Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0129

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

           Дугаар  128/ШШ2021/0129

              Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: СЗХ

Нэхэмжлэлийн шаардлага: СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."И" ХХК нь анх 2002 онд үүсгэн байгуулагдаж, СЗХноос ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн.

Гэтэл СЗХноос 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/3734 албан тоотоор нэхэмжлэгч байгууллагыг банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу танай байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ тогтоосон хэмжээнд хүргэх үүргээ биелүүлж ажиллаагүй байна гэж 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн боломж, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг харгалзан боломжоороо дүрмийн сангийн хэмжээгээ үе шаттай нэмэгдүүлж, эхний ээлжинд 200 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Гэтэл СЗХноос уг 200 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тушаалаа хүчингүй болгосон байж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй гэж байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг акт нь гарсан цагаасаа илт хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байна.

Манай тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй түдгэлзүүлснээр манай хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж, хохирсон болно. Хэдийгээр 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, уг хугацаа дууссан ч уг 3 сарын хугацаанд манай хэвийн үйл ажиллагаа алдагдаж хохирсон юм. Иймд анхнаасаа түдгэлзүүлэх ёсгүй байсан бөгөөд дэлхий нийт, манай улсад нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь анхнаасаа хуульд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь Санхүүгийн хууль тогтоомж, хорооноос гаргасан дүрэм, журам, шаардлагыг хангаж ажиллахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч байгаа хэдий ч дэлхийн бүх улс орнуудад тархаад буй COVID 19/шинэ коронавирус/ цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд хүндрэл учирч, зарим аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байр, хүмүүсийн цалин орлого хэд дахин буурч, банк болон ББСБ-уудын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч харилцагч, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт, хүү зэргээ төлөхгүй байгаа зэрэг шалтгаанаас болж байгууллагын дүрмийн сангаа СЗХноос баталсан хуваарийн дагуу үе шаттайгаар нэмэгдүүлэх санхүүгийн нөөц боломж эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа, хэдий ч СЗХноос баталсан ББСБ-уудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу дүрмийн сангаа үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхний ээлжинд дүрмийн сангаа 1 тэрбум 900 сая төгрөгт хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа болно. Гэсэн хэдий ч өнөөдөр үүссэн эдийн засгийн нөхцөл байдал нь эдийн засгийн боломжийг хязгаарлаж байгаа болно.

Энэ нь нэг талаараа хүндэтгэн үзэх, давагдашгүй хүчин зүйл мөн юм. ЗЕХ-ийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актын талаар заасан бөгөөд 47.1.7 "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй", 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" бол илт хууль бус захиргааны акт гэж үзэж гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар заасан.

 Нэхэмжлэгчийн зүгээс СЗХны маргаан бүхий 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоолыг гарахаас өмнө дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулж өгөх талаар СЗХнд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20/12 тоот албан бичгээр хүсэлт, тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Гэтэл хариуцагч нь цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурал зарлагдсан, уг хурлаар дүрмийн сангийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх талаарх шийдвэрийг харгалзан үзэлгүйгээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж шууд байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь анхнаасаа илт хууль бус акт бөгөөд уг актыг бодит байдалд шууд биелүүлэх боломжгүй, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч байгууллагын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоол нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцлаа. Шүүхэд өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. СЗХ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан СЗХ тогтооно” гэж заасны дагуу 2017 оны 27 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн. байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ууд нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.0 /нэг тэрбум/ 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.4 /нэг аравны дөрвөн тэрбум/ төгрөгт хүргэх үүргийг хүлээсэн. “И” ХХКнь 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгаа нь СЗХны 2017 оны 27 дугаар тогтоолоор хүлээсэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон.

Иймд тухайн асуудлаар түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй талаар тайлбар гаргах боломж олгож 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичгийг хүргүүлсэн. “И” ХХК-ийн зүгээс түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй гэсэн үндэслэлээр СЗХны дээрх 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар/ тогтоолуудаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор уг хуваарийг шинэчлэн баталсан бөгөөд шинэчлэн батлахдаа 1.4 тэрбум төгрөгт хүргэж чадаагүй ББСБ-уудыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны дотор 1.4 тэрбум төгрөгт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ хүргэх шийдвэрийг гаргасан /Иймд СЗХноос баталсан хэм хэмжээний актад заасан шаардлагыг хангахгүй байгаа "И" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар 2020 оны 9 дүгээр сарын 09 -ний өдрийн 879 дүгээр тогтоолоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/3218, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3631 тоот албан бичгүүдээр тус мэдэгдэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулан хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан захиргааны актыг гаргасан.

Иймд "И" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч "И" ХХК-иас анх тус шүүхэд хандан “СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” хэмээн өөрчилсөн.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “СЗХны маргаан бүхий 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 тоот тогтоол ... анхнаасаа илт хууль бус акт бөгөөд уг актыг бодит байдалд шууд биелүүлэх боломжгүй, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй” хэмээн тайлбарлан маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн, СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”,  6.2-т “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараах хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.2.1.банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан” хэмээн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан СЗХ тогтооно”, 19 дүгээр зүйлийн 19.2-т ”Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол СЗХ дор дурдсан арга хэмжээ авна: 19.2.2. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх” хэмээн тус тус заасан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

“И" ХХК нь 2006 онд байгуулагдан, СЗХны 2007 оны 147 дугаар тушаалаар олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар хотноо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж, СЗХны 2016 оны “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай271 дугаар тогтоол[1] болон 2017 оны 27 болон 91 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 2 дугаар сарын 10-нд 1,000,000,000.00 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 10-нд 1,400,000,000.00 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 10-нд 1,900,000,000.00 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 10-нд 2,500,000,000.00 төгрөгт хүргэх хуваарийг баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дүрмийн сангаа 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг СЗХны даргын 2018 оны 196 дугаар тушаалаар зөвшөөрсөн.

Улмаар, компанийн нэр бүхий хувьцаа эзэмшигчээс “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар улсын бүртгэлийн байгууллагаас компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, энэ талаарх маргааныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 65 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан СЗХны даргын 2019 оны 392 дугаар тушаалаар дээрх 2018 оны 196 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

Үүнтэй холбогдуулан “И” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 001/ХТ2020/0255 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан СЗХны даргын 2018 оны 196 дугаар тушаал, 2019 оны 392 дугаар тушаал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 65 дугаар тогтоол, 2020 оны 001/ХТ2020/0255 дугаар тогтоол болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Мөн СЗХны  2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн баталж, 2021 оны 02 дугаар сарын 10-нд 1.900.000.000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 10 нд 2.500.000.000 төгрөг байхаар тогтоон, тогтоолын 5-д “Улаанбаатар хотод хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 1.400.000.000 / нэг тэр бум дөрвөн зуун сая/ ... төгрөгт хүргээгүй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргэхийг банк бус санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч нарт үүрэг” болгосон.

Улмаар, СЗХны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/3218 дугаар албан бичгээр “... Хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.400.000.000 төгрөгт хүргэн ажиллах талаар холбогдох арга хэмжээг авч, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор ... албан бичгээр нотлох баримтын хамт ирүүлэхийг” нэхэмжлэгчид мэдэгдэж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3631 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...“И” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хорооны 2020 оны 9 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцүүлэх болсныг” мэдэгдэн, СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор “И” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан СЗХны  2019 оны 441 дүгээр тогтоол, 2020 оны 879 дүгээр тогтоол, СЗХны 2020 оны 9/3218, 9/3631 дүгээр албан бичгүүд болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 болон 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж хэн ч харсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болох нь илэрхий тодорхой, тухайн захиргааны актаар бодит нөхцөл байдалд хэн байсан ч биелүүлэх боломжгүй үүргийг хүлээлгэсэн захиргааны шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно.

Тухайн тохиолдолд хариуцагч нь СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1 болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд СЗХны 2019 оны 441 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байх тул шүүх СЗХны 2020 оны 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй СЗХнд холбогдох “СЗХны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА

  

 

 

 

[1] https://www.legalinfo.mn/law/details/13870