Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 612

 

 

  

 

 

 

 

2017 оны 03 сарын 19 өдөр          Дугаар 181/ШШ2018/00612            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: БЗ овогт Ө Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:, “М Д” ХХК /РД: /-д холбогдох,  

 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг даалгаж, нөхөн төлбөрт 800,000 төгрөгийг, мөн хууль зүйн туслалцаа авч, төлөөлүүлсний хөлсөнд төлөхөөр тохиролцсон 500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Өлзийхутаг овогтой Г нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд замын хөдөлгөөнд оролцож явахад 84-53 УНР улсын дугаартай Hyundai HD 250 маркийн автомашин араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч н.Чинзориг бид хоёр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн даатгуулсан даатгал болох “Мандал даатгал”-ын шуурхай албатай холбогдон даатгалын баталгаа болон даатгалын гэрээг шалгуулсан.

Ө.Г нь Мандал даатгалын санал болгосон даатгалын хохирол үнэлэгч “Вендо” ХХК-аар автомашины хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд уг ослын үед унаж явсан “Toyota Landcruiser 200” маркийн автомашинд нийт 1,693,200 төгрөгийн автомашины хойд буфер хагарч зурагдсан, хойд буферийн зүүн гэрэл хагарсан, хойд улсын дугаарын хүрээ хагарсан, тээшний таг чихэгдэж хунирсан зэрэг гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ням гараг байсан тул 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ө.Г нь Мандал даатгалд очиж даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд даатгалын компаниас хохирлын үнэлгээний тайланд дурдсан 1,693,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр болох 58,000 төгрөг, нийт 1,751,200 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон.

Гэтэл Мандал даатгалаас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 951,200 төгрөгийг Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн бөгөөд утсаар холбогдож лавлахад нөхөн төлбөрийн мөнгийг 951,200 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Нөхөн төлбөрийг багасгаж олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаар хэд хэдэн удаа очиж уулзсан боловч, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17/860 тоот албан бичгээр “Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т нийцсэн тохиролцооны дагуу нөхөн төлбөрийг шилжүүлсэн гэсэн хариу ирүүлсэн. Мөн уг албан бичигт хохирогч болон даатгагчийн хоорондын энэхүү тохиролцоо нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 24 минутын ярианы бичлэгээр баталгаажсан болно гэжээ. Мөн уг албан бичигт...Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг гэсэн.

Гэтэл Ө.Г нь Мандал даатгалтай ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд нөхөн төлбөрийг хэзээ шилжүүлэхийг лавлаж хэд хэдэн удаа утсаар холбогдсон болно. Зам тээврийн ослын үед миний машины тээшний таг чихэгдэж, хунирснаас болж ашиглах боломжгүй болсон. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг руу албан томилолтоор явах зайлшгүй шаардлага гарсан учир “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланд солихоор тусгагдсан тээшний тагийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Вьетнам авто засварын газраар засуулж, төлбөрт 450,000 төгрөг төлсөн. Энэ тухайгаа Мандал даатгал руу утасдаж мэдэгдсэн бөгөөд тээшийг бүрэн засагдсан байна гэж найдсан.

Гэтэл эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ачиж ирэх үед тээшний таг бүрэн засварлагдаагүй болох нь мэдэгдэж, битүүмж алдагдсанаас асар их тоос шороо түүгээр орж, ачааг болон машины дотор тал битүү шороо болсон. Энэ байдлын талаар Мандал Даатгалд нөхөн төлбөр олгохоос нь өмнө мөн л мэдэгдсэн.  Гэтэл даатгалын байгууллага Ө.Гыг өөрөө яваад цагаан өнгийн таг байгааг авч солиулаад бас будуулаад ав гэсэн байсан. Тэрээр засварчин биш учир өөрөө тээшний тагыг машинаас салгаж аваад тавих боломжгүй байсан тул энэ тухай даатгалын байгууллагад хэлж, үүнээс л үүдэн маргаан гарсан байдаг.

Машины тээшний тагны гэмтэл бүрэн засагдаагүйгээс өмнөх байдалдаа эргэж ороогүй нь тодорхой нөхцөл байдлыг даатгал мэдсээр байж “Хойд тээшний хаалгыг даатгуулагч 450,000 төгрөгөөр засварласан” гэж үзэж, үнэлгээний дүнгээс зөрүү 750,000 төгрөгийг эд анги солих зардал 50,000 төгрөгийн хамт хасаж тооцсон юм.

Гэтэл Мандал даатгалын Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгалын нөхөн төлбөрөөс хасалт хийх нөхцөл огт тусгагдаагүй бөгөөд энэ тухай хохирогчид урьдчилан мэдэгдээгүй байж хасалт хийсэн нь хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд гүйцэтгэх бөгөөд тухайн автомашины хохирлын үнэлгээг үнэлгээний арга аргачлал, стандартын дагуу автомашины марк, үйлдвэрлэгдсэн он, монголд орж ирсэн он, явсан гүйлт, ашиглалтын чанар байдал, сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, засварын зэрэглэл, үнэ, ханшид тулгуурлан холбогдох тооцооллыг хийж тогтоодог.

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаниас хийсэн автомашины үнэлгээний тайланд үнэлгээ хийхдээ сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 4-р зэрэглэлийн автомашины засварын ажлын дундаж үнийг үндэслэв. Үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, үнэлгээг гадны нөлөөгүйгээр, уг хөрөнгийг хувийн ямар нэгэн сонирхолгүйгээр, зах зээлийн мэдээлэл, захиалагч болон захиалагч талын өгсөн баримтад тулгуурлан, холбогдох тооцоог хийсэн бөгөөд үнэлгээгээр 1,693,200 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэжээ.

Ө.Г нь даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийх зорилго байхгүй бөгөөд зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Хэрэв 450,000 төгрөгөөр засварлуулаад тээшний таг хэвийн ажиллаж байсан бол зөрүү шаардахгүй л байсан. “Вендо” ХХК-аар битүүмжийн үнэлгээг гаргуулахыг хүссэн ч өмнө нь солихоор заасан тул дахин үнэлэхгүй гэж хэлсэн. Иймд үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс төлөгдсөн 450,000 төгрөгийг хасаж, зөрүүг шаардаж байгаа юм.

Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Даатгалын компаниуд мэргэжлийн хохирол үнэлгээний компаниудын гаргасан үнэлгээг дур мэдэн хасаж, аль болох бага нөхөн төлбөр төлөх эрмэлзэлтэй байвал иргэдийг цаашлаад дахиж ямар ч даатгалын үйлчилгээ авах сонирхолгүй болгох эрсдэл бий болж байна. Мандал даатгал даатгуулагчтай хийсэн гэрээгээ зөрчин хохирогч миний хохирлын нөхөн төлбөрөөс хасч байгаа нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзсэн учраас миний бие Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос уг тохиолдлыг хянаж үзээд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9/2504 тоот албан бичгийг ирүүлсэн.

Уг албан бичигт хохирогч миний автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гүйцээн олгож, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэнэ үү гэсэн байгаа боловч өнөөдрийн байдлаар Мандал даатгалаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь захиргааны актыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлж, хохирлын нөхөн төлбөр болох 800,000 төгрөгийг гүйцээн олгуулж өгнө үү.

Мөн энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хуульч Н.Одонтуяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд төлөх ёстой 500,000 төгрөгийг нэмт нийт 1,300,000 төгрөгийг “М Д” ХХК-аар нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Ө.Гаас “М Д” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 800,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. “М Д” ХХК-ийн №16211101403382 тоот Албан журмын даатгуулагч “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн 84-53УНР улсын дугаарын “Hyundai HD250” маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд тус компанийн жолооч Э.Чинзориг нь жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дүгээр заалтыг зөрчин, иргэн Ө.Гын жолоодон явсан “Toyota LandCruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас Ө.Гын тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийг засах, эд ангийг солиход 1,693,000 төгрөгийн зардал гарна гэж “Вендо” ХХК нь урьдчилсан үнэлгээ хийсэн байсан.

Гэвч 2017 оны 5 сарын 29-ний өдөр хохирогч Ө.Гтай холбогдоход, хохирогч тээврийн хэрэгслээ дээрх хохирол үнэлгээний тайланд заасан хэмжээнээс бага дүнтэй зардлаар өөрөө засуулж, тээврийн хэрэгслийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээсэн буюу 450,000 төгрөгөөр учирсан бодит хохирлоо арилгасан байсан.

Нэхэмжлэгч өөрөө ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тээшний тагийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах вьетнам авто засварын газраар засуулж, төлбөрт 450,000 төгрөг төлсөн” гэж энэ талаараа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг. Үүний эрх зүйн үндэслэл нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 17.1.4-т “Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлно” гэж, Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасныг тус тус баримтлан гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн болно. Учир нь, хохирол үнэлгээний тайлангаар гарсан хэмжээ нь зах зээлийн судалгааны үндсэн дээр гарсан, урьдчилсан дундаж үнэлгээ байдаг. Харин, яг засварын газар очоод засварлуулсан зардал нь бодит хохирлын хэмжээг илэрхийлж байгааг энэ жишээнээс харж болохоор байна.

Ийнхүү хохирогч Ө.Гад хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,693,200 төгрөгөөс тээшний таг солих 1,200,000 төгрөг гэх дүнгээс нь хохирогчийн тус тээшний хаалгаа 450,000 төгрөгөөр засварласан гэсэн тул 750,000 төгрөг хасаж, тээшний хаалгыг солих зардал 50,000 төгрөгийг хасаж, хохирол үнэлгээний зардал болох 58,000 төгрөгийг нэмж бусад гарсан дүнг үнэлгээний дагуу тооцож, нийт 951,200 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид олгосон.

450,000 төгрөгөөр хаалгаа засуулсан гэж хэлсээр байтал Даатгалын компани илүү мөнгө төлж, ашиг өгөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг даалгаж, нөхөн төлбөрт 800,000 төгрөгийг, мөн хууль зүйн туслалцаа авч, төлөөлүүлсний хөлсөнд төлөхөөр тохиролцсон 500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

 

Шүүх хариуцагч “М Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

“М Д” ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэдрийлинг” ХХК-тай 16211101403382 дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх ба жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр даатгуулагч компанийн жолооч Э.Чинзориг нь тус компанийн өмчлөлийн 84-53 УНР улсын дугаартай “Хьюндай Эйч Ди250” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөнөөс Ө.Гын жолоодон явсан түүний өмчлөлийн 03-00 УБЧ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашиныг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болжээ.

 

Ослын улмаас Ө.Гын өмчлөлийн  03-00 УБЧ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашины хойд буфер хагарч зурагдсан, хойд буферийн зүүн гэрэл хагарсан, хойд улсын дугаарын хүрээ хагарсан, тээшний таг чихэгдэж хунирсан зэрэг эвдрэлүүд гарсан бөгөөд хойд буферийн эвдрэлийг засах, бусад эд ангийг солих шаардлагатай гэж хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК дүгнэж, нийт 1,693,200 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн ба талууд учирсан гэмтэл, тогтоогдсон хохирлын хэмжээнд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10.2.2-т заасны дагуу  даатгагч “М Д” ХХК нь хохирогч буюу нэхэмжлэгч Ө.Гын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Энэ үүргийн дагуу “М Д” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хойд буфер засварлах зардалд 160,000 төгрөг, хойд буферийн зүүн гэрэл солих зардалд 90,000 төгрөг, хойд улсын дугаарын хүрээ солих зардалд 10,000 төгрөг, тээшний /доод/ таг засварлагдсан үндэслэлээр 450,000 төгрөг, эд анги будах, солих ажлын төлбөрт 183,200 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын зардалд 58,000 төгрөг буюу нийт 951,200 төгрөгийг Ө.Гад төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр нөхөн төлбөр олгоогүй нь үндэслэлгүй гэж үзэж, энэ талаар гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо баримт бичгийг хянаад “М Д” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг гүйцээн олгож, Хороонд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эргэж мэдэгдэхийг хариуцагчид даалгажээ.

 

Гэвч албан бичигт заасны дагуу хариуцагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид гүйцээж олгоогүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгийг биелүүлэхийг хариуцагчид даалгах, солих шаардлагатай тээшний тагыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр вьетнам засварын газраар 450,000 төгрөгөөр засуулсан боловч хуучин хэвэндээ орж чадаагүй, автомашины дотор тал руу тоос, шороо орж, битүүмж алдагдсан хэвээр байгааг дахин засварлуулах шаардлагатай тул өөрт учирсан хохирол бүрэн арилсан гэж үзэхгүй гэж хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан тээшний таг солиход шаардагдах 1,200,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 50,000 төгрөгийн нийлбэрээс хариуцагчийн төлсөн 450,000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тээшний тагыг 450,000 төгрөгөөр засварлуулсан учир гарсан бодит зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгосон гэж маргасан.

 

Захирамжлалын баримт бичигт хамаардаггүй Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9/2504 тоот албан бичиг нь тодорхой асуудлаар байгууллагууд хоорондоо харилцсан зохион байгуулалтын баримт бичиг тул үүнийг захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Энэ үүднээсээ уг албан бичгийг захиргааны акт гэж үзэж, биелүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Гэхдээ дээрх шаардлага үндэслэлгүй байгаа нь хариуцагчаас нөхөн төлбөрт 800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

 

Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхойлдог бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр, хэрэв талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлохоор мөн зүйлийн 17.1.2, 17.1.4 дэх хэсэгт заажээ.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу тодорхойлох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Ө.Г өөрийн өмчлөлийн автомашины тээшний тагыг 450,000 төгрөгөөр засварлуулсны дараа битүүмж алдагдсан хэвээр байгааг нотлосон баримт авагдаагүй ч хариуцагч энэ талаар маргаагүй, талууд энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайланд автомашины тээшний тагыг их хэмжээгээр эвдэрсэний улмаас солих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд талууд энэ тайланд тусгагдсан дүгнэлтэд маргаагүй байдалд үндэслэн шүүх нэхэмжлэгчийн автомашины тээшний тагыг засварлагдаж бус харин тухайн төрлийн эд ангиар солигдсоноор өмнө байсан байдалдаа сэргэнэ гэх дүгнэлтэд хүрч байна.

 

Иймд ижил төрлийн тээшний таг худалдан авах 1,200,000 төгрөгийн зардал, түүнийг сольж тавихад шаардагдах 50,000 төгрөгийн ажлын хөлсний нийлбэр нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан хохирогчид учирсан бодит хохирол болох тул үүнээс өмнө олгосон 450,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас зөрүү 800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасны дагуу эрх зүйн бүрэн чадамжтай этгээд Ө.Г нь сайн дурын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө Н.Одонтуяагаар төрбөртэйгөөр төлөөлүүлж, түүнд төлөхөөр тохирсон 500,000 төгрөгийг Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.3-т заасан даатгалд хамаарах зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс Ө.Гын нэхэмжлэлийн шаардлагаас Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг даалгах шаардлагыг төлөөлүүсний хөлсөнд төлөхөөр тохирсон 500,000 төгрөг гаргуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, “М Д” ХХК-аас нөхөн төлбөрт 800,000 төгрөг гаргуулж Ө.Гад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.2-т заасныг тус тус баримтлан “М Д” ХХК-аас нөхөн төлбөрт 800,000 төгрөгийг гаргуулан Ө.Гад олгож, Ө.Гын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг даалгах болон төлөөлүүлсний хөлсөнд төлөхөөр тохиролцсон 500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА