Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00168

 

 

 

2021 03 02 001/ХТ2021/00168

 

 

 

 

Ди Эн Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1540 дүгээр магадлалтай,

Ди Эн Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Чинбатад холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Нямбаяр миний бие нь Ди Эн Ар ХХК-ийг төлөөлөн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Богины аман дахь 459 м.кв 2 давхар байшингийн гадна хөөсөн фасат болон 400 м.кв төмөр хашааг ажлын болон материалтай нь хийсэн Гадна фасатны ажлын хөлс болон материалтай 1 м.кв 35,500 төгрөгөөр тооцож, төмөр хашааг 1 м.кв нь 40,000 төгрөгөөр хийхээр гэрээнд тусгасан. Энэхүү ажил нийлээд 32,500,000 төгрөг болсон. Ажил эхэлснээс хойш төмөр хашааг 14 хоногийн дотор 100 хувь хийж гүйцэтгэсэн ба гадна хөөсөн фасатыг 20 хоногийн дотор ажлын 90 хувийг хийсэн болно. Захиалагч тал болох Н.Чинбатаас хаалга болон шилэн фасатыг хийгээгүйн улмаас хөөсөн фасатын ажил 100 хувь дуусаагүй болно. Захиалагч талаас дутуу ажлаа хийж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүрсэн. Ажлын хөлсөнд байр өгөх нөхцөлтэй байсан боловч тухайн байр нь 100 хувь ашиглалтад ороогүй хүн амьдрах ямар ч боломжгүй байр байсан. Ажил дууссанаас хойш одоо болтол Н.Чинбатаас ажлын хөлсөө авч чадаагүй. Н.Чинбат нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын хөлсийг 2018 оны 1 дүгээр сард багтааж өгнө гэж ажлын гэрээний ард бичсэн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлын гэрээний ард 2018 оны 2 дугаар сард багтааж өгнө, хэрэв багтааж өгөхгүй бол гэрээний 6.1-д зааснаар өдрийн 0,2 хувийн алданги бодож өгнө хэмээн гарын үсэг зурсан. 2018 оны 6-7 сар дотор Н.Чинбатаас ажлын хөлсөнд бодон 2 ширхэг авто тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгт тооцож авсан. Захиалагч Н.Чинбат нь ажлын үлдэгдэл болох 10 хувь суутгана гэсэн ба энэ нь гадна фасатны мөнгөн дүнгээр бодвол 1,650,000 төгрөгийг Н.Нямбаяр миний бие зөвшөөрсөн болно. Мөн бэлэн мөнгө 1,350,000 төгрөг авсан гээд нийт 22,000,000 төгрөг авсан. Би Н.Чинбаттай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр таарсан ба Н.Чинбатыг шүүхэд өгөх гэж яваагаа хэлсэнд шүүхэд хандаад хэрэггүй 1 сарын хугацаа өгчих гээд нотариатаар орж 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө өгнө гэсэн бичиг хийж өгсөн боловч товлосон хугацаанд өгөөгүй. Иймд Н.Чинбатаас ажлын хөлс болон материалын мөнгө 14,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Н.Нямбаяр нь гэрээгээр тохирсон ажлыг 100 хувь өөрийн материалаар хийж гүйцэтгэх байсан боловч тус тохиролцооноос талууд буцаж зөвхөн ажлын хөлсөөр ажлыг гүйцэтгэж миний бие материалаа гаргаж хийлгүүлсэн болно. Ингээд ажлын хөлсөнд тооцож өгөх бартерын зүйлийг өгсөн боловч түүний хийж гүйцэтгэсэн ажил нь чанар байдлын шаардлага хангахгүй байгаагаас төлбөр тооцооны тал дээр маргаан үүссэн. Хэдийгээр Н.Нямбаяр нь надаас авлагатай гэх боловч түүний хийсэн ажлын үнэлгээ төсөв чанар байдлын дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргасны дараа төлбөр тооцоотой эсэхийг тодорхойлох юм гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Чинбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,401,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ди Эн Ар ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,298,675 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,900 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133,371 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Ди Эн Ар ХХК-иас 1,750,000 төгрөгийг гаргуулж шинжээч Эрдэм түм ХХК олгож, хариуцагч Н.Чинбатаас шинжээчийн зардалд 1,750,000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1540 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Чинбатаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,901,325 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ди Эн Ар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,798,675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 133,371 гэснийг 189,371 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.08.19-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэрийг хянасан. Ингэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Талуудын эрх, үүргийг зөрчиж шүүх хуралдаанд оролцуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй зэрэг хуульд заасан эрхийг олгоогүйгээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд хэргийг хянаагүй, нэхэмжлэгчийн анхан шатны шүүх дээр нэхэмжлээгүй алдангийг хяналтын шатны шүүх дээр нэмэгдүүлж хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд тус алдангийг зөвшөөрөхгүй алданги 3,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй учир тус хэсэгт гомдолтой байгаа тул алдангийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

         Ди Эн Ар ХХК нь Их өвөр групп ХХК болон Н.Чинбат нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,700,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Их өвөр групп ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч Н.Чинбат .. хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, Приус 20 машиныг 9,000,000 төгрөгт, BWB маркийн машиныг 12,500,000 төгрөгт, 1,350,000 төгрөгийг бэлнээр өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Н.Чинбатаас 7,401,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 7,298,675 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 10,901,325 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ.

 

            Хэргийн баримтаас үзэхэд талуудын 2017 оны 8 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Хан-Уул дүүргийн Богины аман дахь Дулаан сэтгэл нийгэмлэгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 400 метр төмөр хашаа, үйлчилгээний барилга, амрагчдын сууцны хөөсөн фасадны ажлыг хийж гүйцэтгэхдээ төмөр хашааг 1,5x1 нь 40,000 төгрөг, хөөсөн фасадыг 1 м.кв нь 35,500 төгрөг, хар замаскыг 1 м.кв-ыг 2000 төгрөгөөр тооцож, гүйцэтгэгч нь ажлыг чанартай материалаар хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /хх-8-10/

 

2. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, мөн хуулийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж зааснаар нэхэмжлэгчийг ажлын хөлсөө шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь Приус 20 машиныг 9,000,000 төгрөгт, BWB маркийн маркийн машиныг 10,000,000 төгрөгт, бэлнээр 1,350,000 төгрөг, нийт 20,350,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Захиалагч нь хаалга болон шилэн фасатыг хийгээгүйн улмаас хөөсөн фасатын ажил 100 хувь дуусаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний дагуу 14,700,000 төгрөг авах ёстой гэжээ.

    

          Зохигчид фасадны ажлыг гүйцэтгэхэд гаргасан материалын зардлын талаар баримт ирүүлээгүй байх тул шүүхээс томилсон шинжээч уг ажлын материалын зардалд нийт 10,734,980 төгрөг гарсан гэж дүгнэснээс хариуцагчийн гаргасан хөөсний үнэ 3,233,655 төгрөгийг хасч, үлдэх 7,501,325 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцжээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 24-ний өдөр талуудын хооронд хийгдсэн Хэлцэл гэсэн бичгийн баримтаар үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсныг анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу гэж дүгнэн, хариуцагчаас алданги гаргуулсан давж заалдах шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хэлцлийн агуулгыг тайлбарласан нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нийцсэн байна.

 

Иймээс ...алданги гаргуулсан нь буруу... гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Харин хоёр шатны шүүх шийдвэр, магадлалын удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэгчийн тайлбарт заасан 22,000,000 төгрөг гэж ташаа бичсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1540 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950.00 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД