Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1925000000307 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аг 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Буянбаатарын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр П.ДалайЭрдэнэ, Б.Б нартай бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоотод болон биедээ хадгалсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн мэдүүлсэн “Яллах дүгнэлтэд байгаа 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цэнд-Аюуш байцаагчийн шалгасан үйлдлийг зөвшөөрөхгүй. Гэрч нар худлаа мэдүүлсэн” гэх мэдүүлэг, -Хохирогч Б.Буянбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн... 2018 оны 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хажуу талынхаа айлд байж байгаад эргээд гэрт ороход хашааны гадаа байсан миний 06-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг охин А аваад явчихсан байсан. Би Ад машинаа өгнө гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 137-р хуудас/ -гэрч П.Далай-Эрдэний мэдүүлсэн ...2018 оны 08 дугаар сарын эхээр ...Агийн аавын машиныг А өөрөө аваад надаар жолоодуулсан. Тухайн үед Агийн аав хаана байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 132-р хуудас/ -Өсвөр насны яллагдагч Б.Агийн мэдүүлсэн... 2018 оны 08 дугаар сарын 05-ны орой аав Буянбаатарын эзэмшлийн 06-28 ора улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хэлэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр нууцаар авч явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 138- 139-р хуудас/ -гэрч П.Далай-Эрдэний мэдүүлсэн...2018 оны 08 дугаар сарын эхээр ... Агийн аавын машинаар нь А, Бат-Ивээл нарын хамт Жаргалант сумаас нөгөө түүж хатаах гэж байсан өвснөөсөө дахиж очиж түүж бэлдээд Орхон аймагт ирээд ТИС-ийн гаражны харалдаа тавьчихаад 4 дүгээр сургуулийн гаражнуудын хажууд машинаа тавиад бид 3 хамт машиндаа хоносон. Маргааш өглөө нь нөгөө ургамалаа аваад явж байгаад зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 132-р хуудас/ -Б.Агийн яллагдагчаар мэдүүлсэн... 2018 оны 08 дугаар сарын 5-наас 06-нд шилжих шөнө дунд Орхон аймгаас аавын эзэмшлийн 06-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар аваад Бат-Ивээл, Далай-Эрдэнэ нарын хамт Жаргалант сумаас цаашаа зам дагуу яваад Далай-Эрдэний өмнө нь ургамал түүж байсан гэх газарт очоод нэг тор ургамалыг түүсэн, уг түүсэн ургамалаа Орхон аймагт авч ирээд Оюут багийн ТИС-ийн хажуу талын гараж дунд нууж тавьсан. Тэр өдөр нь Далай-Эрдэнэ машин унаж яваад зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-р хуудас/ -Яллагдагч Б.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-н 126-129-р хуудас/ -гэрч Б.Бийн мэдүүлсэн... Эрхэмбаярын гэрт авчирсан гэх өвсийг ДалайЭрдэнэ тухайн өдөр гаргаж ирж байсан. Тэр үед Далай-Эрдэнэ хаанаас түүсэн өвсийг гаргаж ирсэн талаар юм яриагүй. Харин цагдаа дээр шалгагдаж байхад Далай-Эрдэнэ надад хэлэхдээ А бид гуравын хамт түүсэн өвснөөс хатаах гэж авсан өвсийг хадгалчихсан байсан. Тэр өвсөө Эрхэмбаярын гэрт бүгдээрээ татсан гэсэн. Тэр үед нь би “миний А, Далай-Эрдэнэ нартай хамт Жаргалант сумаас түүсэн мансууруулах төрлийн ургамал” гэдгийг мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 228-р хуудас/ - П.Далай-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 229-233-р хуудас/ -Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8646 дугаартай ...П.Далай-Эрдэний мэдүүлэг шалгах үед хураан авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар уутанд боосон ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-н 235-239-р хуудас/ -Гэрч Б.Буянбаатарын “ ...Өнгөрсөн оны намар байсан. Яг хэдэн сар гэдгийг нь одоо санахгүй байна. А нэг өдөр гэртээ ирэхдээ цагаан өнгийн гялгар уутны ёроолд зангидаж боосон өвс шиг юм авч ирсэн байхаар нь энэ юу юм бэ гэсэн чинь А хүүхдийн юм гэж хэлж байсан. Тэр өвсөө яасныг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1- р хх-н 13-14-р хуудас/ - Насанд хүрээгүй гэрч О.Намуунцэцэгийн “ ... тэр өвсийг А өөрөө аваад явж байсан. Харин би цагдаа Цэнд-Аюушид А биедээ өвс авч явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-н 17-18-р хуудас/ -Насанд хүрээгүй гэрч С.Номин-Эрдэний “ ...2018 оны намар Намуунаа бид хоёр ...Агийн гэрт очсон чинь “А Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд ядраад унтаж байгаа гэж аав нь хэлсэн. Бид хоёр ороод Аг сэрээсэн. А сэрээд ойр зуурын юм ярьж байгаад хэдүүлээ гаръя гэснээ миний тэврээд унтаж байсан өвс хааччихав гэсэн. Тэгсэн чинь баахан орныхоо тэр хавиар хайж байгаад ааваасаа энд байсан миний өвс хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Аав та авчихсан байна, өгөөч гээд аавтайгаа хэрүүл хийсэн чинь аав нь ямар ч байсан гаргаад өгсөн. ... Цагдаа ирээд А бид хоёрыг аваад явсан. Бид нарыг ар гэрийн хүмүүсээр нэгжүүлсэн чинь Агийн биеэс өвс гарч ирсэн. Цагаан өнгийн гялгар ууттай, жижигхэн атга хэртэй өвс байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 19- 20-р хуудас/ -Гэрч Э.Цэнд-Аюушийн мэдүүлсэн... 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Намуунцэцэгээс ...А хөхнийхөө даруулга дотор хар тамхины ургамалтай явж байгаа гэсэн. Тэгээд би Аг дуудаж өрөөндөө оруулаад биедээ байгаа эд зүйлээ гаргаж тавь гэж хэлэхэд ширээн дээр өөрийнхөө биед халаасанд байгаа зүйлээ гаргаж тавьсан. Мөн хөхний даруулгаас хураалгасан гэх ууттай нунтаг ургамалыг гаргаж ирэхээр нь би хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж хураан авсан, энэ ажиллагаанд Агийн аав Буянбаатар нь дуудагдаж ирээд оролцсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 211-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11768 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн “ШО-1 шинжилгээний объект Орхон аймаг дахь цагдаагийн газар ЭЦТ Эрүүгийн мөрдөгч а/д Э.Цэнд-Аюуш 1100- 005770 Мансууруулах төрлийн ургамал мөн эсэх 95550050 2018.10.31 17 цаг 30 минут” гэж хаягласан цагаан өнгөтэй дугтуйнд гялгар уутанд хийж ирүүлсэн нунтаг шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэсэн дүгнэлт /1-р хх-н 35-36- р хуудас/ -Мөрдөгчийн санал /Эд мөрийн баримт хураан авах тухай/ хх-ийн 60-р хуудас -Б.Агийн биеэс “Эд зүйл түр хураан авсан тухай” тэмдэглэл /1-р хх-ийн 61-р хуудас/ -Гэрч Э.Цэнд-Аюушийн мэдүүлсэн...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Агаас ууттай нунтаг ургамал мэт зүйлийг хураан авахад хөндлөнгийн гэрчээр Алтангэрэлийн Чимэдцэрэн Хишигсүрэнгийн Лхагвасүрэн гэдэг нэртэй хоёр хүнийг оролцуулсан. Алтангэрэл Чимэдцэрэн нь тухайн үед мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Одбаяр дээр шалгагдаж байсан. Харин Лхагвасүрэн гэдэг нэртэй хүнийг Цагдаагийн газрын урд талд зогсож байхаар нь хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Эд зүйлс хураан авах ажиллагаа эхлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тайлбарлаж өгсөн. Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүс одоо хаана байгааг мэдэхгүй байна. Агаас ууттай ургамал мэт зүйл хураан авч тэмдэглэлийг бичиж байхад гаднаас Агийн аав Буянбаатар ирсэн, би Буянбаатар гэдэг хүнд танай охин энэ ууттай ургамалыг авч явж байна гэж хэлээд харуулахад Буянбаатар нь А руу уурлаад уйлсан Аг ээжийгээ нас барсанаас хойш гадуур тэндэг болчихлоо гэж ярьж байсан. Буянбаатар гэдэг хүн өөрөө эд зүйл хураан авах тэмдэглэлийг уншиж танилцаад гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р хуудас/ -Гэрч А.Чимэдцэрэнгийн мэдүүлсэн... 2018 оны 10 сарын үед л санагдаж байна, би өөрөө Орхон аймаг дахь Цагдаа дээр нэг асуудлаар шалгагдаж байсан, тэгтэл нэрийг нь мэдэхгүй байна, нэг цагдаа миний байсан өрөөнд орж ирээд намайг хөндлөнгийг гэрч болоод өгөөч ээ гэрч хийлгэх хүн хайгаад олдсонгүй гэж хэлээд надаас гуйсан, хэрэгт чи хамааралгүй юм чинь, чиний ажилд эргээд саад болохгүй хэрэг нь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд нэг хүнээс юм хууран авч байгаа гэсэн тэгээд надад хамаагүй гэхээр нь би гарын үсэг зурсан юм. Тухайн үед хурдан болоод өнгөрсөн учраас бас сайн санахгүй байна. Тэглээч би ямар ажиллагаа байсан талаар ч мэдэхгүй хөндлөнгийн гэрч болоод өгөөч ээ гэж гуйсан, эргээд чамайг дуудахгүй гэж хэлсэн учраас би зөвшөөрөн гарын үсэг зурсан юм. Тийм зүйл болоод өнгөрсөн юм. Би нэг хүнээс эд зүйл хураан авч байгаа гэсэн, ер нь бол би сайн санахгүй байна, тэр үед би цагдаа дээр дуудагдсан өөрийгөө яая даа гээд явж байсан учраас юу болоод байгааг ч сайн ойлгоогүй гарын үсгээ зураад л өгсөн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-р хуудас/ -өсвөр насны гэрч С.Номин-Эрдэний мэдүүлсэн...Тэгээд бид нарыг ар гэрээсээ хүн дууд гээд манай ээж ирсэн. Тэгээд бид нарыг ар гэрийн хүмүүсээр нэгжүүлсэн чинь Агийн биеэс өвс гарч ирсэн.../хх-ийн 19-20-р хуудаст/ -яллагдагч Б.А, гэрч О.Намуунцэцэг нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэгт О.Намуунцэцэг....нэг эмэгтэй байцаагч Аг нэгжиж байгаад Агийн хөхний даруулганаас гаргаж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-30-р хуудаст/ - Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / 1-р хх-ийн 64-70-р хуудас/ -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 73-р хуудас/ -Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаар магадлалын хуулбар /2-р хх-ийн 1-4-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Б.А 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Буянбаатарын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2018 оны 8 дугаар сарын 5-ны орой П.Д, Б.Б нарын хамт Б.Буянбаатарын машинаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт очиж Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг түүж, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Агийн бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй санаатай бусдын өмчлөх эзэмших эрхэд халдсан шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Мөн Б.Агийн, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд-өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон...сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан... гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна. Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно гэж тус тус заасан. Мөн хуулийн 13.1-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ. Шүүгдэгч Б.А дээрхи хууль болон Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоотод болон биедээ хадгалсан” гэх үйлдлийг шалгасан мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул уг үйлдлийг Б.А үйлдсэн эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болголоо. Хавтаст хэрэгт авагдсан Мөрдөгчийн санал /Эд мөрийн баримт хураан авах тухай/ хх-ийн 60-р хуудас, Б.Агийн биеэс “Эд зүйл түр хураан авсан тухай” тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.2 дугаар зүйл, 22.3 дугаар зүйл, 24.4 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах, эд мөрийн баримт хураан авах журмыг ноцтой зөрчиж, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл олгогдоогүй байхад өсвөр насны Б.Агаас 10 гр өвс мэт зүйл хураан авсан тэмдэглэл үйлджээ. Мөн уг тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр гарын үзсэг зурсан Х.Лхагвасүрэн, А.Чимэдцэрэн нарыг дээрхи ажиллагаанд оролцуулсан эсэх нь тодорхой бус эргэлзээтэй, тэмдэглэлд заасан хаягт Х.Лхагвасүрэн бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон, А.Чимэдцэрэн ямар ажиллагаанд оролцож байгаа талаараа ойлгоогүй болох нь гэрч А.Чимэдцэрэнгийн ...Тэгээд нэг хүнээс юм хууран авч байгаа гэсэн тэгээд надад хамаагүй гэхээр нь би гарын үсэг зурсан юм. Тухайн үед хурдан болоод өнгөрсөн учраас бас сайн санахгүй байна. Тэглээч би ямар ажиллагаа байсан талаар ч мэдэхгүй хөндлөнгийн гэрч болоод өгөөч ээ гэж гуйсан, эргээд чамайг дуудахгүй гэж хэлсэн учраас би зөвшөөрөн гарын үсэг зурсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-р хуудас/ гэх мэдүүлэгт авагдсан байна. Түүнчлэн өсвөр насны гэрч С.Номин-Эрдэний мэдүүлсэн...Тэгээд бид нарыг ар гэрээсээ хүн дууд гээд манай ээж ирсэн. Тэгээд бид нарыг ар гэрийн хүмүүсээр нэгжүүлсэн чинь Агийн биеэс өвс гарч ирсэн.../хх-ийн 19-20-р хуудаст/, яллагдагч Б.А, гэрч О.Намуунцэцэг нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэгт О.Намуунцэцэг....нэг эмэгтэй байцаагч Аг нэгжиж байгаад Агийн хөхний даруулганаас гаргаж ирсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 25-30-р хуудаст/, гэрч Э.Цэнд-Аюушийн мэдүүлсэн “...Агаас ууттай ургамал мэт зүйл хураан авч тэмдэглэлийг бичиж байхад гаднаас Агийн аав Буянбаатар ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р хуудас/ зэргээр Б.Агийн биед үзлэг эсхүл нэгжлэг хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон боловч хэрэгт үзлэг, нэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл, үзлэг нэгжлэг хийх тухай тэмдэглэл авагдаагүй ба шинжилгээнд явуулсан 10 гр нунтаг нь Б.Агаас хураан авсан 10 гр өвс мэт зүйл мөн эсэх нь эргэлзээтэй, эд мөрийн баримтаар хураан авсан гэх өвс мэт зүйл хэрэгт хавсаргагдаагүй байна. Өсвөр насны хүнд холбогдуулан хэрэг шалгах нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах процесс ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй “гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу дээрхи баримтуудаар Б.Аг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Өсвөр насны гэрч С.Номин-Эрдэнэ, О.Намуунцэцэг нарын мэдүүлэг, гэрч Буянбаатарын мэдүүлгээр Б.Аг яллахад хангалттай бус байна. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Шүүгдэгч Б.Аг 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Буянбаатарын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр П.Д, Б.Б нартай бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд мөн дээрхи ургамалыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 146-8 тоотод болон биедээ хадгалсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд “Шүүгдэгч Агийн өмнөх 2 үйлдэлд маргахгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын үйлдлийг зөвшөөрөхгүй байгаа. Шинжилгээнд явуулсан зүйл Агийн биеэс гарсан эсэх нь эргэлзээтэй. Өсвөр насны гэрчүүд нь мэдээлэгч нар байдаг. А алга болсон байсан тул хорихын тулд хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Хууль зөрчиж баримт бүрдүүлсэн. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин энэ өвсийг хэрэглээгүй, сургуульд суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг хариуцлага оногдуулахдаа харгалзаж хорих ял биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцжээ. Шүүгдэгч Б.Агийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргийн улмаас учирсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, насанд хүрээгүй байхдаа үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хязгаарлалт тогтоох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Б.А 2002 оны 1 дүгээр сарын 28-нд төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний лавлагаагаар нотлогдсон ба 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 18 насанд хүрсэн байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирогч Б.Буянбаатар нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд оролцоогүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 31-нд сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ч овгийн Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Агийн цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялын хэмжээг 225 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, эсхүл торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийг тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ