Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 104

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор              М.Чинбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /0261/, О.Баярбаясгалан /2260/,

шинжээч: А.Амгаланболд,

шинжээч: Х.Солонго,

шинжээч: Д.Энхжаргал,

гэрч: Б.Баатарсүрэн,

иргэний хариуцагчийн төлөөлөгч: С.Оюунбилэг,

шүүгдэгч: С.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн /0943/,

шүүгдэгч: М.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр /0158/,

           шүүгдэгч: Е.Досжан, түүний өмгөөлөгч Э.Ганбат /0362/,

шүүгдэгч: Д.Болормаа, түүний өмгөөлөгч Э.Ганбат /0362/,

шүүгдэгч: Ч.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /1584/,

шүүгдэгч: С.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Э.Ганбат /0362/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг, Е.Досжан, Ч.Өлзийжаргал, С.Нямсүрэн нарт холбогдох эрүүгийн 2015 26000 0212 дугаартай, 3 хавтас хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

              Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байр, 89 тоотод оршин суух,  Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 648 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ВЭ 82101178, Буян овогт Содномын Наранбаатар,

 

              Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн тасгийн их эмч ажилтай, ам бүл 5, нөхөр, 6-21 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 27 дугаар байр, 56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПБ 74010360, Торгууд овогт  Доржсүрэнгийн Болормаа,

 

              Монгол улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн уушгины тасгийн их эмч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байр, 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЭ 68052303, Боржигон овогт Мягмаржавын Энхцэцэг,

 

              Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, казак, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасгийн их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байр, 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ 83022217, Ителибесшал овогт Едилханы Досжан,

 

               Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт  их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 51/7 байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧД 87120636, Дүүрэгч овогт Сайнбаярын Нямсүрэн,

 

               Монгол улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн элэг, цөс, хоол боловсруулах тасагт их эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23в байр, 122 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЕ 66052567, Боржигин овогт Чулууны Өлзийжаргал.

 

               Шүүгдэгч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг, Е.Досжан, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар нь эмч, эмнэлгийн ажилтны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Д.Энхжаргал нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Наранбаатар мэдүүлэхдээ:

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 22-23 цагийн үед үйлчлүүлэгч Д.Энхжаргал амьсгаадсан, бачуураад байна гэсэн зовиуртай ирсэн. Би эмнэлгийн даргын А/51, Эрүүл мэндийн сайдын 149 дүгээр тушаалын дагуу уг өвчтөний амин үзүүлэлтүүдийг үзэж, С буюу шар өнгөөр эрэмбэлэн ангилж, бронхиалны астам, бронхи багтраа, сахарын шижин 2 дугаар хэлбэр, ээнэгшил алдсан гэсэн урьдчилсан онош тавьсан. Оношоо батлах болон үгүйсгэх зорилгоор тухайн үед жижүүрт гарч байсан бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч Д.Болормаа, уушгины эмч М.Энхцэцэг нарыг дуудаж үзүүлсэн. Тухайн үед өвчтөний цусан дахь сахарын хэмжээ хэвийн байсан. Д.Болормаа эмч үзээд энэ хүнийг сахарын талаас яаралтай тусламжаар хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, амбулаториор үзүүлэхийг зөвлөсөн. Энэ тухай хавтаст хэргийн 51-53 дугаар хуудсанд байгаа. Өвчтөн “амьсгал бачуураад байна” гэсэн уушгины зовиур хэлсэн учраас уушгины тасгийн тэр өдрийн жижүүр эмч М.Энхцэцэгийг дуудаж үзүүлэхэд мөн яаралтай журмаар хэвтэх заалт байхгүй байна, амбулаториор үзүүлж, шинжилгээ бүрдүүлье гэсэн зөвлөгөө өгсөн. Би нарийн мэргэжлийн 2 эмчийн тусламжийг авч, өвчтөнийг үзүүлсэн тул амбулаториор үзүүлэх нь зүйтэй гэж өвчтөнийг буцаасан. Тухайн үед өвчтөний биеийн байдлыг үнэлэн яаралтай тусламжаар эмнэлэгт хэвтүүлэх заалт байгаагүй, хэвтүүлэх шаардлагагүй гэдгийг стандартын дагуу нарийн мэргэжлийн эмч нар үзээд шийдсэн. Энэ шийдвэртэй би санал нэг байсан. Тэр өдөр өвчтөнийг хэвтүүлэх эрх мэдэл надад байгаагүй. Манай яаралтай тусламжийн тасагт хэвтэх ор гэж байхгүй байсан. Ер нь яаралтай тусламжийн тасагт яаралтай тусламжийн эмчилгээ хийдэг болохоос биш эмгэг жамын эмчилгээ буюу антибиотик эмчилгээ хийдэггүй. Гэтэл талийгаачийн биеийн байдлаас үзэхэд тасагт хэвтэж эмчлүүлэхээр байсан. Түүнийг уушгины эмч эмчлэхээс биш, яаралтай тусламжийн эмч би эмчлэх боломжгүй юм. Би өөр тасгийн орыг мэдэж өвчтөнийг хүлээн авах эрхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тухайн өвчтөнд уушгины талаас эмгэг илрүүлэх нарийн шинжилгээ хийлгэх шийдвэрийг уушгины нарийн мэргэжлийн эмч М.Энхцэцэг гаргасан. Би яаралтай тусламжийн тасагт мөрддөг, стандарт, журмыг зөрчөөгүй. Тухайн үед өвчтөнд өөр ямар арга хэмжээ авах байсныг би мэдэхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Болормаа мэдүүлэхдээ:

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бөөр, дотоод шүүрлийн тасгийн  жижүүрийн эмчээр ажилласан. Тухайн үед хүлээн авах дээр ирсэн өвчтөн нь чихрийн шижин гэсэн оноштой байсан болохоор би яаралтай тусламжийн тасагт очиж үзлэг хийсэн. Өвчтөн “бачуураад, хоолой боочих гээд байна” гэсэн зовиур хэлж байсан тул тодруулж асуухад “жилийн өмнө энэ зовиур илэрч байсан, 2 хоногийн өмнөөс бачуурч эхэлсэн” гэж хэлж байсан. Би бодит үзлэг хийж, гуурсан хоолойн амьсгалыг чагнахад хяхтнасан шуугиан байгаагүй. Даралт, пульс, захын хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Тэгээд өвчний карттай нь танилцахад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уушгины рентген зураг авахуулсан байсан, зурагт өөрчлөлт байгаагүй. Тиймээс та урьд нь хоолой сөөж өвдөж байсан бол чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, гуурсан хоолойн талаас онош тодруулах шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн. Өвчтөний цусан дахь сахар 7.3 м.моль буюу хэвийн байсан. Дотоод шүүрлийн өвчний үед илэрдэг ам цангах, их шээх, их өлсөх, толгой эргэх зовиур өвчтөнд байгаагүй тул чихрийн шижин талаас яаралтай журмаар хэвтүүлэх, ямар нэгэн эмчилгээ хийх шаардлага тухайн үед байгаагүй. Чихрийн шижин хэт өндөр буюу 35-аас дээш, чихрийн шижингээс шалтгаалсан комд орсон, 10 жилээс дээш хугацаанд энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх журамтай. Гэтэл өвчтөний биеийн байдал гайгүй байсан. Би энэ хүнд чихрийн шижин өвчний талаас анхны тусламж үзүүлэх үүрэгтэй байсан. Түүний ар гэрийнхнээс нь асуумж авахад “гэрт сахар нь ихсэхгүй 6-7 хооронд байгаа, сахараа сайн хянаж байгаа” гэж хэлж байсан. Мөн маргааш амбулаториор дотоод шүүрлийн эмчээс зөвлөгөө аваарай гэж зөвлөгөө өгч, үзлэгээ дуусгаад явсан. Намайг үзлэгээ дуусахад уушгины эмч М.Энхцэцэг үзлэг хийсэн. Намайг дахиж дуудаагүй. Хэрвээ би тэр өвчтөнийг өөрийн тасагт хэвтүүлээд тэр нас барсан бол намайг журмын дагуу ажилласан гэж үзэхгүй. Тухайн үед би өвчтөнийг өөрийн тасагт хэвтүүлсэн ч гэсэн уушгины эмчилгээ сайн хийгдэхгүй байсан. Хэрвээ эмчилгээ хийх бол уушгины эмчийг дуудаж үзүүлээд оношийг нь тодруулж эмчилгээ бичүүлж хийлгэх л байсан. Би тухайн өдөр өвчтөний биеийн байдлыг үзсэн нь үнэн. Тэр өдөр өвчтөнтэй харьцсан гэж намайг яллаж байгааг зөвшөөрөхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Энхцэцэг мэдүүлэхдээ:

  2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 40 минутын үед хүлээн авахаас эмч С.Наранбаатар дотуур утсаар “амьсгаадсан, бачуурсан өвчтөн  ирлээ” гэж дуудсаны дагуу очиход 40 гаран насны эмэгтэй байсан. Гадаад байдал нь тайван, амьсгаадалт байхгүй, нилээд махлаг хүн байсан. Би өвчтнөөс асуумж авч, өвчний түүх, амьдралын түүх, гар карттай нь танилцаж, бодит үзлэг хийхэд “бачуурна, амьсгаадна, ханиана, хоолой боох гээд байна” гэж хэлж байсан. Яг яаж, ямар онцлогтой ханиалгаж байгааг асуухад хоолой сэрвэгнэн ханиана гэсэн. Энэ зовиур өмнө нь илэрч байсан боловч 3 хоногийн өмнөөс ихэссэн, сүүлийн үед хоолойд цэр тээглээд заримдаа гаргаж чадахгүй байна гэж байсан. 2014 оны 10 дугаар сард хоолой сөөгөөд 1 дүгээр эмнэлэгт 1 сар гаруй хугацаанд гормон эмчилгээ хийлгэсэн, гэртээ утлагын аппаратаар утлага хийж байгаа гэсэн. 2014 оны 12 дугаар сард манай эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн тасагт хэвтээд сахарын шижин, бамбай булчирхайн дутагдал анх удаа оношлогдсон байсан. Бодит үзлэг хийхэд амьсгал дутагдлын шинж илрээгүй, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 98-99, амьсгалын тоо 20, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 101, уушгийг чагнахад ямар ч эмгэг, хэржигнүүр байгаагүй. Мөн гуурсан хоолойд бөглөрлийн шинж байгаагүй, амьсгал чөлөөтэй байсан. Үүний дараа гар карттай танилцахад бөөр, дотоод шүүрлийн тасагт хэвтэж байх үеийн эмчилгээнүүд болон зөвлөх эмчид үзүүлсэн үзлэгүүд байсан. Бамбайн дааврын шинжилгээнд Т-3 нь нормоосоо багассан 2.9-тэй байсан. Тэр хүний гар карттай танилцаж байхад Д.Болормаа эмч миний зүүн гар талд, талийгаач миний баруун гар талд, хажууд нь гэр бүлийн хүн нь хамт байсан. Картыг нь Болормаа эмч бид хоёр дундаа хамт үзэж, шинжилгээг нь харж байсан. Тэр хүнд чих, хамар, хоолой талаас тодруулах зүйл их байсан. Тэр өвчтөнөөс асуумж авч, бодит үзлэг хийн, өвчний болон амьдралын түүх, шинжилгээ зэргийг нь үндэслээд одоогоор уушгины талаас хурц үрэвслийн шинж тэмдэг үгүй гэж үзээд чихрийн бус шижин, бамбайн дутагдал, сахарын диабет 2 дугаар хэлбэр гэсэн онош тавьсан. Гэртээ утлагын аппараттай гэсэн тул утах, кетотифин, диофлан уухыг зөвлөсөн.

Өвчтөн 10 дугаар сард 1 дүгээр эмнэлэгт гормон эмчилгээ хийлгэж байсан тул ямар нэгэн эмгэг байна гэж би ойлгоод чих, хамар, хоолойн эмчид амбулаториор үзүүлж, цээжээ гэрэлд харуулахыг зөвлөсөн.

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би амбулаторьт үзлэг хийж байхад 11 цаг 30 минутын үед чих, хамар, хоолойн эмч Мөнхнаран манай өрөөнд орж ирээд “өчигдөр таны чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхийг зөвлөсөн өвчтөн одоо үзүүлж байна. Та очих уу” гэхэд би “үзлэг хийж дуусгаад араас нь очъё” гэж хэлсэн. Намайг очиход эмч нар хамтарсан үзлэг хийж байсан. Талийгаачийн төвөнхийг нь шууд бус аргаар дурандахад дууны хөвчийг нь дарангуйлсан нилээн хатуувтар цусархаг цэр байсан. Үүнийг авчихвал өвчтөний бачуураад байгаа нь гайгүй болно, чих, хамар, хоолойн талаас төвөнх, дууны хөвч зүгээр байна гэж зөвлөлдөөд гуурсан хоолойд дуран хийх шийдвэр гаргасан. Намайг өчигдөр орой нь үзлэг хийхэд тухайн хүнд амьсгалын дамжуулалтын шуугиан буюу алдагдал байгаагүй учир бид гуурсан хоолойн бөглөрлийн шинж сонсогдох ёстой гэж үзээд хөдөлгөөнгүй байлгаж байгаад чагнаж үзэхэд амьсгал чөлөөтэй орж гарч байсан. Миний хажууд Мөнхнаран эмч байсан, тэр чагнаад “амьсгал чөлөөтэй байна” гэж байсан. Би тэндээс өвчтөнөө авч гарахад гэр бүлийнх нь хүн гадаа хүлээж байсан. Тэгээд яаралтай журмаар онош тодруулъя, эмчилгээний зорилгоор гуурсан хоолойг дурандъя гэж дурангийн эмчтэй ярьсан. Энэ үед 12 цаг буюу эмч нарын цайны цаг болж байсан. Би картан дээр яаралтай онош тодруулах журмаар дуран хийлгэх саналтай, онош тодруулах, ялган оношлох гэж бичээд хүнээ аваад явсан. Өвчтөн маань махлаг хүн байсан тул ачаалал өгөхгүйн үүднээс тэргэнцэр дээр авч явах нь зөв гэж үзсэн. Тэр үед тэргэнцэр олдохгүй байсан. Тэгэхээр нь би дурангийн тасагт өөрөө түрүүлж очиж дурангаа бэлдэж байхад 12 цаг 30 минутын үед өвчтөн маань ирсэн. Бид лидокайнаар 3 удаа мэдээ алдуулалт хийхэд эмийн урвал хэвийн, ямар нэгэн гаж зүйл илрээгүй учраас дурангийн эмч зааврын дагуу дурангаа хийж, гуурсан хоолойн угаадас авсан. Тэр угаадсанд эмгэг судлалын шинжилгээ хийлгэхээр гэр бүлийн хүнд өгч явуулан, би өөрөө бактериологи лаборатори руу бичиг хийж өгөөд рентген дээр очсон. Рентгенд уушгины баруун доод талд нэвчдэс гарсан тул үүнийг нь сүрьеэ юу, хатгаа юу гэдгийг ялгах шаардлагатай байсан. Би өвчтөний амин үзүүлэлтүүдийг дахин үзэхэд тогтвортой байсан. Би гэр бүлийн хүнд нь рентген болон дурангийн үзлэгийг танилцуулж хэлээд, утасны дугаараа өгсөн. Тэгээд маргааш өглөөний 10 цагт нөхөр нь над руу яриад өчигдөр үзүүлсэн өвчтөн өглөө 7 цагт нас барсан тухай хэлсэн.

Би талийгаачийг үзээд маргааш өглөөний орны очерт авахаар болсон байсан. Тухайн үед баруун доод уушгины хатгаа гэдгээ би хавдраас заавал ялгах хэрэгтэй болсон. Гуурсан хоолойн дурангаар гуурсан хоолойд сул агууламжууд байсан. Тэрнээсээ наац өгөөд эдийн шинжилгээ өгөхөд зузаан гэж гараагүй байсан. Тийм учраас өрөөнөөсөө гаргахдаа компьютер хийлгэх шаардлагатай гэж хэлсэн юм. Уушгийг нь намайг чагнаж байхад хуурай, нойтон хэржигнүүр байгаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны орой ирэхэд уушги нойтон хэржигнүүртэй байсан гэж эмч нар хэлж байна. Тэр үед уушги цулцангийн амьсгалтай, бронхийн амьсгал хэвийн, дурангийн явцад тухайн хүнд амьсгал дутагдал гэх зүйл байгаагүй учраас шууд хэвтүүлээгүй. Манай талын онцлог бол гуурсан хоолой буюу бидний амьсгалын замд цэр, салст саад, бөглөрөл үүсгэж байх үед амьсгал гаргалт саадтай болоод энгийн цээж маань муурын цээж шиг хэржигнээд байна, хоолой шуухитнах гэсэн зовиур хэлдэг. Гэтэл тийм зүйл байгаагүй. Хүн ханиах эсвэл байрлалаа өөрчлөхөд цэр хөдөлгөөнд орох үед зарим тохиолдолд хэржигнүүр сонсогдохгүй байх боломж байдаг. Би үзлэгээ хийж дуусгаад Наранбаатар эмчээс “энэ хүн яг орж ирэхэд амьсгал нь ямар сонсогдсон бэ” гэж асуухад “цулцангийн амьсгалтай” байсан гэж хариулсан. Тэр үед би дахиж чагнасан. Сатураци буюу захын хүчилтөрөгчийн хангамж ямар байсан бэ гэж асуусан. Учир нь намайг үзэхэд 98-99 байсан. Үүгээр захад амьсгал хүчилтөрөгчийн дутагдал байна уу гэдгийг шалгадаг. Мөн өвчтөний хэлийг үзэхэд харьцангуй том цайвар өнгөртэй байсан. Өвчтөнөө хараад хамгийн түрүүнд надад энэ хүн 20 орчим жилийн өмнө цус алдалтаасаа болоод өнчин тархины үйл ажиллагааны дутагдалтай холбоотой несахарны диабет оношлогдож байгаад магадгүй хоёрдогчоор бамбайн дутагдал яваад байгаа юм биш биз гэсэн бодол байсан. Өвчтөн 10 дугаар сард гормон эмчилгээ хийлгэсэн байсан. Энэ эмчилгээний дараа сахарын 2 дахь эрсдэл болдог. Тэр үед сүүлийн 2-3 хоногт эргээд хоолой сөөх гээд байна гэсэн асуумж өгч байсан. Тэгэхээр үүнийг нь тодруулахын тулд чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, төвөнх, дууны хөвч, залгиурыг шалгах нь зөв юм гэж үзсэн. Тухайн үед уушгины талаас хурц хатгааны шинж үнэхээр байгаагүй. Эхний өдөр би уушгины хатгаа байхгүй гэж үзсэн. Дараагийн өдөр дахиад өөрөө үзсэн. Чих, хамар, хоолойд үзүүлэхэд тэр талаас хэвийн байсан. Тэгээд гуурсан хоолойн дуран, уушгины рентгенд харахад уушгины баруун доод талын хатгаа гарч ирсэн. Тэр хатгааг зөвхөн биеэ даасан хатгаанаас гадна хавдар болон сүрьеэгийн гаралтай байх вий гэж бодоод холбогдох шинжилгээг би өөрөө дагуулж яваад хийлгэсэн. Өөрсдөөс нь шалтгаалах шинжилгээг хэлж өгөөд маргааш өглөө хэвтэх очерт аваад өглөө 8 цагт ирээрэй гэж хэлээд гаргасан.

Тухайн өвчтөний хувьд уушгины нэг дэлбэнгийн хатгаа тийм хүнд байгаагүй учраас хэвтүүлээгүй. Би 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхдээ уушгины нэг дэлбэнгийн хатгалгаа дунд зэрэг гэсэн оношоор уушгины тасагт хэвтүүлэх гэж байсан.

Дурангийн шинжилгээний дараа өвчтөний биеийн байдал хэвийн, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Намайг үзэхэд бачуурал байхгүй, цулцангийн амьсгаатай байсан. С.Наранбаатар эмч бид 2 хамт үзсэн. Үзэхэд хэржигнүүр байгаагүй. 143 тоот дүгнэлтээр цусан хатгаагаар нас барсан гэсэн нь манай клиникийн оноштой таарахгүй байна. Тухайн үед өвчтөнийг хэвтүүлэх шаардлага байгаагүй. Энэ хүн амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Е.Досжан мэдүүлэхдээ:

Би 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажилласан. Орой 11 цаг 35 минутын үед 103 түргэн тусламжаар 40 гаран насны эмэгтэй ирэхэд Эрүүл Мэндийн Сайдын 149 дүгээр тушаал болон эмнэлгийн даргын А/51 тушаалын дагуу анхны үзлэг хийж, эрэмбэлэн, хуудсаа бөглөсөн. Өвчтөн “амьсгаадна, бачуурна, шээс бага гарна, ядарч байна” гэсэн зовиур хэлсэн. Тэр хүн урьд нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний жижүүрийн ээлж дээр ирж, бөөр, дотоод шүүрлийн тасагт хэвтэж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гарсан байсан. Үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэвтэр, амьсгалын тоо 22, захын судасны хүчилтөрөгчийн хангамж 92 хувьтай, зүрхний авиа тод, хэм түргэссэн, зүрхний цохилтын тоо 114, даралт 100/60, уушги цулцангийн амьсгалтай, 2 уушгины доод хэсгээр хэржигнүүртэй, баруун талдаа илүү нойтон хэржигнүүртэй, цусан дахь сахар нь 4.1 байсан. Үүнийг үндэслээд баруун уушгины доод хэсэг хатгаатай, чихрийн шижин 2 дугаар хэв шинжтэй гэсэн урьдчилсан онош тавиад дотоод шүүрлийн тасгийн нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлсэн. Өвчтөний картанд 01 дүгээр сарын 06-ны өдөр амбулаториор үзүүлээд холбогдох шинжилгээнүүд хийгдсэн, баруун уушгины доод хэсгийн хатгаа гэсэн онош тавигдсан, М.Энхцэцэг эмч хатгаатай үеийн эмчилгээ бичсэн байсан. Өвчтөнтэй хамт явж байсан Б.Баатарсүрэн гэдэг хүн “2 цагаас эхлэн эмчилгээ хийж эхэлсэн” гэж байсан. Тухайн өдрийн хоол боловсруулах болон уушгины тасгийн жижүүр эмч, тухайн өдрийн жижүүрийн ахлах эмч Ч.Өлзийжаргал, мөн эмч С.Нямсүрэн нарыг дуудсан. Ч.Өлзийжаргал эмч түрүүлж, дараа нь С.Нямсүрэн эмч ирсэн. Урьд 12 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд хэвтэж эмчлүүлсэн, өчигдөр ирээд буцсан хүн байна, харъяалал нь манайх тул хэвтүүлэх санал би тавьсан. Ч.Өлзийжаргал эмч үзээд өвчтөнд бачуурлын эсрэг эмчилгээ хий гэж зөвлөсний дагуу ажиглалтын тасагт түүний цээжийг өндөрлөж, хүчилтөрөгчийн эмчилгээ хийгээд тухайн үеийн шинж тэмдгийн эмчилгээ болох дексаметазон, димедрол, натри, эуфиллинтэй дусал хийсэн. Ч.Өлзийжаргал эмч өвчтөнийг “уушгины эмчид үзүүлсэн, эмчилгээ хийгдэж байгаа юм байна” гэж байсан. Мөн талийгаач болон ар гэрийнхэн нь маргааш эмнэлэгт хэвтэнэ, өнөөдөр цээжний компьютер томографийн шинжилгээ хийлгэж амжаагүй, маргааш хийлгэнэ гэж хэлж байсан.

С.Нямсүрэн эмч үзээд одоогоор сахарын эмгэгийн талаас яаралтай хэвтэх шаардлага байхгүй, сахар 4.1-тэй байна, цаашдаа сахараа тогтмол хяна, та хоёрын эмчилгээтэй адил саналтай байна гэсэн. Өвчтөнд 1 цаг гаруй хугацаанд эмчилгээ хийсэн. Өвчтөн өөрөө бие засмаар байна гээд тэргэнцэртэй явж, бие засаад ирсний дараа биеийг нь үзэхэд даралт 110/60, хүчилтөрөгчийн хангамж хүчилтөрөгч шахахгүй байхад 93-тай,  амьсгал 20-той байсан. Нарийн мэргэжлийн эмч нар үзээд өнөөдөр яаралтай журмаар хэвтүүлэх боломжгүй гэсэн. Тэгээд би өвчтөнд “та гэртээ хариад маргааш хэвт, эсхүл одоо ажиглалтын тасагт хонож болно гэж хэлсэн. Энэ талаар Б.Баатарсүрэн гуай талийгаачид хэлэхэд “би ядарч байна, харъя” гэсэн. Би маргааш цээжний нарийн шинжилгээнүүдээ өгөөрэй гэж зөвлөөд явуулсан. Би журмын дагуу тухайн үеийн уушги болон нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлээд зөвлөгөө авсан. Талийгаачийг яаралтай журмаар хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг би гаргахгүй, нарийн мэргэжлийн эмч нар гаргадаг. Талийгаачийн хувьд өдөр нь амбулаториор онош тогтоогдсон байсан. Талийгаач нь ирэхдээ болон эмнэлгээс явахад амин үзүүлэлтүүд нь харьцангуй тогтвортой байсан. Яаралтай тусламжийн эмч нар 375 дугаар тушаалын дагуу эрэмбэлэлт хийж, ангилдаг. Өвчтөн ухаангүй, даралт нь 80-аас бага, 200-аас их, амьсгал 30-аас дээш байвал яаралтай журмаар хэвтүүлдэг. Би М.Энхцэцэг эмчийн уг өвчтөнийг үзсэн талаарх картыг үзсэн. Миний ойлгосноор өвчтөний амин үзүүлэлтүүд тогтвортой байсан тул хэвтүүлэх шаардлага байгаагүй. Уг өвчтөн нь ирэхдээ амьсгал 22-той, сатураци нь 92 хувьтай байсан. Харин явахдаа амьсгал нь 20, сатураци нь 93 хувьтай, даралт нь 110/60-тай бөгөөд өөрөө бие зассан. Онош нь тодорхойгүй хүн 72 цагаас дээш хугацаагаар ажиглалтын хэсэгт хэвтдэг юм. Тэнд өвчтөнийг нарийн мэргэжлийн холбогдох эмч нар үзээд тэдний шийдвэрээр нэмэлт шинжилгээ бүрдүүлэх болон амин үзүүлэлтийг хянах зорилгоор байлгадаг. Өөрөөр хэлбэл, онош тодруулахад бэрхшээлтэй юм уу, шинжилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнийг хэвтүүлж байгаа хэсгийг ажиглалтын хэсэг гэж нэрлэдэг. Энэ хэргийн хохирогчийн хувьд онош нь тодорсон бөгөөд амбулаториор үзүүлээд эмчилгээ эхэлсэн байсан. Намайг болон бусад эмч нарыг үзлэг хийж байхад өвчтөний биеийн байдал гайгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Нямсүрэн мэдүүлэхдээ:

Би 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зүрхний мэс засал, бөөр, дотоод шүүрэл, нүдний мэс засал, уламжлалт эм засал гэсэн 4 тасгийн дунд жижүүр эмчээр ажилласан. 23 цаг 55 минутад би хүлээн авах дээр очиход намайг өвчтөнийг үзэхээс өмнө эмч Е.Досжан, Ч.Өлзийжаргал нар биеийг нь үзээд, эмчилгээ эхэлсэн байсан. Би өвчтөнөөс зовиурыг нь асуухад амьсгаадна, бачуурна, амьсгал бөглөчих гээд байна, амьсгал гаргахад саадтай, шөнө унтаж чадахгүй, шээсний гарц муу байна гэж байсан. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүнд, ухаантай, арьс, салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод жигд, зүрхний цохилт 105-110, артерийн даралт 100/70, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэлт хүчилтөрөгч өгөөгүй үед 88-92 хувьтай байсан. Уушгийг нь чагнахад уушгины 2 тал доод хэсгээр нойтон хэржигнүүртэй, баруун талдаа илүү байсан. Өвчтөний карттай танилцахад 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бөөр дотоод шүүрлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн, өмнөх өдрийн хүлээн авахаар ирээд буцсан тэмдэглэл, өглөө нь рентгенд харуулж, уушги  дурандуулсан байсан. Рентгенд баруун уушгины доод дэлбэнгийн нэвчдэс сүүдрийг тодорхойлох гэсэн байсан. Эдгээрийг үндэслээд би баруун уушгины доод дэлбэнгийн хатгаа, чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр гэж онош тавьсан. Цусан дахь сахарын хэмжээ 4.1 байсан. Тухайн үед чихрийн шижин өвчний талаас цусан дахь сахарын хэмжээ ихсэх, китоатетозын хүнд хэлбэрийн байдал илрээгүй байсан тул яаралтай хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Өглөө нь амбулаториор гуурсан хоолой болон уушгины рентген харалт хийгдсэн байсан. Е.Досжан эмч тэр хүнийг “маргааш хэвтэнэ” гэж танилцуулж байсан. Би өвчтөнд 2 цаг тутам чихрийн шижингээ хянаарай гэж зөвлөөд явсан. Тухайн үед чихрийн шижин өвчнөөр яаралтай хэвтүүлэх заалт нь байгаагүй тул энэ чиглэлээр өвчтөнийг хэвтүүлэх боломж байгаагүй. Уушгины талын асуудлыг уушгины эмч хариуцах ёстой байсан. Тэр өвчтөнийг чихрийн шижин өвчтэй гэдгийг би мэдэж байсан. Тухайн үед тэр өвчтөний амьсгал гаргахад саадтай, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 88-92 хувьтай, даралт 100/70-тай, шээсний гарц бага байна гэж үзсэн. Түүнээс гадна зовиур ихтэй байсан учраас хүнд гэж оношлосон. Өвчтөний биеийн байдал маш хүнд буюу ухаангүй, орчиндоо ухамсарт ухаангүй, шокын зэрэг байдалтай байгаа үед яаралтай сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэх арга хэмжээг авдаг. Гэтэл уушгины мэргэжлийн эмч уушгины талаас хавдар, сүрьеэг яаралтай ялган оношлох шаардлагатай байна, маргааш хэвтүүлэх очертой байна гэсэн байсан тул би өөрийн зүгээс хийх эмчилгээнд анхаарсан. Би тухайн үед тэр өвчтөнийг өөрийнх нь зовиур, карт, хэвтэж эмчлүүлж байсан тухай, өдөр үзсэн үзлэг болон рентгенд харсан зураглал зэргээс уушгины хатгалгаатай бөгөөд тэр чиглэлийн тасагт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хэрвээ би тухайн өвчтөнийг тасагтаа аваад тэр шөнө хүндрэл гарсан бол намайг журмын дагуу ажилласан гэж үзэхгүй. Уушгины тасагт хэвтэх шаардлагатай байсан хүнийг дотоод шүүрлийн тасагт авсны улмаас хүндрэл гарсан асуудалд орно. Тухайн өвчтөнд сахарын өвчин байсан боловч тухайн тохиолдолд чихрийн шижин талаас яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлага байгаагүй. Хэргийн материалтай танилцахад талийгаачийн үхлийн шалтгаан, үндсэн өвчин уушгины өвчин байсан. Миний гэм буруугүйг нотолно уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Өлзийжаргал мэдүүлэхдээ:

Би 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих дотрын 5 дугаар тасаг, элэг цөс, уушги, сонгомол эмчилгээний тасагт жижүүрийн эмчийн болон тэр өдрийн эмнэлгийн ахлах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед жижүүрийн эмч “хүн үзүүлье” гэж дуудсан. Тухайн үед өвчтөний ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмчилгээний карт, хийлгэсэн шинжилгээтэй танилцаж, асуумж аваад, бодит үзлэг хийн уушгины баруун дэлбэнгийн доод талын хатгаа гэдэг онош тавьсан. Энэ оношийг уушгины эмч мөн тавьсан байсан. Гол нь сүрьеэ байна уу, хавдар байна уу гэдгийг ялгах шаардлагатай байсан. Гуурсан хоолой дурандуулаад эдийн шинжилгээ авсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Уушгины эмч амбулаториор үзээд цагийн тариа болон хийгдэх эмчилгээг картан дээр нь зөвлөсөн байсан, ар гэрийнхэн нь эмчилгээг хийж байгаа гэж хэлсэн. Асуумжаар цээжээр хүчтэй өвдөж байна, ханиалгахад цус, цэр гараагүй, халуураагүй гэсэн. Үзлэг хийхэд даралт, пульс, захын цусан хангамж гэх зэрэг амин үзүүлэлтүүд нь тогтвортой, уналт таталт өгсөн, ухаан балартсан, шокийн байдал зэрэг хүндрэл байгаагүй. Би зүрхний бичлэг хийлгэсэн үү гэж Е.Досжан эмчээс асуухад зүрхний эмч дуудсан гэж хэлсэн. Тэгээд Е.Досжан эмчид өвчтөний бачуурлыг багасган, тайвшруулах, зовиур багасгах зорилгоор дексаметазон, димедрол, эуфиллин, натритай дусал хийх зөвлөгөө өгөөд ажиглалтын тасагт ажиглая гэж хэлсэн. Тэр үед С.Нямсүрэн эмч ирж, сахарын талаасаа үзээд, сахар нь 4-тэй ихсээгүй байна гэж байсан. Тухайн үед хүлээн авах дээр өөр 2-3 хүнд өвчтөн ирсэн байсан тул би тэднийг үзэж байхад эмчилгээ нь зөвлөсний дагуу хийгдэж байсан. Тэр хүний биеийн байдал гайгүй байсан. Хэрвээ өвчтөний биеийн байдал хүнд, зовиур нэмэгдэж, амьсгалын дутагдал гүнзгийрч, хүнд байдалд байх юм бол хүлээн авахын эмч нь эмч нарыг дуудаж хамтарсан зөвлөгөөн хийдэг. Хүлээн авахын эмч Е.Досжан намайг дуудах ёстой байсан боловч тэр үед намайг ахиж дуудаагүй. Би дээр тасагт хүнд хүнээ хянаад, хүлээн авах дээр хүнд ирсэн хүмүүсийг дуудлагаар үзэх үүрэгтэй. Тэр өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсхүл буцаах талаар эмч нар хамтарч зөвлөлдөн шийдвэр гаргаагүй. Тухайн үед талийгаачийн амин үзүүлэлтүүд тогтвортой, зовиур шаналгаа багатай байна гэж хүлээн авахын эмч үзээд, буцаасан байсан. Мөн ажиглалтын тасгаас өвчтөнийг явуулж болох уу гэж надтай зөвлөлдөөгүй. Би тэр өвчтөнийг эмнэлгээс явсныг маргааш нь мэдсэн. Тэр өвчтөнийг ажиглалтын тасагт эмчлүүлж байх үед Досжан эмч хяналт тавих ёстой. Хэрвээ өвчтөний биеийн байдал хүндэрвэл эмч нарын зөвлөгөөний хурлыг зарлан хуралдуулах ёстой. Өвчтөн амьсгалын дутагдалгүй, хүчилтөрөгчийн хангамж хэвийн, баруун талын доод хэсэгт хатгаа байсан, хатгаа нь цөөн тооны хэржигнүүртэй, баруун талдаа амьсгал суларсан байснаас биш яг амьсгал бачуурлын шинж байгаагүй. Өвчтөн өвчүүний араар өвдөж байна гэхэд нь би зүрхний талаас ямар нэгэн эмгэг буюу зүрхний бах байх вий гээд зүрхний бичлэг хийлгэж зүрхний эмчид үзүүлэхээр зөвлөгөө өгсөн. Би шинжээчийн дүгнэлт болон эмгэг судлаачийн дүгнэлтүүдтэй танилцсан. Нэг дэлбэнгийн хатгаагаар хүн нас бардаггүй. 143 тоот шинжээчийн дүгнэлтэд саарал элэгшлийн үе дээрээ байгаа гэсэн байсан. Саарал элэгшлийн үе гэдэг бол хатгааны эдгэрэлтийн шатанд буюу 7-оос дээш хоногт гардаг юм. Энхцэцэг эмч уушгины чиглэлийн мэргэшсэн эмч юм. Би тухайн үед Энхцэцэг эмчийн эмчилгээг хүлээн зөвшөөрсөн. Энхцэцэг эмч уушгины сүрьеэ юу, хавдар уу гэдгийг ялган оношлохоор заасан байсан. Сүрьеэтэй хүнийг уушгины тасагт хэвтүүлэх боломжгүй. Учир нь нийтийн тасагт халдвар тарах аюултай байдаг юм. Би нарийн мэргэжлийн эмч М.Энхцэцэгийн чиглэлийг барьсан. Сүрьеэг илүү сэжиглэсэн тул оношийг нь тодруулах нь зүйтэй гэж би үзсэн. Тухайн үед өвчтөний бие муудсан бол намайг дахин дуудаж үзүүлээд, үзлэгээр захын цусны хүчилтөрөгчийн хангамж дутагдах, амьсгал боогдох, бачуурах, захын судасны хөхрөлтүүд гарах, даралт унах, амьсгалын дутагдал гүнзгийрэх, ухаан балартах зэрэг хүнд шинж тэмдгүүд гарвал эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдвэрлэх байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад гэртээ очиход ээжийн биеийн байдал муу байсан. Тэгээд түргэн тусламж дуудахад 103-ын эмч ирж үзээд  “яагаад ийм хүнийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа юм бэ” гээд эмнэлэг явсан. Би ээжийгээ түшиж эмнэлэгт рүү оруулсан. Ээжийг үзүүлэхэд аав хамт орж, би үүдэнд суугаад үлдсэн. Тэгээд аав гарч ирээд “сүрьеэ, хавдар хоёрыг тодруулаад ир гээд хүлээн авсангүй” гэж хэлсэн. Тухайн үед ээж маань зовиуртай байсан. Эмч нар ээжийн маань биеийн байдлыг зүгээр байсан гэж хэлж байна. Ээж минь маш их дуутай амьсгаадаж, амьсгалж чадахгүй хэцүү байхад эмч нар үл ойшоосон шинжтэй байсан. Тэр үед Е.Досжан эмч өмдөө индүүдээд явж байсан. Би түүнээс “энэ хүнийг хэвтүүлж болохгүй юм уу” гэж асуухад “хэвтүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн. Ээжийг тэргэнцэр дээр суулгаж, түрээд гарч ирсэн. Манай гэрийнхэн бүгд эмнэлэгт ажиллаж байсан тул тэднийг өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодсон. Би ээжийгээ тэрэгтэй нь түрээд машиндаа суулгаад харьж байхад ээж “амьсгалж чадахгүй байна, цонхоо нээ, хаалгаа нээ” гээд байсан. Манай гэрт Б.Баатарсүрэн эгч байсан. Өглөөний 7 цагт ээж минь нас барсан.

Үхэх гээд аврал эрсэн хүнээс эмч нар асуулт асуусан гэх юм. Эмч нарын хэлж байгаагаар ээж минь ухаан алдсан бол эмнэлэгт хэвтүүлэх байсан байна.  Миний ээж насаараа төрийн тусгай хамгаалалтын нэгдсэн эмнэлэгт сувилагч хийсэн. Аав маань 103-т жолооч байсан. Ээжээс маань “баашлаад байна уу” гэж асуусан. Энэ үед ээжийн минь нүд нь бүлтэгнээд, амьсгаадаж “би баашлаагүй” гэж хэлж байсан. Та нар миний ээжийг эмнэлэгт хүлээн авч, хэвтүүлсний дараа эмнэлэгт нас барсан бол би гомдохгүй байсан. Би цагдаад гомдол гаргаж байхдаа ч нас барсан хүний ясыг нь өндөлзүүлээд яах вэ гэж бодсон. Эмч нар үнэхээр хариуцлагагүй хандсан. Эмч нар стандарт гэж яриад байна. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын стандарт хүн алах зориулалттай юм уу. Та нарын үзлэгийн үр дүнд нэг хүн нас барлаа. Энэ хэргийн хор уршиг нь одоо ч үргэлжилсээр байна. Ээжийг минь нас барсны 1 жилийн дараа аав минь харваад ярьж чадахгүй болсон. Хэн нь буруутай вэ. Оршуулгын зардалд 6 060 000 төгрөг гарсан. Ч.Өлзийжаргал эмч 1 100 000 төгрөг, М.Энхцэцэг эмч 1 000 000 төгрөг өгсөн. Мөн С.Нямсүрэн эмч тусламж гэж 500 000 төгрөг өгсөн. Би маш их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч-С.Оюунбилэг мэдүүлэхдээ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмнэлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн үед эдгээр эмч нартай холбоотой гомдол гармагц хуулийн зөвлөхийн хувьд эмнэлгийн даргын дүрэм, журам болон Монгол улсын стандартыг зөрчсөн эсэхийг шалгахад ямар нэгэн зөрчил байгаагүй. Манай байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа боловч хүний амь нас хохирсон тул хохирлыг хувааж төл гэсэн шаардлага эмч нартаа тавьсан. Хуулинд гэм хорын хохирлыг эхний ээлжинд байгууллага барагдуулаад дараа нь буруутай этгээдээс тухайн мөнгийг гаргуулна гэсэн заалт бий. Хүний амь нас хохирсон гомдол байгаа тул энэ хохирлыг төлнө. Эхний ээлжинд 4 500 000 төгрөг төлөх саналтай байна. Гэхдээ энэ нь гэм буруугаа хүлээж байгаа хэрэг биш бөгөөд бид хүн ёсоор төлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Баатарсүрэн мэдүүлэхдээ:

  Талийгаач дүү маань 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед манай эмнэлэг дээр нүүр нь хавагнаад хөхөрсөн байдалтай орж ирсэн. Би хүлээн авах руугаа оруулж, хүчилтөрөгч өгсөн. Манай эмч нар дүүг үзээд “энэ хүнийг манай эмнэлэг авч болохгүй, шатлалын эмнэлэгт нь хүргэх нь зүйтэй” гэсэн. Дүү маань “эгчээ би урьд шөнө 3 дугаар эмнэлэг дээр очоод буцсан, өдөр амбулаториор бронхио угаалгасан, одоо өвчүүн дээр нэг юм задрах гэж байгаа юм шиг өвдөөд, аймаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар ч байсан хүчилтөрөгч залгуулаад байж бай. Ажил тарахаар 3 дугаар эмнэлэгт хүргэж өгье” гэж хэлсэн. Тэнд 2 цаг хэртэй хүчилтөрөгч залгуулж байхдаа унтаж, царай нь засарсан байсан. Би гэр рүү нь явуулчихаад ажлаа тараад араас нь очиход дүүгийн царай бас хачин болсон, аахилсан байдалтай байсан. Тэр “би хэвтэж болохгүй байна, нүд аргаад 2 шөнө унтаж чадаагүй, танай эмнэлэг дээр 2 цаг унтаж, сайхан болсон. Тэндээс гарч ирээд л дахиад дотор бачуураад эхэллээ. Өдөр нэг эуфиллин хийсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч орж ирээд “энэ хүн астамтай юм биш үү” гэж асуухаар нь би астамгүй, харин чихрийн шижинтэй, өрхийн эмч нь хатгалгаа гэдэг онош тавиад 3 дугаар эмнэлэг рүү явуулахад эмнэлэг буцаасан байна” гэж хэлсэн. Би өдөр нь ажил дээрээсээ 1 сальбутамол цацлага талийгаачид нь өгч явуулсныг дуусчихлаа гээд сууж байсан. Тэгээд түргэний эмч аваад 3 дугаар эмнэлэг рүү явсан. Очиход хүлээн авах дээр 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр эмнэлэгт хэвтэхэд нь хүлээж авч байсан Е.Досжан эмч жижүүртэй байсан. Тэр эмч яаралтай тусламжийн өрөөнд хэвтүүлээд уушгины тасагт эмч байхгүй гастроэнтерологийн эмч жижүүрт байгаа гэсэн. Тэр эмчийг дуудахад нэг жижигхэн хүү ирээд үзсэн. Дүүгээс зовиурыг нь асуухад “эгчийнх нь өвчүүний ард нэг юм задарчих гээд өвдөөд болохгүй байна, өвчин намдаах эм хийгээд өгөөч, амьсгал авч, гаргаж болохгүй түгжигдсэн юм шиг хачин болоод байна, тусламж үзүүлээч” гэхэд нөгөө эмч тонгойж харсан. Тэр үед дүүгийн маань нүд бүлтгэнээд байсан чинь тэр “та яагаад байгаа юм бэ, истридээд байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, наад хүн чинь өөрөө сувилагч, наад үгийг чинь хүн мэдэж байгаа шүү дээ” гэсэн. Талийгаач “үгүй, би истридээгүй” гэж хэлсэн. Тэр үед нөгөө эмч хүчилтөрөгч нь дутуу залгагдсан байсныг залгаж өгсөн. Талийгаачийн пульс маш өндөр буюу 130 гаран болсон байсан. Тэр эмч дигоксин хийчих гэж сувилагчдаа хэлчихээд гарсан. Дүү маань “эгчээ надад эуфиллин хийлгээд өг. Би яг багтарчих гээд байна” гэсэн. Тэр үед дигоксинтой 0.9 нь 100 граммаар явж байсан. Тэгэхээр нь Е.Досжан эмчид би “эуфиллин хийж болохгүй юм уу” гэхэд дусалтай хамт хийсэн гэж хэлсэн. Гэтэл талийгаач “надад ганцхан тариа соруулаад хийхийг би өөрөө харсан, эуфилин хийгээгүй шүү дээ” гэж хэлсэн. Е.Досжан эмч надад “хамгийн гол нь уушгины тасагт ор байхгүй юм байна, сүрьеэ, хавдарыг үгүйсгэ гэж картны булан дээр бичсэн учраас тасагт авч болохгүй байна” гэж хэлсэн. Би “одоо яах юм бэ, наад хүн чинь гэртээ хариад дахиад багтарна. Гэрт нь эуфиллин, гентамицин зэрэг цагийн тариа байгаа юм байна, яах вэ” гэхэд “түүнийг хийгээд, маргааш өглөө шинжилгээгээ өгөөд, 3 хоногийн дараа цэрний шинжилгээний хариу гарна. Тэгээд л ирж хэвтэнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүе наад хүн чинь амжих уу” гэж хэлсэн. Энэ үед  талийгаач “харъя, би гэртээ хурдан очиж эуфиллин хийлгэмээр байна, наадах чинь хийж өгөхгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад гэртээ очсоны дараа талийгаач дүү маань “10 гр эуфиллин, 10 гр 0.9-өөр шингэлээд дотор нь дексаметазон хийдэг юм” гэж хэлэхээр тэрийг нь шөнө 01 цаг 30 минутад хийж өгсөн. Талийгаач “эмнэлэг дээр надад эуфиллин хийгээгүй, эуфиллин хийлгэхээр амьсгаа уужраад, дотор онгойдог” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дүүгээ “унтаад амарчих” гэсэн чинь тэр “би унтвал тэр чигээрээ унтчих гээд байна” гэж байсан. Би гарыг нь барьж өгч байхад дуг хийсэн байсан. Тэгтэл 06 цагийн үед “эгчээ болохоо байлаа” дахиад эуфиллин хийгээд өг гэхээр нь би хийж өгөхөд дотор нь онгойсон. Би эмийн сан руу явж, сальбутамол аваад ирэхэд 06 цаг 45 минут болж байсан. Дүү минь “би бачуураад байна, газар, доор хэвтмээр байна” гэж хэлээд газар хэвтэж, миний хөлийг минь илж байгаад гар нь сулраад царай нь цагаан болсон байсан. Тэгээд хүүг нь дуудаад “түргэн дахиад дуудаарай” гэхэд талийгаачийн ам, хамраас нь бор өнгийн зүйл гарсан байсан гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-А.Амгаланболд мэдүүлэхдээ:

              Задлан шинжилгээгээр талийгаачийн баруун уушгины доод дэлбэн нягтарч, махархаг тогтоцтой болсон, хийжилт багассан, шахахад дэлбэнгээс саарал ногоон өнгийн шингэн гарч байсан. Бусад дэлбэнгүүд наалдацгүй, хийжилт дунд зэрэг байсан. Эд, эсийн шинжилгээ авахад уушгины бэлдмэлүүдэд ижил зураглалтай үргэлжилсэн нэвчдэс дүүрэн, судсууд тэлэгдсэн, цусаар дүүрсэн, том бронхууд тэлэгдсэн, уушгины үрэвслийн саарал элэгшлийн үе гэсэн хариу ирсэн учраас баруун уушгины доод хэсгийн цусан хатгалгаа, саарал элэгшлийн үе, уушги тархины хаван, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, чихрийн шижин, дотор эрхтнүүдийн тархмал судасны эмгэгшил, бөөрний сорвижил хатуурал, элэгний жижиг зангилаат хатуурал, зүрхний булчингийн цусан хомсрол, зүрхний булчингийн сорвижил, таргалалт 3 дугаар зэрэг гэсэн онош тавьсан. Ингээд дүгнэлтдээ талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй, талийгаач цусан хатгалгааны улмаас нас баржээ, талийгаач чихрийн шижин өвчин, элэгний хатуурал, зүрхний цус хомсрол бүхий архаг хууч өвчтэй байжээ. Талийгаачид эмчилгээ хийгдсэн гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг аврах боломжтой гэсэн дүгнэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Би дүгнэлтээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Цогцост шинжилгээ хийх журам зэргийг баримтлан гаргасан. Талийгаач уушгины хатгаа өвчний улмаас нас барсан. Энэ өвчин нь эмчлэгддэг, эдгэрдэг өвчин бөгөөд Монгол улсын аль ч шатлалын эмнэлэгт эмчилж эдгээх бүрэн боломжтой тул ийм дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн практикт уушгины цусан хатгалгаа гэж нэрлэдэг уушгины дэлбэнгийн хатгалгаа нь тодорхой үе шатуудаар явагддаг ба эхлэх, улаан, саарал элэгшлийн зэрэг үеүүдтэй байдаг. Энэ нь өвчин явцаар явж байгаа үе шатууд бөгөөд цаашдаа эдгэрэх шатандаа орох, эсвэл хүндэрч болно. Уушгины хатгалгааны эхний үе 2-3 хоног нь эхлэх үе бөгөөд дараагийн үеүүд нь тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Талийгаач нь маш их суурь өвчлөлтэй байсан. Оношийг эмнэл зүйн, бүтэц зүйн гэж ялгадаг. Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдал гэдэг нь өвчтөнд илэрч байгаа шинж тэмдгээр тавьж буй эмнэлзүйн онош юм. Нас барсан хүнд эдгээр шинж тэмдэг илрэхгүй тул бүтэц зүйн онош тавьдаг. Шинжээч томилсон тогтоол дээр хэрэв 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минтад 3 дугаар эмнэлэгт өвчтөнийг очиж үзүүлэхэд хэвтүүлэн эмчилсэн бол талийгаачийн амь насыг нь аврах боломжтой байсан уу гэсэн асуулт байсан. Би энэ асуултанд л хариулсан. Энэ өвчин явцын хувьд 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж байцаалт өгсөн байна. Тэрнээс биш өвчин эхэлсэн өдрийг хэлэх боломжгүй. Талийгаачийг үхэлд хүргэх үндсэн өвчин нь уушгины өвчин байсан ба үүнээс өөр дагалдах өвчний талаар Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош дээр бичсэн. Эдгээр өвчнүүд эд, эсийн шинжилгээгээр оношлогдсон. Талийгаачийн суурь өвчнүүд нь түүний үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэж үзэх талтай. Хүний суурь өвчлөлүүд дархлалын системийг сулруулсны улмаас уушгины хатгалгаа бий болсон байж болно. Илрэх клиник шинжийн хувьд ч дан уушгины хатгалгаатай хүнд, мөн суурь өвчлөлүүдтэй хүнд илрэх шинж тэмдэг өөр өөр байна. Талийгаачид эмчилгээ хийсэн гэсэн баримт байхгүй байсан тул би эмчилгээ хийсэн бол тэр өвчтөн нас барахгүй байх боломжтой гэж үзсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Х.Солонго мэдүүлэхдээ:

Шинжээчийн 143 тоот дүгнэлтийн “талийгаач нь уушгины цусан хатгалгааны улмаас нас баржээ” гэсэн 2 дугаар заалтыг Дотрын зөвлөл үндэслэлгүй гэж үзсэн. Шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд өвчтөн шөнийн 01 цаг 30 минутаас 06 цаг хүртэл нийт 6 цагийн дотор эуфиллины зөвшөөрөгдөх хэмжээг 6 дахин нэмэгдүүлж хийсэн гэж үзэж байна. Энэ бол шууд хордлогын тун юм. Хоногт хүний биед байх эуфиллины тун 0.5 грамм байдаг. Энэ нь дээд тун бөгөөд бөөрний, элэгний дутагдалтай, зүрхний хомсролтой хүнд энэ тунг зайлшгүй хянаж, бууруулж хэрэглэх ёстой. Эуфиллин биеэс ялгарч чадахгүй бол хордлогын тундаа маш амархан хүрч, зүрхний талаас хүндрэл гарах, амьсгал гэнэт зогсох хүндрэлүүд гардаг. Гэрчийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудсууд дээр тэмдэглэсэн зэргийг харахад 6 цагийн турш 3 ампул эуфиллин хийсэн байна. Задлан шинжилгээгээр талийгаачид байсан өвчнүүдийг бүгдийг нь бичиж, дэлбэнгийн хатгаагаар нас барсан гэсэн байна. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ богино хугацаанд өвчтөн өөрөө хөл дээрээ явж байгаад 6 цагийн дараа шоконд орно гэж байхгүй. Учир нь шоконд орж байна гэсэн үзүүлэлтүүд байдаг. Тэр үзүүлэлтүүд бүртгэгдсэн баримт хэрэгт байхгүй байна. Чихрийн шижин өвчтэй, хатгаатай өвчтөнг стандартын дагуу хэвтүүлж эмчлэх шаардлагатай. Гэхдээ хэвтсэн бол амь насыг аврах байсан эсэхийг бид урьдчилж хэлж мэдэхгүй. Учир нь энэ нь өвчин үүсгэж буй үүсгэгч, өвчтөний биеийн эсэргүүцэл, үзүүлж байгаа тусламж зэрэг олон зүйлээс хамаарна. Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байсан бол гэртээ эуфиллиныг хэтрүүлэн хэрэглэхгүй байсан гэж бодож болохоор байна. Талийгаачийн үхэл нь эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Талийгаачийн цусан дахь эуфиллины хэмжээг тогтоогоогүй байсан. Эуфиллиныг дексаметазонтой, эсвэл сальбутамол буюу гуурсан хоолойг тэлэх үйлчилгээтэй эмтэй хамт хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай калийг биеэс хөөдөг. Үүнийг гипокалеми гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд зүрхний тэжээлийн хомсролтой хүнд улам хомсролыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дугаар шатлалын эмнэлэгт уушгины өвчний MNS 6136:2010 стандартын заалтыг биелүүлэх үүрэг нь их эмч М.Энхцэцэг, уушгины тасаг хариуцсан жижүүрийн ахлах эмч Ч.Өлзийжаргал нарт хамааралтай. Стандартын 10 дугаарт “хэрвээ уушгины хатгаатай хүнд дагалдах өвчин нь чирхийн шижинтэй бол хэвтүүлж эмчлүүлнэ” гэсэн заалт байгаа. Чихрийн шижин гэдэг бол архаг өвчин. Тухайн үед өвчтөний энэ өвчин хүндрээгүй байсан ба сахарын өвчин байхгүй байсан гэж үзээгүй. М.Энхцэцэг эмчийг үзлэг хийж байхад тухайн хүн хатгаатай гэсэн шинж тэмдэг байхгүй байсан. Харин маргааш нь  өвчтөнийг үзээд оношийг нь тодруулж, эмнэлэгт хэвтэх зааварчилгаа өгсөн байна. Үзлэгээр 6-10 см доторх чагнагддаг бөгөөд тэрнээс цаана уг руугааа байрлалтай хатгааг бид чагнаад мэддэггүй. Тэгэхээр бодит үзлэгээр хатгаатай хүнийг оношлохгүй байх боломжтой. Гэхдээ рентгенээр оношлоод дунд зэрэг гэж үзээд маргааш өглөө хэвтэх заавар өгсөн. Сатураци 98% гэдэг нь амьсгалын дутагдалгүйг илтгэнэ. Уушгины тасагт жижүүр эмчээр өөр нарийн мэргэжлийн эмч Ч.Өлзийжаргалыг ажиллуулж байгаа нь эрүүл мэндийн салбарын дутагдалтай тал байна. Эмнэлэг бүр үйл ажиллагааны журамтай байдаг ба эмч нар журмаа баримтлан өвчтөний амин үзүүлэлтийг үзээд өвчтөнийг буцаажээ. Гэтэл өвчтөний амин үзүүлэлтээс гадна тухайн өвчний стандарт гэж байдаг. Тэр стандартыг нарийн мэргэжлийн эмч биш учраас мэдэхгүй байх талтай. Манай зөвлөл өвчтөнийг 11 цагийн дотор эуфиллины хоногийн дээд тунг 2 дахин хэтрүүлсэн гэж дүгнэлт гаргасан боловч шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр 20 цагт эуфиллин хийгдээгүй гэж үзэхэд нийт 3 ампул эуфиллин хийсэн байна. 3 ампул гэдэг маань манай улсад нийлүүлэгдэж байгаа 2.4%-тай 10 мл тунгаар 6 цагт авах ёстой дээд хэмжээг 6 дахин хэтрүүлсэн байна гэсэн үг юм. Гэнэтийн үхэл гэдэг нь анагаах ухааны ойлголт юм. Шүүгдэгч нар нь эмнэлгийн журмуудыг зөрчөөгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой өвчтөн эмнэлэгт очиход уушгины хатгалгааны болон чихрийн шижингийн онош тогтоогдсон байхад тухайн үеийн жижүүрийн эмч болон нарийн мэргэжлийн эмч өвчтөнийг тасагт хүлээж авах боломжтой байсан. Талийгаач чихрийн шижин, таргалалт 3 дугаар зэрэгтэй. Чихрийн шижин өвчин нь тархи, зүрхэнд хамгийн их хүндрэл өгдөг. Тэгэхээр тархи юм уу зүрхний хомсролоос бачуурсан байж болно. Эуфиллины тун хэтрэхэд төв мэдрэлийн тогтолцоо болон зүрхний талаас зүрхний хэм алдагдах, зүрх зогсох хүндрэлүүд гардаг. Учир нь энэ эм нь зүрхний хүчилтөрөгчийн хэрэгцээг эрс нэмэгдүүлдэг. Талийгаач амьсгалын дутагдалд орсон гэхээсээ зүрх зогссон нь илүү өндөр магадлалтай байна. Учир нь амьсгалын дутагдалд орсон бол хүчилтөрөгчийн ханамж нь 98 хувьтай байх боломжгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн үед жижүүрт гарч байсан эмч нар өвчтөнийг хүлээж аваагүйн улмаас эм замбараагүй хэрэглэсэн байна. Тэгэхээр өвчтөн яах ёстой байсан бэ гэвэл дахиад л эмнэлэгт хандах хэрэгтэй байсан. Эм зүйн салбар зөвлөлийн эдгээр эмүүд нь хоорондоо үл нийцэл үүсгэдэггүй учраас үхэлд хүргэх шалтгаан болохгүй гэсэн дүгнэлт нь манай зөвлөлийн дүгнэлтээс зөрж байгааг тэд өвчний түүх, урьд нь хийлгэж байсан эмчилгээн дээр дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. Тухайн үед өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлээгүй шалтгаан нь амин үзүүлэлт нь тогтвортой байснаас болсон байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Д.Энхжаргал мэдүүлэхдээ:

Манай зөвлөл хэргийн материалтай танилцаад эм тус бүрээр нь дүгнэлт гаргасан. Дигоксин гэдэг нь зүрхний булчингийн үйл ажиллагаа дэмжих зүрхний глюкозид юм. Өвчтөн энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоногийн хугацаанд хэрэглэсэн. Гентамицин антибиотик бас хэрэглэж байсан. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 1.25 мг-аар 2-3 удаа хийсэн гэхээр дээд тун 3.75 мг байх ёстой. Тэгэхээр 3.5 мг байгаа тул эмчилгээний явцад биед хортой нөлөө үүсгэх боломжгүй байна. Хэт таргалалт 3-4 дүгээр үе, бамбай булчирхайн дутагдал, бөөрний дутагдлын үед тунг хязгаарлана гэсэн заалттай. Дигоксин эмийн хагас задралын үе нь 34-51 цаг байдаг ба өвчтөн дээр энэ цагийг баримталсан байна.

Дексаметазоныг 4-20 мг-аар хоногт 3-4 удаа буюу хоногийн тун нь 80 мг хүртэл хэрэглэж болно. Гэхдээ энэ өвчтөнд 4 мг буюу хамгийн бага тунгаар хэрэглэсэн байсан. Мөн дексаметазон нь 3-4.5 цагт биеэс бүрэн гадагшилдаг. Тийм учраас дексаметазон дангаараа хортой нөлөө үзүүлж чадахгүй.

              Эуфиллины хувьд хэргийн материалтай танилцахад гэрийн нөхцөлд шөнийн 01 цагийн үед 10 мг эуфиллиныг 0.9-тэй хийсэн. Дараа нь өглөөний 06 цагт мөн хийсэн байна. Тухайн хүнд 10 мл эуфиллинийг 0.9-тэй шингэрүүлж хийсэн гэсэн. Энэ нь 10 мл эуфиллин гэдэг нь 2.4 мг-ийг 10 дахин шингэрүүлэхэд 0.24 граммыг хийсэн байна. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй. Бид цусан дахь эуфиллины концентрацийг огт үзээгүй. Бид онолын хувьд хагас задралын үе нь 3-5 цаг байна. Тэгэхээр тариа хийгдсэн хугацаанд тухайн бодис задарсан байна. Гэхдээ нэмэлт дүгнэлтдээ гентамицин, эуфиллин, дексаметазон зэргийг судсаар хийлгэж эмнэлэгт очоод гэртээ эргэж очоод эуфиллин, дексаметазоныг судсаараа хийлгэсэн. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болохгүй талийгаач нь эуфиллинээс хордоогүй гэж үзсэн. Гэрийн нөхцөлд эуфиллиныг хийхдээ заавал даралтыг үзэх ёстой боловч өвчтөний даралтыг үзсэн тухай тэмдэглэл байхгүй байсан. Дигоксин эмнэлэгт хийгдсэнээс хойш олон хоног өнгөрсөн тул биеэс бүрэн гадагшилсан. Сальбутамолын хувьд тунг нь тогтоож чадахгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмийн сангаас авчраад 1-2 удаа хэрэглэсэн. Нэг удаа цацахад хүний хоолойд 7-8 мл сальбутамол очдог. Тэр нь дээд тал нь 4% очиж байгаа. Ингэж үзвэл хоногийн тундаа хүрэхгүй байна. Эмнэлгийн хэрэглэсэн дигоксин, сальбутамол, гентамицин нь хоногийн тундаа таарсан гэж үзсэн. Эуфиллины тун хэтэрвэл толгой эргэх, огих, бөөлжих, уналт өгөх гэх мэт олон шинж тэмдэг гарна. Эуфиллины ампул дээр 2.4% гэж бичсэн байдаг. Энэ нь 100 грамм шингэн дотор 2.4 гр байна гэсэн үг. Дотрын мэргэшсэн зөвлөл нь процентийн концентрацийг мильмолийн концентрацитай хольсноос манай дүгнэлтээс эрс зөрүүтэй байна. Би өөрийнхөө дүгнэлтийг үндэстэй зөв гэж үзнэ. Учир нь манай байгууллага эмийн шинжилгээний талаар мэргэшсэн байгууллага юм. Хэрвээ шүүх эмнэлэг дээр талийгаачийн цусан дахь эуфиллиныг тогтоосон байсан бол бид нарийн тооцоо гаргах боломжтой байсан. Одоо талийгаачийн цус байхгүй тул болохгүй энэ талаар дахин шинжилгээ хийх боломжгүй. Хэрвээ эмнэлэгт эуфиллин хийсэн гэж үзвэл эуфиллины тун нь хэтэрсэн байна. Тун хэтэрснээс хүн үхэлд хүрэх эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална. Б.Баатарсүрэнгийн хийсэн эмчилгээ нь талийгаачийг үхэлд хүргэхгүй, манай дүгнэлт үндэслэлтэй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Чулуунбат мэдүүлэхдээ:

            ...Манай хөгшин 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ байж байгаад 2015 оны 01 оны 04-ний өдөр 22 цагийн үед дотор нь муухайраад, хоолой нь дахиад дуугарч ч чадахгүй таглараад эхлэхээр орой нь түргэн дуудсан чинь ирээд үзээд шууд хэвтүүлэх хэрэгтэй гээд 3 дугаар эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Тэгээд хүлээн авахын эмч, жижүүрийн эмч гээд хоёр эмэгтэй эмч нь үзчихээд энэ хүн чинь сүрьеэ байж магадгүй, эсвэл хавдар байж магадгүй байна. Тийм учраас шинжилгээ өгөөд үгүйсгээд ир гээд тэр өдөр хүлээн авалгүй буцаасан. Ямар нэгэн эмчилгээ хийгээгүй, даралтыг нь үзээд хөл, гарт нь аппарат зүүж, пульсийг нь үзчихээд л явуулсан. Тэгээд маргааш нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өглөө нь би талийгаачтай хамт хоолойны эмчид үзүүлэхэд их идээтэй байна гээд соруулах хэрэгтэй, хоолойг нь угаах хэрэгтэй гээд хоолойг нь угаагаад, тэгж байснаа нэг ууттай юм авч ирээд энэ соруулсан цэр нь байгаа юм та энийг шинжилгээнд хүргээд өг гэхээр нь тэрийг нь аваад хойно эмгэг судлалын шинжилгээнд оруулж өгчихөөд тэнд бараг бүтэн өдөржин болсон. Тэгээд талийгаач маань би ядраад байна гээд байхаар нь гэртээ харьсан. Уг нь тэнд компьютерт оруулаад цээжийг нь харуулчихья гэж бодсон чинь эмч нар нь хуралд орчихсон гээд байхгүй байсан. Тэгээд гэртээ хариад хэвтэж байгаад орой нь 23 цагийн орчим байх дахиад би болохоо болилоо гээд түргэн дуудахад ирээд дахиад 3 дугаар эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг дээр үзүүлэхэд бид нарыг гарч бай гэхээр нь Б.Баатарсүрэнг хамт оруулаад бид нар гадаа нь үлдсэн. Тэгээд тэр хоёр дотогшоо орчихоод удаж байгаад бүүр шөнө 02 цагийн үед дахиад хүлээж авсангүй гээд гараад ирсэн. Б.Баатарсүрэн “маргааш эртхэн шинжилгээнүүдийг нь өгчихөөд, эртхэн ирж хэвтүүлье” гээд бид манайх руу явцгаасан. Тэгээд Баатарсүрэн тариа хийгээд, хоолойны цацдаг юм нь бас дуусчихаад тэрэнд нь бас гарч, олж ирээд, цацаад өглөө болгосон. Би цаана хувцас хунараа өмсөөд гарах гээд 07 цаг өнгөрч байсан чинь өнгөрчихлөө гэсэн.  Анх 3 дугаар эмнэлэгт түргэнээр очиход хүлээн авахын эмч, жижүүрийн эмч хоёр эмэгтэй үзсэн. Маргааш нь нэг эрэгтэй казак эмч хүлээн авах дээр байсан, цаана нь бас эмч нар ирээд үзээд байх шиг байсан. Гомдолтой, харамсалтай байна гэв. (хэргийн 1 дүгээр хавтас, 72-75 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Талийгаач уушгины цусан хатгалгааны улмаас нас баржээ.

3. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.

4. Талийгаачийн цус 3 дугаар бүлгийн харъяалалтай байна.

5. Талийгаач нь чихрийн шижин, элэгний хатуурал, зүрхний цус хомсрол бүхий хууч өвчтэй байжээ.

6. Талийгаачид эмчилгээ хийгдсэн гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна.

7. Талийгаач 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 43-45 дугаар хуудас)

 

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтэд:

-Үйлчлүүлэгч Д.Энхжаргалыг Улсын 3 дугаар төв эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүлээн авч яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтыг хийж, зарим шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг дуудаж үзүүлэх арга хэмжээг авч ажилласан байна.

- Нарийн мэргэжлийн эмч нар жижүүрийн хугацаанд хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирж үйлчлүүлэгчид онош тодруулах зорилгоор үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээг зөвлөж ажилласан байна.

- Үйлчлүүлэгчийн өвчний оношийг оношлоогүй гэж үзэхээргүй байна.

- Үйлчлүүлэгчид өгсөн зөвлөгөө, хийгдсэн эмчилгээг харахад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн хэдий ч шалтгааны эсрэг арга хэмжээ аваагүй байна.

- Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байсан.

- Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын 5 дугаар хавсралт /3.7 заалт/-д өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай болон ажлын бус цагаар ирсэн, үйлчлэх хүрээний бус, хаяггүй, баримт бичгийн бүрдэлгүй зэрэг үйлчлүүлэгчийг тус нэгжийн онош тодруулах, ажиглалт хийх өрөөнд асуудал шийдвэрлэх хүртэл түр байлган шинж тэмдгийн эмчилгээ хийнэ гэж заасны дагуу ажиглалт-хяналтын хэсэгт авах байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 65-70 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 558 тоот дүгнэлтэд:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 143 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй санал нэг байна.

2. Талийгаач уушгины цочмог үрэвсэл буюу хатгааны улмаас амьсгалын дутагдал, идээт хордлогоор нас баржээ. Талийгаачийн архаг хууч өвчин болох чихрийн шижин, элэг хатуурал, зүрхний цус хомрох өвчин нь тухайн өвчний явц тавиланг хүндрүүлэх нөхцөл болсон байна.

3. 2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдөр 3 дугаар эмнэлгийн жижүүр эмч нар талийгаачийг хүлээн авч эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой.

4. Жижүүр эмч нар талийгаачийн оношийг зөв тогтоосон байх ба өвчний үе шат, хөнгөн, хүндэрсэн эсэхийг тогтоох боломжтой.

5. 2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдөр 3-р эмнэлгийн жижүүр эмч нар Монгол Улсын стандартын Эрүүл мэндийн технологи, уушгины үрэвслийн оношлогоо эмчилгээ МNS 6136:2010 стандартыг зөрчсөн байна.

6. Уушгины эдийн үрэвслийг уушгины хатгаа гэж нэрлэж ирсэн бөгөөд уушгины цусан хатгаа гэдэг нь бүтэц зүйн онош бөгөөд уушгины эдэд үрэвслийн нэвчдэс үүсэх үе шат болно. Тиймээс дээрх ойлголтууд нь үндсэндээ 1 ойлголт болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 72-75 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 937 тоот дүгнэлтэд:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 143 тоот, хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан 558 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. 2015 оны 01 дүгээр сарын 05 болон 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд эмч нар нь өвчтөнийг үзэж биеийн байдлыг үнэлэх боломжтой байжээ.

3. 2015 оны 01 дүгээр сарын 05 болон 06-ны өдрүүдэд өвчтөнийг үзсэн жижүүр эмч нар нь Монгол Улсын стандартын Эрүүл мэндийн технологи, уушгины үрэвслийн оношлогоо эмчилгээ МNS 6136:2010 стандартыг зөрчсөн байх ба шинжээч эмч буруутай этгээдийг тогтоохгүй.

4. Талийгаачийг нас барахаас өмнө хийсэн гэх эмчилгээ нь зүрх судас амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 148-150 дугаар хуудас)

 

Эрүүл мэнд спортын яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн №16/07 тоот дүгнэлтэд:

         1. Баруун уушгины доод дэлбэнгийн 5 сегментийг бүхэлд нь хамарсан үрэвсэл байгаа нь макро бичлэгээр батлагдаж байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний бичлэгт цээжний хөндийд агууламжгүй гэж бичсэн байна. Задлан шинжилгээний бичлэгт гялтан хальсны талаар макро бичлэг хийгдээгүй байна. Бидний давтан хийсэн эдийн шинжилгээгээр гялтан хальс нь бага зэрэг ширхэглүүрт өнгөртэй, цөөн тооны үрэвслийн эстэй байна. Гуурсан хоолойн талаар задлан шинжилгээнд бичигдээгүй, харин давтан эдийн шинжилгээнд жижиг гуурсан хоолойд идээт үрэвсэлтэй, мөн уушгины угийн тунгалагийн булчирхайд тоосжилттой байв. Талийгаач нь цусан хатгалгаа өвчин, түүний хүндрэлийн улмаас нас барсан байна. Идээт хордлогын улмаас нас бараагүй байна. Уушгины хаван батлагдсан.

2. Шүүхийн задлан шинжилгээний бичлэгт зүрхний хөндий хоосон гэсэн
боловч, эд судлалын давтан шинжилгээгээр зүрх болон бусад эрхтэнд шокийн өөрчлөлт илрээгүй. Зүрхэнд гарсан эмгэг өөрчлөлт нь чихрийн шижингийн үед илэрдэг микроангиопати өөрчлөлт байна. Ишемийн кардиомиопати гэсэн биеэ даасан өвчин гэж үзэх үндэслэлгүй байна. Энэхүү бэлдмэлээс давтан шинжилгээний явцад зүрхний гадар хана, зүрхний булчингийн эдэд голомтлог үрэвсэлтэй (эпикардит, завсрын миокардитын өөрчлөлттэй), тархины зөөлөн бүрхүүлд үрэвсэлтэй байна.

3. Давтан эдийн шинжилгээгээр түүдгэнцэр болон артериол судасны сорвижилт, голомтлог архаг үрэвсэл болон бөөрний сорвижилт нь чихрийн шижингийн үеийн бүтцийн өөрчлөлт байна. Шокийн өөрчлөлт биш болно. Сувганцарын хучуурын үхжил нь цусан хатгалгааны нянгийн хордлогын шинж юм.

4. Элэгний эдийн давтан шинжилгээнд элэгний хатуурлын өөрчлөлт тодорхой байна. Элэгний зарим эсийн сөнөрөлт өөрчлөлт илэрч байгаа нь бие
организмын үрэвсэлт өвчнүүдийн үед гардаг шинж юм. Элэгний хатуурал нь
аливаа өвчний эмнэл зүйн үндсэн шинжийг бүдгэрүүлдэг, энэ тохиолдолд
эмийн хагас задралын хугацааг элгэнд илэрч буй өөрчлөлтөөр тодорхойлох
боломжгүй.

5. Шүүх эмнэлгийн шинжээчийн задлан шинжилгээний бичлэгт дэлүүний
гялтанд олон тооны цэгчилсэн цус харвалттай гэсэн боловч, давтан эд
судлалын шинжилгээгээр дэлүүний эдэд цус харвалт батлагдсангүй. Энэхүү
өөрчлөлт нь шокийн үеийн морфологи өөрчлөлт биш юм.

6. 3 дугаар зэргийн таргалалтаас үүссэн чихрийн шижин хэвшинж 2-той,
чихрийн шижингийн хүндрэл болох зүрхний титэм судас болон бөөрний
хялгасан судасны хатуурал гарчээ. Чихрийн шижингийн шалтгаант
дархлааны сулралаас халдварт өвчинд өртөмхий болох талтай. Бөөрний дээд булчирхайд давтан эдийн шинжилгээгээр бага зэргийн сөнөрөлт өөрчлөлт, цөөн тооны үрэвслийн эсүүд харагдсан. Цочмог хордлого болон шокийн өөрчлөлт гэх үндэслэлгүй, үхжилт өөрчлөлт байсангүй.

7. Талийгаач нь чихрийн шижин, элэгний хатуурал, дархлааны дутмагшил
зэрэг суурь өвчнүүдтэй байна. Улмаар уушгины цусан хатгалгаагаар өвдөж,
зүрхний гадар хана, зүрхний булчин, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслээр
хүндэрчээ. Дээрх архаг хууч өвчнүүд нь шууд үхлийн шалтгаан болохгүй боловч уушгины хатгалгаагаар өвчлөх нөхцлийг бүрдүүлсэн.

8. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2/510 албан бичгээр ирсэн 2 ширхэг шилэн бэлдмэлийг дахин микроскопоор оношлоход: (Ц.03.15г) Уушгины дурангийн угаасан шингэний эс судлалын шинжилгээний түрхэцэнд цөөн тооны үрэвслийн элемент, бактери мөн бөөмийн гажигшил бүхий хавтгай эсийн паракератоз байна. Тухайн түрхэцэд хорт хавдрын эс байхгүй байна гэжээ. (Хэргийн 3 дугаар хавтас, 6-9 дүгээр хуудас)

 

Эрүүл мэнд спортын яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №16/08 тоот дүгнэлтэд:

             1. Дигоксин нь ургамлын гаралтай зүрхний булчингийн үйл ажиллагааг
дэмжих-зүрхний глюкозид юм. Хоногийн тун 0,75-1,25 мг-аар 2-3 удаа, 5-7 хоногийн удаашруулсан үйлчилгээг үзүүлэх зорилгоор 0,125-0,5 г-аар уулгаж болно. Судсаар 0,25-0,5 г-аар хэрэглэнэ. Хагас задралын үе нь 34-51 цаг байна. Хэт таргалалт, хүчилтөрөгчийн дутагдал, эрдэс бодисын дутагдал, бамбай булчирхайн дутагдал, бөөрний дутагдлын үед тунг хязгаарлана. Удаан хэрэглэж, тунг хэтрүүлбэл бие махбодид кумуляци үүсгэдэг бөгөөд толгой эргэх, нойргүйдэх, ухаан самуурах, хий юм үзэгдэх, сэтгэлээр унах, өнгө ялгахгүй байх, огих бөөлжих, их шээх, гэдэс өвдөх, судасны цохилтын хэм алдагдах зэрэг гаж нөлөөтэй. Тухайн бэлдмэлд хэт мэдрэг, глюкозидын хордлого, атриовентрикулярный 2,3-р шат, WPW синдромын үед хэрэглэхийг хориглох заалттай.

          2. Дексаметазон нь үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, дархлаа дутагдлын хам шинжийн үед хэрэглэх глюкокортикоид буюу дааврын бэлдмэл. Дексаметазоны хоногийн тун судсаар 4-20 мг-аар хоногт 3-4 удаа байж болно. Хагас задралын үе нь 3-4,5 цаг бөгөөд биеэс бүрэн гадагшилна. Тунг хэтрүүлэх, удаан хэрэглэхэд орон зайн баримжаа алдагдах, хий юм үзэгдэх, нойргүйдэх, ухаан балартах, артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутагдалд орох, огих, бөөлжих, нүүр хавагнах, арьсан дээр тууралт гарах, амьсгалахад хэцүү болох гаж нөлөө илэрнэ. Дексаметазоныг барбитурат, фенитоин, рифамицин, антацидтай хамт хэрэглэхгүй. Шээс хөөх эм болон зүрхний глюкозидтой хамт хэрэглэхэд артерийн даралт ихэсгэх, эсвэл зүрхний дутагдалд оруулах гаж нөлөөтэй. Дексаметазоныг 3-4 дүгээр зэргийн таргалалт, уургийн багасалт, нүдний даралт ихсэх өвчний үед тунг
хязгаарлана. Тухайн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, сүрьеэ өвчний идэвхтэй
хэлбэр, дархлаа дутагдлын хам шинж, ходоодны шархлаа, 12 хуруу гэдэсний шархлаа, зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдалд хэрэглэхийг хориглоно.

          Эуфиллин нь гуурсан хоолойн багтраа, амьсгалын төвийн хямрал, тархины
цусан хангамжийн дутагдал, цусны эргэлтийн дутагдалд хэрэглэх теофиллин агуулсан бэлдмэл. 2,4%-ийн 10-20 мл уусмалыг 100 мл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалаар шингэрүүлж судсанд дуслаар тарина. Тунг хэтрүүлбэл толгой эргэх, артерийн даралт унах, толгой өвдөх, таталт, зүрх дэлсэх шинж тэмдэг гарна. Артерийн даралт багасалт, зүрхний шигдээс, титэм судасны нарийсалт, хэм алдагдал, эпилепсийн уналтын үед хэрэглэхийг хориглоно.

            3. Ирүүлсэн материалаас үзэхэд өвчтөнд амбулаторийн яаралтай тусламж
үзүүлэх үед дигоксин, 0,9%-ийн натрийн хлорид эмийн тунг хэтрүүлэн хэрэглээгүй байна.

           4. Өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн өвчтөний түүхэн дээрх
эмчилгээний картаас үзэхэд илэрхий гаж нөлөө үүсгэх, хорон чанар үүсгэх эсвэл харилцан нөлөөлөх эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үндэслэл алга байна.

           6. Эмийг нэг нэгээр нь хэрэглэсэн ч байсан удаан хэрэглэхэд дээр дурдсан гаж нөлөө илэрч болох боловч, эмнэлгийн ор хоногийн /12/22-12/31/ хугацаанд
дээрх эмүүдийг хэрэглэхэд гаж нөлөө, хорон чанар үүсгэхгүй.

            7. Өвчтөнд хэрэглэгдсэн эмүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн хувьд бие биенийхээ үйлдлийн хүчийг бууруулахаас өөр харилцан үйлчлэл судалгаануудад тэмдэглэгдээгүй байна.

            8. 2015 оны 01 дүгээр сарын 06-нд гэрийн нөхцөлд гентамицин хийлгээд эуфиллин, дексаметазон зэргийг судсаар хийлгэж эмнэлэгт хүргэгдсэн. Дараа нь гэртээ очиж эуфиллин, дексаметазоныг судсаар, өглөө нь дахиад эуфиллин,
дексаметазоныг судсаар хийлгэсэн гэжээ. Харин эдгээр эмүүдийг хэрэглэсэн тун хэмжээ нь тодорхой биш байгаа бөгөөд эдгээр эмүүд нь өөр хоорондоо үл нийцэл үүсгэдэггүй учраас нийцлийн хувьд үхэлд хүргэх шалтгаан болохгүй юм гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 22-23 дугаар хуудас)

 

Эрүүл мэнд спортын яамны Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтэд:

А. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны 143 тоотын 7 дүгнэлтээс 1, 3, 4, 5, 6 дугаар, 2015 оны 05 сарын 14-ний 558 тоотын 6 дүгнэлтээс 4 дүгээр, 2015 оны 08 дугаар сарын 24-ний 937 тоотын 4 дүгнэлтээс 2 дугаар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний 6 дүгнэлтийн 1,2,3 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Харин 2015 оны 01 дүгээр сарын 30-ны 143 тоотын 2 дугаар дүгнэлтэд “Талийгаач нь уушгины цусан хатгалгааны улмаас нас баржээ”, 2015 оны 05 сарын 14-ний 558 тоотын 2 дугаар дүгнэлтэд “Талийгаач уушгины цочмог үрэвсэл буюу хатгааны улмаас амьсгалын дутагдал, идээт хордлогоор нас баржээ” гэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн гэрчийг байцаасан тэмдэглэлд талийгаачийн нагац эгч болох Б.Баатарсүрэнгийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас зэргээс үзэхэд талийгаачид хоног хүрэхгүй хугацаанд, тодруулбал 11 цагийн дотор эуфиллины хоногийн дээд тунг 2 дахин хэтрүүлсэн байна.

Хэдийгээр талийгаачийн цусанд эуфиллины хэмжээг тодорхойлсон тухай дүгнэлт байхгүй ч эуфиллины хоногт зөвшөөрөгдөх дээд тун 0,5 г буюу манай улсад нийлүүлэгддэг 2,4%-10 мл тунгаар 2 ампул (нэг удаагийн тун нь 10 мл), хагас задралын хугацаа 5-10 цаг, эмийн задрал элгэнд явагдаж бөөрөөр ялгардаг ба элэг, бөөрний дутагдалтай тохиолдолд биеэс ялгарах хугацаа уртасдагийг анхаарч суурь өвчнийг харгалзан тунг тохируулах шаардлагатай байдаг. Талийгаачийн суурь өвчин болох чихрийн шижин түүнээс үүдэлтэй бөөрний голомтлог архаг үрэвсэл, бөөрний сорвижил, элэгний хатуурал зэрэг нь эуфиллины ялгаралтыг саатуулж хордлогын тунд хүргэхэд нөлөөлсөн байх талтай. Үүний зэрэгцээ эуфиллиныг сальбутамолтой хамт эуфиллиныг дексаметазонтой хамт хэрэглэхэд гипокалеми үүсгэдэг. Эуфиллиныг дигоксинтай хамт хэрэглэхэд гликозидын хордлогыг нэмэгдүүлэх, эуфиллиныг макролидын бүлгийн антибиотиктай хамт хэрэглэхэд эуфиллин биеэс ялгаралтыг удаашруулдаг үйлчилгээтэй.

Талийгаач эуфиллин, сальбутамол, эритромициныг хослуулан хэрэглэж байсан, эуфиллин, дексаметазон, дигоксиныг хослуулан хэрэглэж байсан байна. Эдгээр эмийн хослол болон дан дангаараа удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд зүрхний талаас хэм алдагдах, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх улмаар зүрх зогсох хүртэл хүндрэл гарч болдог нь гэнэтийн үхлийн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.

2015 оны 01 дүгээр сарын 30-ны 143 тоотын 7 дугаар дүгнэлтэд “2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг аврах боломжтой” гэжээ. МNS 6136:2010 стандартын дагуу эмнэлэгт хэвтүүлэх заалттай боловч үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж үйлчилгээний дүнд амин үзүүлэлтүүд тогтворжсон үндэслэлээр яаралтай журмаар хэвтүүлээгүй байна.

558 дугаар дүгнэлтийн 1, 3, 5, 937-р дүгнэлтийн 1, 3, 4 нь үндэслэлгүй байгааг 143 дугаар дүгнэлт ба Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлтийн хариултад тайлбарласан болно.

Ахлах байцаагчийн дүгнэлтийн 4, 5 нь үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлчлүүлэгчийн биеийн байдал яаралтай журмаар хэвтүүлэх заалтгүй байжээ.

Б. Чихрийн шижин, элэгний хатуурал, зүрхний цус хомсрол өвчнүүд нь уушгины үрэвсэлд өртөмтгий болгох, эмнэлзүйн үндсэн шинжүүдийг бүдгэрүүлэх, өвчний явцыг хүндрүүлэх, тавилан муутгах, улмаар үхэлд нөлөөлөх хүчин зүйл болох үндэслэлтэй.

В. МNS 6136:2010 стандартын заалтыг баримтлах үүрэг нь доорх 2 эмчид хамаарч байна. Үүнд: 2015 оны 01 дүгээр сарын 05-нд уушгины тасаг хариуцсан жижүүр, 01 дүгээр сарын 06-нд амбулаторт уушгины кабинетын үзлэг хийж байсан их эмч М.Энхцэцэг, 2015 оны 01 дүгээр сарын 06-нд уушгины тасаг хариуцсан жижүүр эмч Ч.Өлзийжаргал нарт хамаарч байна.

Талийгаач 2015 оны 01 дүгээр сарын 05-ны 22 цаг 25 минутад хүлээн авах тасагт 103-р хүргэгдэн ирэх үед зовиур, бодит үзлэгээр уушгины үрэвслийн эмнэлзүйн шалгуур шинжүүдийн илрэлгүй байсан нь суурь чихрийн шижин өвчний нөлөө, үрэвсэл үүсгэгч нянгийн шинж чанартай холбоотой байх талтай. Талийгаачийн баруун уушгины доод дэлбэнгийн үрэвсэл 2015 оны 01 дүгээр сарын 06-нд рентген шинжилгээгээр оношлогдсон ба амбулаторит үзсэн уушгины их эмч М.Энхцэцэг өвчтөний картанд хийлгэх шаардлагатай шинжилгээ, эмчилгээнд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих бэлдмэлүүд бичин маргааш нь хэвтүүлэх орны очерт авсан байна. (өвчтөний амбулаторийн карт, ХХ-1, хуудас 27). Иймд их эмч М.Энхцэцэгийг МNS6136:2010 стандартын заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 06-ны 23 цаг 35 минутад хүлээн авах тасагт 103-аар хүргэгдэн ирэх үед тус өдрийн рентген шинжилгээ, бодит үзлэгээр уушгины үрэвсэл онош тогтоогдсон (амбулаторийн карт), суурь чихрийн шижин өвчинтэй гэдэг нь тодорхой, уушгины үрэвслийн эмнэлзүйн шинжүүд илэрсэн, биеийн ерөнхий байдлыг хүнд гэж үнэлсэн нь өвчтөнийг уушгины тасагт хэвтүүлэх шаардлагатай байсныг харуулж байна.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уушгины тасаг хариуцсан жижүүр эмч Ч.Өлзийжаргал МNS 6136:2010 стандартын 10-р заалтыг зөрчсөн байна. Гэхдээ тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт авсан эмчилгээний арга хэмжээний үр дүнд амин үзүүлэлтүүд харьцангуй тогтворжсон (Sа02-92%, АД100/60ммуб) тул яаралтай заалтаар эмнэлэгт хэвтүүлээгүй байна. Энэ зөрчил нь талийгаачийн гэнэтийн үхэлд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй юм.

Харин гэрийн нөхцөлд эмийг замбараагүй, тун хэтрүүлж хэрэглэсэн нь гэнэтийн үхэлд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

Г. С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, Ч.Өлзийжаргал, С.Нямсүрэн нар нь Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн даргын тушаалаар батлагдсан эмч нарын үйл ажиллагааны журмуудыг зөрчөөгүй байна гэжээ. (Хэргийн 3 дугаар хавтас, 29-31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Нямсүрэн ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 150 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Е.Досжан  ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 Ч.Өлзийжаргал ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 176 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Болормаа ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Наранбаатар нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 28-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 648 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 211 дүгээр  хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 М.Энхцэцэг ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 214 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг, Е.Досжан, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Д.Энхжаргал 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Шүүгдэгч С.Наранбаатар нь “2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 22-23 цагийн үед үйлчлүүлэгч Д.Энхжаргал амьсгаадсан, бачуураад байна гэсэн зовиуртай ирсэн. Би эмнэлгийн даргын А/51, Эрүүл мэндийн сайдын 149 дүгээр тушаалын дагуу уг өвчтөний амин үзүүлэлтийг үзэж, С буюу шар өнгөөр эрэмбэлэн ангилж, бронхиалны астам, бронхи багтраа, сахарын шижин 2 дугаар хэлбэр, ээнэгшил алдсан гэсэн урьдчилсан онош тавьсан. Үүнийгээ батлах болон үгүйсгэх зорилгоор тухайн үед жижүүрт гарч байсан бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч Д.Болормаа, уушгины эмч М.Энхцэцэг нарыг дуудаж үзүүлсэн. Тухайн үед өвчтөний цусан дахь сахарын хэмжээ хэвийн байсан. Д.Болормаа эмч үзээд энэ хүнийг сахарын талаас яаралтай тусламжаар хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж амбулаториор үзүүлэхийг зөвлөсөн. Уушгины тасгийн жижүүр эмч М.Энхцэцэг өвчтөнийг үзээд мөн л яаралтай журмаар хэвтэх заалт байхгүй тул амбулаториор үзүүлж, шинжилгээ бүрдүүлье гэсэн зөвлөгөө өгсөн. Би нарийн мэргэжлийн 2 эмчийн тусламжийг авч, өвчтөнийг үзүүлсэн тул өвчтөнийг амбулаториор үзүүлэхийг зөвлөөд, буцаасан. Өөр тасгийн орыг мэдэж өвчтөн хүлээн авах эрх надад байхгүй. Би яаралтай тусламжийн тасагт мөрддөг стандарт, журмыг зөрчөөгүй”,

шүүгдэгч Д.Болормаа нь “бодит үзлэг хийж, өвчтөний гуурсан хоолойн амьсгалыг чагнахад хяхтнасан шуугиан байгаагүй. Даралт, пульс, захын хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Өвчтөний цусан дахь сахар 7.3 хэвийн байсан. Дотоод шүүрлийн өвчний үед илэрдэг ам цангах, их шээх, их өлсөх, толгой эргэх зовиур өвчтөнд байгаагүй, шээсний гарц хэвийн, хөл шилбээр хавагнаагүй байсан тул чихрийн шижин талаас яаралтай журмаар эмнэлэгт хэвтүүлэх, ямар нэгэн эмчилгээ хийх шаардлага тухайн үед байгаагүй, харин өвчтөнд чих, хамар,хоолойн эмчид үзүүлж оношоо тодруулах, гэрээрээ гормонтой утлага хий гэж зөвлөсөн” гэж,

 шүүгдэгч М.Энхцэцэг нь “2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 40 минутын үед хүлээн авахаас эмч С.Наранбаатар дотуур утсаар “амьсгаадсан, бачуурсан өвчтөн ирлээ” гэж дуудсаны дагуу очиход 40 гаран насны эмэгтэй байсан. Гадаад байдал нь тайван, амьсгаадалт байхгүй, нилээд махлаг хүн байсан. Бодит үзлэг хийхэд амьсгал дутагдлын шинж илрээгүй, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 98-99, амьсгалын тоо 20, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 101, уушгийг чагнахад ямар ч эмгэг, хэржигнүүр байгаагүй, мөн гуурсан хоолойд бөглөрлийн шинж байгаагүй, амьсгал чөлөөтэй байсан. Асуумж, бодит үзлэг, өвчний түүх, амьдралын түүх, шинжилгээ зэргийг үндэслээд одоогоор уушгины талаас хурц үрэвслийн шинж тэмдэггүй гэж үзэж, чихрийн бус шижин, бамбайн дутагдал, сахарын диабет 2 дугаар хэлбэр гэж онош тавьсан. Өвчтөнд гэртээ аппаратаар утах, чих, хамар, хоолойн эмчид амбулаториор үзүүлж, цээжээ гэрэлд харуулахыг зөвлөсөн. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр чих, хамар, хоолойн эмч нартай хамтарсан үзлэг хийсэн, гуурсан хоолойг нь дурандуулсан, рентгенд харуулсан, тухайн үед өвчтөнийг хэвтүүлэх шаардлага байгаагүй, маргааш нь эмнэлэгт хэвтүүлэх дараалалд авсан”,

шүүгдэгч Е.Досжан нь “Би 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүрийн эмчээр ажиллахдаа Эрүүл Мэндийн Сайдын 149 дүгээр тушаал болон эмнэлгийн даргын А/51 тушаалын дагуу 103 түргэн тусламжаар ирсэн 40 гаран насны эмэгтэйд анхны үзлэг хийж, өвчтөнөө үзэж эрэмбэлэхэд амьсгалын тоо 22, захын судасны хүчилтөрөгчийн хангамж 92 хувьтай, зүрхний авиа тод, хэм түргэссэн, зүрхний цохилтын тоо 114, даралт 100/60, уушги цулцангийн амьсгалтай, 2 уушгины доод хэсгээр хэржигнүүртэй, баруун талдаа илүү нойтон хэржигнүүртэй, цусан дахь сахар нь 4.1 байсан. Үүнийг үндэслээд баруун уушгины доод хэсэг хатгаатай, чихрийн шижин 2 дугаар хэв шинжтэй гэсэн урьдчилсан онош тавиад дотоод шүүрлийн тасгийн нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлсэн. Ч.Өлзийжаргал эмч өвчтөнд бачуурлын эсрэг эмчилгээ хий гэж зөвлөсний дагуу ажиглалтын тасагт түүний цээжийг өндөрлөж, хүчилтөрөгчийн эмчилгээ хийгээд тухайн үеийн шинж тэмдгийн эмчилгээ болох дексаметазон, димедрол, эуфиллинтэй дусал хийсэн. Нарийн мэргэжлийн эмч нар үзээд өнөөдөр яаралтай журмаар хэвтүүлэх боломжгүй гэсэн санал гаргасан тул өвчтөнийг гэрт нь буцаасан, талийгаач эмнэлэгт ирэхдээ болон эмнэлгээс явахад амин үзүүлэлт нь харьцангуй тогтвортой байсан,

шүүгдэгч С.Нямсүрэн нь “өвчтөний уушгийг чагнахад уушгины 2 тал доод хэсгээр нойтон хэржигнүүртэй, баруун талдаа илүүтэй байсан. Карттай танилцахад 2014 оны 12 дугаар сарын 22-12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бөөр, дотоод шүүрлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн, өмнөх өдрийн хүлээн авахаар ирээд буцсан тухай тэмдэглэл, өглөө нь рентгенд харуулж, уушги дурандуулсан байсан. Рентгенд баруун уушгины доод дэлбэнгийн нэвчдэс сүүдрийг тодорхойлох гэсэн байсан. Эдгээрийг үндэслээд би баруун уушгины доод дэлбэнгийн хатгаа, чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр гэж онош тавьсан. Цусан дахь сахарын хэмжээ 4.1 байсан. Тухайн үед чихрийн шижин өвчний талаас цусан дахь сахарын хэмжээ ихсэх, атетозын хүнд хэлбэрийн байдал илрээгүй байсан тул яаралтай хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Өвчтөний уушгины талын асуудлыг уушгины эмч хариуцах ёстой гэж,

шүүгдэгч Ч.Өлзийжаргал нь “би 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө дотрын 5 дугаар тасаг, элэг цөс, уушги, сонгомол эмчилгээний тасагт жижүүрийн эмчийн болон тэр өдрийн эмнэлгийн ахлах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад өвчтөний ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмчилгээний карт, хийлгэсэн шинжилгээтэй танилцаж, асуумж аваад, бодит үзлэг хийн уушгины баруун дэлбэнгийн доод талын хатгаа гэдэг онош тавьсан. Асуумжаар цээжээр хүчтэй өвдөж байна гэсэн зовиуртай, ханиалгахад цус цэр гараагүй, өвчтөн халуураагүй, амьсгал, зүрх, судас зэрэг амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Тэгээд өвчтөнийг цаашид ажиглан, бачуурал багасган, тайвшруулах эмчилгээ хийх зөвлөгөөг Е.Досжан эмчид өгч хийлгэсэн. Өвчтөний биеийн байдал гайгүй байсан. Хэрвээ биеийн байдал нь хүнд байсан бол яаралтай тусламжийн жижүүрийн эмч намайг дахин дуудах байсан. Тэр өвчтөнийг тухайн орой гэрт нь буцаасан талаар надад мэдэгдээгүй, эмч нар өвчтөнийг эмнэлэгт хүлээн авахгүй, буцаах талаар хамтарсан шийдвэр гаргаагүй, би эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гэм буруугүй гэж тус тус маргаж байна.

Өвчтөн Д.Энхжаргал нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 25 минутад амьсгаадна, бөглөх гээд байна, ханиана, хоолой боочих гээд гэсэн зовиуртай түргэн тусламжийн 103-аар 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж очиход түүний биеийн байдал нь гайгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж гэрт нь буцаасан,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг 35 минутад амьсгал давчидна, хоолой боох гэнэ, шээс гарахгүй гэсэн зовиуртай мөн түргэн тусламж 103-аар 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дахин хүргэгдэж очиход биеийн байдал нь гайгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж эмнэлэг хүлээн аваагүйгээс гэртээ харьснаас хойш 6 цагийн дараа нас барсан байна.

 

               Шүүгдэгч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг, Е.Досжан, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Д.Энхжаргал 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь:

  талийгаач уушгины цусан хатгалгаа, түүний хүндрэлийн улмаас нас барсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143, 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 558,  2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 937 тоот, Эрүүл мэнд спортын яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16/07 тоот дүгнэлтүүдээр,

  2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд түүний биеийн байдлыг үнэлж, эмнэлэгт хэвтүүлэн зохих эмчилгээ хийж, амь насыг нь аврах боломжтой байсан нь:

“талийгаачийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 143 тоот,

“үйлчлүүлэгчид өгсөн зөвлөгөө, хийгдсэн эмчилгээг харахад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн хэдий ч шалтгааны эсрэг арга хэмжээ аваагүй байна, үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байсан” гэсэн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт,

“2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдөр 3 дугаар эмнэлгийн жижүүр эмч нар талийгаачийг хүлээн авч эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, жижүүр эмч нар талийгаачийн оношийг зөв тогтоосон байх ба өвчний үе шат, хөнгөн, хүндэрсэн эсэхийг тогтоох боломжтой гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 558 тоот дүгнэлт,

2015 оны 01 дүгээр сарын 05 болон 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд эмч нар нь өвчтөнийг үзэж биеийн байдлыг үнэлэх боломжтой байсан” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 937 тоот дүгнэлтээр,

...“Ээж минь маш их дуутай амьсгаадаж, амьсгалж чадахгүй хэцүү байхад эмч нар үл ойшоосон шинжтэй байсан. Тэр үед Е.Досжан эмчээс “энэ хүнийг хэвтүүлж болохгүй юм уу” гэж асуухад “хэвтүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн. Ээжийг тэргэнцэр дээр суулгаж, түрээд гарч ирсэн. Би ээжийгээ тэрэгтэй нь түрээд машиндаа суулгаад харьж байхад ээж “амьсгалж чадахгүй байна, цонхоо нээ, хаалгаа нээ” гээд байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ,

...“Дүүгээс зовиурыг нь асуухад “эгчийнх нь өвчүүний ард нэг юм задарчих гээд өвдөөд болохгүй байна, өвчин намдаах эм хийгээд өгөөч, амьсгал авч, гаргаж болохгүй түгжигдсэн юм шиг хачин болоод байна, тусламж үзүүлээч” гэхэд нөгөө эмч тонгойж харсан. Тэр үед дүүгийн маань нүд бүлтгэнээд байсан чинь тэр “та яагаад байгаа юм бэ, истридээд байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, наад хүн чинь өөрөө сувилагч, наад үгийг чинь мэдэж байгаа шүү дээ” гэсэн. Талийгаач “үгүй, би истридээгүй” гэж хэлсэн. Тэр үед нөгөө эмч хүчилтөрөгч нь дутуу залгагдсан байсныг залгаж өгсөн. Талийгаачийн пульс маш өндөр буюу 130 гаран болсон байсан. Тэр эмч “дигоксин хийчих” гэж сувилагчдаа хэлчихээд гарсан. Дүү маань “эгчээ надад эуфиллин хийлгээд өг. Би яг багтарчих гээд байна” гэсэн. Тэр үед дигоксинтой 0.9 нь 100 граммаар явж байсан. Тэгэхээр нь Е.Досжан эмчид би “эуфиллин хийж болохгүй юм уу” гэхэд дусалтай хамт хийсэн гэж хэлсэн. Гэтэл талийгаач “надад ганцхан тариа соруулаад хийхийг би өөрөө харсан, эуфиллин хийгээгүй шүү дээ” гэж хэлсэн. Е.Досжан эмч надад “хамгийн гол нь уушгины тасагт ор байхгүй юм байна, сүрьеэ, хавдарыг үгүйсгэ гэж картны булан дээр бичсэн учраас тасагт авч болохгүй байна” гэж хэлсэн. Би “одоо яах юм бэ, наад хүн чинь гэртээ хариад, дахиад багтарна, гэрт нь эуфиллин, гентамицин зэрэг цагийн тариа байгаа, яах вэ” гэхэд “түүнийг хийгээд, маргааш өглөө шинжилгээгээ өгөөд, 3 хоногийн дараа цэрний шинжилгээний хариу гарна. Тэгээд ирж хэвтэнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүе наад хүн чинь амжих уу гэж хэлсэн” гэсэн гэрч Б.Баатарсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирсон, энэ хэрэгт шалгагдвал зохих зүйлийг бүрэн шалгасан байна.

 

Эрүүл мэндийн технологи, уушгины үрэвслийн оношлогоо эмчилгээ МNS 6136:2010 стандартын 10 дугаар заалтад уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний архаг дутагдал, элэгний архаг үрэвсэл, архаг гломерулонефрит, чихрийн шижин, мансууруулах бодис, архаг архинд донтох өвчин, дархлал хомсдох хам шинж гэх мэт архаг өвчин хавсарсан байхад эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ гэж заажээ.

2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд 3 дугаар эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан эмч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг, Е.Досжан, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар нь дээрх МNS 6136:2010 стандартыг зөрчсөн болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 558, 937 дүгнэлтээр тогтоогдлоо.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын хавсралтад (3.4, 3.5 заалт) зааснаар хүлээн авах яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг тус нэгжийн их эмч болон сувилагч хүлээн авч бүртгэн, анхны үзлэгээр амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулж, үйлчлүүлэгчийн амь насанд аюул учрахааргүй болж, амин үзүүлэлт тогтворжсоны дараа тасагт хэвтүүлэх, өөр эмнэлэгт шилжүүлэх зэрэг дараагийн шатны асуудлыг шийдвэрлэнэ,

мөн тушаалын хавсралтад (3.7) өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай болон ажлын бус цагаар ирсэн, үйлчлэх хүрээний бус, хаяггүй, баримт бичгийн бүрдэлгүй зэрэг үйлчлүүлэгчийг тус нэгжийн онош тодруулах, ажиглалт хийх өрөөнд асуудал шийдвэрлэх хүртэл түр байлган шинж тэмдгийн эмчилгээ хийнэ гэж заасан байхад 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр жижүүрт гарсан эмч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг нар яаралтай тусламжийн тасагт түргэн тусламж 103-аар хүргэгдэн ирсэн өвчтөн Д.Энхжаргалын биеийн байдлыг үзсэн боловч амин үзүүлэлтүүд тогтвортой, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр жижүүрт гарсан эмч Е.Досжан, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар яаралтай тусламжийн тасагт түргэн тусламж 103-аар дахин хүргэгдэн ирсэн өвчтөн Д.Энхжаргалын биеийн байдлыг үзсэн боловч дээрх журмыг зөрчиж, өвчтөний амин үзүүлэлтүүд тогтвортой, сүрьеэ хавдарыг ялган оношлуул гэж гэрт нь буцаахдаа өвчтөнийг цаашид хэвтүүлэх, эсхүл буцаах талаар хамтарсан шийдвэр гаргаагүй, яаралтай тусламжийн эмч Е.Досжан өвчтөнг буцаасан талаар нарийн мэргэжлийн эмч Ч.Өлзийжаргал, С.Нямсүрэн нарт эргэж мэдэгдээгүй, тэд өвчтөний биеийн байдалд эргэж хяналт тавиагүй буруутай байна.

Шүүгдэгч С.Наранбаатар өвчтөний биед үзлэг хийж урьдчилсан онош тавьж, тухайн өдөр тус эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байсан бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч Д.Болормаа, уушгины эмч М.Энхцэцэг нарыг дуудаж үзүүлсэн,

Д.Болормаа өвчтөний биеийн байдлыг үзэж, бодит үзлэг хийж, амьсгалыг чагнах, асуумж авах, хүний карт болон рентген зурагтай танилцах, даралт, пульс, захын хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг амин үзүүлэлтүүдийг үзэж, өвчтөнд гуурсан хоолойн талаас онош тодруулах шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн,

М.Энхцэцэг өвчтнөөс асуумж авч, өвчний түүх, амьдралын түүх, бодит үзлэг хийж гар карттай нь танилцсан, чихрийн бус шижин, бамбайн дутагдал, сахарын диабет 2 дугаар хэлбэр гэж оношлосон, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр амбулаторт чих, хамар, хоолойн эмч нартай хамтарсан үзлэг хийсэн, өвчтөний амин үзүүлэлтийг дахин үзсэн,

Е.Досжан, Ч.Өлзийжаргал, С.Нямсүрэн нар түргэн тусламжаар ирсэн өвчтөнийг үзсэн, зөвлөгөө өгсөн, дусал хийсэн зэргийг тэднийг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж үзэхгүй боловч тэд МNS 6136:2010 стандартыг зөрчиж, өвчтөнийг эмнэлэгт хүлээн аваагүй, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын хавсралтад (3.4, 3.5 3.7 заалт) зааснаар талийгаач нь уушгины цусан хатгалгаатай байхад биеийн байдалд нь бодит үнэлгээ хийж эмнэлэгт хүлээн авч, эмнэлгийн нөхцөлд эмчилгээг зохих ёсоор хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            3 дугаар шатлалын 3 дугаар эмнэлэгт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр жижүүрт гарсан эмч С.Наранбаатар, Д.Болормаа, М.Энхцэцэг нар тус  эмнэлэгт түргэн тусламжаар очсон өвчтөнийг тухайн үед хүлээн авч, эмнэлэгт хэвтүүлэн цаг тухайд нь эмчилгээ хийгээгүй эс үйлдлээс өвчтөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түргэн тусламжаар тус эмнэлэгт дахин очиход хүрсэн,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр жижүүрт гарсан эмч Е.Досжан, Ч.Өлзийжаргал, С.Нямсүрэн нар тус  эмнэлэгт түргэн тусламжаар очиход өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийж, эмнэлэгт хэвтүүлэн зохих эмчилгээ хийгээгүй эс үйлдлээс хохирогч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д заасан “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” эрхээ зохих ёсоор эдэлж чадаагүйгээс нас  барсан гэж үзэх үндэстэй байна.

 шүүгдэгч нарын өвчтөний биеийн байдлыг бодитоор үнэлж эмнэлэгт хэвтүүлэн, эмнэлгийн нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэл, өвчтөн нас барсан явдлын хооронд шалтгаант холбоотой байна.

Өвчтөнийг хүлээн авч эмнэлэгт хэвтүүлэн зохих эмчилгээ хийлгэх үүрэг нь 2015 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдөр жижүүрт гарсан эмч нарын аль алинд хамаарч байна.

3 дугаар төв эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/51 тушаалын 3.8-д заасан заалтын дагуу эмч нар өвчтөний биеийн байдлыг үзэж эрэмбэлэн ялгасан нь оновчгүй, болсон ба өвчтөний амин үзүүлэлт гайгүй байсан тул эмнэлэгт хүлээн авч эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн шүүгдэгч нарын мэдүүлэг өвчтөн биеийн байдал муудаж, нас барсан мэдүүлгийг нь үгүйсгэж байна. 3 дугаар

 

           Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар  зүйлийн 106.2-т заасан эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

С.Наранбаатар нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 28-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 648 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нарын хэн аль нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасанд хамаарч байх тул тэдэнд зохих өршөөлийг үзүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.   

             3 дугаар эмнэлэг нь олон тасгийн дунд нэг жижүүр эмч ажиллуулдаг, тухайн тасаг хариуцсан нарийн мэргэжлийн бус эмчийг жижүүр эмчээр ажиллуулснаас  өвчтөний биеийн байдлыг зөв үнэлэх боломжийг бүрдүүлж чадаагүй байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ нь хохирогч нас барснаас түүнийг оршуулахтай холбоотой гэм хорын зардалд 6 060 000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар хүссэнийг бүрэн хангах үндэслэлтэй боловч түүнд шүүгдэгч Ч.Өлзийжаргалаас өгсөн 1 100 000 төгрөг, М.Энхцэцэгээс өгсөн 1 000 000 төгрөг, С.Нямсүрэнгээс өгсөн 500 000 төгрөгийг хасч 3 460 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

            Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

  Талийгаач нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22.35 минутад 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлсний дараа яаралтай журмаар эмнэлэгт зайлшгүй хэвтэх шаардлагагүй гэж буцаасны дараа гэртээ очоод эуфиллин, сальбутамол, эритромициныг эуфиллин, дексаметазон, дигоксиныг хослуулан хэрэглэсэн. Эдгээр эмийн хослол болон дан дангаараа удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд зүрхний талаас хэм алдагдах, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх улмаар зүрх зогсох хүртэл хүндрэл гарч болдог, гэрийн нөхцөлд эмийг замбараагүй, тун хэтрүүлж хэрэглэсэн нь гэнэтийн үхэлд нөлөөлсөн байх үндэслэлтэй,

талийгаач нь уушгины цусан хатгалгааны улмаас нас барсан, талийгаачийг 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 тоот, 558 тоот дүгнэлтийг үндэслэлгүй, талийгаач хоног хүрэхгүй хугацаа буюу 11 цагийн дотор эуфиллины хоногийн дээд тунг 2 дахин хэтрүүлсэн гэж Эрүүл мэнд спортын яамны
Дотрын мэргэжлийн салбар зөвлөл 2016 оны 5 сарын 09-ний өдөр дүгнэлт гаргасныг, шинжээч Х.Солонго нь хохирогч эуфиллины хоногийн тунг 6 дахин хэтрүүлж хэрэглэснээс зүрхний ачаалал ихсэж, зүрхний дуталдалд орж нас барсан гэж мэдүүлснийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Учир нь талийгаачийн цусанд эуфиллины тунг хэтрүүлсэн нь тогтоогдоогүй болно.

Талийгаач нь 2015 оны 01-р сарын 06-ны өдөр гэрийн нөхцөлд гентамицин хийлгээд эуфиллин, дексаметазон зэргийг судсаар хийлгэж эмнэлэгт хүргэгдсэн. Дараа нь гэртээ очиж эуфиллин, дексаметазоныг судсаар, өглөө нь дахиад эуфиллин, дексаметазоныг судсаар хийлгэсэн. Харин эдгээр эмүүдийг хэрэглэсэн тун хэмжээ нь тодорхой биш байгаа бөгөөд эдгээр эмүүд нь өөр хоорондоо үл нийцэл үүсгэдэггүй учраас нийцлийн хувьд үхэлд хүргэх шалтгаан болохгүй гэж Эмийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдож байхад, энэ дүгнэлтийг үндэслэл бүхий нотолгоо, баримт, шинжилгээгээр няцаагаагүй атлаа талийгаачийг гэрийн нөхцөлд эмийг замбараагүй, тун хэтрүүлж хэрэглэсэн нь түүний гэнэтийн үхэлд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэсэн нь буруу байна. Түүнчлэн талийгаачийн хэрэглэсэн эм ургамлын гаралтай болох нь Эмийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдож байх ба талийгаач нь уг эмүүдийг удаан хугацаанд хэрэглэснээс зүрхний хэм алдагдах, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрх зогсох хүндрэл гарсан нь тогтоогдохгүй байна.

Эрүүл мэндийн яамны Дотрын мэргэжлийн зөвлөл, Эмийн салбар зөвлөл нь адил эрх хэмжээний дүгнэлт гаргах эрх бүхий этгээд боловч эмийн хэрэглээ, түүний нийцэл, үл нийцлийн талаар нарийн мэргэшсэн байдлаар нь Эмийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

            Гэрч Б.Баатарсүрэнгийн талийгаачид хийсэн эмчилгээ нь түүнийг үхэлд хүргээгүйг М.Энхбаярын мэдүүлэг, Эмийн салбар зөвлөлийн дүгнэлт нотлож байна.

Өмгөөлөгч С.Мягмарсүрэн нь Г.Туул, О.Янжив нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулна гэсэн хүсэлтээсээ татгалзсан болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул тэдний өмгөөлөгчдийн “өвчтөний биеийн байдлыг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой сайн байсан тул эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй байсан, эмнэлгийн дотоод журам болон эмчилгээний стандартыг зөрчөөгүй, стандарт журмуудыг баримталж ажилласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эмч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдохгүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.