Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01420

 

2019 оны 06 сарын 19 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01420

 

Улаанбаатар хот

 

 

 

                        

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, ... тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух Н.Ч-д  холбогдох,

 

 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Н.Ч,  гэрч Ц.Д, шинжээч Л.Т  нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г тэмдэглэл хөтлөв.

 

                                                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2018 оны 11 сарын 23-ны итгэмжлэлд заасан 11 200 000 төгрөг нь хариуцагч Н.Чтай 2018.10.24-ний өдөр нотариатаар орсон хэлцэл нь 2018.11.24-ний өдөр дуусч хэлцлээ биелүүлээгүй учраас өдрийн 0,5 хувийн хүү болох 70 хоногийн хүү 3 500 000 төгөрөг нэмэгдэж нийт 14 700 000 төгрөг болсон байна. Н.Н миний бие нь “Д” ХХК-ийг төлөөлөн 2017.08.23-ний өдөр Хан-Уул дүүргийн  богины аман дахь 459 метр квадрат 2 давхар байшингийн гадна хөөсөн фасат болон 400 метр квадрат төмөр хашааг ажлын болон материалтай нь хийсэн                                                                                                                                                         болно. Гадна фасатны ажлын хөлс болон материалтай 1 м.кв 35 500 төгрөгөөр тооцож, төмөр хашааг 1 м.кв нь 40 000 төгрөгөөр хийхээр гэрээнд тусгасан. Энэхүү ажил нийлээд 32 500 000 төгрөг болсон. Ажил эхэлснээс хойш төмөр хашааг 100 хувь 14 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн ба гадна хөөсөн фасатыг 20 хоногийн дотор ажлын 90 хувийг хийсэн болно. Захиалагч тал болох Н.Чаас хаалга болон шилэн фасатыг хийгээгүйн улмаас хөөсөн фасатын ажил 100% дуусаагүй болно.

 

Захиалагч талаас дутуу ажлаа хийж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүрсэн. Ажлын хөлсөнд байр өгөх нөхцөлтэй байсан боловч тухайн байр нь 100 хувь ашиглалтанд ороогүй хүн амьдрах ямар ч боломжгүй байр байсан. Ажил дууссанаас хойш одоо болтол Н.Чаас ажлын хөлсөө 100 хувь авч чадаагүй ба цаг хугацаа товлоод тэдэнд өгнө гэдэг боловч тэр өдөр нь ирэхээр Н.Ч нь ямар нэгэн шалтаг шалтгаан хэлдэг ба сүүлдээ чаддаг юм бол шүүхдээд ав гэдэг болсон.

 

Н.Ч нь 2018.01.04-нд ажлын хөлсийг 2018 оны 1 сард багтааж өгнө гэж ажлын гэрээний ард бичсэн. Мөн 2018.02.06-ны өдөр ажлын гэрээний ард 2018 оны 2 сард багтааж өгнө хэрэв багтааж өгөхгүй бол ажлын гэрээний 6.1-д зааснаар захиалагч ажлын хөлсийг цаг хугацаанд нь өгөхгүй бол өдрийн 0,2%-ийн алданги бодож өгнө хэмээн гарын үсэг зурсан. 2018 оны 6-7 сар дотор Н.Чаас ажлын хөлсөнд бодон 2 ширхэг авто тээврийн хэрэгсэл авсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь нийлээд мөнгөн дүнгээр 19 000 000 төгрөг болсон. Захиалагч Н.Ч нь ажлын үлдэгдэл болох 10 хувь суутгана гэсэн ба энэ нь гадна фасатны мөнгөн дүнгээр бодвол 1 650 000 төгрөгийг Н миний бие зөвшөөрсөн болно. Мөн бэлэн мөнгө 1 350 000 төгрөг авсан. Нийт 22 000 000 төгрөг авсан болно. 2018 оны 10 сарын 24-ны өдөр Н.Чтай Н.Н миний бие нь Хан-Уул дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд таарсан ба Н.Чыг шүүхэд өгөх гэж яваагаа хэлсэнд шүүхдээд хэрэггүй ээ 1 сарын хугацаа өгчихөө гээд нотариатаар орж бичиг бичиж 2018 оны 11 сарын 24-нд өгнө гэсэн боловч цаг нь болоод мөнгөө нэхсэн боловч хэл амаар доромжилж сохор зоос өгөхгүй шүүхдээд ав гэдэг болсон. “Д” ХХК нь энэхүү гадна фасаданд хөөсний цавуу,  булан тор, шахдаг хөөс, чулуун гоёл, грүүнт, хар замаск, хадаас, тав, фасадны тор зэргийг гаргасан болно. Иймд Н.Чаас ажлын хөлс болон материалын мөнгө 14 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Н.Ч миний бие иргэн Н.Н харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд баригдаж байгаа барилгын гадна талыг хөөслөх, фасадны ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно. Тус ажлыг Н.Н нь 100 хувь өөрийн материалаар хийж гүйцэтгэх байсан боловч тус тохиролцооноос талууд буцаж зөвхөн ажлын хөлсөөр ажлыг гүйцэтгэж миний бие материалын юмаа гаргаж хийсэн болно. Ингээд ажлын хөлсөнд тооцож өгөх бартерийн зүйлийг өгсөн боловч түүний хийж гүйцэтгэсэн ажил нь чанар байдлын шаардлага хангахгүй байгаагаас төлбөр тооцооны тал дээр маргаан үүсэж өнөөдрийг хүрээд байна. Хэдийгээр Н.Н нь надаас авлагатай гэх боловч түүний хийсэн ажлын үнэлгээ төсөв чанар байдлын дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргасны дараа төлбөр тооцоотой эсэхийг тодорхойлох юм. Мөн миний бие Н.Нын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

        Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч И ХХК болон Н.Ч нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И ХХК-иас татгалзаж, хариуцагч Н.Чаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 700 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

 

 

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017.08.23-ний өдөр Хан-Уул дүүргийн  богины аман дахь 459 метр квадрат 2 давхар байшингийн гадна хөөсөн фасат болон 400 метр квадрат төмөр хашааг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Ажил эхэлснээс хойш төмөр хөшөөг 100 хувь 14 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн хашааны төлбөрийг бүрэн авсан, харин хөөсөн фасатын ажлыг  20 хоногийн дотор ажлын 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өөрөөсөө  хөөсний цавуу,  булан тор, шахдаг хөөс, чулуун гоёл, грүүнт, хар замаск, хадаас, тав, фасадны тор зэрэг материалыг гарган  хийж гүйцэтгэсэн. Хариуцагчаас ажлын хөлсөнд Приус 20 машиныг 9 000 000 төгрөгт, BWB маркийн маркийн машиныг 10 000 000 төгрөгт,  1 350 000 төгрөгийг бэлнээр нийт 20 350 000 төгрөгийн ажлын хөлсийг авсан. Үүнээс хашааны ажлын хөлс болох 16 000 000 төгрөг бүрэн авсан. Фасадны ажил матерал болон ажлын хөлстэйгээ нийт 16 500 000 төгрөг болсон. Захиалагч тал болох Н.Чаас хаалга болон шилэн фасатыг хийгээгүйн улмаас хөөсөн фасатын ажлыг 100 хувь дуусаагүй.Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үүрэгт 14 700 000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна.

 

 

 

          Хариуцагч Н.Ч “... нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанар байдлын шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Приус 20 машиныг 9 000 000 төгрөгт, BWB маркийн маркийн машиныг 12 500 000 төгрөгт,  1 350 000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэж маргадаг.

 

         Нэхэмжлэгч  Д  ХХК нь Хан-Уул дүүргийн Богины аман дахь Дулаан сэтгэл нийгэмлэгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 400 м төмөр хашаа, үйлчилгээний барилга, амрагчдын сууцны хөөсөн фасадны ажлыг, төмөр хашаа 1,5*1м нь 40 000 төгрөгөөр , хөөсөн фасад 1 м.кв нь 35 500 төгрөгөөр, хөөс тогтоох хар замаскийг 1 м.кв 22 000 төгрөгөөр тооцон ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон талуудын хооронд байгуулсан  барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х  8-10 тал/

 

         Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “ гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”, мөн хуулийн 351.1.2-д “ гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах”  гэж заасан ба Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ, хуульд зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

 

          Нэхэмжлэгч фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын нийт зардал 16 500 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч фасадны ажилд нийт хэдэн төгрөгийн материал орсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагч 70 м 3 хөөсөнцөр буюу 8 000  000 төгрөгийн хөөсөнцөрийг өөрөөсөө гаргасан, ажлын чанар хангалтгүй гэж чанарын талаар хариуцагч маргасан тул хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх ажлын гүйцэтгэлийн нийт төсөвт өртөг, фасадны ажлыг барилгын норм стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тогтоолгохоор “Э” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

         Шинжээч  “... ажлын гүйцэтгэлийн нийт төсөвт өртөг нь 33 303 087 төгрөг, ... гадна хөөсөн фасатны ажлыг барилгын норм стандартын дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл чанарын 85 хувь хангана гэж үзэх үндэстэй, ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Богины аманд баригдсан 459 м.кв талбайтай, 2 давхар сууцны каркасыг барилгын норм стандартын дагуу гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй, ... 2 давхар сууцны каркас дээр дулааны хөөсөн фасадны ажлыг барилгын норм стандартын дагуу гүйцэтгэх боломжгүй биш боловч, хэвийн нөхцөлд хийх зардлаас 15-20 хувь илүү зардлаар л хийх боломжтой ...” гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. /х.х 57-64 тал/

 

        Нэхэмжлэгч, хариуцагч нар фасадны ажлыг гүйцэтгэхэд гаргасан материалын зардлын талаар аль аль нь баримт ирүүлээгүй тул шүүх шинжээчээс тогтоосон нийт төсөвт өртөгт үндэслэн материалын зардлыг тодорхойллоо. Шинжээчийн дүгнэлтээр фасадны ажлыг хийж гүйцэтгэхэд материалын зардалд нийт 10 734 980 төгрөг /х.х-63/ гарсан ба хариуцагч хөөсийг бүрэн өөрөөсөө гаргасан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй тул хөөсний үнэ 3 233 655 төгрөгийг хасч үлдэх 7 501 325         /10 734 980 – 3 233 655 / төгрөгийн материалын зардлыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргаж фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж шүүх үзлээ.

 

          Нэхэмжлэгч фасадны ажлын хөлсийг 5 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх ба энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ажлын чанар 85 хувь гэж дүгнэсэн учраас ажлын хөлсийг 100 хувь нэхэмжлэгч шаардах эрхгүй байнна. Иймд 85 хувийн ажлын гүйцэтгэлтэй ажлыг гүйцэтгэсэн байх тул ажлын хөлсөнд  4 250 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

          Хариуцагч Н.Ч нэхэмжлэгчид Приус 20 маркийн машиныг 9 000 000 төгрөгт, BWB маркийн машиныг 12 500 000 төгрөгт, бэлэн 1 350 000 төгрөг нийт 22 850 000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч Приус 20 маркийн машиныг 9 000 000 төгрөгт, бэлэн 1 350 000 төгрөг авсан талаар маргаагүй, харин BWB маркийн машиныг 12 500 000 төгрөгт тооцож аваагүй 10 000 000 төгрөгт тооцож авсан гэж маргаж байгаа боловч хариуцагч BWB маркийн машиныг 12 500 000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрч Ц.Д гэрчийн мэдүүлэг авахуулж энэ талаар шүүхэд нотолж байгаа боловч гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

         Иймд нэхэмжлэгч материалын зардал, ажлын хөлсөнд 11 751 325                           /7 501 325+4 250 000/ төгрөгийг зарцуулсан ба хариуцагчаас нийт 20 350 000                /9 000 000+10 000 000 + 1 350 000/ төгрөг авсан үүнээс хашааны ажлын хөлсийг  хасаад 4 350 000 /20 350 000 -16 000 000 хашааны хөлс/  төгрөг үлдсэн байх тул         7 401 325  /11 751 325 - 4 350 000/ төгрөгийг хариуцагч Н.Чаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Чаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 401 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 298 675 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 900 төгрөгийг улсын төсөвт үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133 371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Д ХХК-иас  1 750 000 төгрөгийг гаргуулж шинжээч “Э “ ХХК олгож, хариуцагч Н.Чаас шинжээчийн зардалд 1 750 000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ