Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 906

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00395 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 525 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь хариуцагч Ц.Бтэй 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 43 850 000 төгрөгийг 9 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлж, зээлдэгч нь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч Ц.Б нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2016 онд нийт 1 500 000 төгрөгийг төлж, өөр төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан боловч “удахгүй өгнө” гэж хэлсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд гэрээний 3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 42 350 000 төгрөг дээр алдангийг 50 хувиар тооцож 21 175 000 төгрөг, нийт 63 525 000 төгрөгийг Ц.Бэс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээг Б.Дтай байгуулсан нь үнэн. Зээлийн гэрээний үндсэн үнэ болох 43 850 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 1 500 000 төгрөгийг өгч үлдэгдэл 42 300 000 төгрөг болсон. Хариуцагч нь миний ах бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь аавын найз юм. Анх гэрээ хийхдээ алданги тохироогүй, харин гэрээний загварт алдангийн талаарх заалт байсан юм билээ. Иймд алдангийн хувьд төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг баримтлан Ц.Бэс зээлийн гэрээний үүрэгт 42 350 000 төгрөг, алдангид 21 175 000 төгрөг, нийт 63 525 000 төгрөгийг гаргуулан Б.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 475 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Бэс зээлийн гэрээний үүрэгт 42 350 000 төгрөг, алдангид 21 175 000 төгрөг, нийт 63 525 000 төгрөг гаргуулан Б.Дд олгосугай...” гэж тус тус шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч нар зээлийн гэрээг байгуулсан огноо, тохирсон нөхцөл болоод гэрээний үүргийн биелэлтийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Зээлийн алданги 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэт өндөр алданги нь зээлдэгчид хүндрэл учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдолд дурдсан алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 525 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас /хх.12/, хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ. /хх.44-ын ар/

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу бичгээр байгуулж, 43 850 000 төгрөгийг хүүгүй зээлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд мөнгөн хөрөнгийг хүлээж авсан талаар зохигчид маргаагүй тул /хх.6/ анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө хүлээн авснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох зохицуулалтад нийцсэн болно.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч Ц.Бд шилжүүлсэн 43 850 000 төгрөгөөс 1 500 000 төгрөг буцаан төлсөн, үлдэгдэл 42 350 000 төгрөг төлөгдөөгүй талаар, гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийг буцаан төлөх үүргийн хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон /хх.6, 8/, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хоорондын гэрээний 3-т үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ. /хх.6/ Иймд гэрээний дагуу хариуцагчийн төлөх алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул уг хэмжээгээр хязгаарласан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг залруулан өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсгийг алданги төлүүлэх хууль зүйн үндэслэлд хамааруулан шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Энэхүү заалт нь гэрээндээ тухайлан заагаагүйн улмаас анз шаардах эрхээ алдсан тохиолдолд “хохирол” шаардах эрх үгүйсгэгдэхгүй гэсэн агуулгатай заалт юм. Нэхэмжлэгч нь хохирол төлүүлэхээр шаардлага гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “232.7” гэснийг “232.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ц.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ