоогүй эрх эдэлсэн буруутай байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, өрсөлдсөн нэр дэвшигч гомдол гаргаагүй” гэх гомдлын тухайд: Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар нам нь тухайн орон нутгийн төлөөлөгчид нэр дэвшүүлэх, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар олон суудал авсан нам Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

“Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй, үүний дагуу нэхэмжлэгч нараас хуульд заасан хугацаанд зөрчлөө арилган, нэхэмжлэл гаргасан, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 221/МА2017/0065 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ