Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1405

 

2017.6.19                                                              МАГАДЛАЛ-1405

 

 

 

 

 

 

 

Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Алтанчимэг болон “Гурван билэг” ХХК-д холбогдох

 

Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Х.Жанцансамбуу “Гурван билэг” ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 52 байр 11 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар тохирч, орон сууцны төлбөр 70 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлөхөөр тохирсон байдаг. Х.Жанцансамбуу нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 95 000 000 төгрөгийг “Гурван билэг” ХХК-д бүрэн төлсөн. Гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлж өмчлөлийг бүрэн шилжүүлж авна гэж заасан. “Гурван билэг” ХХК-иас орон сууцыг бэлэн болгож улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон байсан. С.Жанцансамбуу орон сууцны төлбөрийг төлөх үүргээ төлсөн байхад, орон сууцны өмчлөх эрхийг Н.Алтанчимэгт шилжүүлж өгсөн ба, ингэж шилжүүлэхдээ 00351980 оот гэрчилгээ бичигдэж, улсын бүртгэлд бүртгэж 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Гэрчилгээ гарсныг Х.Жанцансамбуу мэдээгүй явж байсан ба 2016 оны 9 дүгээр сард Н.Алтанчимэг орон сууцны гэрчилгээг гаргуулж авч 30 000 000 төгрөгийн зээлийг Ариг банкнаас авсан ба тус банк Н.Алтанчимэгтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулсан байдаг. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа амжилтгүй болсон тул төлбөр авагчид орон сууцыг санал болгосон. Х.Жанцансамбуу энэ талаар мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Х.Жанцансамуугийн нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэг хэлэлцэгдэж байгаад түдгэлзсэн байгаа.

Талууд орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг Х.Жанцансамбууд шилжүүлэхээр тохирсон байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдож байгаа. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх”, 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж хуульчилж өгсөн. “Гурван билэг” ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Н.Алтанчимэгтэй байгуулсан гэрээнд орон сууцны үнийг огт тохиролцоогүй байдаг. Иймээс уг гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэдэг нь нотлогдоно.

Өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Алтанчимэгийн нэр дээр гарсан тул түүнийг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сард “Гурван билэг” ХХК дээр Х.Жанцансамбуу бид хоёр очиж гэрээ байгуулсан ба 70 000 000 төгрөгийг өгч, 25 000 000 төгрөгийг жилийн хугацаанд төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Х.Жанцансамбуу нь 2014 оны 5 дугаар cap хүртэл өөрийн мөнгөөр Хаан банкны “Гурван билэг” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Миний төрсөн эгч н.Оюунчимэг байраа барьцаа хөрөнгө болгооч, зээл авах гэсэн юм гэж хэлээд би “Гурван билэг” ХХК-иас гуйж байрны гэрчилгээ гаргуулж, Ариг банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж н.Оюунчимэгт зээл авч өгсөн. Х.Жанцансамбуу өөрөө байрыг 100 хувь мөнгөө төлж авсан тул надад захиран зарцуулах эрх байхгүй гэжээ.

 

Хариуцагч “Гурван билэг” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуур хотхонд байрлах 2 өрөө орон сууцы Х.Жанцансамбуу өөрийн эхнэр Н.Алтанчимэгтэй хамт ирж үзээд сонголтоо хийж орон сууц авахаар сонирхож, 2,3 хоногийн дараа бид хоёр, хоёр нялх хүүхэдтэй, орон сууцыг зээлээр авъя гэсэн санал гаргаж, Х.Жанцансамбуу үндсэн зээлдэгч, Н.Алтанчимэг хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулсан. Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нар 2013 онд гэр бүл гэрлэлтээ батлуулсан байсан. Бидэнд Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нарын аль нь мөнгө төлж байгаа нь хамааралгүй, яг адил эрхтэй гэр бүлийн гишүүд хамт гэрээ байгуулсан. Х.Жанцансамбуутай анх гэрээ байгуулахад Х.Жанцансамбуугийн мэдээлэл байгаагүй тул Н.Алтанчимэг ирж гуйхаар нь Н.Алтанчимэгийн нэр дээр бүртгэл хийж өгч явуулсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х.Жанцансамбуугийн нэр дээр гарах боломжгүй байсан. “Гурван билэг” ХХК энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой сайн хэлсэнгүй. Н.Алтанчимэгээс хөрөнгөө буцаан шаардаж, “Гурван билэг” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлага гаргаж байна гэж ойлголоо.

Нөхөр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эхнэрийн нэр дээр гарсныг 2 жилийн дараа 2016 онд мэдсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулах санаатай юм. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар “Ариг банк” ХХК шударга эзэмшигч юм. Х.Жанцансамбуугийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Х.Жанцансамбуугийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч байгааг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, 16 дугаар зүйлийн 16/3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй” гэж заасан ба Х.Жанцансамбуу нь Иргэний хууль болон Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд бөгөөд анхан шатны шүүхээс өмчлөгчийн эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Х.Жанцансамбуу нь өөрийн хуваарьт хөрөнгөөрөө орон сууцыг худалдан авсан ба энэхүү үйл баримт нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдэд хамаарахгүй байна. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тодорхойлох тохиолдлуудыг нэрлэсэн байх ба эдгээр нөхцлүүдэд ч мөн хамаарахгүй байна. Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нар нь хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд Н.Алтанчимэг өөртөө хуваарьт эд хөрөнгөтэй байх боломжтой ба энэхүү хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулах боломжой юм. Анхан шатны шүүхээс орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхдээ Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг харгалзан үзсэнгүй. Хуулиас үзэхэд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэрлэгчдэд оногдох хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хуваах тухай зохицуулалттай байна. Хариуцагч Н.Алтанчимэгээс орон сууцны талаар маргаан үүсгэж, орон сууцны өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаагүй болно.

Хариуцагч “Гурван билэг” ХХК-иас орон сууцыг Н.Алтанчимэгт шилжүүлэх тухай гэрээ болон хуулийн ямар ч үндэслэл байхгүй байхад 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэнгүй. Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Х.Жанцансамбуу нь орон сууцны захиалагч байх ба захиалагчийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцагч талын хууль бус үйлдлийн талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Н.Алтанчимэгийг байр зээлээр авах гэрээний хамтран зээлдэгч, мөн зээлдэгчийн үүргийг Н.Алтанчимэг гүйцэтгэж байсан гэх дүгнэлтийг өгсөн ба Н.Алтанчимэгийг хамтран зээлдэгч гэх гэрээний нөхцөл байхгүй, мөн орон сууцны төлбөрийг огт төлж байгаагүй болно.

Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчээр Х.Жанцансамбуу гэсэн байх ба тэрээр гэрээний 4.1-т байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрхтэй байна. Харин хариуцагч Н.Алтанчимэгийн хувьд тус гэрээний 5.3-т зааснаар зөвхөн зээлдэгч Х.Жанцансамбууг төлөөлж зээлдэгчийн нэрийн өмнөөс “Гурван билэг” ХХК-тай харьцах эрхтэй болохоос биш, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах, зээлийн төлбөрийг төлөх эрх, үүргийг гэрээгээр хүлээгээгүй байна.

Байр зээлээр авах гэрээ болон гэрлэлтийн баталгаа нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалагч Х.Жанцансамбууд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Х.Жанцансамбуу нь өөрийн хуваарьт хөрөнгөөс орон сууцыг худалдан авсан талаар хариуцагч нар маргаагүй учраас түүнийг баримтаар нотлох шаардлагагүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдийн №181/ШШ2017/01089 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, талуудын маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу нь хариуцагч Н.Алтанчимэг, “Гурванбилэг” ХХК-д тус тус холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Алтанчимэг зөвшөөрч, харин хариуцагч “Гурван билэг” ХХК нь эс зөвшөөрч орон сууцны хамтран зээлдэгч нь хариуцагч Н.Алтанчимэгийн хүсэлтийг үндэслэж, түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцны төлбөрийг төлсөн тул түүнд өмчлөх эрх шилжүүлж өгөх, хариуцагч Н.Алтанчимэгийг гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авах эрхгүй гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Х.Жанцансамбуу болон хариуцагч “Гурван билэг” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот, 56 м.кв орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсны дагуу нэхэмжлэгч нь 70 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн, түүнчлэн мөн өдөр ЗГ-0072012 тоот Байр зээлээр авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Х.Жанцансамбуу, хариуцагч Н.Алтанчимэг, нөгөөт талаас хариуцагч “Гурван билэг” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 5-7, 104-105 дугаар тал/

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.” гэж заасан тул хэрэгт авагдсан Орон сууцны хөрөнгө оруулалтын болон Байр зээлээр авах гэрээнд хариуцагч Н.Алтанчимэг нь нэхэмжлэгчтэй хамтран оролцож байсан нөхцөл байдлаас үзэхэд Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нарыг хариуцагч “Гурван билэг” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх бөгөөд мөн тэдгээр нь хариуцагч “Гурван билэг” ХХК-ийн өмнө орон сууцны үнийг төлөх үүргийг гүйцэтгэгчид гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар тооцогдоно.

 

Түүнчлэн “Гурван билэг” ХХК-ийн өмнө Х.Жанцансамбуу, Н.Алтанчимэг нарын аль нэг нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5 дахь хэсэгт зааснаар нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөнө.

 

Иймээс хариуцагч “Гурван билэг” ХХК-ийн өмнө төлбөр төлөх үүрэг биелснээр нэхэмжлэгч Х.Жанцансамбуу, хариуцагч Н.Алтанчимэг нарын хэн алины уг орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхийг шаардах эрхтэй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Жанцансамбуу, хариуцагч Н.Алтанчимэг нарын хэн нь орон сууцны өмчлөх эрхийг түрүүлж шилжүүлж авах, ямар хэсгээр өмчлөх талаар тухайлан гэрээнд заагаагүй байх тул хариуцагч Н.Алтанчимэгийн хариуцагч “Гурван билэг” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Н.Алтанчимэгийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт  нийцэж байна.

Мөн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж зааснаар хариуцагч “Гурван билэг” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч буюу худалдан авагч Н.Алтанчимэгт шилжүүлэн өгөх үүргээ бүрэн гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар гэрээ дуусгавар болсон байна.

 

Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хариуцагч Н.Алтанчимэг, нэхэмжлэгч А.Жанцансамбуу нарын хэн нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байх нь хариуцагч “Гурван билэг” ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгэсэнд нөлөөлөхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүлйийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх шилжүүлэх тухай шаардлагыг хариуцагч “Гурван билэг” ХХК-д холбогдуулан гаргах болон хуульд заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан хариуцагч Н.Алтанчимэгт холбогдуулан дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, мөн хуулийн 243 дугаар ззүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 21 тоот 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэгч Х.Жанцансамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

        ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

 

                                                            С.ЭНХТӨР