Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралданы танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Д.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65\Ш  тоот  үнэлгээг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.                                                                                                                                                                                                 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар шийдвэрээр Д.Лгаас 99 405 400 төгрөгийг гаргуулж “Алтан давалгаа” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дэээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61-20 тоот, 3 өрөө, 85,25 м.кв орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж, битүүмжилж, үнэлгээ тогтоосон талаараа мэдэгдсэн. Улсын үнэлгээчин 136 700 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь зах зээлийн ханшид илтэд нийцэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-нд миний өмчлөлийн орон сууцыг 30 хувиар хямдруулж, 95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулна гэж мэдэгдсэнийг зөвшөөрөхгүй байна. Миний эрх ашгийг зөрчиж байна...Би энэхүү байрыг 1 м.кв-ыг нь 1 500 ам.доллараар худалдан авсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн жишиг үнэлгээ 12 м.кв нь 2 500 000-3 000 000 төгрөг болохыг судалж тогтоосон болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээ нь 1 м.кв-ыг 1 603 519 төгрөгөөр тогтосон байна. Дээрх орон сууц нь 2008 онд ашиглалтанд орсон, шинэ орон сууц бөгөөд олон давуу талтай, тухайлбал: наран талдаа цонхтой, урт тагттай, хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг, худалдаа, үйлчилгээ, автобусны буудал, цэцэрлэг, сургууль ойрхон болно.

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65/Ш тоот улсын үнэлгээчний гаргасан үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Л нь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хэрэгт, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байр, 20 тоот хаягт байршилтай 85,25 м.кв буюу 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн гэрээт “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65 тоот улсын үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан юм. 

Үндэслэл нь гэвэл тус үнэлгээний байгууллага нь орон сууцны 1 м.кв талбайг  1 500 000 төгрөгөөр үнэлсэн ба уг байр нь “А” зэрэглэлийн хороололд байрладаг, 1 м.кв нь 2 500 000-3 500 000 төгрөгөөр үнэлэгддэг байр юм. Тийм учир зах зээлийн ханшаас хэт доогуур орон сууцыг үнэлсэн байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг байрыг анхны дуудлага худалдаанд үнэлгээнээс  30 хувь бууруулж оруулдаг гэсэн ойлголтыг өгч улмаар 95 690 000 төгрөгөөр дуудлага ххудалдаанд оруулахаар мэдэгдэх болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Ийм учраас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65 тоот “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн тогтоосон 136 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байна.  Хамгийн гол нь төлбөр төлөгч Д.Л нь үнэлгээний санал өгөөгүй. Нөгөө талаар Д.Лд шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бөгөөд үнэлгээ нь гарчихсан гээд тус үнэлгээтэй Д.Л 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танилцаж мэдсэн байгаа.  Энэ үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, хэт доогуур гарсан тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо гаргасан. Үнэлгээчнийг томилсон тогтоолтой танилцах эрх Д.Лд байсан бөгөөд ямар байгууллагаар үнэлгээг хийлгэх эсэх талаар Д.Л сонгох, татгалзах эрх байхад эдгээр эрхүүдийг олгоогүй гэж үзэж байна гэв.

 Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4156 захирамжаар 99 390 400 төгрөгийг Ч.Уранбилэг, Д.Л нараас гаргуулж “Алтан давалгаа” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Д.Лгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны  20 тоот  үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17/6905 дугаар тоотоор битүүмжилж, 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 тоот тогтоолоор хураан авч, Ч.Уранбилэг, Д.Л нараас үнийн саналыг шаардсан боловч хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг манай албанд тавьсан байдаг.

Ийм учраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 311 дүгээр тогтоолоор “Мөнх-Оргил трейд ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 1 м.кв-ыг 1 602 959 төгрөгөөр үнэлээд тухайн байрны нийт үнэ  136 700 000 төгрөг болсон. Энэ үнэлгээнээс Иргэний хуулийн177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу  30 хувь бууруулан тооцоход 95 690 000 төгрөг болсон ба шинжээчийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаарх мэдэгдлийг гэрт нь очиж  өгсөн. Ингэхэд Д.Лгийн хадам ээж нь байсан бөгөөд түүгээр гарын үсэг зуруулсан, мөн Л.Лхагваа руу утсаар хэлж,  маргааш нь  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Л өөрийн биеэр ажил дээр ирээд уг мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан. Шүүхэд Д.Л гомдол гаргасан тул одоогоор анхны дуудлага худалдаанд материал ороогүй байгаа. Орохоос нь өмнө түдгэлзүүлсэн. Энэ хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136 700 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Л нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот 3 өрөө, 85,28 м.кв талбайтай орон сууцыг улсын үнэлгээчин 136 700 000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн ханшид илтэд нийцэхгүй, миний эрх ашгийг зөрчсөн, 1 м.кв талбай нь 2 500 000-3 000 000 төгрөгийн үнэтэй байгааг судалсан, уг орон сууц нь шинэ, хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг, худалдаа, үйлчилгээ, автобусны буудал, цэцэрлэг, сургуультай ойрхон, наран талдаа цонхтой, урт тагттай зэрэг олон давуу талтай учраас 1 м.кв-ыг 1 603 519 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, үнэлгээнд санал өгөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч НШГГнь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нар шинжээчээр уг орон сууцыг үнэлүүлэх хүсэлтээ гаргасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 136 700 000 төгрөгөөр тогтоосон, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар уг үнээс нь 70 хувиар тооцон  95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах  тухай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 11 дүгээр сарын 14-нд мэдэгдсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргажээ.

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэв.

1.Хариуцагч НШШГГ нь Д.Л, Ч.Уранбилэг нараас 99 390 400 төгрөгийг гаргуулж “Алтан давалгаа” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн буюу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаартай “Тайлбар гаргагч  шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах тухай” захирамж, 233 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2017 оны  05 дугаар сарын 01-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж 17300586 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч  нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлүүдийг 2015 оны 05 дугаар сарын 22, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд өгч шийдвэр биелүүлэх хугацааг тогтоосон боловч төлбөр төлөгч нар нь уг хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1., 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот,  85,28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг  2017 оны 09 дүгээр сарын 05-нд битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураасан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 17/0905 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 17/4356 тоот эд хөрөнгийг хураасан тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.  

Дээрх тогтоолууд нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 49., 54. дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

  2.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу хариуцагч нь төлбөр төлөгч нараас уг орон сууцны үнийн талаар санал авахаар мэдэгдэхэд “... улсын үнэлгээчнээр үнэлүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 08-нд төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нараас ирүүлсэн байна.

Үүний дагуу хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу  “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг орон сууцыг 136 700 000 төгрөгөөр үнэлсэн талаарх үйл баримтууд нь зохигчдын тайлбарууд,  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай, шийдвэр гүйцэтгэгчийн “Шинжээч томилох тухай тогтоол”, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” зэргээр нотлогдсон.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарын хүсэлтийн дагуу шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65/Ш тоот “Хөрөнгийн  үнэлгээний тайлан” нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээч нь Д.Лгийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ тус орон сууцны байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг  харьцуулан зах зээлийн бодит үнэлгээг 136 700 000 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон, хууль зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шинжээчийн үнэлгээг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

4.Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/28091 дугаартай мэдэгдэлд “...3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 136 700 000 төгрөгийн 70 хувиар тооцон 95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг мэдэгдье” гэж бичсэн ба уг мэдэгдлийг Д.Л, Ч.Уранбилэг нар 2017 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авч гарын үсэг зурсан зэрэг үйл баримтууд зохигчдын тайлбар, дээрх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдсон.

Үүнээс үзэхэд  хариуцагч тал нь нэхэмжлэгч болон төлбөр төлөгчид 4/28091 дугаартай мэдэгдлээрээ шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасныг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нд шинжээчийн тогтоосон 136 700 000 төгрөгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг  95 690 000 төгрөгөөр тогтоосныг  2017 оны 11 дүгээр сарын 15-нд мэдсэнээс хойш хуульд заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Л нь үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2017 оны 11 дүгээр сарын 28-нд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчжээ.

6.Иймд хариуцагч НШШГГ нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаартай “Тайлбар гаргагч  шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах тухай” захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх ба нөгөө талаар нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг тасалдсан, зогсоосон  талаарх  баримтыг шүүхэд ирүүлээгүй  байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Д.Л-гийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон   

                                                                                        ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136 700 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2017/11337 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА