Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/      

          Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

          Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор Э.Г , М.А  , О.Г , О.Г  нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ......................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн О.Г  /регистрийн дугаар ...................../

          Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, .................................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халзан овгийн М.А   /регистрийн дугаар ........................../

          Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ......................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Балдандаш овгийн О.Г   /регистрийн дугаар .............../

          Монгол улсын харьяат, 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг ....................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн  181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Утай овгийн Э.Г  /регистрийн дугаар ................../

          Шүүгдэгч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нар нь бүлэглэн “Хероесвин” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж завшин нийт 38000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь  О.Г , М.А  , О.Г , Э.Г  нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар О.Г , М.А  , О.Г , Э.Г  нар нь тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г гээс 18000000 төгрөг, М.А  ээс 1400000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М ад, шүүгдэгч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нараас 8268552 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2067138 төгрөгийг гаргуулж хохирогч “Хероесвин” ХХК-нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.М ын нэхэмжилсэн 33759909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 9,759,909 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/110 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураасан 13-76 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хероесвин” ХХК-д буцаан олгож, шүүгдэгч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Г , М.А  , О.Г , Э.Г  нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо:.. “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасан....Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г гээс 18000000 төгрөг, М.А  ээс 14000000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.М ад олгосугай гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцуулан арилгах үүрэгтэй атал хохирлыг ялгамжтай байдлаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Б.М ад учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Иргэний нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.  Иргэний нэхэмжлэлийн зарим хор уршгийг нарийвчлан бодитойгоор хянан үзээгүй. Унааны зардал 759909 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ.

           Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:            Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувь хүний, үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон байдлаар шийдвэр гаргасан.  Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд гарсан бодит хохирол биш учраас анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас хохиролтой холбоотой  баримтуудыг дүгнээд хохирол төлбөрийг хувь тэнцүүлж шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэв. . Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй. Эрүүгийн хууль зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Шүүгдэгч Э.Г , М.А   нараас Б.М  нь 24 сая төгрөгөөр машин худалдан авч,  энэ хүмүүс машин авах хүн олж өгсөн гээд тус бүр 2 сая төгрөгийг авснаар  авснаар хамтран оролцогч болсон байдаг. Үлдсэн 18 сая төгрөгийг О.Г  нь өөрөө авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж  үүнийгээ төлж барагдуулна гэдгээ бичгээр илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нараар тэнцүү хувааж төлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Үүнээс гадна зээлийн хүүд 9 сая төгрөг, мөн унааны зардалд 759909 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн зээлийн хүү нь гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол биш. Нотлох баримт байхгүй, хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

             Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай үйлүүлэгч компанид 8 сая төгрөгийн хохирол гарсан. Анхан шатны шүүхээс 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар  хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж гэм хор учруулсан этгээд адил тэнцүү хэмжээгээр бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийг хуульчилсан. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт О.Г гээс 6 сая төгрөгийг, М.А   нь 6 сая төгрөгөөс 600000 төгрөг төлсөн байгаа учраас 5400000 төгрөгийг, О.Г  нь иргэний нэхэмжлэгчид 2 сая төгрөг төлсөн байгаа учраас 4 сая төгрөгийг, Э.Г  2 сая нэхэмжлэгчид 2 сая төгрөг төлсөн байгаа учраас 4 сая төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү.

            759909 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1899980 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 9 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь яллагдагч О.Г , М.А  , О.Г , Э.Г  нарыг бүлэглэн “Хероесвин” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 13-76 БЧ чиргүүлтэй, 16-27 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бусдад худалдаж завшин нийт 38000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан үндэслэлд дүгнэлт өгөөгүй, уг зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй атлаа шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Энэ шийдвэр нь шүүгдэгч нарыг гэмт үйлдэлд бүлэглэн оролцоогүй, харин дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

            Иймээс шүүхийг энэ хэргийг өмнө шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “...Шүүх яллах дүгнэлтэд заасан хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоохдоо уг үндэслэлээ заагаагүйг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарсан гэж үзэв” гэсэн зөрчлийг дахин гаргасан гэж үзлээ. /2-р хавтас, 239 дүгээр тал/

             Мөн анхан шатны шүүх  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцооны талаар тусгаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” -ийг тусгах шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ.

            Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болхуйц байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул “Б.М ад учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай” иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

   

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Э.Г , М.А  , О.Г , О.Г  нарт холбогдох 1829000340079 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Г , М.А  , О.Г , О.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ