Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 241

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03083 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Э-т холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58 114 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1 дүгээр гудамжны 39 тоот хаят байрлах өмчлөлийн газар дээрээ 2015 оны 6 дугаар сард Хас банкнаас 45 000 000 төгрөгийн зээл авч, өөрт байсан 25 000 000 төгрөгөө нэмж, нийт 70 000 000 төгрөгөөр 342 м.кв талбайтай сэндвичэн барилгыг барьсан бөгөөд тус газарт байрлах барилгыг иргэн С.Э-т 130 000 000 төгрөгөөр худалдахаар болж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнд газар болон сэндвичэн барилгын үнийг тус бүр 5 000 000 төгрөг байхаар заасан боловч энэ бол бодит үнийн дүн биш буюу үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бага төлөхийн тулд бага үнийн дүн зааж, нийт дүн 130 000 000 төгрөг байхаар тохирсон. Тэрээр С.Э- үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2016 оны 10 дугаар сард бүрэн төлж дуусгахаар ярилцаж, гэрээ байгуулах үед урьдчилгаа 10 000 000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны дансанд, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сэндвичэн барилга болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 103 000 000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Хариуцагчаас үлдэгдэл 103 000 000 төгрөгийг нэхэхэд, 2017 оны 4 дүгээр сараас хойш үл хөдлөх эд хөрөнгө, газар авто замын траст орсон гэдэг шалтгаанаар төлбөр төлөхгүй гэсэн. Энэ талаар Нийслэлийн газар төлөвлөлтийн албаны мэргэжилтэн н.Сүхбаатараас лавлахад “Танай газар замын трастад ороогүй, хэрэв орлоо гэхэд өмчлөлийн газар учраас нөхөн төлбөр төлдөг” гэсэн хариуг өгсөн. Иймд хариуцагчаас газар болон сэндвичэн барилгын үлдэгдэл 103 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төрөөс газрын нөхөн олговорт олгосон 319 217 526 төгрөгийг авсан,төрд буцаан төлөөгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэр бүлийн хүнтэйгээ ажил хийн, хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө орон байр авах гэж байсан бөгөөд хураасан хэдэн төгрөг дутаад байхаар нь эргэлтэнд оруулах санаатай Ж.М гэдэг хүнээс Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1 дүгээр гудамжны 39 тоот хаягт байрлах сэндвичэн барилгыг, газартай нь хамт 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлөн, гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр нийт 40 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

2017 оны 3 дугаар сард тухайн хорооны Засаг даргатай уулзахад “Засаг дарга та энэ газрыг түрээсэлж байгаа юм уу гэхээр нь би худалдаж авсан гэсэн чинь өө тийм үү, танай наагуур чинь зам тавих гэж байгаа газарт орсон, удахгүй чөлөөлнө” гэж хэлснийг сонсоод, газарт орсныг анх удаа мэдсэн. Тэгээд би Ж.М-тай утсаар яриад “Чиний надад зарсан газрыг удахгүй чөлөөлнө, чамайг газрын нөхөн төлбөр авсан гэж байна мөнгөө авъя бас засвар хийсэн мөнгийг минь өгөө гэхэд Ж.М- чи санаа зоволтгүй зам яг урдуур нь гарч байгаа газрын нөхөн төлбөрийн талаар мэдэхгүй” гэж хэлсэн. Ингээд би хэн нь үнэн ярьж байгаа талаар шалгуулахаар 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газарт хүсэлт гарган хандахад, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/809 тоот албан бичгээр замын улаан шугамд орсон, гэрэл зургийн хамт хавсаргав гэсэн хариу өгсөн. Иймээс надад эрхийн доголдолтой хөрөнгөө худалдаж, хэзээ нэгэн өдөр улс өмчлөлд авсан газраа авахад би хөрөнгө ч үгүй үлдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.М- бидний хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь үнэн, тухайн байрыг худалдаж аваад төлбөр төлж, засвар хийсэн. Хариуцагч газрын нөхөн төлбөр авсан байдаг. Иймд Ж.М-тай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтэй байгаа тул барилгын үнэд төлсөн 40 000 000 төгрөг болон засан сайжруулалт хийсэн 20 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах хусэлтэй байна. Миний энэ мөнгийг өгсөн тохиолдолд би эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн өгнө гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Э- өөрөө надаас гуйж, үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдан авсан. Би банкнаас зээл авч засварын газрыг барьж, cap бүр зээлийн хүү 1 800 000 төгрөг төлдөг тухайгаа хэлэхэд банкны зээл бүтэх хүртэл cap бүр түрээсийн төлбөр 1 800 000 төгрөгийг төлөхөөр тохиролцох саналыг тавьсан тул би итгээд, үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээг шилжүүлсэн. Сард 1 800 000 төгрөгийг төлсөн нь банкны хуулгаар нотлогдоно. Хариуцагч гэрээг цуцлах үндэслэл болгож байгаа зүйл нь 103 000 000 төгрөгийг төлөхөөс зайлсхийн, “Удахгүй энэ газрыг чөлөөлнө, зам тавих гэж байгаа, газарт орсон гэж хороон дарга хэлсэн” гэдэг үгийг хэлж, гэрээнд бодит үнийн дүнг заагаагүйг ашиглан 80 000 000 төгрөг болгон бууруулах эсвэл 2016 оны 8 дугаар сараас өнөөг хүртэл магадгүй энэ хэрэг шийдэгдтэл ямар нэгэн төлбөр төлөхгүй байж байгаад түрээсийн төлбөрт төлсөн болон урьдчилгаанд өгсөн, засвар хийсэн бүх мөнгөө авчихвал өөрт нь ашигтай гэж тооцож байна.

Иймээс сурталчилгаа, засварт зарцуулсан 18 114 000 төгрөг, нийт 58 114 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин авч суурилуулсан эд хөрөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Би улсаас авсан мөнгийг эргүүлэн төлөөгүй, гэрчилгээ надад байсан. Улсаас газраа буцаан авах талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д овогт Ж-ы М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х овогт С-ийн Э-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58 114 000 төгрөг гаргуулах С.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 672 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 623 470 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 623 470 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “С1”, “Өлзий”, “МNC” телевизийн 2 минутын нэвтрүүлгийн үнэ 1 350 000 төгрөг, хяналтын камерын үнэ 1 680 000 төгрөгийг тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь телевизүүдээр явуулсан нэвтрүүлэг нь ямар үйл явдлыг тайлбарласан нэвтрүүлэг болох нь тодорхойгүй зар сурталчилгаа явуулсан ч гэсэн уг үйл ажиллагааныхаа үр дүнд С.Э- ашиг орлогоо нэмэгдүүлсэн нь илэрхий. Хяналтын камерын тухайд салган авч явах бололцоотой өмч хөрөнгө байхад үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг хэмээн дүгнэж камерын үнийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон 58 114 000 төгрөгөөс 2 430 000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.М- хариуцагч С.Э-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 103 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний төлбөр, засварын зардлын үнэ 58 114 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э- нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-39 тоотод байрлах үйлчилгээний байр болон газрын өмчлөгч болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээнд сэндвичэн барилгыг, газрын үнийг тус бүр 5 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч 130 000 000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн өмчилсөн уг маргаан бүхий газрыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүрэн чөлөөлж, төрд хүлээлгэн өгч нөхөн олговрын мөнгийг авсан үйл баримт нь хэрэгт цугларсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ, мөн өдрийн Протокол, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/809 тоот албан бичиг, замын улаан шугамд орсон гэрэл зургийн хавсралт, Нийслэлийн Засаг даргын Нөхөн олговор олгох тухай 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/421 захирамж, Ж.М-ын Хас банкны дансанд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нөхөн олговрын 60 хувь буюу 91 476 516 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нөхөн олговрын 40 хувь буюу127 651 010 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хэргийн 120-145 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн өмчлөлд хүлээлгэн өгсөн газрыг 2016 онд хариуцагчид худалдсан нь мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлд шилжсэн, эрхийн доголдолтой хөрөнгийг хариуцагчид худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тус газар, барилга нь газарт ороогүй гэж тайлбарлаж байх боловч төрд газрыг шилжүүлж нөхөн төлбөрт 319 217 526 төгрөгийг авсан болохоо үгүйсгээгүй тул эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байна.

 

Хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогджээ. /хэргийн 91-117 дугаар тал/

 

Мөн хариуцагч худалдан авсан үйлчилгээний байрыг засан сайжруулалт хийх зорилгоор бусад этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж нийт 18 114 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг автомашины угаалгын газрын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглахын тулд дээрх зардлыг гаргасан байх тул засан сайжруулсан эд хөрөнгийг салган авч явах боломжтой, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөд хамааралгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2 340 000 төгрөгийг хасах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        С.ЭНХТӨР