Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2017/00801

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн ..........сумын ....... дугаар багт оршин суух, ...........овогт Х.Ргийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Х.Р, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ. 

Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Р би Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад тухайн ажлаас чөлөөлөгдөж, тус төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээр томилогдсон юм. Ажиллах явцад эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж, тус сумын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлст амьдарлаа зориулж ирсэн билээ. Гэтэл ажил олгогч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 42 тоот тушаалаар намайг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн намайг өрхийн эмчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болсон юм. Тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсны хувьд тухайн байгууллагад өрхийн эмчийн бүр орон тооны ажил байхгүй болохыг сайн мэддэг. Иймээс ажил олгогч намайг хүүхдийн эмчийн ажлаас хууль бусаар чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн явдалд гомдолтой байна. Миний бие ажиллаж байсан хүүхдийн эмчийн албан тушаалд саяхан н.С гэдэг хүнийг томилсон юм. Ажил олгогчийн далд санаа зорилго нь намайг төсөв, орон тоо нь батлагдаагүй өрхийн эмчийн ирээдүйгүй орон тоонд хэсэг хугацаа ажиллуулж байгаад дараа нь орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар ажилгүй болгох магадлалтай гэж үзэж байна. Х.Р би намайг өөр ажилд шилжүүлж өгөх талаар байгууллагын захиргаанд хүсэлт гаргаж байгаагүй юм. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээр томилж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр томилогдсон бөгөөд миний хийж байсан хүүхдийн эмчийн орон тоонд ерөнхий мэргэжлийн эмч Х.Рг томилсон юм. Тухайн үед эрүүл мэндийн салбар эх, хүүхдийн асуудлыг нэгдүгээр зэрэгт тавьдаг учраас хүүхдийн эмчийн орон тоог эзгүй байлгахгүйн тулд Х.Р эмчийг хүүхдийн эмчээр түр томилсон юм. Тухайн үед яагаад түр томилсон вэ гэвэл 2014 оноос эхлэн нэг эмчийг сургалтад явуулсан байсан. Тэгээд захиалгаар суралцуулсан н.С гэдэг эмч 2017 оны 10 дугаар сарын сүүлд төгсөж ирсэн ба нэгэнт захиалгаар суралцуулсан, мөн эх, хүүхдийн асуудал тулгамдаж байгаа тул н.Серикжан эмчийг хүүхдийн эмчээр томилж, түр ажиллаж байсан Х.Р эмчийг тус сумын 4 дүгээр багийн өрхийн эмчээр томилсон юм. Ингэж томилсноор түүний цалин хөлс хасагдаагүй, ямар ч өөрчлөлт байхгүй байхад энэ хүний эрхлэгч намайг цаашид орон тоог байхгүй болгож, ажлаас халах санаатай гэж хэлсэнд би гомдолтой байна. Учир нь, энэ хүн 16, 17 жил ажилласан эрүүл мэндийн салбарт ажиллаж мэргэшсэн хүн. Тийм учраас энэ хүнийг 4 дүгээр багийн өрхийн эмчээр томилж, ажил байдлын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Б сум хүн амын тоогоор аймгийн сумуудаас 4 дүгээр байрт ордог. Тэгээд миний бие Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 дугаартай хамтарсан тушаалыг ажилдаа мөрдлөг болгож ажилладаг юм. Энэ тушаалын дагуу тус сумын Эрүүл мэндийн төв 5 их эмчтэй байх ёстой бөгөөд энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүргүүлэх тухай” 160 тоот тушаалыг албан бичгээр манай төвд ирүүлсэн байгаа. Уг тушаалын хавсралтад тус сумын Эрүүл мэндийн төв 5 их эмчтэй ажиллахаар тусгасан байгаа. Үүнд, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч 1, хүүхдийн эмч 1, эх барих эмэгтэйчүүдийн эмч 1, тэгээд 2 их эмч байх ёстой байсан. Гэхдээ манай байгууллагад 1 их эмч байхгүй байсан учраас аймгийн Эрүүл мэндийн газраас хүргүүлсэн тушаалд 1 эмчийн орон тоог хоосон орхисон байсан юм. Тэгээд миний бие ард түмний эрүүл мэндийн төлөө, туслах ажилтныг нэмж оруулахын оронд мэргэжилтэй боловсон хүчнийг авч ажиллуулах ёстой гэсэн үзэл бодлыг баримталдаг. Тийм учраас батлагдсан орон тооны дагуу 5 их эмч ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталсан. Иймээс Х.Р эмчийн намайг энэ хүн цаашид ажилгүй болгоно гэсэн тайлбарыг би хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт нарийн мэргэжлээр суралцаж ирсэн хүүхдийн эмчийг ажиллуулах ёстой, Эрүүл мэндийн яам, газраас эх, хүүхдийн эрүүл мэндэд анхаарах бодлого баримталж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Р нь Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ. 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Учир нь, нэхэмжлэгч Х.Рг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн Эрүүл мэндийн Төвийн хүүхдийн эмчээр ажиллаж байсан А.Б өөр ажилд шилжин ажиллах болсон тул Хүүхдийн эмчээр ерөнхий мэргэжлийн эмч Х.Рг түр томилж, мөн өдөр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Улмаар ажил олгогч буюу хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэн Эрүүл Мэндийн Төвийн ерөнхий мэргэжлийн эмч Х.Рг 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн өрхийн эмчээр томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Ажил олгогч хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь нэхэмжлэгч Х.Рг тус төвийн хүүхдийн эмчээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаалаар түр томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай гэж  байгуулсан байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирал, аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга, суралцагч С.С нарын хооронд төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээ байгуулан гэрээний дагуу С.С нь хүүхдийн нарийн мэргэжлээр төгсөж ирсэн тул хүүхдийн эмчээр С.Сыг томилсон гэжээ.

Гэтэл тус төвийн хүүхдийн эмчийн орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д зааснаар байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд хугацаагүй байгуулагдах ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байхаар хуульчилсан бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3-т хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдах тохиолдлуудыг хуульчилсан байна. Үүнд:- 1) байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсон бол тухайн хугацаагаар, 2) ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, 3) улирлын, 4) түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, 5) шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон хугацаагаар (6 сараас илүүгүй) тус тус хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад үндэслэлээр ажилтныг ажилд түр томилох, түр ажиллуулах буюу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хуульд нийцээгүй байна.

Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр мөн болох нь Б сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо баталсан тус төвийн даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тушаал,түүний хавсралт мөн зохигч нарын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч хэдийгээр 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирал, аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга, суралцагч С.С нарын хооронд төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээ байгуулсан уг гэрээг зөрчихгүйн тулд хүүхдийн эмчээр С.Сыг авч ажиллуулсан гэж байгаа боловч С.С урьд нь Б сумын Эрүүл мэндийн төвд хүүхдийн эмчээр ажиллаж байгаагүй мөн ажил олгогчоос ажилтан Х.Ртай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлээ тушаал болон хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй, талууд харилцан тохиролцоогүй байна.

Ажил олгогч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь Х.Рг хүүхдийн эмчээр томилсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээндээ “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээгээр хүүхдийн эмчээр суралцагч С.С нь төгсөж иртэл” түр томилж хугацаатай гэрээ байгуулахаар болсноо тусгаагүйн энэ талаар талууд харилцан тохиролцоогүйн улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг нь ажил олгогч зөрчсөн байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь эргэлзээтэй ба ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний эхний нүүрэнд хугацаатай гэж бичсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 05-наас хэдэн оны хэдэн сарын хэдний хүртэл ямар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх мөн ямар үндэслэл, шаардлагаар ажилтныг ажилд түр буюу хугацаатай томилсон нь тус тус тодорхой бус байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг байнгын ажлын байр болох өрхийн эмчээр томилсон, цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан аймгийн Эрүүл Мэндийн газраас баталсан Б сумын Эрүүл Мэндийн Төвийн 2016 онд ажиллах орон тооны үлгэрчилсэн загвар болон Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны /MNS 5081:2013/ А хавсралтад заасан Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн хүний нөөцийн доод хязгаар мөн Б сумын Эрүүл Мэндийн Төвийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай тушаалаар баталсан орон тоо, ажил албан тушаалын жагсаалтын хавсралт зэрэг бичгийн нотлох баримтаар “өрх”-ийн эмчийн орон тоо гэх ажлын байр байхгүй болох нь тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас Б сумын Эрүүл Мэндийн Төвийн даргын  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай тушаалаар баталсан орон тоо, ажил албан тушаалын жагсаалтын хавсралтын 2 дугаарт бичигдсэн Их эмч 1 /1/ гэсэн нь нэхэмжлэгчийн томилогдсон өрхийн эмчийн орон тоо гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагчаас хүүхдийн эмчийн ажил байдлын тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүх хуралдаанд ерөнхий мэргэжлийн эмч хүн хүүхдийн эмчээр ажиллах боломжтой эсэхийг тодруулахад хариуцагч байгууллагын төлөөлөгч  А.Б нь нэхэмжлэгч Х.Р нь хүүхдийн эмчээр ажиллах боломжтой байсан тул хүүхдийн эмчээр томилсон гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажил олгогч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон ажилтан Х.Р нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 6.2-д ажилтны санаачилгаар болон талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг цуцалж болно, 8.1-д гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Х.Рг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 42 дугаартай тушаалаар өрхийн эмчээр шилжүүлэн томилохдоо түүний саналыг авахгүйгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Ажил олгогч нь ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилсон тохиолдолд ажилтны зөвшөөрөлгүйгээр, хөдөлмөрийн гэрээг дангаар өөрчилж үл болох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т тодорхой заасныг мөн зөрчсөн байна.

Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан байхад ажил олгогчоос ямар хугацаатай ямар үндэслэлээр хугацаатай гэрээ байгуулах болсон тухайгаа хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй бөгөөд гурван талын гэрээний дагуу төгсөж ирсэн мэргэжлийн эмч С.С хүүхдийн эмчээр ажиллах ёстой гэж нэхэмжлэгч Х.Ргийн санал хүсэлтийг авахгүйгээр шууд өрхийн эмчийн орон тоонд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар сул зогсолтын үед, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд тус тус ажилтны саналыг харгалзаж түр шилжүүлэхийг хуульчилсан бөгөөд бусад тохиолдолд өөр ажилд ажилтны зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хуулиар хориглосныг ажил олгогч зөрчсөн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд:... ажил олгогчоос анх дотрын эмчээр ажиллахыг санал болгосон боловч намайг хүүхдийн эмчээр томилж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн бүтэц оронд тоонд батлагдсан байнгын орон тоо болох дотрын эмчээр дөнгөж төгсөж ирсэн Е.Ж гэдэг хүнийг томилсон. Б сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч болон эмчээр 17 дахь жилдээ ажилласан бөгөөд тус төвд өрхийн эмчийн ажлын байр нь бүтэц орон тоонд байхгүй орон тоо тул шүүхэд гомдол гаргасан.  Ажил олгогчоос тус төвийн дотрын эмчийн ажилд томилсон тохиолдолд эвлэрэх саналтай тухай санал гаргасан боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч нь зөвшөөрөөгүй.

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Б сумын төвийн дөрвөн багийг Е.Ж, Х.Р эмч нар хоёр, хоёр багаар хариуцаж өрхийн эмчээр ажиллаж байгаа дотрын эмч гэх орон тоо байхгүй гэж мэдүүлж байгаа боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Ажил олгогч буюу хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Б нь гурван талын гэрээний дагуу төгсөж ирсэн мэргэжлийн эмч С.С хүүхдийн эмчээр ажиллах ёстой гэж шүүх хуралдаанд тайлбарлаж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д нийт найман үндэслэлээр ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалахаар хуульчилсан ба хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс С.С нь тус төвийн хүүхдийн болон их эмчээр ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй тул хүүхдийн эмчээр томилсон С.С нь суралцах хугацаандаа ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байна гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Рг Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Рг Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Р нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.Ж