Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 463

 

                                                               

 

 

 

 

 

  2019          5             16                                              2019/ДШМ/463

 

 

         Т.Ш, Э.Г нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор П.Энхболд,

шүүгдэгч Э.Г,

            шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ш, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 201726030064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Боржигон овгийн Т.Ш, Төв аймгийн Зуунмод суманд 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Алтан-Өлгийн ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................./,

 

2. Чинус боржигон овгийн Э.Г, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Грийн хаус” хотхоны СӨХ-д харуулын ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .. дугаар хороо, Зүүн-Нарангийн .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 781 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,   

Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар нийт 14 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 311Ө дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаас 1 жилийг өршөөн хасч, эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар: ......................./,

 Т.Ш, Э.Г нар 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим согтуугаар бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Марал” зочид буудалд нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан тус буудалд амарч байсан Д.Гантөмөрийг шалтаг шалтгаангүй зодож хөнгөн хохирол учруулсан,

 

Э.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт Ш.Алтанцэцэгийн “HUAWEI P9 Lite” загварын гар утсыг хулгайлан авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Ш-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Т.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Т.Шт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Шт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-аас 749,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Г-с 100,000 төгрөгийг хохирогч Д.Гантөмөрт тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Гантөмөр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.Г-т уруу татагдан архи ууж хохирогч Д.Гантөмөрт хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Эмчилгээний зардлыг нөхөн төлж, хохирогч Д.Гантөмөрийг гомдол, саналгүй болгосон. Би гэм буруугаа гүнээ ухамсарлан хүлээж, хохирогчоос уучлалт гуйсан. Би “ДЮЦ” ХХК-д автобусны жолооч ажилтай бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг ба ар гэртээ ганцаараа ажил хийж амжиргаагаа залгуулдаг. Би хөдөлмөрлөх чадвартай, дахин бусдад уруу татагдаж гэмт хэрэгт холбогдохгүй байх ухамсартай, ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр хэлж, гэм буруугаа бүрэн хүлээж ямар нэгэн байдлаар өөрийгөө зөвтгөж, мэтгэлцэж маргалдаагүй.

Анхан шатны шүүхээс анх надад 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, ялыг эдэлсэн болохоор тэр өдрөөс хойш дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, архи, дарс, тамхи ч хэрэглээгүй. Гэр бүлтэй болж хүү маань 10 сартай, эхнэр минь одоо 6 сартай жирэмсэн үлдсэн. Миний бие Хан-Уул дүүргийн “Грийн хаус” хотхоны СӨХ-д харуулаар 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг хүртэл ажиллаж, сарын 350,000 төгрөгийн цалин авч эхнэр, хүүхдээ тэжээж гэр бүлээ авч явж байсан. Урьд нь би олон жил өөрийн хэнэггүй, тэнэг зангаасаа болж шоронд амьдралынхаа тал хувийг өнгөрүүлсэндээ маш их харамсдаг. Хэдий би элэгний давхар вирусын өндөр идэвхжилтэй өвчинтэй ч гэсэн надаас гарч болох бүх л хүчийг дайчлан нойргүй ажиллаж, хөдөлмөрлөсөн хөлсөө эхнэр, нялх үрдээ зориулж байсан. Өөрийн босгосон энгийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байж хүн үнэнч, шударгаар хөдөлмөрлөж амьдарч болдог юм байна гэдгийг маш сайн ойлгож ухаарсан. Би дахин муу зүйл хийж алдаж эндэхгүй, та бүхний итгэлийг алдахгүй хүн шиг амьдарч чадахаа амлаж байна. Та бүхэн миний биеийн байдал болон 10 сартай хүү, 6 сартай жирэмсэн эхнэрийн минь хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж хорих ялаас минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.Ш-ын өмгөөлөгч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь Т.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учруулсан гэмтэл зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс Т.Ш, Э.Г нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Ш, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Т.Ш, Э.Г нар 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим согтуугаар бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Марал” зочид буудалд нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан тус буудалд амарч байсан Д.Гантөмөрийг шалтаг шалтгаангүй зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Э.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт Ш.Алтанцэцэгийн “HUAWEI P9 Lite” загварын гар утсыг хулгайлан авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Зочид буудлын өрөөнд амарч байхад нь “Э.Г өрөөний хаалгыг эвдэн орж ирсэн, шаардлага тавихад нь хэл амаар доромжлон өшиглөж, цохисон”, “Т.Ш нь зодох явцдаа шилэн аяга шидэж гэмтээсэн” талаар хохирогч Д.Гантөмөрийн өгсөн мэдүүлгүүд /1-р хх 31-33, 2-р хх 17-18/, Э.Г буудлын коридорт бусадтай маргалдсан, Т.Ш өрөөнөөс шилэн аяга аваад Э.Г-той маргалдаж байсан хүн рүү шидсэн болохыг харсан гэрч Б.Энхмэндийн өгсөн мэдүүлэг /1-р хх 38-42/, цагдаагийн байгууллагад дуудлага өгч байхад нь хохирогч “тэр залуу аяга шидчихлээ” гээд намхан биетэй залуу руу заасныг харсан гэрч Н.Ариунбаярын мэдүүлэг /1-р хх 49-51/, “Э.Г хүнтэй маргалдаж байхаар нь өрөөнөөсөө шилэн аяга аваад махлаг биетэй ах руу шидэхэд хамар хэсэгт оносон” гэсэн шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /1-р хх 65-67, 76-77, 172-173, 2-р хх 86/, “Бид хоёр барьцалдаж аваад би нүүрэнд нь цохиж, гуяанд нь өшиглөсөн” гэх шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /1-р хх 165-167, 218-219, 239-243/, хохирогч Д.Гантөмөрийн “биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, цус хуралт, тархи доргилт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1215 тоот дүгнэлт /1-р хх 55/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3, 6-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 25-28/,

“Гар утсаа хулгайд алдсан талаар” хохирогч Ш.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /2-р хх 79, 96/, хохирогчийн гар утсыг худалдаж авсан иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1-р хх 207-209, 2-р хх 95/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 199/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 140, 224-226/, шүүгдэгч Э.Г-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1-р хх 229/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ш-ыг “бусдад хүч хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Э.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдад хүч хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Т.Ш, Э.Г нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ...”-ийг хүссэн шүүгдэгч Т.Ш-ын, “... ял хөнгөрүүлэх ...”-ийг хүссэн Э.Г-ийн давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ш, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                                     ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН