Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2019/00790/И |
Дугаар | 001/ХТ2021/00201 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/00201
Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01068 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1642 дугаар магадлалтай,
Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд холбогдох,
Гэрээний үүрэгт 69.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болортогтох, өмгөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Газарзүй гео-экологийн хүрээлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх ТС 1002/2012 дугаар гэрээг байгуулж Туул Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа үнэлгээ дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон. Уг гэрээгээр ажлын хөлсийг гэрээний 7.1-д зааснаар нийт 310,000,000 төгрөг байхаар, төлөх нөхцөлийг 7.2-т зааснаар төлөгдөхөөр тохиролцсон. Гэвч төрийн санхүүжилт хийгдээгүй хүлээгдсэн. Гэрээний талууд ажлыг дүгнэж, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцож, баталгаа бүхий баримт үйлдсэн ба төлбөр шаардсан албан бичигт хариу ирэхгүй удаж, мөн захиалагч талын удирдлага санхүүгийн ажилтнаас шалтгаалан төлбөр төлөгдөөгүй. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь ажлын үр дүнг бүрэн хүлээн авсан атлаа ажлын нийт хөлсний 310,000,000 төгрөгөөс 240,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 69,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлангийн 2017 оны данс бүртгэлд өглөг бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн үндэслэлээр тайлбарлах болсон. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй тооцоо нийлж, 69,500,000 төгрөгийн өр төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгана гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдэж, байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан. Иймд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 69,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн зураг төслийн хүрээлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд ТС1002/2012 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бөгөөд гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч тал гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгэн эцсийн тайлангаа захиалагчид өгч гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч улсын экспертизээр баталгаажуулах ажил хийгдээгүй. Тухайн үеийн гэрээ байгуулсан удирдлагууд тооцоо нийлсэн баталгаан дээр тусгагдсан 69,500,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэгт суутган тооцож гэрээг хаасан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ дүгнэж протокол үйлдсэнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өр авлагын талаар яригдаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд энэхүү хугацаа дууссан байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул 69,500,000 төгрөгийг талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд аман хэлцлээр суутган тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01068 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,500,000 төгрөг гаргуулах тухай Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1642 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Газарзүй гео-экологийн хүрээлэн нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны түүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1642 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар Анхан болон давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350. 1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй болох нь гүйцэтгэгч Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч талаас 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу талууд 2013 оны 06 дугаар сарын 14-ий өдөр гэрээг дүгнэсэн протокол, мөн дээрх гэрээний дагуу ажлыг улсын экспертизээр баталгаажуулсан талаарх баримтыг гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүх гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн талууд дээрх гэрээг дүгнэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа буюу акт үйлдсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүх тус баримтыг хэрхэн үнэлсэн талаар огт дурдаагүй байна. Үүнээс гадна захиалагч тал гүйцэтгэсэн ажил ямар нэгэн доголдолтой байсан бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргах бүрэн эрхтэй байсан боловч гомдлын шаардлага гаргаж байгаагүй болно. Тиймээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргаж авах эрхээ алдсан гэж үзэхээр байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Газарзүй гео-экологийн хүрээлэн нь Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс 69.500.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ажлын хөлсний үлдэгдэл гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зураг төслийг улсын экспертизээр баталгаажуулаагүй, ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...улсын экспертизээр баталгаажуулсан баримт, ...гэрээг дүгнэсэн баримтыг үнэлээгүй...” гэжээ.
а.Зохигчийн хооронд 2012-10-02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа, үнэлгээ, дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 310.000.000 төгрөг төлөхөөр тохирч, гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь, ажлын гүйцэтгэлийн явцын тайланг өгсний дараа 30 хувь, ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгсний дараа 50 хувь буюу 155.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ /хэргийн 39-43 дугаар тал/.
б.2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протоколд “...үлдэгдэл санхүүжилт болох гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг НЗДТГ-ын СТСХ-ээс захиалагчид санхүүжилт орж ирсний дараа болон гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцов” гэжээ /хэргийн 44 дүгээр тал/.
в.2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаанд Нийслэлийн зураг төслийн хүрээлэн нь 69.500.000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулж, нягтлан бодогч нар гарын үсэг зуржээ /хэргийн 125 дугаар тал/.
2. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд доголдолгүй үр дүнг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх үүргийг Иргэний хуулийн 350.1.1, 350.1.6-д зааснаар хүлээнэ.
Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч үлдэгдэл хөлс төлөх эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.
Гэрээний 5.9-т “ажлын бүрдэл захиалагч дээр эцэслэн нэгтгэгдсэний дараа гүйцэтгэгч нь өөрийн хийсэн ажлыг Улсын экспертизээр хянуулан баталгаажуулж 3 хувь өнгөт хэвлэмэл болон DWG файлын хамт албан ёсоор хүлээлгэн өгнө” гэж заасан, нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлснээ нотолж чадаагүй байна.
Хэрэгт Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтийг Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захиалгаар Сэлбэ голын эхийг сэргээн сайжруулах, урсац хуримтлуулах экосауны цөөрмийн техник эдийн засгийн үндэслэлд экспертиз хийжээ /хэргийн 74-78 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, энэхүү экспертизийг Газарзүй гео-экологийн хүрээлэн хийлгээгүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээнд заасан Туул голын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ-тэй холбогдох зураг төслийг улсын экспертизээр хянуулан баталгаажуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил юм.
Зохигч талууд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн, нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх эсхүл хугацааг сэргээх нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт байхгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1642 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД