Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 96

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Д.Сэржмядаг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Баярням, /0226/

шүүгдэгч: Х.Гантөмөр, түүний өмгөөлөгч Б.Дима, /2213/

шүүгдэгч: Д.Гантулга, түүний өмгөөлөгч Л.Амартогос, /0075/

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Холбоожаргал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

           Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баясгалангийн Мөнхбат,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Хоролсүрэнгийн Гантөмөр,

Монгол овогт Долгорын Гантулга нарт холбогдох эрүүгийн 2016 2602 0064 дугаартай, 3 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Тэбэ сервис ХХК-д таксины жолоочоор ажиллаж байсан, ам бүл 6, аав, ээж 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамж, 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГЮ 94072833, Боржигон овогт Баясгалангийн Мөнхбат,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, эрэгтэй 26 настай, бүрэн дунд боловсролтой, Ривер гарден угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, 4 сартай охины хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75 дугаар гудамж, 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЖ 90120512, Адууч овогт Хоролсүрэнгийн Гантөмөр,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, удирдаач мэргэжилтэй, Файр бааранд ди жи ажилтай, ам бүл 1 ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Монгол Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЮ 93010115, Монгол овогт Долгорын Гантулга.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь Х.Гантөмөр, Д.Гантулга нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Э.Нарансолонгын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, гар цүнх, гоо сайхны хэрэгслүүд, Самсунг Нөүт 1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж 270 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.Мөнхбат нь 2015 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь Эхийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксины үйлчилгээ үзүүлж явахдаа давтан үйлдлээр иргэн Б.Ганжуурын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 1 100 000 төгрөгийн үнэ бүхий Ай фон 6 плас маркийн гар утас, бэлэн 20 000 төгрөг дээрэмдсэн,

Б.Мөнхбат нь 2015 оны 10 сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тойруу Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны урд талын зам дээр Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 9.2, 2.5 а, б, в гэсэн заалтуудыг тус тус зөрчин явган зорчигч Б.Бат-Ирээдүйн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

         Б.Мөнхбат нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

 

шүүгдэгч Х.Гантөмөр нь Б.Мөнхбат, Д.Гантулга нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Э.Нарансолонгын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар цүнх, гоо сайхны хэрэгслүүд, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 270 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.Гантулга нь Б.Мөнхбат, Х.Гантөмөр нартай бүлэглэн 2015 оны 11 сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Э.Нарансолонгын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар цүнх, гоо сайхны хэрэгслүүд, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж 270 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Мөнхбат мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэргийг үнэн зөв бичсэн байна.

  Би хэрэг үйлдэхийнхээ өмнө найз охинтойгоо хамт хорооллын Энхбаярын замын тэнд байдаг нийтийн байранд амьдарч байсан. Би авто угаалгын газар угаагчаар олон жил ажилласан. Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох гэж таксины компаниас такси түрээслэн авч, түрээсийн мөнгийг хугацаанд нь өгөх гэж өдөр, шөнөгүй ажилладаг байсан. Зам тээврийн ослын үед би их ядарсан байхдаа автомашин жолоодож яваад машины хойд дугуйгаар Б.Бат-Ирээдүйн хөлийг нь дайрсан байсан. Тэр үед гадаа бүрэнхий байсан. Тэр үед миний машинд 2 зорчигч  сууж байсан ба нэг нь буцаад эргэчих гэхээр нь зам дээр буцаж эргэх үедээ осол гаргасан. Замын голд 2 залуу зогсож байсныг би анзаараагүй, ослын газар гарцгүй байсан.

Б.Ганжуурыг дээрэмдсэн хэргийн хувьд би шууд бууж очоод гар утсыг нь булааж аваагүй, түүнийг зодоогүй боловч гар утсыг би авсан. Тэр өдөр би найз охинтойгоо хамт явж байсан. Хохирогч Б.Ганжуурын нэхэмжилж буй эмчилгээний зардал 1 313 000 төгрөгийг төлнө.

Э.Нарансолонгыг дээрэмдсэн хэрэг болсон өдөр би найз Өнөболдтой хамт явж байсан. Шөнийн 02-03 цагийн үед Модны-2-ын замд түүнийг буулгаад явж байтал Д.Гантулга, Х.Гантөмөр нар намайг хаана явж байна вэ гэж асуусан. Тэгэхээр нь би нэг согтуу хүүхэнтэй явж байна. Энхбаярын зам дээр буух юм шиг байна гэж утсаар ярьсан юм. Би дараа нь Д.Гантулга руу гайгүй утастай, согтуу эмэгтэй байна, дээрэмдье гэж мессеж бичиж дуудсан юм. Өнөөдөр үнэнээ хэлж хэргээ зөвөөр шийдүүлэхийг хүсч байна. Би Модны-2-ын замаар явж байгаад Энхбаярын замыг өгсөөд Баянгол гэдэг дэлгүүрийн гадаа зогсож байхад Д.Гантулга, Х.Гантөмөр нар хүрч ирээд миний машинд суусан. Тухайн үед тэд 60-84 дугаартай, Соната 6 маркийн такситай явж байсан. Би машин барьж байхад хохирогч Э.Нарансолонго нь Д.Гантулга, Х.Гантөмөр нарын голд сууж байсан. Бид хөдлөөд хүнгүй газар очиж зогссон. Тэгээд Э.Нарансолонгоос мөнгө асуухад нөхөр бид 2-ын цуглуулж байгаа мөнгө надад байгаа гэхээр түүнийг нь авахаар АТМ рүү явсан. Бид АТМ орох замаа түүнд харуулахгүй гэж Э.Нарансолонгын толгойд Д.Гантулга миний цамцыг угласан. Тэгээд АТМ рүү явж байхад тэр надад мөнгө байхгүй. Та нар намайг албал ал гэж хэлсэн. Тэр эмэгтэй би багтраа өвчтэй гэхээр нь би толгойноос нь цамцыг авсан. Тэр үед хохирогч миний царайг сайн харсан байх. Тэгээд  Энхбаярын зам өгсөөд буулгасан. Би хохирогч Э.Нарансолонгыг айлгаж сүрдүүлсэн нь үнэн, гэхдээ түүнийг зодоогүй. Э.Нарансолонгын эд зүйлийг намайг авах үед Х.Гантөмөр, Д.Гантулга нар хамт байсан. Х.Гантөмөр гар утсыг авсан. Тэр  хохирогчийг машинаас буулгаад цааш нь аваад явсан. Э.Нарансолонгын гар утсыг нь би Монтел худалдааны төв дээр 40 000 төгрөгөөр зараад 20 000 төгрөгийг Х.Гантөмөрт өгч, үлдсэн 20 000 төгрөгийг нь өөрөө авсан. Би түрийвчинд нь байсан 5 000 төгрөгийг авч, бусад эд зүйлийг нь хаясан. Д.Гантулга өөрийгөө хэрэг хийгээгүй гэж мэдүүлж байгаад гайхаж байна. Би такси түрээслэж ажиллахдаа компанид 5 000 000 төгрөгийн орлогыг 8 сарын хугацаанд төлсөн. Би мөнгө олох зорилгоор бусдыг дээрэмдэж, олсон мөнгөө таксины түрээсэнд төлдөг байсан. Мөрдөн байцаалтын шатанд намайг айлган сүрдүүлж, дарамтлаагүй. Хэрэг гарснаас хойш би цагдан хоригдсон тул надад хохирол төлөх боломж байхгүй байсан. Хохирогч Б.Ганжуурын нэхэмжилж байгаа 1 313 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Алтаншагайн 130 000 төгрөгийг төлнө. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Гантөмөр мэдүүлэхдээ:

Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Б.Мөнхбат намайг дуудаад байхаар нь би машинаа зогсоолд тавиад түүн рүү явсан. Уг нь Б.Мөнхбат, Х.Гантулга руу хүрээд ир гээд мэссэж бичсэн байсан болохоор би хамт явсан. Б.Мөнхбат Э.Нарансолонгыг нэг удаа алгадаж байхыг би харсан. АТМ орсноос хойш Б.Мөнхбат 100 метр орчим  зайнд машинаа барьж явсан. Тэр үед Э.Нарансолонгын толгойд нь цамц углаагүй байсан. Тэгээд машин зогсоход би жолоо барьж, Б.Мөнхбат хойно сууж, бид 2 байраа сольсон. Хохирогчийн толгойд хэн цамц угласныг би мэдэхгүй байна. Би тэр үед жолоо барьж байсан. Би түүнийг машинаас буулган явуулсан, машинаас буулгаад чирээгүй. Тэр машинаас буугаад явахад Б.Мөнхбат араас нь очсон. Би хохирогчийг зодоогүй. Биднийг мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж, дарамтлаагүй. Э.Нарансолонгын гар утсыг би авсан. Хохиролд 200 000 төгрөг төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Гантулга мэдүүлэхдээ:

Би Б.Мөнхбатын буруугаас гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө би ажлаа хийж байхад миний бие муудаад найз Х.Гантөмөрөөр гэртээ хүргүүлэхээр түүнийг ажил дэрээ дуудсан байсан. Тухайн үед Б.Мөнхбатын гар утаснаас миний гар утсанд хөгшөөн би таксинд явж байна. Хоёр залуу мөнгөө өгөхгүй, дээрэлхээд байна, хүрээд ирээч гэсэн мессеж бичсэн байсан. Х.Гантөмөр, бид 2 түүний машинтай явж Б.Мөнхбат дээр очсон. Биднийг очиход дээрэлхээд байна гэсэн  хоёр залуу байгаагүй. Тэгээд машинд нь суухад нэг эмэгтэй хүн байсан. Би Б.Мөнхбатыг найз охинтойгоо явж байгаа юм байна гэж бодоод арын суудал дээр суусан. Түүнтэй хамтран дээрэм хийх зорилгоор очоогүй. Б.Мөнхбат надад гайгүй утастай согтуу эмэгтэй байна, дээрэмдье гэсэн мессеж ирүүлээгүй. Б.Мөнхбатын хохирогч Э.Нарансолонгоос дээрэмдсэн 270 000 төгрөгийн эд зүйлсээс би юу ч аваагүй. Би хохирогч Э.Нарансолонгыг зодоогүй, түүнд гар хүрээгүй.  Б.Мөнхбат өмсөж явсан саатай хар цамцаа машин хөдөлж байхад Э.Нарансолонгын толгойд нь угласан юм. Би машины зүүн талд, баруун талд нь Б.Мөнхбат сууж байсан юм. Б.Мөнхбат хохирогч эмэгтэйг зодоод гар утсыг нь авахад эмэгтэй хүн байна шүү дээ гэж үйлдлийг нь зогсоосон. Би Э.Нарансолонгын хохиролд 200 000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч-М.Холбоожаргал мэдүүлэхдээ:

Би Тэбэ сервис компанид нягтлан бодогчоор ажилладаг тул намайг Б.Бат-Ирээдүйтэй холбоотой хэрэгт иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр компаниас томилсон. Манай компани Б.Мөнхбаттай 285 хоногийн хугацаатай, өдрийн 30 000 төгрөг буюу 8 550 000 төгрөг төлөхөөр гэрээ хийж, Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР дугаартай автомашинаа түрээслүүлсэн. Тэр машинаа барьж яваад Б.Бат-Ирээдүйг мөргөснөөс хойш машинаа орхиж явсан байсан. Тухайн үед Б.Мөнхбатын унаж байсан машин манай компанийн нэр дээр байсан. Манай компани өөрөө хөөцөлдөж, журмын хашаанаас машинаа авч, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мөнхбаттай байгуулсан гэрээгээ цуцалж, Амгалан гэдэг хүнд уг машиныг түрээслэсэн. Б.Мөнхбат компанид 8 550 000 төгрөгийн орлого өгөх ёстой байснаас 1 590 000 төгрөг төлж алдагдалд орсон. Тэр манай компанид төлбөртэй учраас түүний өмнөөс Э.Бат-Ирээдүйн төлбөрийг компани төлөхгүй. Б.Мөнхбат осол гаргасны дараа тухайн үед зугтаалгүй даатгалаа дуудах байсан юм гэв.

 

           Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Нарансолонго мэдүүлэхдээ:

2015 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө манай ажлын эгчийн төрсөн өдөр болоод бид Модны 2-ын уулзвар дээр байдаг Аялгуу гэдэг караокед ороод, тэндээсээ шөнө 02 цагийн орчим гараад ажлынхаа охиныд байж байгаад 04 цагийн орчим би ганцаараа гараад гэртээ харина гээд явсан. Гэр ойрхон гэж бодоод алхаж байтал араас хүн дагаад байгаа юм шиг санагдаад гар өргөн, такси зогсоогоод, гэрийн хаягаа зааж өгсөн. Гэтэл манай гэр өнгөрөөд чигээрээ яваад байхаар нь энд зогсоорой гэтэл эргээд зогсоно гээд Энхбаярын замаас гараад шороон зам руу ороод зогстол хоёр талаас 2 хаалга онгойлгоод хүн орж ирээд суусан. Би хүн авч байгаа юм байна гэж ойлготол жолооч нь намайг урдаас цүнхээ өг, мөнгө байна уу, гичий минь гэсэн. Би уйлтал хохь чинь нөхөр шиг юмандаа гомд, шөнө орой ганцааранг нь явуулж байдаг гээд бид нар чамайг хүн булж алдаг газар аваачиж булж ална гээд миний баруун гар талд сууж байсан залуу цүнх булааж аваад, түрийвч гаргаж ирээд уудлаад байсан. Миний халаасанд утас байсан болохоор би утсаа гаргаж ирээд нөхөр лүүгээ дуудлага хийхэд 05.00 цагийн орчим байсан тэгэхэд зүүн гар талд сууж байсан залуу утас булааж аваад, утас унтраагаад баруун гар талд сууж байсан залуу эмэгтэй хүний хар өнгийн цамц толгойд углаад ханцуйгаар нь хоолой бооход би амьсгалж чадахгүй байсан. Энхбаярын замаас Зурагтын эцсийн Өндөр дэнж гэдэг дэлгүүрийн орчим ирээд тэнд 5-10 минут зогсоод жолооч нь тэр хоёрт хандаад наадахаа яамаар байна та хоёрын мэдэлд шүү дээ гэж байхад тэр хоёр залуу дуугарахгүй байсан. Тэр үед жолооч нь миний баруун гар талд сууж байсан залууг чи хүн боож унагадаг шигээ боогоод унагаачих, тэгээд наадахыг чинь булчихъя гээд жолооч нь буугаад багажаа онгойлгоод төмөр дуугаргаад байхаар нь би хүрз гаргаж ирээд нүхээ ухах гэж байгаа юм байх гэж бодож байтал жолооч нь орж ирээд миний баруун гар талд сууж байсан залууг босгоод өөрөө миний баруун гар талд суусан. Би эхэндээ уйлж байгаад уйлахаа больсон байсан юм. Тэгэхэд чи уйлаач муу янхан минь, чи түрүүнийх шигээ уйл гээд нүүр рүү алгадаад, элэг рүү цохиод жолоочийнхоо сандалд суусан. Зөрөөд нөгөө залуу орж ирээд машины дугаар харахгүйгээр чигээрээ гүйгээрэй гээд миний баруун гар талд сууж байсан залуу намайг машинаасаа чирч гаргаж ирээд зогссон газар нь налуу газар байсан болохоор тийшээ түлхээд унагаасан. Унахдаа би өвдөг, гараа шалбалсан байсан. Тэгээд би хойшоо эргэж харалгүй чигээрээ төв зам руу гүйж очоод гараа өргөтөл нэг настай ах зогсоод 102 дуудаж өгсөн. Ах нь яарч байна гээд намайг нэг шатахуун түгээх станц дээр үлдээгээд явсан. Удалгүй намайг эргүүлийн цагдаа нар ирээд авч явсан. Эхлээд намайг Модны 2-оос машиндаа суулгаад явсан жолооч нь замдаа хоёр залууг суулгаад миний баруун гар талд суусан залуутай байраа сольж сууж байгаад миний нүүр рүү нилээн хэдэн удаа, элэг рүү гараараа цохисон. Мөн намайг багалзуурдаж боосон. Нөгөө хоёр залуу нийлж байгаад хар цамцаар миний хоолойг боосон, бүр ханцуйгаар нь чанга боогоод байсан. Тэгээд хамгийн сүүлд миний баруун гар талд сууж байсан залуу намайг чирч буулгаад уруу газар түлхээд унагаасан. Тухайн үед миний зүүн хацар хөхөрсөн, хөл шалбарсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нийтдээ 595 000 төгрөгийн эд зүйл дээрэмдүүлсэн. Одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 9-12, 2 дугаар хавтас, 171 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ганжуур мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед найз нарын хамт Модны 2-т байдаг караокед орсон. Архи пиво ууцгааж байгаад 01 цаг өнгөрөөд Лхагважаргалын гэрт очиж үргэлжлүүлж, архи ууцгаасан. Эрдэнэчимэг 04.30 цагийн үед явлаа гэхээр нь би хүргэж өгөхөөр цуг явсан. 13 дугаар хорооллын автобусны урд буудлаас Соната-6 маркийн машинд сууж, Саруул тэнгэр хотхон орно гэж хэлээд би жолоочийн ар талд сууж, утсаараа яриад, мессеж бичээд явсан. Нэг мэдэхэд хүчтэй хааз өгөөд явахаар нь харахад өөр газар гэр хорооллын гудамжаар явж байсан. Тэгэхээр нь би араас нь татаад хаачих гээд байгаа юм бэ гэхэд жолооч хүн аваадахъя, одоохон гэж хэлсэн. Жоохон явж байснаа нэг газар зогсоод баруун хойд хаалгыг онгойлгоод миний гартаа барьсан утсыг шүүрэх гэж оролдсон. Би утсаа өгөхгүй гээд араас нь машинаас гарсан. Гарахад тэр залуу миний нүүрэнд цохиж, унагаад, миний нүүрэнд дэвсэлж өшиглөсөн. Би ухаан балартаад хэсэг хугацааны дараа сэрэхэд ганцаараа газар хэвтэж байсан. Би босоод харахад Дарь-Эхийн уулзвараас хойд талын М-Ойл ШТС-ын хажуу талаар өгссөн зам дээр байсан. Би жолоочтой огт маргалдаагүй. Тэр залуу намайг согтуугаар далимдуулж гар утас дээрэмдсэн. Би шүүх эмнэлгийн 56 тоот дүгнэлттэй танилцлаа. Гэмтлийг таксины жолооч таксинаас буулгаад нүүрэнд цохих үед үүссэн. Би 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр алдагдсан гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нэгдсэн 1-р эмнэлэгт зүүн нүдний ухархайн яс хугарсан учир имплант суулгах мэс засал хийлгээд, 3 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гар утасны гэр 10 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн 3 000 төгрөг, Натур төвд толгойн томографийн зураг авахуулсан 80 000 төгрөг, Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн 25 000 төгрөг, хувийн эмнэлэгт үзүүлсэн 20 000 төгрөг, Хийлс Эйд эмнэлэгт нүдний ухархайн зураг авахуулсан 120 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1-р эмнэлэгт үзүүлсэн 16 000 төгрөг, эм авсан 5 000 төгрөг, 2015 оны 12 дугаар срын 25-ны өдөр Гялс төвд хийлгэсэн шээсний шинжилгээ 4 000 төгрөг, цээжний зураг авахуулсан 20 000 төгрөг, зүрхний шинжилгээ хийлгэсэн 10 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гялс төвд хийлгэсэн цусны шинжилгээний үнэ 54 600 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1-р эмнэлэгт хагалгаанд орсон 870 000 төгрөг, 3 хоног хэвтэж эмчлүүлсний үнэ 76 200 төгрөг, нийт 1 313 800 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Алдагдсан гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. (хэргийн 2 дугаар хавтас, 9-12 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Б.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ:

2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар байрны ойролцоо найз Н.Энхдэлгэрийн хамт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зам хөндлөн гарч байгаад зүүнээс баруун тийшээ явж байсан суудлын автомашинд мөргүүлсэн, тэр автомашин миний баруун хөл дээгүүр баруун хойд дугуйгаараа гарчихаад тэр чигтээ баруун эргээд яваад өгсөн. Ослоос хойш хичээлдээ яваагүй, кредит нөхөж байж шалгалтанд орно, кредитийн мөнгө авна, одоогоор сургуулиас тооцоог аваагүй, гутлын мөнгө авмаар байна, гомдолтой гэжээ. (1 дүгээр хавтас, 134-135 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Н.Алтаншагай мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Теди төв 17 цагт хаасан. Би 1 дүгээр давхарт зогсож байхад 1 залуу ирээд утас авах уу, Ай фон 6 байна гэсэн. Хулгай дээрмийн утас биш биз гэх хэлэхэд ямар ч асуудалгүй, би такси компанийн түрээсийн таксинд явдаг гэж хэлээд Хьюндай соната-6 маркийн, 51-74 дугаартай саарал өнгийн машин дээр очоод би өнөөдөр түрээсээ төлөх гэсэн юм, би таксинд явж байгаад олсон, хэрэг хийж олоогүй, хүн мартаад буусан. Та авчих гээд гуйсан. Би 180 000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд тэр залуу зөвшөөрсөн. Би худалдаж авсан гар утсыг нь буцааж өгсөн тул үлдэгдэл 130 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (2 дугаар хавтас, 19-20 дугаар хуудас).

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Энхдэлгэр мэдүүлэхдээ:

2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цаг өнгөрч байхад найз Б.Бат-Ирээдүйн гэрээс хамт гараад МУИС-ийн 5 дугаар байрны урд талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зэрэгцээд зам хөндлөн гарч байхад хажуугаар өнгөрөөд явж байсан автомашин гэнэт хойшоогоо эргээд хамт явж байсан Б.Бат-Ирээдүйн хөл хэсгийг шүргэчихээд тэр чигтээ зогсолгүй яваад өгсөн. Б.Бат-Ирээдүй газар унахаар нь би татаж босгоод, замаас гаргасан гэжээ. (1 дүгээр хавтас, 155 дугаар хуудас).

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14424 тоот дүгнэлтэд:

 

1. Б.Бат-Ирээдүйн биед баруун шагайнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 161 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд:

1. Б.Ганжуурын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 35 дугаар хуудас)

 

Замын Цагдаагийн газрын мэдээлэл шуурхай зохицуулалтын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 702 тоот дүгнэлтэд:

1. Хьюндай соната 6 маркийн, 51-74 УНР дугаартай автомашин жолоодон явсан жолооч Б.Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9. уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.,

9.2. Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;, в/ зам тээврийн ослын тухайн цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Бат-Ирээдүй нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэжээ. (1 дүгээр хавтас, 165 дугаар хуудас)

 

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зураг таньж олуулсан тухай тэмдэглэлд:

Э.Нарансолонгод цаасан дээр наасан 3 ширхэг фото зургийг үзүүлж, таны мэдүүлсэн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бусдад зодуулж, эд зүйлсээ дээрэмдүүлсэн хүмүүс мөн үү гэж асуухад намайг зодож, дээрэмдсэн гурван залуучууд мөн байна. Гурвуулаа намайг зодож дээрэмдсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 115-116 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Мөнхбат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 99, 187 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 50 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Гантөмөр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд :

Д.Гантулга ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 101 дүгээр  хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа шүүгдэгч Х.Гантөмөр, Д.Гантулга нартай бүлэглэн хохирогч Э.Нарансолонгыг бид нар чамайг хүн булж алдаг газар аваачиж булж, ална гэж айлган сүрдүүлж, толгойд нь цамц углан, нүүр рүү алгадах, элэг рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн, 270 000 төгрөгний үнэ бүхий гар цүнх, гоо сайхны хэрэгсэл, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

мөн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь Эхийн гудамжинд Хьюндай соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгэээнд явж байхдаа машинд нь зорчиж явсан хохирогч Б.Ганжуурын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан 890 000 төгрөгийн үнэ бүхий Ай фон 6 маркийн гар утас, 20 000 төгрөгийг давтан үйлдлээр дээрэмдсэн,

мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны урд талын замд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 9.2, 2.5 а, б, в заалтуудыг зөрчин явган зорчигч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүйн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулаад зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

 

шүүгдэгч Х.Гантөмөр нь шүүгдэгч Б.Мөнхбат, Д.Гантулга нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Б.Мөнхбатын хүсэлтийн дагуу түр жолоодож явахдаа хохирогч Э.Нарансолонгыг бид нар чамайг хүн булж алдаг газар аваачиж булж, ална гэж айлган сүрдүүлж, толгойд нь цамц углан, нүүр рүү алгадах, элэг рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн, 270 000 төгрөгний үнэ бүхий гар цүнх, гоо сайхны хэрэгсэл, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

 

шүүгдэгч Д.Гантулга нь Б.Мөнхбат, Х.Гантөмөр нартай бүлэглэн 2015 оны 11 сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн гудамжинд Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай автомашин дотор хохирогч Э.Нарансолонгыг бид нар чамайг хүн булж алдаг газар аваачиж булж, ална гэж айлган сүрдүүлж, толгойд нь цамц углан, нүүр рүү алгадах, элэг рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн, 270 000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, гоо сайхны хэрэгсэл, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, нүдний шил, хэтэвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Нарансолонго, Б.Ганжуур, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүй, Н.Алтаншагай, иргэний хариуцагчийн төлөөлөгч М.Холбоожаргал, гэрч Н.Энхдэлгэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14424, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот дүгнэлт, Замын Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 702 тоот дүгнэлт,  2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.2,

шүүгдэгч Х.Гантөмөр, Д.Гантулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

 

шүүгдэгч Х.Гантөмөрийг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

 

 шүүгдэгч Д.Гантулгыг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар,

Х.Гантөмөр, Д.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Х.Гантөмөр, Д.Гантулга нар хохирогч Э.Нарансолонгод учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Мөнхбат хохирогч Э.Нарансолонгыг дээрэмдэх санаачлагыг  анх гаргасан, Х.Гантөмөр, Д.Гантулга энэ хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн байдлыг харгалзан ялгамжтай ял оногдуулав.

Шүүгдэгч Х.Гантөмөр, Д.Гантулга нарын хувийн байдал, хохирол нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Э.Нарансолонго эд зүйлээ дээрэмдүүлснээс 595 000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлдэг боловч түүний эд зүйлийг дахин үнэлэхэд 270 000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ үнэлгээний талаар тэр маргаагүй болно.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Мөнхбатыг хохирогч Б.Ганжуурын Ай фон 6 маркийн гар утсыг дээрэмдэж, 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн боловч эд зүйлийн үнэлгээгээр гар утсыг гаднах гэрийн хамт 890 000 төгрөг гэж үнэлсэн тул 890 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.  

 

 Тэбэ сервис ХХК нь өөрийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 51-74 УНР дугаартай автомашиныг Б.Мөнхбатад түрээслүүлж, түрээсийн гэрээ байгуулсан хугацаанд Б.Мөнхбат зам тээврийн осол гаргаж, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүйд учруулсан гэм хорын хохирлыг тус компани хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүй нь гэмтсэний улмаас 2015 оны 10 дугаар 05-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хичээлээсээ чөлөөлөгдсөн нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байх тул осолд орохдоо өмсөж явсан гутлын үнэ 184 000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн 20 000 төгрөг, нийт 204 000 төгрөгийг тус компаниас гаргуулан иргэний нэхэмжлэгчид олголоо.  Б.Бат-Ирээдүй би осолд орж гэмтсэнээс сургуульдаа сурч чадалгүй 1 жилийн чөлөө авсан тул 15 кредит цагийн сургалтын төлбөр 2 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул хангах боломжгүй. Харин энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

 

Хохирогч Б.Ганжуурын гар утсыг нь мөрдөн байцаалтын шатанд буцаан өгсөн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Мөнхбат хүч хэрэглэн довтлох үед түүний бие махбодид гэмтэл учисан, эмчилгээнд 1 313 000 төгрөг гарсан зарцуулсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Мөнхбатын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганжуурт учирсан эмчилгээний зардал  1 313 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Алтайшагайд 130 000 төгрөгийг тус тус түүнээс гаргуулан олгуулах үндэслэлтэй байна.

 

Тэбэ сервис ХХК нь Хьюндай Соната-6 маркийн 51-74 УНР дугаартай автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Амгаланд худалдсан, тэр уг машины шударга эзэмшигч тул уг автомашиныг түүнээс хурааж улсын орлого болгох үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Гантөмөр, Д.Гантулга нар нь хохирогч Э.Нарансолонгыг дээрэмдэхдээ Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР дугаартай автомашиныг, шүүгдэгч Б.Мөнхбат, хохирогч Б.Ганжуурыг дээрэмдэхдээ уг машиныг хэрэглэсэн тул түүний үнэ болох 1 500 000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.  

 

Б.Мөнхбат нь 2015 оны 10 сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны урд талын зам дээр Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 9.2, 2.5 а, б, в гэсэн заалтуудыг зөрчиж, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүйн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулаад зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн байхад түүнийг Б.Бат-Ирээдүйн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан 2 өөр гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичсэн,

мөн яллах дүгнэлтэд хохирогч Э.Нарансолонгыг дээрэмдэх үед Б.Мөнхбат Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан, түүний хүсэлтээр Х.Гантөмөр түр хугацаагаар уг машиныг жолоодож явсан байхад шүүгдэгч Д.Гантулгыг Хьюндай Соната-6 маркийн, 51-74 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж бичсэн,

 мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.Алтаншагайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа тухайн өдөр түүнийг гэрчээр, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр дахин байцаасан нь буруу боловч эдгээр нь  хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй юм.

 

Шүүх хуралдааны товыг хохирогч Э.Нарансолонго, Б.Ганжуур, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүй, Н.Алтаншагай нарт мэдэгдсэн боловч Э.Нарансолонго би ажилтай, ажлаас чөлөө олгохгүй гэж, Б.Ганжуур би хичээлтэй гэж, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Ирээдүй Дархан-Уул аймагт байгаа тул очиж чадахгүй гэж, Н.Алтаншагай хөдөө явж байгаа гэсэн шалтгаанаар тус тус шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэнийг тэмдэглэлээ.