Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 219

 

И.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч У.С,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1686 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806008950945 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн И.Т, 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялаас 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өршөөн хэлтрүүлсэн;

И.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 6-280 тоотод байрлах иргэн Г.Оийн байшингийн цонхоор нэвтрэн орж, модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлж, 154.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: И.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар И.Тыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар И.Тт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Тын цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Таас 154.900 төгрөгийг гаргуулж хохирогч Г.От олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Отгонтөмөрийн гэрт хулгай орсон гэх хэрэгт хэрэг болсон өдрөөс хойш 5 сарын дараа намайг шалгасан. Анх гэрчээр мэдүүлэг авахад нь би согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байсныг ашиглан өөрийгөө хянах чадваргүй, бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй байдлыг далимдуулан миний эрх зүйн байдлыг дордуулан, хийгээгүй хэргийг хийсэн болгож, хөтөлж байцаалт авсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй бол таслан сэргийлэх арга хэмжээ авч, тухайн хүнийг эрүүл болсны дараа гэрчийн мэдүүлэг авах эрх зүйн орчин байдаг. Тухайн хэрэг болсон өдөр намайг гэр лүүгээ явж байсныг хохирогч Отгонтөмөр харсан байх магадлалтай бөгөөд олон сарын дараа намайг хулгай хийсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Хохирогч О нь хэрэг гарсан өдрөөс хойш таарах болгондоо намайг гүтгэж, зодож, дарамталдаг байсан атлаа тухайн үедээ шалгуулаагүй нь эргэлзээтэй байна.

Мөн хэрэг гарсан газраас цусны үлдэц олдсон гэж эд мөрийн баримтаар авсан гэх боловч цус нь минийх биш гэдгийг тогтоосон байдаг. Хэргийн газрын үзлэгээр намайг гэж нотолсон нэг ч баримт байхгүй. Үүнээс гадна байшингийн цонхоор орсон гэдэг боловч хэрэгт хавсаргасан зургаас харахад цонхоор нь хүн багтахааргүй харагддаг. Энэ талаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэлэхэд тоодоггүй.

О нь өөрийн гэрээс хулгайд алдагдсан гэх хөрөөг ямар загварын, ямар үзүүлэлттэй, ямар хэмжээтэй байсныг мэддэггүй, иймэрхүү хөрөө байсан гэж мэдүүлдэг.

Уг хөрөө гэрт нь байсан бол марк, үзүүлэлт, ямар хэмжээтэй байсныг нарийн мэдэх байсан. Гэрт нь хөрөө байсан эсэх нь тодорхой бус байна.

О нь миний эрх зүйн байдлыг дордуулж, доромжилж, шүүхээр тогтоогдоогүй хэргийг хийсэн болгож, намайг 9 удаа хулгай хийсэн гэж гүтгэдэг.  

Мөн прокурор Алтанцэцэг нь “чи энэ хэргийг хийгээгүй юм бол яагаад хохирлоо төлье” гэсэн юм бэ гэдэг. Би тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангид удаан хугацаагаар хоригдсон байсан тул гарахын тулд тэгэж хэлсэн.

Энэ бүгдийг харгалзан үзэж, урьд ял шийтгэл эдэлж байсныг анхааралгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн мөрдөгчийг сольж, уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгнө үү. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэндээ гомдолтой байна ...” гэв.

Шүүгдэгч И.Тын өмгөөлөгч У.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шүүгдэгч И.Тын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. И.Тын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, тэрээр мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийг өөрөө хийсэн гэсэн утгатай мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр И.Т “би энэ гэмт хэргийг үйлдээгүй, намайг гүтгэж байна” гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн. Тухайн хэргийг шийдвэрлэхдээ И.Тын өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэж, гэм буруутайд тооцсон боловч түүнийг энэ гэмт хэрэгт холбогдолтой гэснийг нотлох өөр баримт хэрэгт байдаггүй. Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг дэмжиж хэргийг буцааж, нэмж шалгуулах шаардлагатай гэж үзэж байна ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч И.Тын өмгөөлөгч У.С- ээс зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр хэргийн үйл баримтыг нотолсон гэсэн асуудал ярьж байна. Яллагдагчийн мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдож байвал нотлох баримтад тооцож болно гэсэн хуулийн заалт байгаа. Гэрээс олдсон цусны мөр И.Тынх биш гэдгийг тогтоосон гэж байна. Энэ талаар дүгнэлт хийх боломжгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

И.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

И.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 6-280 тоотод байрлах иргэн Г.Оийн байшингийн цонхоор нэвтрэн орж, модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр иргэн Г.Оийн байшингийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлснаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн мэдүүлдэг /хх-161-162/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Г.О /хх-24-26/-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос И.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, И.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, И.Тыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч И.Т нь “... Анх гэрчээр мэдүүлэг авахад нь би согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байсан. Өөрийгөө хянах чадваргүй, бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй байдлыг далимдуулан миний эрх зүйн байдлыг дордуулан, хийгээгүй хэргийг хийсэн болгож, хөтөлж байцаалт авсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэндээ гомдолтой байх тул уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд И.Т нь Г.Оийн байшингийн цонхоор нэвтрэн орж, модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлсан болох нь:

Хохирогч Г.Оийн “... 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цагт гэртээ ирэхэд байшингийн урд талын жижиг салхивч онгорхой байсан. ... 1 давхарын жижиг өрөөнд газар байсан гар цахилгаан хөрөө, 2 давхарт байсан алтлаг шаргал өнгийн халбага, сэрээний ком зэрэг эд зүйл алга болсон ...” гэх /хх-24-26/,

И.Тын яллагдагчаар өгсөн “... тухайн өдөр би найзындаа очих гээд явж байтал тэдний цонх хагархай байхаар нь цонхоор нь ороод дотор нь байсан цахилгаан хөрөө, халбага сэрээний ком зэргийг аваад гарсан. Хөрөөг нь “Цайз” зах дээр 7000 төгрөгөөр зарсан. Халбага, сэрээний комыг автобусанд мартаад буусан ...” гэх /хх-161-162/ мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоодож байх тул И.Тыг уг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн И.Тт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Монгол хэл, бичиг мэдэхгүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулж, И.Тын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээр нь хангаж, өмгөөлөгч У.С-ийг оролцуулан яллагдагчаар мэдүүлэг авсан, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлөө арилгасан тул энэ талаар бичсэн түүний гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

Түүнчлэн И.Тт холбогдох хэрэгт давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан буюу хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч И.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1686 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1686 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН