Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 903

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С-ын гаргасан,

 

Хариуцагч: С-д холбогдох,

 

9,020,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, түүний өмгөөлөгч А, хариуцагч Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гэрч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч С 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Стай зээлийн гэрээ байгуулж, түүнд 8,500,000.00 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн.

 

Гэвч хариуцагч тал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000.00 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 8,200,000.00 төгрөг үлдэж, уг дүнгээс зээлийн хүүг тооцоход 820,000.00 төгрөг болсон.

 

Ингээд нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд хариуцагчаас зээлийг буцаан нэхэмжлэхэд тэрээр өгөхгүй, нэхэмжлэгчийн нөхөр Хтай зээлийн гэрээ байгуулсан, түүнээс авсан зээлд 300,000.00 төгрөгийг төлсөн хэмээн тайлбар өгч байна. Гэтэл гэрчээр оролцсон Х мэдүүлэхдээ энэ талаар юу ч мэдэхгүй, эхнэр маань миний дансыг ашиглаж, зээл өгч, авч байсан, тус 8,500,000.00 төгрөгийг зээлийн асуудал түүнд хамаагүй гэж байна.

 

Хариуцагчийн шүүх хуралдаан дээр шинээр өгсөн нотлох баримт болох дансны хуулга нь одоогийн зээлтэй ямар нэгэн хамааралгүй бөгөөд энэхүү зээлийн гэрээг С болон С нарын хооронд байгуулсан болохыг шүүхээс анхаарахыг хүсье.

 

Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,200,000.00 төгрөг, түүний хүү 820,000.00 төгрөг, нийт 9,020,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгч Саас 18 удаагийн үйлдлээр 27,150,000.00 төгрөгийг зээлж, түүнд 110 удаагийн хариу төлбөр төлөх байдлаар 42,111,200.00 төгрөгийг төлсөн байдаг.

 

Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд авсан, өгсөн зээлийг баримтанд тулгуурлан тооцоход авсан зээл 27,105,000.00 төгрөг, буцаан төлсөн зээл, зээлийн хүү 42,141,200.00 төгрөг, ойролцоогоор 15,036,200.00 төгрөгийн хүү төлсөн мэт харагдаж байгаа боловч зарим тохиолдолд өгөх ёстой зээлээс шууд хүүг суутгадаг байсан тул авч ашиглаагүй байж зээлийн хүү төлсөн асуудал бий.

 

Хэрэгт авагдсан хариуцагчийн “Хаан банк” ХХК дах ******* тоот данснаас гэрч Хын ******* тоот дансанд өнгөрсөн хугацаанд шилжүүлсэн мөнгийг тусгайлан тодруулсан ба 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60,000.00 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 220,000.00 төгрөг, мөн 20,000.00 төгрөг, нийт 300,000.00 төгрөг шилжүүлсэн талаар маргахгүй.

 

Гэвч энэхүү зээлийг нэхэмжлэгч С зээлсэн эсэх нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн зээлийн үлдэгдэл дээр хүү тооцож, 8,500,000.00 төгрөг болсон тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Иймд, нэхэмжлэлийг дээр дурьдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Саас хариуцагч Сд холбогдуулан 9,020,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч С нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Саас 8,500,000.00 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний зүйлийг бэлнээр хүлээн авсан тухай баримт үйлджээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар хариуцагч тал тус баримтанд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс бодитоор 8,500,000.00 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан.

 

           

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгө зээлсэн тухай албан бичгийг үзвэл “тэрээр ******* худалдааны төв дэх ******* тоот лангуундаа бараа худалдах зорилгоор нийт 8,500,000.00 төгрөгийг зээлэх, тус зээлийн барьцаанд 2,000,000.00 төгрөгийн үнэтэй хөргөгч, 1,000,000.00 төгрөгийн үнэтэй зурагт, түүнчлэн  1,100,000.00 төгрөгийн үнэтэй угаалгын машины зэргийг тус тус барьцаалуулах, зээлдүүлэгчид өдөр бүр 300,000.00 төгрөг төлөхөөр тохирч, хэрэв үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгө зээлэх тухай албан бичиг дэх хүсэл зоригийг тайлбарлавал тэрээр нэхэмжлэгчээс 8,500,000.00 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, түүнээс тухайн зээлийг бэлнээр хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар тухайн гэрээ, түүнд тусгагдсан гол нөхцөл хүчин төгөлдөр болох ба хэрэв хариуцагч тал зээлийн хүү төлөх тохиолдолд зохигчдын хооронд хүүний талаар ямар нөхцөл, хувь хэмжээ, хугацаатай тохиролцсон гэдгийг тодорхой буюу ойлгомжтой илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.

 

            Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээр дурьдсан зээлийн гэрээ ба баримт үйлдэх тухай гэсэн бичигт зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч гарын үсэг зураагүй боловч хариуцагчийн зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг тэрээр хүлээн авч, тус гэрээнд тусгасан нөхцлөөр хариуцагчид 8,500,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ийнхүү 8,500,000.00 төгрөг зээлж, үүнээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60,000.00 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 220,000.00 төгрөг, мөн 20,000.00 төгрөг, нийт 300,000.00 төгрөгийг гэрчээр оролцсон Хын “Хаан банк” ХХК дах ******* тоот дансанд буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, аль эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С нь энэхүү 300,000.00 төгрөгийг хүлээн авсан байна.

 

Гэвч хариуцагч буюу зээлдэгч тал хэдийгээр зээлийн гэрээний зүйл болох 8,500,000.00 төгрөгөөс 300,000.00 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэх 8,200,000.00 төгрөг болон түүнийг ашигласан хугацааны буюу 1 сарын хүү 820,000.00 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний буюу зээлийг ашиглах хугацаа дууссан байх тул зээлдүүлэгч нь тус гэрээний дагуу зээлдэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч буюу зээлдэгч С нь нэхэмжлэгч Саас 8,500,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, өмнө олгосон зээлийн хүүгийн нийлбэр байдлаар тухайн гэрээг байгуулсан гэдэг тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлоогүй.

 

 Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 9,020,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Сгаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,200,000.00 төгрөг, зээлийн хүүнд 820,000.00 төгрөг, нийт 9,020,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,270.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 159,270.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР