Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1079

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01079

 

 

Д.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00467 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ю.Сэвлэгмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар шийдвэрээр Д.Л-гаас 99 405 400 төгрөгийг гаргуулж “Алтан давалгаа” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61-20 тоот, 3 өрөө, 85.25 м.кв орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хурааж, битүүмжилж, үнэлгээ тогтоосон талаараа мэдэгдсэн.

Үнэлгээчин 136 700 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь зах зээлийн ханшид илтэд нийцэхгүй байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн жишиг үнэлгээ 1 м.кв нь 2 500 000-3 000 000 төгрөг болохыг судалж тогтоосон болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээ нь 1 м.кв-ыг 1 603 519 төгрөг байна. Дээрх орон сууц нь 2008 онд ашиглалтанд орсон, шинэ орон сууц бөгөөд олон давуу талтай.

Төлбөр төлөгч Д.Л- нь үнэлгээний санал өгөөгүй. Д.Л-д шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бөгөөд үнэлгээ нь гарчихсан гээд тус үнэлгээтэй тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танилцаж мэдсэн байгаа. Энэ үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, хэт доогуур гарсан, үнэлгээчнийг томилсон тогтоолтой танилцах эрх Д.Л-д байсан бөгөөд ямар байгууллагаар үнэлгээг хийлгэх эсэх талаар Д.Л- сонгох, татгалзах эрх байхад эдгээр эрхүүдийг олгоогүй.

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65/Ш тоот улсын үнэлгээчний гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4156 захирамжаар 99 390 400 төгрөгийг Ч.Уранбилэг, Д.Л- нараас гаргуулж “Алтан давалгаа” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч Д.Л-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17/6905 дугаар тоотоор битүүмжилж, 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 тоот тогтоолоор хураан авч, Ч.Уранбилэг, Д.Л- нараас үнийн саналыг авахад хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан учраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 311 дүгээр тогтоолоор “Мөнх-Оргил трейд" ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд орон сууцны 1 м.кв-ыг 1 602 959 төгрөг, нийт 136 700 000 төгрөгөөр үнэлсэн.

Уг үнэлгээнээс Иргэний хуулийн177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу 30 хувь бууруулан тооцоход 95 690 000 төгрөг болсон ба шинжээчийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаарх мэдэгдлийг гэрт нь очиж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136 700 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2017/11337 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Лхагва нь шийдвэр гүйцэтгэгчид хөрөнгийн үнэлгээ хийлгэх санал өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Гантуяа нь "Мөнх-Оргил трейд" ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Уг үнэлгээ нь зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шинжээч томилох тогтоолоо танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг нь шүүх хурал дээр ярихдаа манай компани нь үнэлгээний 8-н компанитай гэрээ хийсэн тул энэ 8-н компануудаар үнэлгээг хийлгэдэг гэж ярьж байгаа нь өөрсдийн компаниудаар дур мэдэн зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлүүлдэг болох нь харагдаж байна.

Хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар дахин үнэлгээ хийлгэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Лхагва нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаартай захирамжаар Д.Л-, Ч.Уранбилэг нараас 99 390 400 төгрөг гаргуулж “Алтандавалгаа” ХЗХ-нд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот, 85.28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ. 

 

   Төлбөр төлөгч нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Д.Л-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот, 85.28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэнэ.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор үнийн саналыг авах ажиллагааг хариуцагч байгууллага явуулахад төлбөр төлөгч нар нь үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа хуульд нийцжээ.

 

            Шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнийг 136 700 000 төгрөгөөр тодорхойлсон нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь орон сууцны албадан дуудлага худалдааны доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 136 700 000 төгрөгийн 70 хувиар тооцон 95 960 000 төгрөгөөр тодорхойлж, төлбөр төлөгч нарт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Төлбөр төлөгч Д.Л- нь уг мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авснаа гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо мэдэгдэл хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргах байтал 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүх түүний гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Төлбөр төлөгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, дээрх хугацаа зогссон, тасалдсан талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

 

Иймд үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                               

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                                      Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА