Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 3083

 

2017 оны 11 сарын 16 өдөр                Дугаар 102/ШШ2017/03083                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг,  хороо, Чулуут амины орон сууц, гудамжны тоотод оршин суух Д овогт ЖМ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо,  хороолол, Ж хутагт Дамдинбазарын гудамж, байрны тоотод оршин суух Х овогт СЭ-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58.114.000 төгрөг гаргуулах СЭийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Батбаатар, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 

 

Нэхэмжлэгч ЖМ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 1 дүгээр гудамжны 39 тоот хаят байрлах өмчлөлийн газар дээрээ 2015 оны 6 дугаар сард Хас банкнаас 45.000.000 төгрөгийн зээл авч, өөрт байсан 25.000.000 төгрөгөө нэмж, нийт 70.000.000 төгрөгөөр 342 метр квадрат талбайтай сэндвичэн барилгыг барьсан бөгөөд тус газарт байрлах барилгыг иргэн СЭ-т 130.000.000 төгрөгөөр худалдахаар болж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан.

 

Гэрээнд газар болон сэндвичэн барилгын үнийг тус бүр 5.000.000 төгрөг байхаар заасан боловч энэ бол бодит үнийн дүн биш буюу үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бага төлөхийн тулд бага үнийн дүн зааж, нийт дүн 130.000.000 төгрөг байхаар тохирсон.

 

Тэрээр СЭ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2016 оны 10 дугаар сард бүрэн төлж дуусгахаар ярилцаж, гэрээ байгуулах үед урьдчилгаа 10.000.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны дансанд, 2016 оны 8 дугаар 16-ны өдөр сэндвичэн барилга болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваад, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 17.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 103.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Хариуцагчаас үлдэгдэл 103.000.000 төгрөгийг нэхэхэд, 2017 оны 4 дүгээр сараас хойш үл хөдлөх эд хөрөнгө, газар авто замын траст орсон гэдэг шалтгаанаар төлбөр төлөхгүй гэсэн.

 

Энэ талаар Нийслэлийн газар төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Сүхбаатараас лавлахад Танай газар замын трастад ороогүй, хэрэв орлоо гэхэд өмчлөлийн газар учраас нөхөн төлбөр өгдөг гэсэн хариуг өгсөн.

 

Иймд хариуцагчаас газар болон сэндвичэн барилгын үлдэгдэл 103.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төрөөс газрын нөхөн олговорт олгосон 319.217.526 төгрөгийг авсан,төрд буцаан төлөөгүй, гэжээ.

 

 

 

Хариуцагч СЭ шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Би гэр бүлийн хүнтэйгээ ажил хийн, хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө орон байр авах гэж байсан бөгөөд хураасан хэдэн төгрөг дутаад байхаар нь эргэлтэнд оруулах санаатай ЖМ гэдэг хүнээс СХД-ийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1 дүгээр гудамжны 39 тоот хаягт байрлах сэндвичэн барилгыг, газартай нь хамт 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлөн, гэрээ байгуулсан.

 

Гэрээний төлбөрийг дараахь байдлаар өгсөн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг , 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.800.000 төгрөг , 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1.800.000 төгрөг , 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2016 ны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.800.000 төгрөг , 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 1.800.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1.800.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

 

2017 оны 3 дугаар сард тухайн хорооны засаг даргатай уулзахад:

 

-Засаг дарга та энэ газрыг түрээсэлж байгаа юм уу гэхээр нь би худалдаж авсан гэсэн чинь өө тийм үү, танай наагуур чинь зам тавих гэж байгаа газарт орсон, удахгүй чөлөөлнө гэж хэлснийг сонсоод, газарт орсныг анх удаа мэдсэн.

 

Тэгээд би Ж.М-тай утсаар яриад Чиний надад зарсан газрыг удахгүй чөлөөлнө, чамайг газрын нөхөн төлбөр авсан гэж байна мөнгөө авъя бас засвар хийсэн мөнгийг минь өгөө гэхэд ЖМчи санаа зоволтгүй зам яг урдуур нь гарч байгаа газрын нөхөн төлбөрийн талаар мэдэхгүй гэж хэлсэн.

 

Ингээд би хэн нь үнэн ярьж байгаа талаар шалгуулахаар 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар-т хүсэлт гарган хандахад, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/809 тоот албан бичгээр замын улаан шугамд орсон, гэрэл зургийн хамт хавсаргав гэсэн хариу өгсөн.

 

Иймээс надад эрхийн доголдолтой хөрөнгөө худалдаж, хэзээ нэгэн өдөр улс өмчлөлд авсан газраа авахад би хөрөнгө ч үгүй үлдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь:

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад, хариуцагч дансаар 40.000.000 төгрөг шилжүүлж, уг байранд халаалт тавих, зар сурталчилгаа явуулах, камер тавих зэрэг ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийсэн.

 

Гэтэл нэхэмжлэгч дээрх газраа улсад өгч, нийт 300 гаруй сая төгрөг авснаа хүлээн зөвшөөөрч, мэдсэн атлаа газарт ороогүй гэх тайлбарыг гаргадаг. Бид төрийн байгууллагад албан ёсоор хандахад газарт орсон гэсэн хариу өгч, тэр нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар батлагддаг.

 

Иймд Иргэний хуулийн 261, 263 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлаж, мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Хариуцагч СЭ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

ЖМ бидний хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь үнэн, тухайн байрыг худалдаж аваад төлбөр төлж, засвар хийсэн. Хариуцагч газрын нөхөн төлбөр авсан байдаг.

 

Иймд Ж.М-тай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтэй байгаа тул барилгын үнэд төлсөн 40.000.000 төгрөг болон засан сайжруулалт хийсэн 20.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах хусэлтэй байна. Миний энэ мөнгийг өгсөн тохиолдолд би эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн өгнө гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

 

Нэхэмжлэгч эрхийн доголдолтой хөрөнгө худалдсаныг тухайн үед бид мэдээгүйн улмаас барилгад засвар хийх, эд зүйл худалдаж авч засаж сайжруулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эхлэх-Үүд ХХК-тай гэрээ байгуулан 9.142.000 төгрөгийн үнэ бүхий халаалтын асуудлыг шийдвэрлэж мөн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 4.642.000 төгрөгийн үнэ бүхий вакуум халаалтыг барилгын дотор хийж, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг ханган, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1.900.000 төгрөгийн үнэ бүхий вакуум халаалтыг дахин хийн, гарч болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс бүрэн хяналтын камерыг 1.080.000 төгрөгөөр суулган, 1.350.000 төгрөгийн суртчилгааны ажил хийж, нийт 18.114.000 төгрөг болсон. Үүн дээр гэрээний дагуу нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд, нийт 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Хэрэгт нотлох баримтаар өгсөн.

 

ЖМ анх хэлэлцэн тохирсон үнээсээ хэт өндрөөр үнэлэн, нэхэмжлэл гаргаж, газрын нөхөн төлбөр авсан болох нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас тодорхой болсон учраас үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй тул үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ нийт 58.114.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

СЭ өөрөө надаас гуйж, үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдан авсан. Би банкнаас зээл авч засварын газрыг барьж, сар бүр зээлийн хүү 1.800.000 төгрөг төлдөг тухайгаа хэлэхэд банкны зээл бүтэх хүртэл сар бүр түрээсийн төлбөр 1.800.000 төгрөгийг төлөхөөр тохиролцох саналыг тавьсан тул би итгээд, үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг шилжүүлсэн. Сард 1.800.000 төгрөгийг төлсөн нь банкны хуулгаар нотлогдоно.

 

Хариуцагч гэрээг цуцлах үндэслэл болгож байгаа зүйл нь:

 

103.000.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийн, Удахгүй энэ газрыг чөлөөлнө, зам тавих гэж байгаа, газарт орсон гэж хороон дарга хэлсэн гэдэг үгийг хэлж, гэрээнд бодит үнийн дүнг заагаагүйг ашиглан 80.000.000 төгрөг болгон бууруулах эсвэл 2016 оны 8 дугаар сараас өнөөг хүртэл магадгүй энэ хэрэг шийдэгдтэл ямар нэгэн төлбөр төлөхгүй байж байгаад түрээсийн төлбөрт төлсөн болон урьдчилгаанд өгсөн, засвар хийсэн бүх мөнгөө авчихвал өөрт нь ашигтай гэж тооцож байна.

 

Иймээс сурталчилгаа, засварт зарцуулсан 18.114.000 төгрөг, нийт 58.114.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин авч суурилуулсан эд хөрөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Би улсаас авсан мөнгийг эргүүлэн төлөөгүй, гэрчилгээ надад байсан. Улсаас газраа буцаан авах талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь

 

 

Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч СЭ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч СЭ 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58.114.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

 

Хариуцагчийн төлөөлөгч улсын өмчлөлд өгсөн газраа бидэнд хэлэхгүйгээр худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

1.Шүүх нэхэмжлэгч Ж.М-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч СЭ нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан нь зохигчдын тайлбар, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-39 тоотод байрлах үйлчилгээний байр болон газрын өмчлөгч болох нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000504393 дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020402 дугаарт бүртгэж мөн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000088780 дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009028 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18637315872175 дугаартай, 389 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор тогтоогдож байна.

 

Талууд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээндээ байр, газрын үнийг 5.000.000 төгрөгөөр худалдахаар хийсэн боловч байрыг нэхэмжлэгч 130.000.000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж маргаж, татвараас зайлсхийх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг бага үнийн дүнтэй байгуулснаа нэхэмжлэгч илэрхийлсэн ч хэлцлийг хэлбэрийн хувьд дүгнэхэд хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй юм гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад байр, газрыг газарт ороогүй, ...улсаас нөхөн төлбөр 319.217.526 төгрөгийг олгосон гэх тайлбарыг гаргасан бөгөөд дээрх үйл явдал нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж, уг газар улсын өмч мөн болох нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газар, иргэн Ж.М-тай байгуулсан Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ мөн өдрийн Протокол, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар-ын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/809 тоот албан бичиг, замын улаан шугамд орсон гэрэл зургийн хавсралтын хамт, А/421 захирамжийн дагуу Иргэдийн эд хөрөнгийн нөхөх олговрын төсөвийн 9 дугаарт ЖМ-ын нэр бичигдэж, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ж.М-ын Хас банкны дансанд нөхөн олговрын 60 хувь 191.476.516 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нөхөн олговрын 40 хувь 127.651.010 төгрөгийг Нөхөн олговор олгох тухай 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 дугаартай, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн гарын үсэгтэй, захирамжаар мөнгийг шилжүүлж, тохиролцооны дагуу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-39 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч өөрийн өмчилсөн газрыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүрэн чөлөөлж, хүлээлгэн өгсөн учраас нөхөн олговрын мөнгийг төр иргэнд олгосноор нотлогдож байна.

 

Тэрээр нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу Нийслэлийн засаг даргын А/421 дугаартай захирамжийг хэдэн онд, хэзээ, хэний зөвшөөрлөөр төрийн өмчлөлд авсан газрыг хүчингүй болгуулан нэхэмжлэгчид буцаан олгосон, төрөөс олгосон нөхөн олговрын мөнгийг төрийн ямар дансанд эргүүлэн төлснөө нотлож чадаагүй мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүхэлд нь 319.217.526 төгрөгөөр төрийн өмчлөлд хүлээлгэн өгснөө мэдсээр байж 2016 онд хариуцагчид 130.000.000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ гэж зааснаар бусдын өмчлөлд шилжсэн, эрхийн доголдолтой хөрөнгийг хариуцагч худалдсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

2.Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58.114.000 төгрөг гаргуулах СЭ-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

 

Хариуцагч мөнгийг төлөх боломжгүй, эд зүйлсийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.

 

 

Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч СЭ нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан хариуцагч, нэхэмжлэгчийн 5005562083 дугаартай Хаан банкны дансанд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 10 удаагийн үйлдлээр, нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу тус үйлчилгээний байрыг худалдан авснаасаа хойш Брайн капитал медиа ХХК-тай Хамтран ажиллах гэрээ-г 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээний бэлэн нэвтрүүлгийг С1, Өлзий, MNC телевизоруудаар нэвтрүүлэн, 100 хувийн бартерийн журмаар 2 минутын хөлсөнд 1.350.000 төгрөг, Эхлэх үүд ХХК-тай Бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ-ний төлбөр 9.142.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1.900.000 төгрөг, Соурсекод ХХК-иас хяналтын камер 1.080.000 төгрөг, Сэргээн арвиших ХХК-иас хоомт хана 4.642.000 төгрөг, 100 айл BLSV-ээс вакуум хаалт, хаалга зэрэг нийт 18.114.000 төгрөгийн эд зүйлс худалдан авсан болох нь Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан СЭийн байранд тавьсан эд зүйлийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэсэн тайлбар, зарлагын баримт, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хавтас хэргийн 4,5,6-12,17-30,81-82 дугаар хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд бусад бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 672.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 623.470 төгрөгийг улсын орлогод үлдээн, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 623.470 төгрөгийг гаргуулж, хариуцагч СЭт олгохоор шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д овогт Ж.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х овогт С-ийн Э-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58.114.000 төгрөг гаргуулах СЭ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 672.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 623.470 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 623.470 төгрөгийг гаргуулж, хариуцагч СЭ-т олгосугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА