Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 763

 

 

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д,

Нэхэмжлэгч: П  нарын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: МЗ.

12,221,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Л.Д 2016.05.29-ний өдөр 18-19 цагийн үед БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Портер маркийн 04-79УБД улсын дугаартай авто машиныг жолоодож урдаас хойш чиглэлд Улиастай голын баруун эрэг дагуу урдаас хойш чиглэлд 2 урсгалтай засмал замаар явж зүүн гар тийш эргэх дохио өгч туслах зам уруу орох гэж явж байхад тоёота кроун маркийн 29-00 УБЧ улсын дугаартай суудлын автомашин портер машины зүүн хажуугаас мөргөж, машиныг түрэн хашлага мөргүүлсэн ба тоёота кроун маркийн машин замын хашлага дээр сууж байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон. Энэ болсон авто ослын хэрэгт шинжээчийн эхний гаргасан дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж дүгнэсэн, сэжигтнээр тооцож яллагдагчаар татсан. 2 дахь дүгнэлтээр 2 жолоочийг 50%-ийн буруутай мэтээр дүгнэлт гаргасан. 3 дахь дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруугүй болохыг тогтоосон ба 2016.10.28-ны өдөр прокурорын 33 дугаартай тогтоолоор надад сонсгосон эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч хэрэгт холбогдсон жолооч М.Тарваа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тунгалагтамир нар Л.Дийг буруутай мэтээр дайрч давшилж дарамт учруулсаар байсан тул Ц.Тунгалагтамираас айж эмээн хохирлын төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн сэтгэл санаа хямарч нойр хүрэхээ больсон маш удаан хугацаанд энэ дарамтад өртсөн биднийг байнга айлган сүрдүүлж, заналхийлж хараан зүхэж байсан. Шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсноос хойш тайвширч ажил амьдрал хэвийн болсон. Иймд сэтгэл санааны хохиролд орсны төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Анх хэрэгт холбогдож Л.Дийг сэжигтнээр тооцсон үеэс түүний дүү Л.П өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийг 3.000.000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан ба Ц.Алтанцэцэг өмгөөлөгч хэргийн талаар хөөцөлдөхгүй идэвхгүй байсны улмаас дахин өмгөөлөгч авахад хүрч Г.Энхтүвшинтэй 3.000.000 төгрөгийн хөлсөөр эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2016.07.02-ны өдөр төлсөн. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа 2017.01.26-ны өдөр Прокурорын газраас шүүхийн шийдвэрийг хүлээн авсан ба өмгөөлөгч Г.Энхтүвшинд 2017.01.27-нд бэлнээр 2,000,000 төгрөгийг төлсөн болно. 2016 оны 05 сарын 29-нд осол гарснаас хойш цагдаагийн байгууллагад байнга дуудагдаж, сэтгэл санаа зовниж ажил хөдөлмөрөө хийж чадахгүйд хүрсэн. Машин засаж 1 сард 2-3 сая төгрөгийн орлого олдог байсан бол энэ орлогоо олж чадахгүй болсон. Би хувь хүний орлогын албан татвар төлдөггүй тул орлогоо нотолж чадахгүй байна. Иймд 2016 оны 06 сараас 2016 оны 11 cap хүртэл 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 192.000 тооцож 960.000 төгрөгийг олох ёстой байсан орлогоо алдсан гэж нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар нэхэмжлэлээ үндэслэхгүй, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг практиктай учир шүүгч дангаар, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөг, Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2016.6 сараас 2016.11 сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960,000 төгрөг, 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261,000 төгрөг, нийт 12,221,000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж байна, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Гуравдагч этгээд МЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1.3асгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-д “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ” гэж заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь уг тусгай санд хамаардаг. Түүнчлэн Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т “Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна: ” гэж, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 6.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана” гэж тус тус заасны дагуу зарцуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөс гэм хорын хохирлыг төлөх талаар хуульчлан заагаагүй байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “МЗ бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж, 2 дахь хэсэгт “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4-т “Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн” гэж, 29 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлд дурдсан хохирлыг Засгийн газраас нөөц сангаас гаргуулах нь дээрх хууль тогтоомжид нийцэхээргүй байна. 3.Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй 5,000,000 төгрөгийг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...намайг сэжигтнээр тооцсон үеэс миний дүү Л.П өмгөөлөгч Алтанцэцэгийг 3,000,000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан...” гэсэн тайлбараас үзэхэд өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь Л.Д биш байх бөгөөд түүний шалгагдсан эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс төлсөн, өмгөөллийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Дийн өмгөөлөгчид төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн Л.Дийг эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд цагдаа, прокурорын байгууллагаас түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд олох ёстой байсан орлого алдсан гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 Гуравдагч этгээд МЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...  Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно” гэж тус тус заасан тул уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Л.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгыг томилсон байх тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр явуулж өгнө үү ...” гэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Л.Дийг хуульд заасны дагуу шалгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаагч, прокурорын ямар буруутай үйл ажиллагаа байгааг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Харин ч Л.Дийн хүсэлтийг хүлээн авч, шалгасны эцэст хэргийг нь хэрэгсэхгүй болгож тусалсан байна. Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нь  12,221,000 төгрөгийг төрөөс биш буруутай иргэн Тарваа болон хууль зүйн туслалцаа үзүүлээгүй өмгөөлөгч Алтанцэцэгээс нэхэмжлэх шаардлагатай. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д, Л.П нар “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, энэ хэргийн улмаас өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Г.Энхтүвшин нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллуулсан хөлсөнд Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөг, Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2016.6 сараас 2016.11 сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960,000 /5*192,000/ төгрөг, 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261,000 төгрөг, бүгд 12,221,000 төгрөгийг МЗын нөөц сангаас гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М.Тарваа, Л.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, Л.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1-д “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд, 134 дүгээр зүйлийн 134.1-д “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д шүүгч дор дурдсан хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ: 82.1.6-д энэ хуулийн 74, 133 дугаар зүйл гэх заалтуудыг болон нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Энхтүвшингийн “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар нэхэмжлэлээ үндэслэхгүй, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг практиктай учир шүүгч дангаар, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү” гэснийг үндэслэн шүүгч дангаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т “онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж заасныг үндэслэн шүүхийн санаачлагаар Засгийн газрыг гуравдагч этгээдээр татсан захирамж гаргаж оролцуулсан.

Гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Б.Батболд Баянзүрх дүүргийн Прокурор газрын прокурор Д.Уянгийг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ илэрхийлсэн, төрийн байгуулагын хүсэлтээр прокурор иргэний хэрэгт оролцуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д хуульчилсан тул шүүгчийн захирамж гаргах шаардлагагүй гэж үзэн прокурорыг гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

2016 оны 5 сарын 29-ний орой 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Шар хадны эмнэлгийн урд талын шинэ замд тоёота кроун маркийн 29-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Тарваа, портер маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Дтой мөргөлдсөний улмаас замын баруун талд байсан явган зорчигч 64 настай эмэгтэй Б.Цэнд-Аюуш нас барсан гэмт хэрэг гарсан, Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны 5 сарын 30-нд М.Тарваа, Л.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, тээврийн прокурорын газар хяналт тавьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тээврийн прокурорын газраас 2016 оны 10 сарын 28-ны өдөр “Эрүүгийн 201624000483 дугаартай хэргээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Л.Дид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож”, Л.Дид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар,  тээврийн прокурорын газрын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.

04-79 УБД улсын дугаартай Портер маркийн автомашины эзэмшигч Б.Жагдалмаа болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан, Б.Жагдалмаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохдоо Л.Дид эд хөрөнгийн талаар хохирол гомдолгүй гэсэн байх ба Л.Д 04-79 УБД улсын дугаартай авто машины өмчлөгч болохоо нотлоогүй тул 04-79 УБД улсын дугаартай авто машины талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэжээ.

М.Тарваа, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Дид “бусдын батлан даалтад өгөх”  таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдож байгаа боловч уг таслан сэргийлэх арга хэмжээг авсан мөрдөн байцаагч, прокурорын ямар хууль бус ажиллагааны улмаас хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Д, Л.П нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хувьд мөн зүйлийн 389.2.1-д “баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, 389.2.2-т тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, 389.2.4-т “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол” гэж заасан үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байна.

 “2016 оны 5 сарын 29-ний орой 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Шар хадны эмнэлгийн урд талын шинэ замд тоёота кроун маркийн 29-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Тарваа, портер маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Дтой мөргөлдсөний улмаас замын баруун талд байсан явган зорчигч 64 настай эмэгтэй Б.Цэнд-Аюуш нас барсан” гэмт хэрэг гарсанд үндэслэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуулийн дагуу цагдаагийн байгууллага болон прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах эрх, үүрэгтэй ба мөргөлдсөн 2 авто машиныг барьж явсан М.Тарваа, Л.Д нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр шалгах буюу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүйгээр уг гэмт хэрэг хэний гэм буруутай үйлдлээс гарсан эсэхийг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т “тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэдэг үндэслэл хамаарахгүй юм.

Л.Дийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн боловч түүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, түүнчлэн Л.Д, М.Тарваа нарт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан, мөрдөн байцаагч, прокурор хууль бус үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д зааснаар учирсан хохирлыг арилгуулахаар төрөөс шаардаж буй нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Д, Л.П нарын “Засгийн газрын нөөц сангаас 12,221,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Засгийн газрын нөөц сангаас 12,221,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Л.Д, Л.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАТЦЭЦЭГ