Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2018/00122

 

Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б сургууль /захирал Х.Х/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт Тын Мт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Т.Б, хариуцагч Т.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б сургуулийн захирал Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.М нь тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн учир ажлаас нь чөлөөлсөн юм. Тус сургуулийн үйлчлэгч ажилтай Т.Мт тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай тушаалаар 14950000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу мөн сарын 28-ны өдөр дансанд нь шилжүүлсэн. Гэтэл аймаг дахь Төрийн Аудитын газраас тус сургуулийн 2017 оны гүйцэтгэлд шалгалт хийх явцад үйлчлэгч Т.Мт төсөвт тусгагдсан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс 3316100 төгрөгийг илүү олгосон болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 08/46 БӨА-2017/06-ГА дугаартай акт үйлдэж, нэр бүхий ажилтнуудаар нөхөн төлүүлж, сургуулийн төсвийн харилцах дансанд 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор оруулж, актын биелэлтийг ирүүлэхийг үүрэг болгосон юм. Тэтгэмжийн мөнгө илүү бодогдож олгогдсон талаар Т.Мад мэдэгдэх хуудсыг танилцуулан гардуулж, илүү авсан мөнгөө буцааж сургуулийн дансанд тушаахыг анхааруулж байсан боловч сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд иргэн Т.Маас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгогдсон 3316000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ө сумын 4 дүгээр бүрэн дунд нь 2017 оны 12 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн Т.Маас тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс илүү олгогдсон 3316100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Тус сургуулийн үйлчлэгч ажилтай Т.М нь мөн сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 67 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 14950000 төгрөгийг олгох тушаалын дагуу мөн сарын 28-ны өдөр Т.Мын дансанд нь шилжүүлсэн юм. Түүний дараа Аймгийн засаг даргын орлогч К 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2-1-1504 дугаартай бичгээр Т.Мт 3316100 төгрөг илүү олгогдсон байна гэх утгатай зүйл бичиж зөрчлийг арилгахыг шаардсан ба түүний дараа Аймгийн Төрийн аудитын газрын хийсэн шалгалтын дараа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн актаар Мт 3316100 төгрөг илүү олгогдсон байх тул ажилтнаар нөхөн төлүүлж төсвийн харилцах дансанд оруулахыг даалгасан юм. Тэтгэмжийн мөнгө илүү олгогдсон талаар тухайн үед Т.Мт мэдэгдэж илүү авсан мөнгөө буцааж сургуулийн дансанд тушаахыг анхааруулж 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 дугаартай мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хандсан юм. М нь тус салбарт буюу боловсролын байгууллагад 1989 оноос багшаар, харин Боловсролын тухай хуулийн 3.1.15-д заасан боловсролын байгууллагын туслах ажилтан буюу үйлчлэгчээр 1997 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байсан болох нь түүний өөрийн шүүхэд гаргаж өгссөн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын хэлтсээс татаж авсан материал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн Мт холбогдох бичиг баримтуудыг хэрэгт хавсаргасан болно. Аймгийн төрийн сангийн мэргэжилтэн Ж.А нь Т.Мт олгох тэтгэмжийн мөнгөний хуваарийг сургуулийн захиргаанд тухайн үед мэдэгдээгүйн улмаас 3316100 төгрөг илүү олгогдсон тул Төрийн аудитын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн илүү олгогдсон мөнгийг буцаан төлүүлж, улсыг хохиролгүй болгож өгөх талаар шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 3316100 төгрөг илүү аваагүй. Миний авсан 14950000 төгрөг нэг жилийн өмнө өгсөн 4-р ахлах сургуулийн тодорхойлолттой захиалгын дагуу дээрээс шалгагдаж батлагдан ирсэн. Мөн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно гэсний дагуу би ажиллаж байсан 4-р сургуулийн захирлын 2017 оны 6-р сарын 27-ны өдрийн 67 дугаар тушаалаар уг мөнгийг авсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан ба Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан журмаар 36 сарын цалингаас илүүгүй байх гэсэн заалтыг зөрчөөгүй. Учир нь миний авсан тэтгэмжийг энэхүү 36 сараар буюу ажилласан жил болох 34 сараар үндсэн цалин болох 416525 төгрөгөөр бодоход яг таарч байна. Засгийн газрын 405 дугаар тогтоолд төрийн албанд ажилласан хугацааг тооцох баримт бичиг нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна гэж заасны дагуу холбогдох баримтуудыг хавсаргав. Үүнд анх 1983 оны 12-р сард Ахуйн үйлчилгээний комбинатад ажилд орсон ба түүнээс хойш 2017 оны 7-р сар хүртэл тасралтгүй ажиллаж байна. Үүний 20 жилийг 4-р сургуульд ажилласан. Нийгмийн халамжийн тухай  хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “байгууллага ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу уг мөнгийг Х.Х буюу 4-р ахлах сургууль хариуцаж төлөх ёстой. Миний бие хууль зөрчиж алдаа гаргасан зүйл байхгүй. Тиймээс Х.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 онд тэтгэлэг авна гэж өргөл өгсөн болохоос биш тэтгэвэрт гарна гэж өргөдөл өгөөгүй. Намайг амралтаа авах өдөр захирал дуудаад та одоо тэтгэвэрт гар, тэтгэвэрт гараад тэр чигтээ яваарай гэж хэлсэн. Маргааш таны мөнгийг хийж өгнө гэсэн. Тухайн үед миний гэр үерт автсан, хүмүүст өгөх их хэмжээний өртэй байсан болохоор тэр мөнгийг авсан. Тэгээд 8 дугаар сард надад танд илүү мөнгө төлөгдсөн байна энэ мөнгийг буцаа гэсэн. Тухайн үед би тэр мөнгөөрөө бүх өр, зээлүүдээ хаасан байсан. Надад тэр мөнгөнөөс ямар ч мөнгө үлдээгүй байсан. Өөрөө оюутан сургаж байсан. Захиралд тухайн үед би 55 нас хүртлээ ажиллая гэж өвөлжингөө хэлсэн. Тэгж байгаад болъё гээсээр байгаад амралтаа авах өдөр одоо энэ чигтээ явна тэтгэвэрт гарна гэж хэлсэн. Би тухайн үед 55 нас хүртлээ ажилласан бол 3700000 төгрөг авах байсан байна. Одоо хүртэл би тэтгэврийн 55 насанд хүрээгүй байгаа. Тиймээс би энэ мөнгийг гэр маань усанд автсан тааруухан амьдралтай байгаа учраас төлж өгч чадахгүй. Тухайн жилийн хавар би захиралд очиж миний оронд ажиллаж байгаа хүнийг ажлаас гаргаарай би цалингүй ажиллаж энэ мөнгийг төлж барагдуулъя гэж хэлсэн. Тухайн үед намайг буцааж ажилд авсангүй. Тэнд ажиллаж байсан бол авах байсан 3700000 төгрөгийг төлж өгвөл би тэр мөнгийг төлж барагдуулж болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

                                                     ҮНДЭСЛЭХ

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б сургуульнь хариуцагч Т.Маас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316100 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Т.М нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, анх 1983 оны 12 сард Ахуй үйлчилгээний комбинатад ажилд орсон ба түүнээс хойш 2017 оны 7 сар хүртэл тасралтгүй 30 жилийг 4-р сургуульд ажилласан. Байгууллага ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэмжийн буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу уг  мөнгийг буюу илүү олгогдсон гэх төгрөгийг Х.Х буюу 4-р ахлах сургууль хариуцаж төлөх ёстой, миний бие хууль зөрчиж алдаа гаргасан зүйл байхгүй, тиймээс Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, надад төлөх мөнгө төгрөг байхгүй, тухайн үед миний гэр үерт автагдаж гэр оронгүй хоцорсон, зээлтэй байсан учир авсан тэтгэмжийн мөнгөө хэрэглэсэн” гэж маргасан болно.

Б сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “...өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул үйлчлэгч Т.Мыг 2017 оны 08 сарын 17-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн эрхийн акт гаргаж Т.Мыг ажлаас нь чөлөөлсөн байна. 

Б сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч буй үйлчлэгч /Т.М/-т 14950000 /арван дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг ажилласан жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээс бодож олгохыг ня-бо /Д.З/-д зөвшөөрсүгэй гэсэн эрхийн акт гарч, 14950000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №151 дугаартай Төлбөрийн хүсэлтээр Т.Мын Төрийн банкан дахь 291400188921 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь баримтаар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Ө аймаг дахь Төрийн Аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 08/46 БӨА-2017/06-ГА дугаартай “Хууль зөрчиж олгосон тэтгэврийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” актад: “...үйлчлэгч Т.Мт төсөвт тусгагдсан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс 3316,1 мянган төгрөгийг үндэслэлгүй хууль бусаар илүү олгосон байна. Дээрх зөрчлүүд нь Боловсролын тухай хуулийн 43.1.5-д “боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан зэрэг боловсролын туслах ажилтны албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, 41.2.3-т “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... Тогтоох нь: 1. .... хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудаар нөхөн төлүүлж, Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн төсвийн харилцах дансанд 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор оруулах, 2. Актын биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х, нягтлан бодогч Д.З нарт хариуцуулав” гэсэн байна.  

Хариуцагч Т.М нь Баян-Ө аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 08/46 БӨА-2017/06-ГА дугаартай “Хууль зөрчиж, олгосон тэтгэврийн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан боловч хариуцагч Т.М нь уг актад гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

Хариуцагч Т.М нь өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмжийн мөнгө 14950000 төгрөгийг Б сургуулийн санхүүгээс авсан талаар маргаагүй болно.

ЕБ 4-р бүрэн дунд сургуулийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай “Т.Мт илүү олгогдсон тэтгэврийн тэтгэмжийн 3316100 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл барагдуулж төлбөрийг хугацаанд нь төлөхийг, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулахгүй бол хуулийн байгууллагад хандах болно” гэх мэдэгдэх хуудсыг хариуцагч Т.М нь хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Мэдэгдэх хуудасны хариуг Баян-Ө аймаг Ө сумын 4-р Ахлах сургуулийн захирал Х.Хад хүргүүлж байсан байна.

Хариуцагч Т.М нь Баян-Ө аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 235 дугаартай “Түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар 1983 оны 12 дугаар сарын 16-наас түр хугацаагаар оёдолчноор томилсон нь, мөн Ө хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Багш нарт цалин тогтоох тухай” тушаалаар Т.Мын цалинг тогтоож байсан нь тус тус нотлогдох бөгөөд  хариуцагч Т.М нь 1989 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар тухайн байгууллагад ажилд томилогдон ажилласан байна гэж үзлээ.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтын 21-д “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д ... заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2-т ... заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно”, мөн журмын 4-т “... нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэж заасан байна.

Хариуцагч Т.Мын 1983 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад ажилласан байдал нь Боловсролын тухай хуулийн 43.5-д “Боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогтооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан зэрэг боловсролын туслах ажилтны албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан ...” гэх заалтад хамаарахгүй боловч, Т.Мын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад ажилласан байдлыг нийт улсад ажилласан байдалд нь оруулан тооцож, Баян-Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоож, Т.М тэтгэврээ авч байгаа нь Баян-Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримтаар татан авч, шинжлэн судалсан 889739 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэг авагдсан 2017 онд Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулиас өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмж буюу Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д заасан тэтгэмж авах багш, бусад албан тушаалтнуудын тэтгэмжийн төсөв гэх хүснэгтийн 5 дугаарт “Т.Мын улсад ажилласан байдал, үүнээс төрийн албанд ажилласан жил, тэтгэвэрт гарахаар төлөвлөж буй огноо, тэтгэмж авах өргөдөл өгсөн огноо, сүүлийн 3 жилийн нэг сарын дундаж үндсэн цалин, тэтгэмж тооцох сар, олговол зохих мөнгөн дүн” зэргийг хүснэгтээр судалгааг гаргаж сургуулийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулж, Ө сумын Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн 2017 оны төсөл, 2018-2019 дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн хянаж хүлээж авсан баримтаар, 2017 оны Өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмж, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.6-д заасан тэтгэмж авах багш, албан тушаалтны тэтгэмжийн төсөв төслийг боловсруулсан санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.А, хянаж, баталгаажуулсан төрийн сангийн хэлтсийн дарга нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан баримтын 16 дугаарт Т.Мын олговол зохих тэтгэмжийн мөнгөн дүн тооцсон баримтаар тус тус хариуцагч Т.Мт нэг удаа тэтгэмж олгох хууль журмын дагуу тооцож, түүнд 11633,9 төгрөгийн тэтгэмжийг олгох ёстой болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна. 

Баян-Ө аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2-01/1504 дугаартай “Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хад” гэх албан бичгээр “... 2017 оны төсөвт тэтгэврийн тэтгэмж олгосон Т.Мт 3316,1 мянган төгрөг илүү олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-ын “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн байна.Тус зөрчлүүдийг нэн даруй арилгаж, эргэж хариу мэдэгдье” гэсэн байна.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Т.Мт өндөр насны тэтгэвэрт гарахад 3316100 төгрөгийг илүү олгосон болох нь Баян-Ө аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 08/46 БӨА-2017/06-ГА дугаартай “Хууль зөрчиж олгосон тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай” акт болон болон санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний боловсруулсан төсөл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч Т.Мт өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316100 төгрөгийг хариуцагч Т.Маас гаргуулан нэхэмжлэгч Б сургуулийн төсвийн харилцах дансанд оруулах зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б сургуульнь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 68008 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Т.Мын шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Гамшгаас хохирогчдын холбооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлэх тухай бичиг, Баян-Ө аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай “гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай” акт, ямар нэгэн он саргүй, хүсэлт гаргасан Т.М гэж нэр бичигдсэн бичмэл нотлох баримтууд нь Б сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Мт холбогдох “өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316100 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасныг баримтлан Т.Маас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс илүү олгосон 3316100 төгрөгийг гаргуулан Б сургуулийн төсвийн харилцах дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Б сургуульнь төсөвт байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.Маас 68008 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б