Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00021

 

    Х.Р-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийдвэртэй, Х.Р-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Х.Р би Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад тухайн ажлаас чөлөөлөгдөж, тус төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээр томилогдсон. Ажиллах явцад эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж, тус сумын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлст амьдарлаа зориулж ирсэн. Гэтэл ажил олгогч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 42 тоот тушаалаар намайг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өрхийн эмчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болсон. Тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсны хувьд тухайн байгууллагад өрхийн эмчийн бүр орон тооны ажил байхгүй болохыг сайн мэддэг. Иймээс ажил олгогч намайг хүүхдийн эмчийн ажлаас хууль бусаар чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн явдалд гомдолтой байна. Миний бие ажиллаж байсан хүүхдийн эмчийн албан тушаалд саяхан Е.Ж гэх хүнийг томилсон. Ажил олгогчийн далд санаа зорилго нь намайг төсөв, орон тоо нь батлагдаагүй өрхийн эмчийн ирээдүйгүй орон тоонд хэсэг хугацаанд ажиллуулж байгаад дараа нь орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар ажилгүй болгох магадлалтай гэж үзэж байна. Х.Р би намайг өөр ажилд шилжүүлж өгөх талаар байгууллагын захиргаанд хүсэлт гаргаж байгаагүй юм. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээр томилж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Б сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Р-г 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар тушаалаар өрхийн эмчээр томилсон. Учир нь: 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ЭМХТ-ийн захирал Ч.Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А, суралцагч С.С нарын хооронд төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээ байгуулж гэрээний дагуу С.С хүүхдийн нарийн мэргэжлийг төгсөж ирсэн тул хүүхдийн эмчээр С.С-ыг томилж, Х.Р-г эрхийн эмчээр томилсон. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 дугаар тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвийн хүн амын тоогоор ангилан 5 их эмч ажиллах ёстой аргачлалаар ажиллуулж байгаа. Х.Ргийн урьд авч байсан цалинг хэвээр нь олгож байгаа ба 2017 оны 01 дүгээр сарын 5-нд хөдөлмөрийн гэрээг хугацаа байгуулсан. Х.Р-гийн ажиллаж байгаа өрхийн эмчийн орон тоо батлагдсан орон тоо бөгөөд цаашид хасагдах тухай ойлголт байхгүй бөгөөд Х.Р-г ажлын байраар хангасан байх тул түүний үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 801 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Р-г Б сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

Үүнд: Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 дугаартай тушаалаар Б сумын хүн ам 5157 ба нийт 5 их эмч ажиллах ёстой. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 160 тоот тушаалаар Б сумын Эрүүл мэндийн төвд 5 их эмч ажиллахаар тусгасан байгаа. Иймд Х.Р-гийн намайг цаашид ажилгүй болгоно гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эмч С.С нь Б сумын Эрүүл мэндийн төвд 2014 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ЭМХТөвийн захирал Ч.Б, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А, суралцагч С.С нарын хооронд төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээ байгуулж уг гэрээний дагуу С.С хүүхдийн нарийн мэргэжлийг төгсөж ирсэн тул хүүхдийн эмчээр С.С-ыг томилж, Х.Р-г 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 42 тоот тушаалаар өрхийн эмчээр томилсон. Нялхсын эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудал мөн учир хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийг ажиллуулах нь нэн чухал. Х.Р-тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан учир нь С.С нарийн мэргэжлийн эмчээр төгсөж ирэх нь тодорхой байсан ба гэрээний заалтуудыг захиалагч заавал биелүүлэх ёстой байсан. Гэрээгээр суралцагч тухайн суманд 5 жил тогтвор суурьшилтай ажиллах ёстой. Гэрээг зөрчвөл төрийн сангийн санхүүжилтийг буцааж төлөх заалттай. Тухайн үед хүүхдийн эмчийн орон тоог эзэнгүй байлгахгүйн тулд Х.Р-г хүүхдийн эмчээр түр томилсон.  Х.Р хүүхдийн эмчээр ажилласан хугацаандаа хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлж, эмийн тунг хэтрүүлэн алдаа дутагдлуудыг удаа дараа гаргаж хурлын тэмдэглэлээр сануулж байв./Хурлын тэмдэглэлийг нотлох баримтад хавсаргав/ Б сумын Эрүүл мэндийн төвийн 2016 онд ажиллах орон тоо, сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын /МNS 55081:2013/ А хавсралтад заасан сумын Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн доод хязгаарыг баримтлан мөн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны 06 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан орон тоо албан тушаалын жагсаалтад өрхийн эмч гэж оруулаагүй учир нь тухайн үед Х.Р болон 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажилд орсон Е.Ж нар тухайн албан тушаалд томилогдоогүй байсан ба ”Их эмч”- 2 гэж тодорхой заасан ба тухайн сум орон нутгийн онцлогт тохируулан /Халдвартын, Ахмадын, Диспансерийн, Өрхийн г.м/ албан тушаалаар ажиллуулах нь сумын Эрүүл мэндийн төвийн удирдлага төсөв захирагчийн эрх мэдлийн асуудал байгаа.

Иймд 2017 оны 11 дүгээр сараас эхлэн стандарт орон тоогоор ажиллах нөхцөл бүрдэж: Эрхлэгч их эмч, Хүүхдийн      их эмч, ЭБЭ-дийн их эмч, 4 дүгээр            багийн өрхийн их эмч, 5 дугаар багийн өрхийн их эмчээр ажиллуулж байна 

2017 оны Сумын Эрүүл мэндийн төвд ажиллах албан тушаал орон тоог батлахдаа ажиллах боловсон хүчин байгаагүй учир их эмч 1 /1/ гэж оруулсан. С.С эмч Б сумын Эрүүл мэндийн төвд 2015 оноос эхлэн ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллаж байгаад Б сумын Эрүүл мэндийн төвийн захиалга, төсвийн санхүүжилтээр хүүхдийн нарийн мэргэжлийг төгсөж ирсэн тул хүүхдийн эмчээр ажиллах ёстой. 

Эмч Х.Р сумын Эрүүл мэндийн төвд баталсан 5 их эмчийн нэг нь бөгөөд түүний цалин хөлс урьд авч байсан хэмжээнээс буураагүй. Х.Р-г хүүхдийн эмчээр томиловол гарч болох эрсдэлийг хэн хариуцах вэ гэдгийг бодолцохоор байна.

Бидний ирээдүй болсон хүүхэд нялхсын эрүүл мэнд тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд үзүүлж эрсдэлгүй, аюулгүй орчин бүрдүүлэх шийдвэр гаргаж, нэхэмжлэгч Х.Р-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Х.Р нь Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Р-г урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

           

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.Р нь Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаалаар тус төвийн хүүхдийн эмчээр түр томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар тушаалаар өрхийн эмчээр томилжээ. Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

 

            Ажил олгогч ажилтан Х.Р-тай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хүүхдийн эмчээр түр томилсон үндэслэлээ тушаал болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, суралцагч С.С нарын хооронд  төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах гэрээ байгуулсан уг гэрээг зөрчихгүйн тулд хүүхдийн эмчээр С.С-ыг авч ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч анх Х.Р-г томилсон хүүхдийн эмчийн орон тоонд С.С нь ажиллаж байгаагүй, хариуцагч А.Б нь өөрөө ажиллаж байгаад Эрүүл мэндийн төвийн дарга болсноор Х.Р-г томилсноос үзэхэд уг орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр мөн байна.

            Ажил олгогч байнгын ажлын байранд ажилтан Х.Р-тай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасныг зөрчжээ. Хүүхдийн эмчээр ажиллаж байсан Х.Р-г 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар тушаалаар өрхийн эмчээр томилсон нь ажилтантай тохиролцоогүй, өрхийн эмчийн орон тоо байгаа эсэхийг хариуцагч нотлох баримтаар нотлоогүй гэж үзлээ.

            Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

           

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ