Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 63,525,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Д нь хариуцагч Ц.Бтэй 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 43,850,000 төгрөгийг 9 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч Ц.Б нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2016 онд нийт 1,500,000 төгрөгийг төлж, өөр төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан боловч “удахгүй өгнө” гэж хэлсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд гэрээний 3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 42,350,000 төгрөг дээр алдангийг /42,350,000 төгрөг*0,5 хувь*930 хоног*/ 196,927,500 төгрөг/ Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар тооцож 21,175,000 төгрөг, нийт 63,525,000 төгрөгийг Ц.Бэс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээг Б.Дтай байгуулсан нь үнэн. Зээлийн гэрээний үндсэн үнэ болох 43,850,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 1,500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 42,300,000 төгрөг болсон. Хариуцагч нь манай ах бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь манай аавын найз юм. Анх гэрээ хийхдээ уг нь алданги тохироогүй, харин гэрээний загвар нь л алдангийн талаар заалт байсан юм билээ. Иймд алдангийн хувьд төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц.Бэс зээлийн гэрээний үүрэгт 42,350,000  төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 21,175,000 төгрөг, нийт 63,525,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг эс зөвшөөрөх ба үндэслэлээ зохигчид гэр бүлийн найзууд бөгөөд анх гэрээг хийхдээ алданги төлөхөөр тохиролцоогүй, гэрээний загварт нь алдангийн талаар заалт байсан хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ц.Б нар нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 43,850,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хүүгүй зээлдүүлэхээр Зээлийн гэрээ /хх-6 дахь тал/ байгуулсан байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээ байна. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба харин алданги талаар тохирсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар, түүнчлэн анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.

Энэхүү нөхцөлөөр авч үзвэл талуудын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний 3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй.” хэмээн заасан байх ба хариуцагчийн төлөх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь дээр дурдсан хуулийн заалттай нийцэж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч хариуцагч Ц.Бэс зээлийн гэрээний үүрэгт 42,350,000 төгрөг, алдангид 21,175,000 төгрөг, нийт 63,525,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Дд олгох шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг баримтлан Ц.Бэс зээлийн гэрээний үүрэгт 42,350,00 төгрөг, алдангид 21,175,000 төгрөг, нийт 63,525,000 төгрөгийг гаргуулан Б.Дд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 475,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН