Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0732

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 28/ШШ2020/0732

Улаанбаатар хот

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл, шүүх бүрэлдэхүүнд М.Батзориг, Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Э ө ХХК 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо,  байрны  тоот.

Хариуцагч: Э х я Т н б д

Нэхэмжлэлийн шаардлага: ЭХХК-ийн гүйцэтгэсэн Бэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг *******д даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, А.Ор, иргэдийн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Эрчим хүчний яамнаас зарласан Баы чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалт-д оролцож шалгаран 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тухайн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Ингээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр техникийн комисс манай гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тухайн хэрэглэгч нарыг тогийг өгч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн саатал, бэрхшээлгүй ажиллаж байна.

Тухайн ажлыг гүйцэтгэхэд манай компани 3 орчим тэрбум төгрөгийг өөрсдийн зүгээс санхүүжүүлэн ажлаа дуусгасан. Энэхүү зардал хэтэрсэн шалтгаан нь манай компанийг барилга угсралтын ажил гүйцэтгэж байхад ам.долларын ханш огцом өссөнөөс болсон бөгөөд энэхүү зардлын өсөлтийн дүнг Эрчим хүчний хөгжлийн төвийн экспертүүд магадалж, дүгнэлтээ гаргасан байдаг. Дээрх ажлын анхны санхүүжилт 8.4 тэрбум төгрөг байсан бөгөөд биднийг ажлаа хийж дуусган техникийн комисст хүлээлгэн өгөх үед зардал 11.4 тэрбум төгрөг болж өссөн.

Ингээд Эрчим хүчний яамны зүгээс магадлалын ерөнхий дүгнэлтэд тусгагдсан 3 тэрбум төгрөг болон тухайн ажлын үндсэн санхүүжилтээс үлдсэн төлбөр 504.000.000 төгрөг, нийт 3.504.754.900 төгрөгийг манай компанид олгуулахаар 2018 онд Сангийн яаманд холбогдох материалыг явуулсан. Сангийн яам тухайн үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг 2019 онд олгуулахаар Улсын Их Хуралд хандаж, 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт Эрчим хүчний сайдын багцад тухайн ажлын нэрээр баталж өгсөн байдаг.

Манай компани 2019 оны эхнээс эхлэн дээрх үлдэгдэл төлбөрийн санхүүжилтээ авахаар хөөцөлдсөн боловч олгох, олгохгүй нь мэдэгдэхгүй байсаар өдийг хүрч байна.

Нэгдсэн төсвөөр санхүүжигдэж байгаа төлбөрийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулан авдаг бөгөөд тухайн эрх бүхий субъект нь манай компанитай өнөөдрийг хүртэл гэрээ байгуулахгүй, бичгээр ямар нэг байдлаар хариу өгөхгүй, тухайн төсвийн жилийг дуусгахаар болж байна.

Бид *******д удаа дараа амаар хүсэлт гаргаж байсан боловч бидэнд бичгээр ямар нэг хариу өгөөгүй тул Эрчим хүчний сайдад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн санхүүжилтийг олгуулах талаар бичгээр хүсэлт гаргахад Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/000тоот албан бичгээр тухайн санхүүжилт олгохоос татгалзсан хариу ирүүлсэн.

Бид *******д удаа дараа хүсэлт гаргахад бидний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд тухайн үед бичгээр ямар нэг хариу ирүүлж байгаагүй, харин Эрчим хүчний сайдад хүсэлт гаргахад Төрийн нарийн бичгийн даргын албан бичгээр тухайн санхүүжилтийг олгохоос татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч ЭХХК-ийн гүйцэтгэсэн Бадэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг *******д даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас дурдаж буй гэрээний үнийн дүнгийн 5 хувийн санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй. Харин 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал бол 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд орж, батлагдсан боловч уг 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох асуудал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтын журмаар гаргаж өгсөн.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-д Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамааруулах гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл тухайн үед буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/0000тоот албан бичгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Эрчим хүчний сайдаас уг асуудалтай холбоотой саналыг Сангийн сайдад хүргүүлсний дагуу 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд албан ёсоор батлагдан орсон.

Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр в/0000 тоот албан бичгээр дахин тусгуулах саналыг хүргүүлсэн бөгөөд энэ төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэлгүйгээр явуулсан гэх асуудлыг үүсгэсэн байдаг.

Эрчим хүчний яамны 2019 оны 11 дүгээр сард болсон хуралдаанд уг асуудал яригдаж, ямар учраас төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэлгүйгээр уг саналыг хүргүүлсэн талаар хэлэлцэхэд Санхүүгийн хэлтсийн дарга Н.Б ...төсвийн шууд захирагч өөрөөр нь явуул гэсний дагуу явуулсан гэх тайлбарыг гаргасан байдаг. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс уг төслийн санхүүжилт 3 тэрбум төгрөгөөр илүү буюу 11.0 тэрбум төгрөг гэх төсөв батлагдаж ирсэн байдаг. Уг төсвийг судалж үзэхэд 2014 оны төсөв бус түүнээс хойш хийгдсэн төсөв болох нь тодорхой болсон. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төсөвчин Н.Б-гаас 2014 онд ЭХХК-ийн захиалгаар 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсвийг гаргасан. 3 жилийн дараа тухай объектын зураг төсөлд өөрчлөлт оролгүйгээр дахин төсвийг тухайн үеийн ханшаар хийх саналын дагуу 2017 оны 01 дүгээр сард ЭХХК-д дахин төсөв хийсэн. Уг төсвийг 2014 оны үнэд тулгуурлаагүй, 2017 онд мөрдөж байгаа норм, дүрэм, жишиг үнэд тулгуурлан хийсэн бөгөөд төсөвт өртгийн дүн 11.484.054.900 төгрөг болсон. Уг төсөв тухайн цаг үед таарсан, үндэслэлтэй төсөв болно. гэх тайлбарыг гаргасан.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс тухайн төсвийг 3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн эсэх асуудлаар тодруулга авахад ...2014 оны ханшаар бодоогүй, 2017, 2018 оны ханшаар бодсон. Учир нь 2014 оны үеэр төсөв гаргах гэхээр тухайн үеийн материал Эрчим хүчний яаманд байхгүй байсан. гэх тайлбарыг өгсөн.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 3 тэрбум төгрөг нь бодитой эсэх нь эргэлзээтэй байгаа тул Эрчим хүчний яамнаас уг төлбөрийг бодит бус гэж үзэж олгохоос татгалзаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ЭХХК-ийн гүйцэтгэсэн Баагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр 3.504.754.900 төгрөг санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг *******д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Анх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000 дүгээр тушаалаар Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/ ХХҮI.1.33 барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан байна.

Эрчим хүчний яамнаас зарласан уг тендер сонгон шалгаруулалтад ЭХХК оролцон, 8.400.000.000 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгэхээр шалгарч 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЭХА-000/00дугаар Баны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/ ХХҮI.1.33-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулж, гэрээгээр дэд станцын барилга угсралтын ажлыг 8.400.000.000 төгрөгөөр, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Дээрх ажлыг гэрээнд заасан тухайн цаг хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүйгээс болж талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барилга, байгууламжийг барьж дуусгасныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЭХХТ/000/00/0000 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт-аар туршилтын хүчдэлд залгахаар шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00/0000  дугаар Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт-ээр Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын барилга байгууламжийг ашиглалтад гэрээнд заагдсаны дагуу оруулж хүлээлгэн өгсөн байх бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримтад маргаагүй байна.

2. ЭХХК нь гэрээт ажлаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусган, туршилтын хүчдэлд залгасан, нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сард Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Б-д захиалга өгснөөр төсөвчин Н.Б нь уг ажлын төсвийг 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэнд тулгуурлан дахин зохиож, төсөвт өртөг 11,484,054,900 төгрөг гэж тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны ******* дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

ЭХХК нь эдийн засгийн хямрал, валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор бараа материалын үнийн зөрүү их гарч 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр уг ажлыг дуусгах боломжгүй, захиалагчаас олгосон санхүүжилт хүрээгүй, тул магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсвийн дагуу төсөвт өртгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтээ Эрчим хүчний яаманд гаргасан байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн в/001 тоот албан бичгээр дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд Сангийн яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 16 дугаар хэсгийн 1.1 дахь заалтаар Эрчим хүчний сайдын багцад ЭХХК-ийн хийж гүйцэтгэсэн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/б кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/-ын ажлын санхүүжилт 3.504.800.000 төгрөгөөр хуульчлан батлагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, мөн хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална-д гэж зааснаас үзвэл захиргааны үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байхыг шаарддаг байна.

Мөн Төрийн байгууллага, албан тушаалтан хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх хууль дээдлэх, үүрэгтэй болохоос бус тухайн хууль хэрхэн батлагдсан болох, мөн хууль хууль ёсны эсэх талаар маргах үндэслэлгүй юм.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.6.8-д ..батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах гэж хуульчилсан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/0000 дугаар албан бичгээр ...Эрчим хүчний яам, ЭХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан ЭХА-0000/01тоот гэрээний тусгай нөхцөлийн 44-т гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар харилцан тохиролцсон байна гэх үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуульд зааснаар Улсын төсвөөр хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг авах эрх нь ЭХХК -нд нээгдсэн байх бөгөөд хариуцагч зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй байна.

Мөн хуулийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулж хасах эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын өөрийнх нь бүрэн эрх болохоос бус хариуцагч Эрчим хүчний яамны эрх хэмжээ биш юм.

3. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолд Монгол Улсын тэргүүлэх зэргийн төсөвчин Н.Б нь ямар үндэслэлээр 2017 онд мөрдөгдөж байсан норм, дүрэм, жишиг үнэд тулгуурлан дахин төсөвт өртгийг 11,484,054,900 төгрөг гэж тооцож гаргасан талаарх нотлох баримтыг цуглуулах гэсний дагуу нотлох баримтыг цуглуулж мөн төсөвчин Н.Б-г гэрчээр асууж тодруул гэсний дагуу дээрх ажиллагааг хийлээ.

Гэрч Монгол Улсын тэргүүлэх зэргийн төсөвчин Н.Б мэдүүлэхдээ Ажлын зургийн дагуу Сүхбаатар аймгийн Баруун ан сумын 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кв-ын Асгат дэд станцын угсралт, 110/35/10 кв-ын Баруун Урт 35/10 кв-ын Эрдэнэцагаан дэд станцуудын өргөтгөлийн барилга угсралтын ажлын төсвийг 2014 оны 4 дүгээр сард ЭХХК-ийн захиалгаар 8.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хийж гүйцэтгэсэн.

Дараа нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр ЭХХК санал тавьсны дагуу төсвийг 2017 оны 1 сард хийж дуусгасан. Тухайн объектын зураг төсөл нь хэвээрээ өөрчлөлт ороогүй байсан. 2014, 2017 оны төсөв үндэслэлтэй бодитой гэж үзэж байна. Би төсөв зохихдоо Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2012 оны 001 дүгээр тушаалаар батлагдсан Барилга норм ба дүрмийн 81.95.12 нормыг баримталж зохиосон.

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 18 дугаар тушаалаар машин механизмын зардлыг гаргасан. 2014 онд ялгаагүй 2012 оны 001 дүгээр тушаалыг баримталсан Барилгын нором ба дүрмийг баримталж төсвийг зохиосон. Төсөв хийхдээ урьд нь байсан үнийг жиших байдлаар хийдэг гэж мэдүүлжээ.

Мөн Эрчим хүчний хөгжлийн төвөөс 2017 оны ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргах болсон шалтгаан, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийсэн болно.

Эрчим хүчний хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/000дугаар албан бичгээр тус шүүхэд ЭХХК нь Эрчим хүчний яамтай хийсэн ЭХА-000/00тоот гэрээний дагуу гүйцэтгэж байгаа Баруун Урт-Асгат-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станцын угсралтын ажлын төсөвт магадлал хийлгэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/0000албан тоотоор Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-т хандсан.

Тус компани Б ХХК-ийн боловсруулсан 2016-38 шифртэй ажлын зургийг Барилгын хөгжлийн төвийн Зураг төслийн магадлалын хэлтэст хянуулан 0000/0000дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байсан бөгөөд ажлын төсөв нь магадлалаар орж хянагдаагүй байсан тул гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын хурлын тэмдэглэл, ЭХХТ/000/00/0000 дугаартай техникийн комиссын актад хөрөнгийн задаргаа хийх талаар комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах үүднээс Засгийн газрын 2009 оны 002 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм-ийн 7.2-ийн дагуу магадлалаар орж баталгаажсан ажлын зургийг үйлдсэн Зураг төслийн бичигт магадлал хийх ажлын гэрээ /ЭХЗТ00/0000/-г байгуулсан бөгөөд Эрчим хүчний Сайдын 2015 оны 188 дугаар тушаал Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журам-ын дагуу төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулсан.

Эксперт нь тухайн ажлын төсвийг Төсөв зохиох дүрэм болон холбогдох норм, дүрэм, аргачлалын дагуу тооцсон эсэх, төсөвт тооцсон ажлын эзлэхүүн нь магадлалаар орж батлагдсан зураг төсөлд үндэслэсэн эсэх, төсвийн нормын үндэслэл болон тооцоонд хэрэглэсэн коэффициентыг зөв сонгосон эсэхийг шалгаж экспертийн дүгнэлт гаргаж 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 0000/0001дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт гарган баталгаажуулсан болно.

Эксперт нь төсвийг Б ХХК-ийн боловсруулсан ажлын зургийн дагуу, төсвийн суурь норм болон тээврийн зардлыг ЗТАЖ Сайдын 2008 оны 136, нэмэгдсэн зардлыг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18, 001 дүгээр тушаал, 2015 оны 185 дугаар тушаалуудыг болон материалын үнийг 2016 оны зах зээлийн үнийг үндэслэн тооцсон. гэх албан бичгийг ирүүлжээ.

Дээрх хуулиар олгохоор батлагдсан 3.504.800,000 төгрөгийн 420,745,080 төгрөг нь анхны гэрээний үлдэгдэл төлбөр, 3,084,054,920 төгрөг нь анх төсөв зохиохдоо дутуу тооцсон, сүүлд магадлалын ерөнхий дүгнэлтээр нэмэгдэж баталгаажигдсан төлбөр гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн ЭХХК-нь 2014, 2015, 2016 санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн Итгэл Такс ТМЗ-өөр хөндлөнгийн нягтлан шалгалтын тайлан гаргуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч ЭХХК -аас дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон үүнээс болж тус компаниас бодитой 11.4 тэрбумын зардал гарсан байна гэж үзэхээр байна.

Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ын ХVI Эрчим хүчний сайд хэсгийн 1.1-т Баруун-Урт-Эрэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/ 2014-2019 он 11.484.1/төсөвт өртөг/,3.504.8 /санхүүжих дүн/ сая төгрөг гэж Сайдын багцад тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн компанид олгуулахаар тусгасан ч хариуцагчаас гэрээ байгуулахгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэдийгээр шүүхээс маргааныг шийдвэрлэх үед төсвийн жил дууссан ч нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй байх, эсхүл төсвийн жил дууссан гэдэг үндэслэлээр хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг дутуу олгохгүй байгаа, өөрөөр хэлбэл анхны гэрээнд заасан санхүүжилтээс илүү зардал гарсан болохыг тухайн үед хариуцагч зөвшөөрч ажлыг 100 хувь гүйцэтгүүлсний дараа Төсвийн тухай хуульд тусгагдсан санхүүжилтийг олгохоос татгалзаж буй нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ЭХХК-ийн гүйцэтгэсэн Б чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг *******д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д заасныг тус тус үндэслэн ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргад холбогдох ЭХХК-ийн гүйцэтгэсэн Баны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээр олгуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, гэрээ байгуулахыг *******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН