Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 482

 

М.Н-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр М.Н-д холбогдох эрүүгийн 1909001450113 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн М.Н, 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            М.Н- нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Клиент” хүнсний дэлгүүр дотор иргэн Н.Ганбатын монетон бөгж, “Nokia” загварын гар утас, нэг хайрцаг “Alpen Gold” нэртэй шоколад зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 424.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулж 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдахыг даалгаж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, М.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуулчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-д хорих ял оногдуулж, тэнссэн явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос М.Н-г 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Клиент” хүнсний дэлгүүр дотор иргэн Н.Ганбатын монетон бөгж, “Nokia” загварын гар утас, нэг хайрцаг “Alpen Gold” нэртэй шоколад зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 424.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Н-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлтийг зарим хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох;

- хохирогч Н.Ганбатын “...үл таних залуу дэлгүүрт орж ирээд өөрийгөө алдарч уяач Даваахүүгийн ганц хүү Баянбат байна гэж танилцуулан надтай архи хувааж уусан. Намайг тасраад унтсан хойно миний “Nokia” загварын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгж зэргийг аваад складанд байсан хайрцагтай шоколад өвөртөө хийгээд явж байх үед нь манай эхнэр Нарантуяа шоколаднуудыг хараад авсан байсан...” /хх-ийн 15-17/,

- гэрч Б.Нарантуяагийн “...манай нөхөр Ганбат үл таних хүнтэй дэлгүүр дээрээ архи уугаад тасраад унасан байсан. Нөгөө үл таних хүн хувцасныхаа ханцуйндаа “Alpen Gold” нэртэй шоколад хайрцагтай нь нуугаад сууж байхаар нь хураан авсан... нөхрийгөө сэрэхээр нь гар луу нь харсан чинь монетон бөгж байхгүй байсан...” /хх-ийн 23-24/,

- гэрч Ш.Тэмүүлэнгийн “...би яваад ортол нөгөө үл таних хүн хайрцагтай шоколад барьчихсан гарах гэж байсан. Тэр үед манай дэлгүүрийн эзний эхнэр ирээд булааж аваад одоо гэртээ харь гэсэн...” /хх-ийн 25-26/,

- иргэний нэхэмжлэгч Ш.Туяагийн “...Н-гэх хүн орж ирээд эрэгтэй хүний монетон бөгж хуруунаасаа салгаж өгөөд барьцаанд тавьсан...” /хх-ийн 64/,

- шүүгдэгч М.Н-гийн мөрдөн байцаалтын явцад өгсөн “...хамт архи уугаад тасраад унасан байхад нь баруун гарын ядам хуруунаас нь монетон бөгжийг тайлж аваад, өөрийн баруун гарын чигчий хуруунд хийсэн. Тэгээд дэлгүүрээс гараад замын хойд талд байдаг ломбарданд тавьсан. Би гарах үедээ хүний гар утас, шоколад авчихсан байсан. Магадгүй зарж архи л уух гэж байсан байх...” /хх-ийн 22, 38/  гэсэн мэдүүлгүүд, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 31-32/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад, М.Н- нь “Клиент” нэртэй хүнсний дэлгүүрт тус дэлгүүрийн эзэн Н.Ганбаттай архидан согтуурч, улмаар түүнийг унтсан үед нь монетон бөгж, “Nokia” загварын гар утас зэрэг 369.400 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдлоо.

Харин тэрээр тус дэлгүүрийн агуулах өрөөнөөс нэг хайрцаг “Alpen Gold” нэртэй шоколад буюу 55.200 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг авч, өөрийн биедээ нуун далдлан гарах үедээ хохирогчийн эхнэр Б.Нарантуяад баригдаж, тухайн эд хөрөнгөө хураалгасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрдүүлээгүй байна.

Иймд прокуророос М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...нэг хайрцаг “Alpen Gold” нэртэй шоколадыг хулгайлсан...” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-г иргэн Н.Ганбатын монетон бөгж, “Nokia” загварын гар утас зэрэг 369.400 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин шүүх шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж маш тодорхой хуульчилсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулагдсан “тэнсэх” гэсэн ойлголттой адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар нэг мөр ойлголтод хүрсэн.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч М.Н-д хорих ял оногдуулсан болон ял эдлэх хорих байгууллагын дэглэм тогтоосон заалтыг тус тус хүчингүй болгож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэвээр үлдээн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ талаар бичсэн прокурор С.Эрдэнэтуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тус дүүргийн прокурорын газраас М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...нэг хайрцаг “Alpen Gold” нэртэй шоколадыг хулгайлсан...” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорихыг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг даалгаж, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хорих албадлагын арга хэмжээ авсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтад “Шүүгдэгч М.Н- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг М.Н-д сануулсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН