Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2017/00711

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн ......... сумын ....... дугаар багт оршин суух, ..........овогт Ж.Еын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ж.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ө.Б, шинжээч Х.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймгийн “С” ХХК-ийн захирал С.Шийн шийдвэрээр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компани манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд томилогдон 2 жил 4 сар ажиллаж сард бэлнээр 350000 төгрөгийн хөлс авч байсан юм. Намайг анх ажилд томилогдон орох үед байгууллагын дарга болон удирдлагаас ажилд орсон талаар тушаал шийдвэр өгөөгүй бөгөөд мөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй билээ. Би дарга болох С.Шт хандаж ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө үү гэж хэд хэдэн удаа очиход чи энэ манаач болон насосын станцын машинистын албан тушаалд бүр тушаалаар орсон бөгөөд хэл ам гаргалгүй зүгээр л ажлаа хийж бай, цаг нь болохоор чамд тушаал, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө гэж хэлж явуулсан тул би дахин очиж нэхээгүй. Энэ тухай компанийн орлогч гэх Еээс тушаалын нэг хувь, хөдөлмөрийн гэрээг шаардахад дарга нар мэднэ гэж хэлж ач холбогдол өгөөгүй тул би тушаал болон хөдөлмөрийн гэрээг байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг мөн нэг хувийг өгөх эсэхийг дарга өөрөө шийддэг юм байна гэж бодоод дуугүй ажлаа хийж ирлээ. Манай компанийн манаач болон 3 дугаар бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлыг Б, Б бид гурав 24 цагаар ээлжлэн хийж ирлээ. Өөрөөр хэлбэл байгууллагад манаач хийж байхад 2 цаг тутам насосын ажиллагааг хянах, цэвэрлэх, ажиллуулах үүрэгтэй ажилласан билээ. Манаач болон машинистын орон тоо, бүтэц хасагдаагүй бөгөөд хасагдах, цомтгогдох талаар би огт сонсоогүй. Гэтэл “С” ХХК-ийн захирал Ж.А дуудаж байна гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагт албан өрөөнд нь очиход захирал Ж.А нь намайг ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалыг өгсөн. Энэ тушаалыг хүлээн авч би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Надад ажил олгогчоос ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. Миний орон тоонд Сархад гэж хүнийг авч ажиллуулж байгаа. Өмнө нь бас нэг манаачийг ажилд авсан байна. “С” ХХК-нд орон тооны цомхтголоор манаачийн орон тоо байхгүй болсон гэдэг нь  худлаа. 2 манаач одоо хүртэл тогтмол ажиллаж байгаа. Иймд намайг урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Еын манай компанид холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. “С” ХХК нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар Ж.Еыг захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компани бетон цехийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаас чөлөөлж, захиргаа аж ахуйн хашааны ээлжийн манаачаар түр томилжээ. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар, улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар Ж.Еыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манаачийн ажлаас чөлөөлөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хүний халуун усны уурын зуухны машинист, сахиулаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистаар томилсон байна. Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байдал нь компани санхүүгийн чадавх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж үүнээс болж төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон, цалингийн фонд хэтэрсэн зэрэг байдлыг харгалзан тус компани Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж ажилчдын тоог цөөрүүлэх, орон тоо цомхтгож, цомхон бүтэцтэй ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал Ж.А надад үүрэг болгосон. Тус компани ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компани бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, 51 орон тоогоор баталж, энэхүү 51 орон тооны хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар компани албан тушаал, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Еын ажиллаж байсан захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын орон тоо нь дээрх ТУЗ-ийн тогтоолын дагуу цомхтголд орсон учраас Ж.Ед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.Нэгэнт Ж.Еын орон тоо нь цомхтголд орсон учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй болсон.Нэхэмжлэгч Ж.Еын нэхэмжлэлдээ дурдсанчлан тушаал нь байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг зүйл биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийнхээ дагуу ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг шаардах, танилцах эрх нь ажилтны хувьд нээлттэй. Нөгөө талаар хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул Ж.Еын нэхэмжлэлдээ бичсэн зарим зүйл нь зүйд нийцэхгүй байна. Иймд Ж.Еын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ербол нь “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан “С” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дүгээр зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 6.9.1 дэх заалт, тус компани Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар тушаалыг тус тус үндэслэн орон тоо нь цомхтгогдсон, ажилчдын тоог цөөрүүлсэн тул Ж.Еыг “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “С” ХХК-ийн захирал Ж.А нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Еыг орон тоо цомхтгогдсон, ажилчдын тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа боловч тухайн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Компанийн шинэчилсэн бүтэц, орон тоог албан тушаалын жагсаалтын дагуу баталсныг үндэслэн ажилтан Ж.Еын орон тоог цомхтгогдсоныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй гэж маргажээ.

Гэвч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай “Компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дахь заалтаар Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар баталсан байх ба хавсралтаас үзэхэд компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг Захиргаа, инженер техникийн албанд 38 орон тоотой, Рахат халуун усанд 8 орон тоотой, Аж ахуйн алба /цэвэр усны үйлдвэр/ 5 орон тоотой, нийт 51 ажилтантай байхаар тусгажээ.

Харин 3 дахь заалтаар уг батлагдсан бүтэц, орон тооны дээд хязгаар 51 ажилтны хүрээнд компанийн албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн тогтоохыг “С” ХХК-ийн захирал Ж.Ат үүрэг болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авч, цомхон бүтэцтэй ажиллахыг мөн үүрэг болгосон байжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн захирал Ж.А нь ажилтан Ж.Ед 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсаар “... 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3-р бохир усны насосын станцын машинистын үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг урьдчилан” мэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шаардлагыг ажил олгогч хангаж биелүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна.

Мөн тухайн мэдэгдэх хуудсанд түр тушаалаар ажиллаж буй ажиллагсдыг үүрэгт ажлаас чөлөөлөх болсон талаар дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд түр тушаалаар ажиллах гэсэн ойлголт байхгүй бөгөөд ажил олгогч болон ажилтны хоорондох харилцааг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцохоор зохицуулсан ба ажил олгогчоос ажилтан Ж.Етой хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдалд ажилтан Ж.Еыг буруутгах үндэслэлгүй болно.

-Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар бүгд 51 ажилтнаар баталсан байх ба 3 дахь заалтаар уг 51 ажилтны хүрээнд компанийн албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн тогтоохыг “С” ХХК-ны захирал Ж.Ат үүрэг болгосны дагуу тэрээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар Компанийн албан тушаалын нэрс, орон тоог хавсралтаар баталсан байна.

-Гэтэл ажил олгогч буюу хариуцагч байгууллагын захирал Ж.А нь тус компанийн албан тушаалын нэрс, орон тоо батлагдаагүй тус компанийн ямар албан тушаалтны орон тоог цомхтгосон мөн цөөрүүлэх эсэх нь тодорхой бус байхад ажилтан Ж.Еын орон тоог цомхтгогдсон гэж түүнд мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч буюу хариуцагч “С” ХХКомпанийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай компанийн албан тушаалын нэрс, орон тоог батлах тухай тушаал гаргасан байх бөгөөд Компанийн албан тушаалын нэрс, орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтад Захиргаа, инженер техникийн албанд 38 орон тоотой, Рахат халуун усанд 8 орон тоотой, Аж ахуйн алба /цэвэр усны үйлдвэр/ 5 орон тоотой, нийт 51 ажилтантай байхаар “С” ХХКомпанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд ажил, албан тушаалын нэрээр тогтоосон боловч дээрх тогтоол, бүтэц орон тоог баталсан тушаалууд нь урьд нь ямар хэмжээний бүтэц орон тоотой ажиллаж байснаас хэчнээн орон тоо хасагдаж, хэчнээн орон тоог цөөрүүлснийг тогтоохгүй тул ажилтан Ж.Еыг орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь эргэлзээтэй байна.

Хариуцагч  байгууллагын нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Компанийн шинэчилсэн бүтэц, орон тооны талаарх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж,  нэхэмжлэгч Ж.Еыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С” ХХКомпаниас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч байгууллагын захирал Ж.Ат шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагчийн эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгч нь хариуцагчийг эзгүй үед хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Еыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.Ж