Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2018/00528

 

 

  

                         

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А

            Хариуцагч: Х ХХК

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах  тухай үндсэн нэхэмжлэлтэй, 957 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч М.Ш, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Х ХХК-д менежерийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээгээр сарын цалин 500 000 төгрөг, туршилтын хугацаа 1 сар байх гэрээний хугацааг 3 жил байхаар тохиролцсон. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр компаний ахлах  менежер Т.Б дуудаад менежерийн орон тоо байхгүй, мөн туршилтын хугацаа дууссан чи оператороор ажиллах уу гэсэн санал тавьсан бөгөөд цаашид ажиллуулахгүй гээд түлхүүрээ хураан авсан. Уг нь менежерийн орон тоо байхгүй болсон зүйл байхгүй. Би хоёр хоногийн дараа халагдсан тушаалаа авъя гэхэд өгөөгүй. Үүний дараа хүний нөөцийн мэргэжилтэнгээс халагдсан тухай тушаалаа авъяа гэхэд чамайг компанийн эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж хэлсэн ч бас л тушаалыг гаргаж өгөөгүй.

Миний бие тус компанид ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй. Оршин суугчдын төлбөрийг анхнаасаа бэлэн мөнгөөр хүлээн авч кассын орлогын баримт олгон сар бүрт нь тооцоо хийж хүлээлгэн өгч ажилласан. Ажлаас халагдах өдөр хүртэл ямар нэгэн зөрчил маргаан гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил олгогчоос танилцуулсан баримтгүй болно. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ажлаас халагдах үндэслэл туршилтын хугацаа дууссан, цаашид менежерийн орон тоо байхгүй тул ажилллуулах боломжгүй гэсэн боловч сүүлд тушаалыг нөхөн гаргахдаа өөр үндэслэлээр гаргасан.

Иймд намайг тус компанийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү.  

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл “Амартүвшин” хотхоны менежерээр ажилласан. Энэ хугацаандаа нэхэмжлэгч А.А нь айлуудаас төлбөрийг бэлнээр хүлээн авдаг алдаа дутагдал илэрсэн. Ингээд нийтдээ “Амартүвшин” хотхоноос 1 005 441 төгрөгийн 6 айлд холбогдох дутагдал гаргасан. Мөн “Элизабет” хотхонд ажиллаж байх хугацаандаа 80 000 төгрөг дутаагаад энэ дутагдлаа өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр цалингаас дээрх мөнгийг суутгахад цалин нь хүрэлцэхгүй байсан тул ажил хаян явсан 1 өдрийн ажилласнаар авч одоо 17 000 төгрөгийн өглөгтэй байгаа.  Манай байгууллага нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Амартүвшин” хотхоны ашиглалтыг 2016 оны 12 дугаар сарын 1-нд өөр байгууллагад шилжүүлэхэд нэхэмжлэгч ажилгүй болсон. Тэгэхээр нь операторын ажил санал болгоход өөрөө хийхгүй гээд ажлаа хаяаад явсан.

Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 5,6-нд Амартүвшин хотхоны айл өрхийн 11 дүгээр сарын байрны төлбөр болох 400 000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн, нуун дарагдуулсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг үндэслэн А.Аыг  2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөр чөлөөлсөн. Тэрээр  халагдсан тушаалаа авах гээд ирэхэд нь захирал байхгүй байсан учраас тодорхой хугацаагаар хойшилсон.

Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдлын дагуу шалган манай байгууллагад 1 085 441 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорт шилжсэн. А.А нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр захиралтай уулзан уучлалт хүсч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцаан авахыг хүсч өөрийн биеээр өргөдөл бичсэн байдаг. Ингээд бид түүний бичгээр өгсөн өргөдлийн үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулсан ба А.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, гэмт хэргийн хор уршиг арилсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч А.Аыг ажлаас халсан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.А нь “Амартүвшин” хотхоны ашиглалтын үйл ажиллагааг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа айлуудын төлбөрийг бэлнээр авдаг нь илэрсэн. Ингээд нийтдээ “Амартүвшин” хотхоноос 1 005 441 төгрөгийн дутагдал гаргасан, “Элизабет” хотхонд ажиллаж байхдаа айл өрхийн төлбөрөөс 80 000 төгрөг дутааж байсан. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгасан, мөн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дугаар тогтоолоор байгууллагад 957 500 төгрөгийн хохирол учирсан тогтоогдсон тул энэхүү мөнгийг нэхэмжлэгч А.Ааас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч А.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага намайг шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс айл өрхүүдээс авсан мөнгийг нягтлан шалгаагүй, хариуцагч байгууллага чи 975 500 төгрөг дутаасан гэж бич, тэгвэл өргөдлөө буцааж авна гэж сүрдүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг барьцаалж энэ шийдвэрээс татгалз гэсэн санал тавьсан. Нотариатаар орохоос өөр аргагүй болж тухайн үед 560 000 төгрөг төлөхөөр болсон. Хожим гаргасан баримтаар өмнө гаргасан тушаалын үндэслэлийг нотлохгүй бөгөөд мөн дээрх төлбөрүүд Х ХХК “Амартүвшин” хотхоныг хариуцахаа больсон үед гарсан төлбөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 957 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.  

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч А.А нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х ХХК захирлын 66 дугаар тушаалаар “Амартүвшин” хотхоныг хариуцсан менежерээр томилогдон, мөн өдрөө ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.  Тушаал, болон хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалинг сарын 500 000 төгрөг, туршилтын хугацааг 1 сар, гэрээний хугацааг 3 жил  байхаар заажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр компанийн ахлах менежер Т.Б хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, орон тоо байхгүй болсон тул ажиллуулахгүй гэсэн, халагдсан тушаалаа авъяа гэтэл өгөөгүй, шүүхэд хандсаны дараа гаргаж өгсөн, тушаалын үндэслэлийг надад хэлж байснаас өөрөөр бичсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Х ХХК-ийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн ажил олгогчийн  санаачлагаар менежер А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Тушаалыг гарсан даруй ажилтанд танилцуулаагүй, ажлыг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хүлээлцээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.    

Нэхэмжлэгч А.А нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-ийн 3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил буюу ажилтан хариуцуулан өгсөн мөнгөн болон биет хөрөнгийг өөртөө ашиглан захиран зарцуулсан болон үрэгдүүлсэн, компанийн зөвшөөрөлгүйгээр оршин суугчдад төлбөрт үйлчилгээг дур мэдэн явуулсан талаар гомдол ирж, 1 удаа анхааруулга аваад дахин давтан үйлдсэн” гэх үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Талуудын тайлбараас үзэхэд менежерүүд байрны төлбөрийг бэлэн мөнгөөр авдаг, авах эрхтэй байсан ба авсан тухай бүр орлогын ордер бичиж компанийн касст тушаадаг журамтай байжээ. 

Нэхэмжлэгчээс сахилгын зөрчил гаргасан талаар ямар нэг баримт байхгүй, сахилгын зөрчил гаргаж, анхааруулга авсан тохиолдол байхгүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/00713 дугаар шийдвэрийг гарснаас хойш Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гомдол гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1089 дугаар тогтоолоор 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А.Ад үүсгэсэн эрүүгийн 201725011415 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан тушаалыг гарах үед ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгч А.Ад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн үйл баримт нь түүнийг тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх, ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх  үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 1 005 411 төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдалтай холбоотой баримтаар шүүхэд ирүүлсэн “Смарт план” ХХК-аас Х ХХК-д ирүүлсэн төлбөр барагдуулах тухай албан бичиг нь нэхэмжлэгч А.Ад хамааралтай, түүний буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн эсэхийг дурдаагүй байх тул үнэлэх боломжгүй байна.       

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар А.А нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн болох, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тус тус нотлогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Х ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017  оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний  өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцон ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 6 867 041    төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

/сүүлийн 3 сарын цалин буюу  1 500 000 төгрөгийг тухайн саруудын  ажлын 64 хоногт хуваахад  нэг өдрийн цалин 23 437, ажилгүй байсан  2017 оны 1 дүгээр 7-ноос шийдвэр гарах хүртэл хугацааны  ажлын  293  хоног, нийт 6 867 041 төгрөг/

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалыг хуульд заасан журмын дагуу суутган, холбогдох нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэст тайлагнан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагчийн нэхэмжлэгч А.Ааас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогч байгууллагад учруулсан хохиролд 957 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Ад холбогдох 201725011415 тоот эрүүгийн хэргийг шалгах явцад цугласан баримтуудыг шаардлагынхаа үндэслэл болгосон байх бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай нэг төрлийн бус, харилцан тооцогдох боломжгүй байна.

Хариуцагч Х ХХК нь А.Ад холбогдуулан дээр дурдсан асуудлаар харъяалах шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.Аыг  Х ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 867 041 /зургаан сая найман зуун жаран долоон мянга дөчин нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч Х ХХК-д даалгасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн А.Ааас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогч байгууллагад учруулсан хохиролд 957 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  41 дүгээр зүйлийн 41.1.5,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 124 935  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 530 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2601025961 тоот данснаас гаргуулан хариуцагч Х ХХК-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ