Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00203

 

Хур ирмүүн билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

             иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1596 дугаар магадлалтай,

 

Хур ирмүүн билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашли ХХК-д холбогдох,

 

8.016.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, өмгөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хур ирмүүн билэг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн чингэлэг нь усанд автсан байсан учраас Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хараат бус шалгалтын дүнгээр нийт 3,040 ам.долларын 12 ширхэг тавилга гэмтсэн болох нь тогтоогдсон. Үүнийг Ашли ХХК өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Гэвч одоо хүртэл энэ төлбөрийг Ашли ХХК төлөөгүй байгаа. Хариуцагч талаас өмнө нь Иргэний шүүх хуралдаанаар хэрэг шийдвэрлүүлсэн. Тухайн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга нь тээврийн хөлс төлөхтэй холбоотой Ашли ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэгдсэн иргэний хэрэг байгаа. Одоо бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга өөр. Ашли ХХК-тай 2014 оноос хойш ачаа тээврээ хийлгүүлж, энэ үндсэн дээр тээврийн хөлсөө төлж ирсэн.

Харамсалтай нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар ачаа гэмтсэн тохиолдолд хариуцлагыг тээвэрлэгч компани бүрэн хариуцах ёстой. Тийм учраас

 

 

Иргэний хуулийн дагуу хохирлыг бүрэн арилгуулж, 3,040 ам.доллар буюу 8,016,840 төгрөгийг Ашли ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашли ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч гэсэн 3 субьект оролцдог. Энэ 3 субьект тус, тусдаа үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээгээр тээвэрлэлтийн үүргийг Ашли ХХК хүлээж, тээвэрлэлтийнхээ дагуу барааг заасан газар нь хүргэж өгөх үүрэг хүлээдэг. Чингэлэг тутамд 3,600 ам.доллараар хөлсөө тохирч, зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, өгсөн хаягаар нь Улаанбаатар хотод авчирч өгсөн. Ачаа хүлээж авсан байгууллага гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа чингэлгийн дээвэр муудаж цоорсны улмаас борооны ус гоожсоноос болж гэмтэл учирсан гэж гомдол гаргасан. Энд Ашли ХХК буруугүй гэж манай компани үзэж байна. Бороо гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл. Хэн нэгэн хааж чадахгүй. Тэр компанийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа, ирсэн зүйлд хамтран ажиллаж, харилцан туслалцаж бараа материалын шалгалт хийгдсэн нь үнэн. Энэ дээр хөндлөнгийн дүгнэлт гаргасан Худалдаа Аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын хэлтсийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн 5-д чингэлгийн дээвэр зэвэрч цоорч муудсан. Тээвэрлэлтийн зориулалтын талаар шаардлага хангахгүй чингэлэгт ачаа тээвэрлэсэн байна гэж дурдаж өгсөн. Тэгэхээр ачаа ачсан илгээгч байгууллагын ачсан болохоос ил тодорхой гэм буруу энэ байна гэдэг асуудлыг Хур ирмүүн билэг ХХК тавих ёстой. Тэндээс ачаагаа ачуулж, илгээж байгаа бол шаардлага хангасан чингэлгээр далайн тээврээр хүргэж өгөх үүргийг тэднийх биелүүлсэн.

Тийм учраас тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-т заасны дагуу хариуцагч Ашли ХХК-иас 8,016,844 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хур ирмүүн билэг ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Хур ирмүүн билэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ашли ХХК-иас 143,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1596 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзана хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02 ны өдрийн 102/ШШ2019/01945 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30 ны өдрийн 1596 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Хур Ирмүүн Билэг ХХК нь Индонез улсаас мебель тавилга ачуулж Монголд авч ирэх зорилгоор Индонезоос Тянжины хооронд далайн тээвэр хийлгэж Тянжинээс Улаанбаатар хүртэл чингэлэг ачаа тээвэрлэх Ашли ХХК-аар Улаанбаатар хүргүүлсэн. Энэхүү чингэлэгтэй ачаа нь 2016 оны 12 дугаар сард Монгол улсад орж ирсэн. Уг чингэлгийг нээхэд чингэлэг дотор ус орж мебель нь устай холилдон хөлдсөн байсан тул 2016.12.06-ны өдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хараат бус шалгалт, дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийн 5 дугаарт чингэлгийн дээвэр зэвэрч цоорсон, муудсан тээвэрлэлтийн зориулалт хангаагүй чингэлэгт ачаа ачсан байна. чингэлгийн дээврийн гэмтэл нь ачаа ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж тэмдэглэсэн. Энэ нь иргэний хуульд заасан тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүйг баталж байна.

Монгол улс далайд гарцгүй орон бөгөөд далайн тээвэр эрхэлдэггүй. Ийм учир далайн тээвэр хийсэн Индонезийн компани Тянжинь хүртэл ачаа тээвэрлэх ажиллагааг хариуцах ёстой. Энэ дагуу тээвэр зуучлалын Ашли компани Индонез улсад албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн хариу ирээгүй, ачаа ачуулсан нэхэмжлэгч байгууллага Индонезийн компанитай ямар харилцаа тогтоосон нь тодорхойгүй байна. Мөн цаашилбал төмөр замаар тээвэр хийсэн Ашли компанийн буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэр, магадлалд анхаарахгүй орхисон бодит нөхцөл юу вэ гэвэл 12 дугаар сард Монгол улсад бороо ордоггүй гэдэгт дүгнэлт хийсэнгүй. Мөн Монгол улс далайн тээвэр хийдэггүй гэдгийг шүүгч нар мэддэггүй юм байна.

Энэхүү гэрээний дагуу тээвэрлэгч байгууллага гэм хорыг хариуцахгүй байх үндэслэлийг Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.2, 392.4-т зааснаар Ачааны сав баглаа боодолгүй буюу түүний чанар муудсан байсан нь тээвэрлэлтийн явцад эвдрэх зэврэх, хатах, элэгдэх зэрэгт ачааг эвдсэн нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлдөг гэсэн хуулийн заалтыг хэрэглэх бүрэн үндэстэй байсныг шүүхийн шийдвэр, магадлалд хэрэглэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч Xур ирмүүн билэг ХХК нь хариуцагч Ашли ХХК-иас 3040 ам доллар буюу 8.016.844 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтсэн барааны үнэ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас ачаа гэмтээгүй... гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...чингэлгийн дээвэр зэвэрч цоорсон нь тээвэрлэгчийн буруугаас болоогүй, ...Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.2, 392.4-г хэрэглээгүй... гэсэн үндэслэл дурджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ашли ХХК нь 2014 оноос хойш Хур ирмүүн билэг ХХК-ийн ачааг гадаад улсаас тээвэрлэж байсан ба 2016 онд Индонез улсаас тээвэрлэсэн тавилгыг хүлээн авах үед тээвэрлэлтэд хэрэглэсэн чингэлэг тээвэрлэлтийн стандарт шаардлага хангаагүй, 2-3 хэсэгтээ гэмтсэн, нүхтэй байснаас борооны ус нэвтэрч чингэлэг доторх тавилгын сав баглаа хөлдсөн, хэлбэр алдагдсан, илжирч үнэр орж их хэмжээгээр гэмтэж, 3040 ам долларын хохирол учирсан болох нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 8-28 дугаар тал/.

 

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Ашли ХХК нь Хур ирмүүн билэг ХХК-с тээврийн хөлс шаардсан, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ /хэргийн 37-42 дугаар тал/.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлсон тул гэрээний агуулгыг дахин тодорхойлж, тогтоохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцахаар Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1.-т заасан.

 

Тээвэрлэлтийн явцад норж, гэмтсэн тавилгыг хэрэглэх болон худалдан борлуулах боломжгүй болсон нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт болон импортын барааны хяналтын хэлтсийн шалгалтын баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч тавилгын үнийг нэхэмжилсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч ...Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.2, 392.4 дахь заалтыг шүүх хэрэглээгүй... гэх гомдол гаргасан боловч уг заалт нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт биш тул хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш юм.

 

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01945 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1596 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзаны гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 143.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД